| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 135/2024/00990/И |
| Дугаар | 001/ХТ2025/00038 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2025/00038
Г.Дын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 135/ШШ2024/01390 дүгээр шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 209/МА2024/00097 дугаар магадлалтай,
Г.Дын нэхэмжлэлтэй
Г.А, Г.С, Ч.Б, С.С, С.Ба, С.Бө, С.Гнарт холбогдох
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээнээс Г.Аын нэрийг хасуулах, 2012.04.08-ны өдрийн арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Даас хариуцагч Г.А, Г.С, Ч.Б, С.С, С.Ба, С.Бө, С.Гнарт холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, .... дугаар хороолол, .... дугаар байр, ....тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээнээс Г.Аын нэрийг хасуулах, 2012.04.08-ны өдрийн арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 135/ШШ2024/01390 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 75 дугаар зүйлийн 75.1, 274 дүгээр зүйлийн 274.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Г.Дын хариуцагч Г.А, Г.С, Ч.Б, С.С, С.Ба, С.Бө, С.Гнарт холбогдуулан гаргасан Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, .... дугаар хороолол, .... дугаар байр, ....53 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээнээс Г.Аын нэрийг хасуулах, 2012 оны 04 сарын 08-ны өдрийн арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 209/МА2024/00097 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 135/ШШ2024/01390 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 210 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 4629 дугаартай шүүгчийн захирамж хэвээр үргэлжлэхийг дурдсугай.” гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3, 3 дахь заалтыг 4 гэж өөрчилж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 дүгээр оны 11 сарын 07-ны өдрийн 135/ШШ2024/01390 дугаартай шийдвэр мөн Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 209/МА2024/00097 дугаартай магадлалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х миний бие эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна. Үүнд:
Давж заалдах шатны шүүх “Нэхэмжлэгч Г.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэн оролцох итгэмжлэлийг Г.Хт 2024.06.03-ны өдөр олгосон боловч тус итгэмжлэлийг бусдад олгосон Г.Дыг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 135/ШШ2024/01191 дугаар шийдвэрээр эрх зүйн чадамжгүйд тооцож, асран хамгаалагчаар төрсөн ах Г.Сг томилсон ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон талаар талууд маргаагүй. ... Иргэний хуулийн 62-р зүйлийн 62.3-т “төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ”, 67-р зүйлийн 67.2.3-т “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол төлөөлүүлэгч ... эрх зүйн бүрэн чадамжгүй болсон бол төлөөлөл дуусгавар болно” гэж тус тус хуульчилсны дагуу 2024.10.01-ний өдрөөс эхлэн эрх зүйн чадамжгүйд тооцогдсон этгээд болох Г.Дын нэрийн өмнөөс асран хамгаалагч Г.С хэлцэл хийх эрхтэй болж, дуусгавар болсон итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдож байсан Г.Х нь Г.Дыг төлөөлөн иргэний эрх зүйн харилцаанд оролцох эрхгүй болсон байна” гэж дүгнэжээ.
Хариуцагч Г.С нь нэхэмжлэгч Г.Дт өөрт нь огт мэдэгдэлгүйгээр шүүхэд хандаж Г.Дыг иргэний эрх зүйн чадамжгүй гэж тогтоолгосон ба энэ шүүхийн шийдвэрийг мэдээгүйгээс гомдол гаргаж, маргаагүй хүчин төгөлдөр болсон байсан. Энэ нь нэхэмжлэгч Г.Дын эрхийг хууль бусаар хязгаарлаж үндэслэлгүйгээр иргэний эрх зүйн чадамжгүй болгож Үндсэн хуульд заасан эрхийг нь хязгаарласан ноцтой үйлдэл болжээ.
