Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 252

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Д.Цолмон,

           шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ ҮД:06-90,

шүүгдэгч Д.Алтантунгалаг, Б.Оюунчимэг,

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1967 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 49 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хэрэг үйлдэх  үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл-4,  эхнэр нөхөр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хороо,  Хилчин 12-р гудамжны 85 тоотод оршин суух хаягтай , улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа  бүрэн Боржгон овогт Дашдаваагийн Алтантунгалаг /РД:ЧИ67111649/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1970 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, тоосгоны операторчин мэргэжилтэй, хэрэг үйлдэх  үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл-6,  нөхөр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо,  Хайлаастын 9-115  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа  бүрэн Боржигон овогт Бариаширийн Оюунчимэг нарт /РД:УШ70062601 /

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2503 0995 дугаартай 105/2017/0264/Э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ

 Д.Алтантунгалаг, Б.Оюунчимэг нар нь бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Ц.Батмягмар, Ц.Лхагва-Очир нарт,  2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Ц.Лхагва-Очирт Нарантуул Олон Улсын Худалдааны төвийн товч, жижиг эдлэл зардаг хэсэгт зохих зөвшөөрөлгүй хууль бусаар гар дээрээс үр зулбуулах эм болох “Мизопростол” гэх эмийг худалдсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Алтантунгалаг мэдүүлэхдээ:Холбогдсон  хэргийнхээ талаар  мөрдөн байцалтанд мэдүүлсэн тул хэргийнхээ талаар ярихгүй гэв.

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оюунчимэг мэдүүлэхдээ:Мөрдөн байцаалтанд хэргийнхээ талаар ярьсан тул  дахин ярихгүй гэв.

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Батмягмарын:…Би анх 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Нарантуул “ зах гараад зулбуулах эм асуугаад 2 настай хүмүүсээс асууж үзэхэд тийм эм байдаг юм шиг байна лээ, чи амьнаасаа уйдаж байна үхэх нүү гэж хэлж байсан юм. Тэгээд би гэртээ ирээд маргааш нь амраад 2016 оны 05 дугаар сарын  10-ны өдөр буюу цас ордог өдөр өөрөө зориг гаргаж “Нарантуул” зах дээр очоод товч зардаг эгч буюу шар үстэй намхандуу нуруутай эгч байхаар нь асууж үзэхэд тийм эм зарахаа байчихсан гэж хэлээд жаахан байж байгаад хүрээд ир эм 50.000 төгрөг гэж хэлсэн юм. Тэр үед манай дүү ирээгүй байсан бөгөөд 1 цагийн дараагаар өөрийн эрэгтэй дүү Лхагва-Очирын хамт шар үстэй эгч дээр очиход өөрийн барааны хайрцган дотроос гаргаж ирээд надад өгсөн юм. Би тухайн үед уг эмийг хэрхэн яаж хэрэглэх  талаар уг эгчээс асуухад кола ууж болохгүй, кимчитэй хоол идэж болохгүй, хайрцаган дээр яаж уухыг чинь бичсэн байгаа гэж хэлсэн юм. Тэгээд би эмээ авч яваад гэртээ ирээд хайрцагыг нь задлаад үзэхэд жижиг цаасан дээр эмийн тайлбар бичсэн, 2 хайрцагтай эм 1 дотороо  6 ширхэгтэй, нөгөө нь дотроо 3 ширхэгтэй эм байсан юм. 6 ширхэгтэй эхний өдөр 1 ширхэгийг нь 12 цагийн зайтай уугаад нийт 3 өдөр уугаад 3 ширхэг эмийг нь давхарлаад 1 цагийн дотор 3 ширхэг эмээ давхарлаж уугаарай гэж хэлсэн юм. Тэгээд би хамгийн сүүлд  2016 оны 05дугаар  сарын 14-ний өглөө 04 цаг 30 минутанд 6 ширхэг эмийн хамгийн сүүлийн эмийг нь уугаад 3 ширхэг эмийг нь 1 цагийн дотор буюу 05 цаг 30 миниутанд 3 ширхэг эмийг нь давхарлаад уусан юм. Тэгээд миний хэвлийн доод хэсгээр бага багаар базалж өвдөөд 13 цаг гэхэд чангарч өвдөөд 14 цагийн орчимд зулбасан байсан юм. гэх мэдүүлэг   /хх-ийн 25-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Лхагва-Очирын: ...тэгээд хүнээс дам яриагаар “Нарантуул” 1 зах дээр үр зулбуулах эм зарж борлуулдаг юм гэж сонсоод, тухайн эмийг 2016 оны 05дугаар  сарын 08-ны өдөр би өөрийн эгчийн хамт очиж судалж эхлээд  “Нарантуул” зах дээр очиж ганц нэг хүнээс асуусан юм.2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр буюу цас ордог өдөр өөрийн эгчтэйгээ хамт захруу очоод манай эгч урьд нь судалсан байсан болохоор нэг намхан шар үстэй эгч дээр очиход одоо байхгүй байна 30 орчим минутын дараа очоод уг эмийг 50.000 төгрөгөөр худалдаж аваад  уг эмийг ууснаас болоод гэдсэн дэх ураг дутуу зулбаж гарсан гэж бодож байна. 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр би цагдаагийн хэлтэс дээр ирээд 2 энгийн хувцастай эрүүгийн төлөөлөгч нартай “Нарантуул” зах 1 худалдааны төв дээр дахин очоод уг эмэгтэйгээс нөгөө эм нь байгаа юу гэж асуухад уг шар үстэй намхан нуруутай эмэгтэй байгаа, би эмийг хүнээс аваадхая гэж хэлээд 2-3 удаа очиж байгаад 50.000 төгрөгөөр худалдан авч байхад 2 энгийн хувцастай төлөөлөгч нар ирээд уг эмэгтэйг барьсан юм. гэх мэдүүлэг./хх-ийн 41-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч П.Батхуягийн:... Уг эм нь простоглондиний хүлээн авагчид нөлөөлөх замаар умай агшааж, үр зулбуулах үйлдэлтэй эм байгаа юм. Уг эм нь 0,200 гр савлагаатай шахмал эм байдаг бөгөөд ямар ч улсад үйлдвэрлэж болдог эм байгаа юм. Хавтаст хэргийн материалд хавсаргасан гэрэл зургаас харахад БНХАУ-д үйлдвэрлэсэн эм байна. Уг эмийг үр зулбуулах зорилгоор хэрэглэдэг хэлэн дор тавих буюу үтрээгээр хэрэглэнэ. Мөн уг эмийг үр зулбуулах зорилгоор хэрэглэхдээ жирэмсэн  уг 63 хоногоос хэтрэхгүй хугацаанаас өмнө хэрэглэдэг юм. Уг эмийг хэрэглэхэд толгой өвдөх, суулгах, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, гэдэс дүүрэх, бөөлжих, өтгөх хатах, умайгаас цус алдах гаж нөлөө илэрч болзошгүй, уг эмийг хэрэглэснээс хойш 24 цагийн  дараа 89 хувийн зулбалт, 38 цагийн дотор 100 хувийн зулбалт явагддаг. Хувь хүн уг эмийг худалдан борлуулах эрх байхгүй бөгөөд зөвхөн эмчийн жороор эмнэлгийн нөхцөлд хэрэглэдэг юм. Эмийн сангийн зөвшөөрлийг Улаанбаатар хотын Нийслэлийн эрүүл мэндийн газрын зөвшөөрлөөр олгоно. Эм ханган нийлүүлэх байгууллагын зөвшөөрлийг Эрүүл мэндийн яамнаас олгодог юм  гэх мэдүүлэг. /хх-ийн 130-131-р тал/

