Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/38

 

Н.Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Прокурор                                                         С.Алтай

Нарийн бичгийн дарга                               Н.Энхнаран

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               М.Энхтуяа

Шүүгдэгч                                                          Н.Эрдэнэбаяр нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/236 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор Н.Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн 1921007220219 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1980 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, Хөгдүүд овогт Надмидийн Эрдэнэбаяр, урьд

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч Н.Эрдэнэбаяр нь 2019 оны 01 дүгээр сард Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багийн нутаг “Мод цуурай” гэх газраас Хьюндэй Либэро маркийн 39-00 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж иргэн А.Мөнхжаргалын өмчлөлийн 66 боодол өвсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 316 800 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтай шүүгдэгч Н.Эрдэнэбаярыг машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/236 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Хөгдүүд овогт Надмидын Эрдэнэбаярыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Надмидын Эрдэнэбаярыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эрдэнэбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар “HYUNDAI Libero” маркийн 39-00 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 4/53 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Эрдэнэбаярын эзэмшлийн 2 000 000 төгрөгийн үнэлгээтэй “HYUNDAI Libero” маркийн 39-00 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулан улсын орлого болгож,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Н.Эрдэнэбаярын ЖМ80121476 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Эрдэнэбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “ ... Оногдуулсан ял хүнд байна. Хуульд заасан үндэслэл журмын дагуу хөнгөрүүлж өгнө үү гэж давж заалдаж байна.

Ялтан Н.Эрдэнэбаяр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо бүрэн төлсөн. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдэг. Ер нь өөрөө бол Амарбат гэх хүнээс өвс авна гээд авсан. Тэгээд ч тэр үед хүн амьтнаас асууж лавлаагүй авсан болохоор буруутай гэдгээ ойлгож байгаа. Мөрдөн байцаалтын шатанд Амарбатаас өвс авах байсан талаар худлаа хэлээгүй гэдгээ нотлуулахын тулд гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10-т хангахаас татгалзсан тухай тогтоол гаргаж танилцуулна гэсэн атлаа энэ талаар анхаарч үзэхгүй шууд санаатай анхнаасаа хулгай хийх сэдэлтэй байсан мэт ойлгож, тэрийгээ зөвшөөрөхгүй байна гэж ойлгож, дүгнэлт хийсэн байсан.

Үнэндээ Амарбатыг асуусан бол андуурч авчээ гэдэг байдал тогтоогдож болох байсан. Өөрөө тэндээс өвс авсан гэдгээ илчилсэн байгаа. Түүнийг нь манаач илчилсэн мэт мэдүүлсэн байдаг. Эдгээрийн үнэн худлыг тогтоосон бол шүүгдэгчийн хувийн байдал, хэрэгт хандсан хандлага зэргийг тогтоох ач холбогдолтой байсан. Эрүүгийн хуулинд хэргийн нөхцөл хохирлын хэмжээ, нийгэмд учруулсан хор аюулын хир хэмжээ, хохирлоо төлсөн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг оногдуулах, гол нь гэмт хэргийн улмаас нийгэмд учирсан хохирол хор уршиг арилсан бол заавал гэм буруутай этгээдийг нийгмээс тусгаарлахгүй байх, ялыг хөнгөрүүлж багасгах талаар хуулинд тодорхой заалт орсон. Хүний амь нас хохироосон хүнд ялыг хөнгөрүүлж болох заалт орсон нь энэ Эрүүгийн хуулийн онцлог юм.

Мөрдөн шалгах шатанд тогтоох зүйл бол гэм буруутай байдал, мөн шалтгаан нөхцөл, яллагдагчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлийг тогтоох үүрэгтэй. Гэтэл хэргийн нөхцөл байдлыг хөнгөрүүлэх, яллагдагчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу өөрийгөө илчилж, хариуцсан этгээдэд нь хэлсэн байдлыг тогтоож өгөөгүй. Түүнд хамааралтай гэрчийг асуугаагүй, хүсэлтийг шийдвэрлээгүй байдаг. Үүнийг шүүх анхаарч үзэлгүй дүгнэлт хийж ял хөнгөрүүлэн ялын доод хэмжээнээс доош татаж болох байтал хөнгөрүүлсэнгүйд гомдолтой байна. Хохирлын хэмжээ 318 000 төгрөг. Ийм байтал 2 жил ял эдэлж машин тэргээ хураалгаж хуулийн хүрээнд шийдвэрлэсэн ч хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээнээс доош татаж 1 жилийн хорих ял эдлүүлэхээр өөрчилж өгнө үү.” гэжээ.