Мөн Г.С нь мэдүүлэхдээ ээжийгээ асарч байгаа дүү Г.Дыг өөрийнхөө гэрт асардаг, охиныг нь оролдсон, цагдаа зодсон гэх мэтээр огт үндэслэлгүй худал мэдээлэл шүүхэд өгсөн, Г.А нь 2012 онд Монгол улсад байгаагүй гэдгээ анхны шүүх хурал дээр мэдүүлсэн байхад түүнийг 2009 онд ирэхэд нь нотариат дээр гарын үсэг зуруулсан, цоо эрүүл эхнэр Ч.Бгаа ой санамжаа алдсан, саажилттай гэх мэтээр илтэд худал мэдүүлэг өгч шүүхийг доромжилсон үйлдэл хийж байна. Цаашилбал Г.С шунахайн сэдлээр Г.Дын асран хамгаалагч нэрээр 15-53 тоот орон сууцыг өөрийн болгон дээрэмдэн авахаар сайн ахын дүрд тоглож байна. Иймд дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн нийт шүүгчийн хуралдааны 001/ШХТ2025/00122 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих үндэслэл тогтоогдов.
7. Нэхэмжлэгч Г.Д хариуцагч Г.А, Г.С, Ч.Б, С.С, С.Ба, С.Бө, С.Гнарт холбогдуулан Дархан Уул аймаг, Дархан сумын Өргөө багийн ... хорооллын ...дугаар байрны ... тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээнээс Г.Аын нэрийг хасуулах, 2012.04.08-ны өдрийн арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... Би Дархан-Уул сумд ... 03 тоот орон сууцанд амьдарч байгаад 2012.04.08-ны өдөр байгуулсан арилжааны гэрээний дагуу ах Г.Сгийн өмчлөлийн Дархан сумын ... 53 тоот орон сууцаар сольсон. Тус байрны гэрчилгээг тухайн үед ах надад өгөөгүй бөгөөд хамтран өмчлөгчөөр дүү Г.Аыг бүртгүүлж гэрчилгээ авсныг би сүүлд мэдсэн. ... Г.Аыг хууль бус өмчлөгч болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнээс хасуулах үндэслэлтэй. Мөн ах Г.С нь дүү Г.Дыг сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир байдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон үед түүний өмчлөлийн 2 өрөө орон сууцыг сольж авсан, мөн хамтран өмчлөгч Г.Аыг Монгол Улсад байхгүй үед гарын үсгийг нь хуурамчаар үйлдэн хэлцэл хийсэн тул 2012.04.08-ны өдрийн арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй.” гэж тодорхойлсон.
8. Хариуцагч Г.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “... том ах Г.С 1991 онд хотын захиргаанаас хуваарилагдсан ... 03 тоот орон сууцанд амьдарч байсан. Тухайн үед ... ах Г.С хөөцөлдөж ... 53 тоот орон сууцанд амьдрах болж өөрийн сууж байсан ... 03 тоот орон сууцанд Г.Д, бид хоёрыг амьдруулж бидний нэр дээр орон сууц хувьчлагдсан. Би ... 2000 онд Украйны Донецк хотод амьдрахаар явж, ... ах Г.Д 1999 онд Солонгос улс руу ажиллахаар явсан. ... Биднийг гадаадад байх хугацаанд байрны төлбөрийг ах Г.С төлж, байрыг хадгалж байсан. Ах Г.С хүүхдүүд томорч байраа томсгох шаардлагатай байгаа тул байраа солилцъё гэж зөвшилцсөний дагуу ах Г.Д, бид хоёр байраа сольж 15 дугаар байр 53 тоотод амьдрахаар болсон. Би ... Монголд ирэхэд тус орон сууцанд ... Г.Х, эхнэрийн хамт амьдарч байсан ... 53 тоот орон сууцыг чөлөөлж өгөхгүй байсан тул шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн боловч тэрээр шүүхийн шийдвэрийг үл тоомсорлож, сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй болсон ах Г.Дыг ашиглан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гацааж байна.” гэж маргасан.
9. Анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх дараах дүгнэлтийг хийсэн.