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх эмнэлгийн  ¹1182 тоот  дүгнэлтэнд :

           1.Хохирогч Ц.Батмягмар нь 6 сартай жирэмсэн, үр зулбуулах эм ууж дутуу төрсөн байна.

2.Ц.Батмягмар нь үр зулбуулах эмийг өөрийн хүсэлтээр ууж хууль бус үр хөндөлт хийсэн байна.

3.Ураг дутуу гарсан явдал нь үр зулбуулах эм уусантай холбоотой байна.

4.Тухайн эмэгтэй дахин үр тогтоох чадвартай эсэхийг одоогоор тогтоох боломжгүй.

 5.Үр зулбуулах эм ууж 6 сартай урагаа гаргасан асуудал хохирогчийн бие махбодид ямар нэгэн хүнд хор уршиг учруулаагүй байна.

Шинжээч эмч Ж.Ганцэнгэл гэсэн дүгнэлт /хх-ийн 62-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтанд яллагдагч Б.Оюунчимэгийн: Д.Алтантунгалаг 2016 оны 05 дугаар  сарын 11-ний өдөр надаас нэг эм авсан, түүний дараагаар буюу 2-3 хоногийн дараа дахин эм байна уу, хүн асуугаад байна гэж хэлээд дахин нэг авсан юм. Би уг эмийг зарсаны дараагаар иргэн Д.Алтантунгалаас 25.000 төгрөг авсан, сүүлийн эмийг зарж байгаад цагдаад баригдсан гэж байсан юм... гэх мэдүүлэг. /хх-ийн 98-р тал/