Прокурор С.Алтай шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримт, тогтоогдсон нөхцөл байдалд зөв дүгнэлт хийсэн. Хууль зөрчсөн асуудал байхгүй гэж харж байгаа. Өнөөдөр гаргаж байгаа гомдлын гол агуулга нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, оногдуулсан ялаас доош татаж өгнө үү...” гэж байна. Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “...гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно...” гэж байгаа. “Болно” гэдэг нь хэрэглэж ч болно, хэрэглэхгүй ч байж болох шүүхэд өгсөн эрх хэмжээний ойлголт юм. Анхан шатны шүүх өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд “...хэргээ хүлээхгүй байна...” гэж дүгнэж шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй. Иймд анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, оролцогчийн гаргасан гомдыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Н.Эрдэнэбаяр нь 2019 оны 01 дүгээр сард Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багийн нутаг “Мод цуурай” гэх газраас Хьюндэй Либэро маркийн 39-00 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж хохирогч А.Мөнхжаргалын өмчлөлийн 66 боодол өвсийг хулгайлсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч М.Төмөрбаатар, хохирогч А.Мөнхжаргал нарын мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, туршилт хийсэн тэмдэглэл зэрэг  баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, прокурор, шүүх хэргийг зөв зүйлчилсэн байна.

Шүүгдэгч Н.Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлын дагуу хэргийн нөхцөл байдал, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг судлан үзээд давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. Үүнд:

Н.Эрдэнэбаярын үйлдэл нь машин механизм ашигласан гэх шинжээрээ хохирлын хэмжээ харгалзахгүйгээр хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх заалтаар зүйлчлэгдэх хэдий ч, түүний  үйлдлийн улмаас учирсан хохирол нь шүүхийн практикт гардаг адил төрлийн хэргүүдтэй харьцуулахад харьцангуй бага мөнгөн дүнтэй бөгөөд энэ хохирлоо бүрэн нөхөн төлсөн байна. Энэ нь түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэн үзэх үндэслэл бүхий шалтгаан мөн.

Н.Эрдэнэбаяр нь өвс хулгайлахдаа машин ашигласантай холбоотойгоор доод тал нь 2 жилийн хорих ялтай зүйл хэсгээр гэм буруутайд тооцогдож, 2 жилийн хугацаатай хорих ялаар  шийтгүүлж, 2,000,000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслээ хураалгах хэмжээний эрүүгийн хариуцлага хүлээсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэр хэмжээтэй харьцуулахад тодорхой хэмжээнд хүндэдсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Гэхдээ анхан шатны шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон  хүрээ хязгаарын дотор ял оногдуулсан бөгөөд, Н.Эрдэнэбаяр нь анхан шатны шүүх хурал дээр гэм буруугийн асуудлаар маргаж байснаас шалтгаалаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлэх боломжгүй байсан гэж ойлгогдож байна.

Гэвч, Н.Эрдэнэбаяр нь давж заалдах гомдолдоо “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” тухайгаа ойлгомжтой илэрхийлж, ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж өгөхийг хүссэн байх тул давж заалдах шатны шүүхээс түүний энэхүү гомдлыг Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэх заалтаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хүлээн авах боломжтой гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/236 дугаар шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Надмидын Эрдэнэбаярыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Надмидын Эрдэнэбаярт нэг жилийн хугацаатай хорих ял оногдуулсугай” гэж, 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эрдэнэбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Шүүгдэгч Н.Эрдэнэбаярт оногдуулсан нэг жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Н.Эрдэнэбаярын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс  2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон тавин дөрөв хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                               З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                  Л.НАРАНБАЯР