“... Шүүхийн 2024 оны 02 сарын 08-ны өдрийн 135/ШШ2024/00210 дугаартай шийдвэрээр ... 53 тоотод байршилтай 28 м.кв талбайтай, орон сууцны өмчлөгч Г.А мөн болох нь тогтоогдсон. Орон сууц хувьчлах товчооны 1999.01.26-ны өдрийн 26 дугаар тогтоолоор өмчлөгчөөр Г.Д, хамтран өмчлөгчөөр Г.А нарыг бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон буюу эрх бүхий байгууллагын шийдвэрээр тэдэнд уг орон сууцыг хувьчилсан. Уг хувьчлал хууль бус талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй, уг орон сууцны өмчлөгч Г.Д, Г.А нар нь 2012.04.08-ны өдөр өөрийн орон сууцыг ... арилжиж 53 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгч болсон нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь ...хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй. ... Г.Аын гарын үсгийг хуурамчаар зурсан гэж маргаж байгаа баримтад хариуцагч Г.А эрх ашиг хөндөгдөөгүй гэх тайлбарыг гаргасан тул хуульд заасан хэлбэрийг зөрчсөн хэлцэл гэж үзэхгүй. ... Аймгийн өмч хувьчлалын товчоонд өргөдөл гаргаж өгснөөр орон сууцыг хамтран өмчлөх болсныг мэдээгүй буюу мэдэх боломжгүй гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хугацаа өнгөрсөн. ... гэрээг байгуулах үед эрх зүйн чадамжгүй болохыг тогтоосон нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин тус шүүхийн 2024 оны 10 сарын 01-ний өдрийн 135/ШШ2024/01191 дугаартай шийдвэрээр Г.Дыг эрх зүйн чадамжгүйд тооцсон байх тул арилжааны гэрээ байгуулах үед эрх зүйн чадамжгүй байсан гэсэн үндэслэл үгүйсгэгдсэн. ...” гэж дүгнэжээ.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан ба магадлалд “... анхан шатны шүүхийн үйл баримтын талаарх дүгнэлт зөв. Нэхэмжлэгч Г.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэн оролцох итгэмжлэлийг Г.Хт 2024.06.03-ны өдөр 2 жилийн хугацаатай олгосон боловч тус итгэмжлэлийг бусдад олгосон Г.Дыг шүүхийн шийдвэрээр эрх зүйн чадамжгүйд тооцож, асран хамгаалагчаар төрсөн ах Г.Сг томилсон ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон талаар талууд маргаагүй. ... 2024.10.01-ний өдрөөс эхлэн эрх зүйн чадамжгүйд тооцогдсон этгээд болох Г.Дын нэрийн өмнөөс асран хамгаалагч Г.С хэлцэл хийх эрхтэй болсон. Г.Х нь Г.Дыг төлөөлөн иргэний эрх зүйн харилцаанд оролцох эрхгүй болсон тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдож байсан этгээдийн өмгөөлөгчийн 2024.11.05-ны өдөр гаргасан "... гарын үсгийн шинжилгээ хийлгэх хүсэлт, мөн Хил хамгаалах байгууллагаас хилээр орсон, гарсан лавлагаа авахуулах тухай хүсэлт”-ийг хангахгүй шийдвэрлэж, хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. ... Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн дүгнэлт хийсэн атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өөрчлөх нь зүйтэй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт энэ талаар шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул энэ талаар шүүхийн шийдвэрт нэмэлт оруулах нь зүйтэй. Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Ч.Булганы зүгээс “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гадаад улсад зорчиж яваа” гэх үндэслэлээр шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй. ...” гэж дүгнэсэн.
11. Хоёр шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг зөрүүгүй тогтоосон хэдий ч хэргийг хянан шийдвэрлэхдээ ялгаатай хууль зүйн дүгнэлт хийсэн байх тул энэ талаар буюу нэхэмжлэгчийг төлөөлөх эрх бүхий этгээдүүдийн хооронд ашиг сонирхлын зөрчил үүссэн нь хэргийг хянан шийдвэрлэхэд нөлөөлсөн гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хяналтын шатны журмаар хэлэлцлээ.
12. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны агуулгыг зөв тодорхойлсон байна. Тодруулбал, хариуцагч Г.А нь 53 тоот орон сууц болон 03 тоот орон сууцыг нэхэмжлэгч Г.Дтай дундаа хамтран өмчлөх эрх үүссэн, дуусгавар болсон эсэх, эдгээр орон сууцыг арилжих хэлцлийг байгуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой хуульд заасан журмыг зөрчсөн эсэх асуудлаар талууд харилцан маргасан гэж үзжээ.
Түүнчлэн анхан шатны шүүх Г.Дын нэхэмжлэлдээ дурдсан “Г.Аын нэрийг улсын бүртгэлийн гэрчилгээнээс хасуулах” тухай шаардлага нь маргаан бүхий орон сууцыг Г.Д дангаараа өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох шаардлага гэж үзэн энэ хүрээнд талуудыг мэтгэлцүүлсэн нь зөв байна.