            Мөрдөн байцаалтанд   Д.Алтантунгалагийн сэжигтнээр өгсөн:  ...би хаанаас авдаг эсэхийг нь мэдэхгүй, би уг эмийг Оюунаа гэх хүнээс аваад 30.000 төгрөгөөр зараарай гээд өгч байсан юм. Би уг эмийг зарж борлуулаад дундаас 5000 төгрөгийн ашиг үздэг юм. Би урьд нь 3-4 хоногийн өмнө байх Оюунаагаас мөн адил үр зулбуулах эм аваад үл таних эмэгтэй, эрэгтэй 2 хүнд 50.000 төгрөгөөр зарж борлуулсан юм. ... би уг эмийг ийм хортой зүйл гэдгийг мэдээгүй, тухайн хохирогч надаас 3-4 удаа ирээд олж өгөөч гэж гуйгаад байсан юм. Тухайн үедээ би тоогоогүй, тэгээд би зах дээр явж байгаад Оюунаа гэх эмэгтэйтэй таараад асуухад би уг эмийг зардаг, надад байгаа гэж хэлэхээр нь уг эмийг анх аваад 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр би уг эмийг үл таних эмэгтэй эрэгтэй хүн ирээд гуйгаад байхаар нь би 50.000 төгрөгөөр зараад, 25.000 төгрөгийг нь Оюунаад өгөөд үлдсэн 25.000 төгрөгийг нь би өөрөө авсан юм. Тэгээд өнөөдөр үл таних залуу ирээд дахин эм аваад өг гээд гуйгаад байхаар нь Оюунаа руу утсаар холбогдож ярихад зах руу ирж явна гээд над дээр авч ирээд зарж байгаад цагдаад баригдсан юм. Би уг эмийг зарж борлуулахдаа дэвтрийн цаасны булан дээр 6 ширхэг эмийг нь өглөө 09 цаг орой 09 цагт уугаад үлдэгдэл эмийг нь 4 дэх өдрөө 5 минутын зайтай 3 эмийг, нь ууж дуусгана гэж би өөрөө гараараа дэвтрийн цаасан дээр бичсэн юм гэх мэдүүлэг. /хх-ийн 93-р тал/   зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Хэрэгт цугларсан  бичгийн  нотлох баримтууд болон  хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгүүдээс дүгнэхэд шүүгдэгч  Д.Алтантунгалаг  нь  шүүгдэгч  Б.Оюунчимэгээс  хятад улсын үр зулбуулах эмийг авч “Нарантуул”зах дээр эм борлуулах зохих  зөвшөөрөлгүйгээр иргэн Ц.Батмягмарт 50.000 төгргөөр  худалдан  борлуулж  Ц.Батмягмар  худалдан авч хэрэглэн өөрийн хэвлийд байсан 06 сартай  ургыг зулбуулсан байх ба  Ц.Батмягмарын дүү  болох  Ц.Лхагвамягмар  нь дахин худалдан авах гэж байгаад цагдаагийн ажилтнуудад баригдсан үйл баримт  болсон байна.

Иймд Д.Алтантунгалаг, Б.Оюунчимэг нар нь бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Ц.Батмягмар, Ц.Лхагва-Очир нарт,  2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Ц.Лхагва-Очирт Нарантуул Олон Улсын Худалдааны төвийн товч, жижиг эдлэл зардаг хэсэгт эм борлуулах зохих зөвшөөрөлгүй хууль бусаар гар дээрээс үр зулбуулах эм болох “Мизопростол” гэх эмийг худалдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь талуудын хүсэлтээр  шинжлэн  судалсан  хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Д.Алтантунгалаг, Б.Оюунчимэг нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2-д зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч  Д.Алтантунгалаг, Б.Оюунчимэг нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. /хх-н 101-102-р тал/

Хохирогч Ц.Батмягмар нь өөрт учирсан хохиролын баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. шүүх хуралд суухгүй, гомдол саналгүй  гэсэн  тул  бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-н 137-р тал/

Шүүгдэгч Д.Алтантунгалаг, Б.Оюунчимэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55 дугаар зүйлийн 55.1.9-т зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэж түүнд оногдуулсан  хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Боржгон овогт Дашдаваагийн Алтантунгалаг, Боржигон овогт Бариаширийн Оюунчимэг нар эм борлуулах зохих зөвшөөрөлгүйгээр  эм худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2-д зааснаар Дашдаваагийн Алтантунгалагт 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Бариаширийн Оюунчимэгт  3  /гурван/ жил  1 /нэг / сарын хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Алтантунгалагт оногдуулсан 3 /гурван/ жил 1  /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг Б.Оюунчимэгт оногдуулсан 3 /гурван/ жил 1  /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг  жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Д.Алтантунгалаг, Б.Оюунчимэг нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

           5. Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар   Чингэлтэй  дүүргийн Цагдаагийн хэлтэсийн  мөрдөн байцаах  2 дугаар тасгийн мөрдөн байцаагч  цагдаагийн дэслэгч   Д.Бат-Эрдэнийн  2016 оны 05 дугаар сарын  15-ны өдрийн эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээг авах тогтоолыг хүчингүй болгож 200.000 төгрөгийг Д.Алтантунгалагад буцаан олгосугай.

         6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  88 дугаар зүйлийн  88.1.1-т  зааснаар  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг үр зулбуулах мизопростал эмийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Д.Алтантунгалагт оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг, Б.Оюунчимэгт  оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг, биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Д.Алтантунгалаг, Б.Оюунчимэг нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш   14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Алтантунгалаг, Б.Оюунчимэг нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.АЛТАНЦЭЦЭГ