13. Нэхэмжлэгч Г.Д нь Дархан-Уул аймгийн, Дархан сумын ... хорооллын, ... байрны .. орцны ... тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-200...... дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг дангаар өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, тус сууцыг Дархан сумын ... баг, ... хорооллын ... байрны .. тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-200...... дугаарт бүртгэлтэй орон сууцаар арилжсан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэргийн баримтаас үзвэл Г.Д, Г.А нарыг 1999.01.26-ны өдөр 03 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр, Г.С Ч.Б, С.С, С.Ба, С.Бө, С.Гнарыг 1997.12.31-ний өдөр 53 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тус тус улсын бүртгэлд бүртгэсэн байх ба улмаар 2012.04.08-ны өдөр байгуулсан арилжааны гэрээгээр эдгээр орон сууцны өмчлөгч солигдож, харилцан арилжаалагджээ. Тус гэрээний дүнд Г.Д, Г.А нар 53 тоот орон сууцны, Г.С Ч.Б, С.С, С.Ба, С.Бө, С.Гнар 03 тоот орон сууцны өмчлөгч болон өөрчлөгдсөн.
Нэхэмжлэгч Г.Д нь дээр дурдсан арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргасан нь уг гэрээгээр арилжаалагдсан зүйлсийг харилцан буцаах агуулгатай гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 03 тоот орон сууцаа буцаан авч, 53 тоот орон сууцыг Г.С нарт буцаан өгөхийг хүсэж буй атлаа ийнхүү буцаахаар зорьж байгаа 53 тоот орон сууцныхаа өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан нь түүний гаргасан нэхэмжлэлийн хоёр шаардлага өөр хоорондоо зөрчилдсөн гэж үзэхэд хүргэж байна.
Хоёр шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоон, анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдэл үндэслэл бүхий болсон гэж үзлээ. Дээрх байдлаар нэхэмжлэгч өөр хоорондоо зөрчилтэй нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь уг шийдлийг өөрчлөх үндэслэл болохгүй байх тул давж заалдах шатны шүүх энэ талаар тухайлан дүгнээгүй нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй, харин 53 тоот орон сууцны дангаар өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нэмэлт үндэслэл болохоор байна.
14. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч Г.Дыг эрх зүйн чадамжгүйд тооцсон 2024 оны 10 сарын 01-ний өдрийн 135/ШШ2024/01191 дугаартай, шүүхийн шийдвэрийг үндэслэл болгосон байх ба улмаар тус шийдвэр гарснаар нэхэмжлэгч Г.Даас Г.Хт олгосон итгэмжлэл дуусгавар болсон гэж үзжээ. Энэ дүгнэлтийг залруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Г.Д, түүний төлөөлөгч Г.Х, хариуцагч Г.С, Г.А нар төрсөн ах дүүс байна. Г.Дын нэхэмжлэлтэй Г.А, Г.С нарт холбогдох энэ иргэний хэргийг шүүх 2024.06.14-ний өдөр үүсгэсэн байх ба 2024.06.03-ны өдөр Г.Хт өөрийгөө төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг шилжүүлсэн итгэмжлэлийг Г.Д 2 жилийн хугацаатай бусдад шилжүүлэх эрхгүйгээр олгожээ. Гэтэл энэ хэрэгт хариуцагчаар татагдсан Г.Сгийн хүсэлтийг 2024.10.01-ний өдөр шүүх онцгой ажиллагааны журмаар хэлэлцэн Г.Дыг эрх зүйн чадамжгүйд тооцож, Г.Сг түүний асран хамгаалагчаар тогтоосон 135/ШШ2024/01191 дугаартай шийдвэр гарчээ. Энэ шийдвэрийн дүнд эрх зүйн чадамжгүйд тооцогдсон этгээд болох Г.Дыг түүний төрсөн ах Г.С итгэмжлэлгүй, хууль ёсоор төлөөлөх үр дагавар үүснэ.
Гэтэл хариуцагч Г.С нь нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч болох үр дагавар бүхий өөр хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэснийг маргаан бүхий энэ иргэний хэрэгт үндэслэл болгосон нь ашиг сонирхлын ноцтой зөрчил үүсгэсэн, Гэр бүлийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.3-д хориглосныг зөрчжээ. Хэдийгээр нэхэмжлэгч Г.Дыг эрх зүйн чадамжгүйд тооцож, асран хамгаалагч тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх боловч Г.Дын нэхэмжлэлтэй Г.Сд холбогдох энэ иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Дыг төлөөлөх бүрэн эрхтэй этгээдийг тодорхойлоход үндэслэл болгох боломжгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн “… Г.Х нь Г.Дыг төлөөлөн иргэний эрх зүйн харилцаанд оролцох эрхгүй болсон. …” гэх дүгнэлт алдаатай болжээ.
Гэвч энэ дүгнэлт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Дыг төлөөлөх Г.Хын эрх дуусгавар болсон гэж дүгнэн түүний гаргасан хүсэлтийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэх агуулга бүхий хяналтын гомдлыг хангах үндэслэл болохгүй. Учир нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х нь зохигчийн хооронд байгуулсан арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг дэмжих зорилгоор шинжээч томилуулах, Г.Аын хилээр орж гарсан талаарх лавлагаа гаргуулах тухай хүсэлтүүд гаргасныг хангах эсэх нь тус иргэний хэргийн шийдэлд нөлөөлөхөөргүй байна. Тодруулбал, энэхүү арилжааны гэрээ 2012 онд байгуулагдсан бөгөөд хэлцлийг хүчин төгөлдөр бусад тогтоолгох шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дуусгавар болсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Булган нар оролцож байсан нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл, шийдвэр, магадлалаар тогтоогдож байна.
15. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч Г.А нь 03 тоот орон сууцыг Г.Дтай дундаа хамтран өмчлөх эрх үүссэн нөхцөл байдал, тус орон сууцыг хариуцагч Г.С, түүний гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрхэд шилжүүлэн 53 тоот орон сууцаар арилжиж, 53 тоот орон сууцны өмчлөх эрхийг олж авсан үйл баримтыг зөв тогтоож, энэхүү арилжааны гэрээ 2012 онд байгуулагдсан бөгөөд хэлцлийг хүчин төгөлдөр бусад тогтоолгох шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон талаар үндэслэл бүхий дүгнэсэн байх тул арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зүйтэй.
Нэхэмжлэгч арилжааны гэрээг хүчингүй болохыг тогтоолгож, хэлцлээр шилжүүлсэн 03 тоот орон сууцаа буцааж авах хүсэл зоригтой атлаа бусдад өгөх гэж буй 53 тоот орон сууцныхаа өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан нь зөрчилтэй байх тул 53 тоот орон сууцыг нэхэмжлэгч Г.Дын дангаар өмчлөх эрхийн зүйл болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
16. Анхан шатны шүүх дээр дурдсан зарим дүгнэлтийг хийсэн атлаа нэхэмжлэлийг бус, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт нийцээгүй байх ба энэ алдааг давж заалдах шатны шүүх зөв залруулсан байна. Үүний зэрэгцээ анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтыг удирдлага болгосон алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй байх тул уг заалтыг хасаж өөрчлөх нь зүйтэй.
17. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 210 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 4629 дугаартай шүүгчийн захирамж хэвээр үргэлжлэхийг дурдаж нэмэлт оруулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасныг зөрчөөгүй байна.
18. Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 209/МА2024/00097 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 135/ШШ2024/01390 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 75 дугаар зүйлийн 75.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Дын хариуцагч Г.А, Г.С, Ч.Б, С.С, С.Ба, С.Бө, С.Гнарт холбогдуулан гаргасан Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, .... дугаар хороолол, .... дугаар байр, ... тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-200....... дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөс Г.Аын нэрийг хасуулах, 2012 оны 04 сарын 08-ны өдрийн арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 210 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 4629 дугаартай шүүгчийн захирамж хэвээр үргэлжлэхийг дурдсугай.” гэж нэмэн, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3, 3 дахь заалтыг 4 гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн удиртгалд “133 дугаар зүйлийн 133.1.1” гэснийг хасаж, шийдвэр, магадлалын бусад заалтыг тус тус хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.01.07-ны өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД