| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 185/2022/0078/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/738 |
| Огноо | 2024-08-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Энхтулга |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/738
2024 08 02 2024/ШЦТ/738
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
Улсын яллагч: Н.Энхтулга,
Шүүгдэгч: Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт Б. Н холбогдох эрүүгийн “1909046811251” дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19** оны 09 дүгээр сарын 13-ний өдөр **** аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч, инженер мэргэжилтэй, Эрхэлсэн тодорхой ажилгүй, **** аймгийн ***** сумын ** дүгээр баг *** ** гудамж ** тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Хэрэг хариуцах чадвартай, **** овогт Б. Н, /РД:********/.
Холбогдсон хэргийн талаар:
Б.Н нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий иргэн Б.С, Б.М, О.Э, Э.А нарт иргэн Н.Э дамжуулан “Чех улсын виз гаргаж өгнө” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 8,952,500 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Ц.Э-т “Чех улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах урт цагаан төвийн Хаан банкны болон Төрийн банкны салбараас нийт 3,100,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 17, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.О-г Чех улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, түүний төрсөн эгч Ц.О-р дамжуулан 3,290,0000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд ***** дүүргийн ** хороо, **** тоотод оршин суух иргэн Ж.М-с нийт 4,239,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Шүүгдэгч Б.Н нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий иргэн Б.С Б.М, О.Э, Э.А нарт иргэн Н.Э-р дамжуулан “Чех улсын виз гаргаж өгнө” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 8,952,500 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Ц.Э-т “Чех улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах урт цагаан төвийн Хаан банкны болон Төрийн банкны салбараас нийт 3,100,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 17, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.О-г Чех улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, түүний төрсөн эгч Ц.О-р дамжуулан 3,290,0000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд ****** дүүргийн ** хороо, *** тоотод оршин суух иргэн Ж.М-с нийт 4,239,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сард хадам ээжийн төрсөн дүү Э нь манай ажлын газрын таньдаг Н гэдэг хүн Чех рүү виз гаргаж, явуулж өгнө гэж байна гэсэн. Тэгээд А гэх хүнээр дамжуулан Н гэх хүнээр хүнтэй уулзаж асууж тодруулахад “Чех улсын виз гаргаж өгнө” нэг хүний 3,000,000 төгрөг болно гэж хэлсэн. Тухайн үед 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн модны 2-ын Хаан банкны АТМ-ээс 50632**** дугаарын Ү гэх хүний данс руу эхнэр А бид хоёр тус тус 1,500,000 төгрөг буюу нийт 3,000,000 төгрөг шилжүүлсэн...Тэр үед Н нь та хоёрын мөнгө ирлээ. 1 сарын дотор хариу хэлнээ, үлдэгдэл мөнгөө шилжүүлэх шаардлагатай шүү гэж хэлээд салсан...Жоохон хүлээх юм шиг байна шүү гэж хэлээд үлдэгдэл мөнгөө нэхээд байсан учир 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс Ү-н данс руу эхнэр А бид хоёр тус тус 1,500,000 төгрөг буюу нийт 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш Н-н дугаар руу залгасан боловч холбогдох боломжгүй байсан бөгөөд нэг удаа холбогдоод яасан талаар асуусан чинь Н нь болоогүй байна. Одоо хойшлогдоно гэж хэлсэн ба түүнээс хойш огт сураггүй алга болсон...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 24-26х/,
Хохирогч Б.С-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тухайн үед Э эгчээс сонсоход Чех улсын визний мөнгө, урьдчилгаа бүртгэлийн мөнгө гэж 1,452,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн оношилгооны хажуу талын хаан банкны 506329**** дугаартай дансаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1 хх-ийн 27-28х/,
Хохирогч О.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А гэдэг эгчийн таньдаг хүн нь Чех улсын руу хүмүүс зуучилж өгдөг гэж сонсоод би Э эгчид хэлсэн чин 1,500,000 төгрөгөөр 2 удаа 3 сая төгрөг өгчих юм бол сарын дотор Чех улс руу гаргаад өгнө гэж хэлсэн. Тэгээд би Э эгчийн данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1 хх-ийн 31-35х/,
Хохирогч Э.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний нагац эгч Э 2018 оны 11 сард “- миний найз А гэх хүний таньдаг Н гэх эмэгтэй гэж Чех рүү гэрээгээр явуулдаг хүн байна” гэж хэлсэн бөгөөд эхний ээлжид 1,500,000 төгрөгийг төлөх ёстой” гэж хэлсэн бөгөөд би өөрийн нөхөр М хамт Чех рүү явахаар болж хүн тус бүрийн 1,500,000 төгрөг нийт 3,000,000 төгрөгийг 2018 оны 11 сарын 06-ны өдөр Э эгчийн хэлсний дагуу Ү гэх хүний данс руу шилжүүлсэн, үүний дараа 2018 оны 12 дугаар сард Н М, Э болон миний бие нар уулзахад “-Нотариатаар орж гэрээ байгуулах хэрэгтэй байдаг бөгөөд уг гэрээ нь виз гаргахад хэрэгтэй” гэж хэлээд Вариатай чуулгын ойролцоо байдаг Нотариат руу бид гурвыг оруулж өгчхөөд өөрөө ч гарын үсэг зуралгүй гараад явсан, харин Нотариатын хүн нь гэрээн дээр гарын үсэг зуруулж аваад болчихлоо гэж хэлсэн бөгөөд ямар учиртай гэрээ болох мөн нэг хувийг нь бидэнд ямар учраас өгөхгүй байгаа талаар тайлбарлалгүй болчихлоо гэж хэлсэн. Энэ явдлаас хойш Н сураггүй алга болсон. Нэг удаа уулзах Нотариат оруулж өгчхөөд өөрөө явчихсан дахиж уулзаагүй, уулзалтын үеэр олигтой зүйл яриагүй, харин Чех улсын байдлыг л яриад байсан, хаана ямар ажил хийх, надаас авч байгаа мөнгийг юунд зарцуулах талаараа огт яриагүй. Э нь миний үеэл дүү бөгөөд надтай адил Чех рүү явах гэж байгаад мөн залилуулсан хохирогч, А гэх хүн нь Э гэх манай нагац эгчийн найз нь ба О овогтой А /8886****/ гэх хүн байдаг. А Н нар ямар холбоотой талаараа мэдэхгүй байна, гэхдээ урд нь хамтран ажилладаг байсан байж магадгүй, би болон манай нөхөр М, Э нар нь А-тай уулзаж байгаагүй. Урилга ирсэн шүү гэж хэлж, үлдэгдэл 1,500,000 төгрөгөө шилжүүлээрэй гэхээр нь нөхөр бид хоёр үлдэгдэл 3,000,000 төгрөгийг Ү нэртэй данс руу шилжүүлсэн. Гэвч миний болон нөхөр М, Э нарын урилгыг өгөөгүй. Нийт нөхөр бид хоёрт 6.000.000 төгрөгийг хохирол учирсан, хохирол барагдуулсан зүйл байхгүй” / 1 хх-ийн 49-51х/,
Хохирогч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…манай эгч О-н таньдаг хүн Чех улс руу ажлын гэрээний виз гаргаж өгч байгаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь би сонирхоод үзсэн чинь 3,290,000 төгрөгийг өөрийн эгч О-н дансанд руу өөрийн Хаан банкны 50313**** данснаас шилжүүлсэн. Тэгээд ямар ч байсан удахгүй болно бүтнэ гэж байсан боловч О эгч нөгөө зүйл чинь худлаа болсон байна нөгөө хүн чинь алга болчихлоо гэж байсан...Тэгэхэд шүүд тэгж байгаад Чех улсын элчин сайдын яамнаас дуудаж ярилцлагад оруулах байх гэж байсан, ямар нэгэн материал бүрдүүлж өгөөгүй...би өгсөн мөнгөө авмаар байна...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 98-99х/,
Ц.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн: “...Он сарыг нь сайн санахгүй байна Б.Н гэх хүнээр 2016 билүү 2017 онд нөхөр бид хоёр Чех улс руу ажлын гэрээ виз гаргуулах гээд материалаа бүрдүүлж өгөөд мөнгийг өгч байсан. Тэгээд тухайн үед манай нөхөр бид хоёр дээр виз дарагдаад манай хүүхдүүдийн бие өвдөөд бид хоёр явж чадаагүй юм аа...би тухайн үед өөрийн төрсөн дүү Б-н О-н Чех улс руу ажлын гэрээний виз гаргуулах гээд Б.Н гэдэг хүнд мөнгө өгч байсан юм аа. Тэгээд би өөрийн дүүгийнхээ өмнөөс өгчихсөн болохоор би өргөдөл өгсөн юм аа...манай дүүгийн мөнгө байгаа юм аа...одоо надад ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 95-96х/,
Хохирогч Ж.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Чех улс руу ажлын гэрээгээр гаргаж өгнө гэсний дагуу нөхөртэйгөө хамт явах гээд Н гэх иргэнтэй анх холбогдоод юмаа бүтээчхээд эргээд холбогдъё гээд надад хэлсэн. Үүний дараа 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Н надтай холбогдоод ажлын гэрээ чинь гарчихсан гэрээний мөнгийг шилжүүлээрэй гэхэд би 2 хүний мөнгө болох 2,357,600 төгрөгийг 506329**** дугаартай Б.Ү гэсэн эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн. Дараагаар нь 2018 оны 05 дугаар сарын сүүлээр билүү 06 сарын эхээр Н надтай холбогдоод Чех улсын элчин дээр очиход Н ярилцлагад орох хэрэггүй болчихлоо би болгочихлоо энэ ажлынхаа гэрээн дээр гарын үсгээ зурчих гэхэд нь тухайн гэрээг нь харахад Чех улсын хэл бичигтэй мөн миний овог нэртэй зүйл байхаар нь би гарын үсгээ зурчихсан юм. Үүний дараа Н 99641*** дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байж байгаад 2018 оны 07 дугаар сард өөрийн уг дугаарын утаснаас надтай холбогдоод юм чинь жоохон бүтэхгүй байна, ямар ч байсан болгочхоод эргээд ярина гэж хэлсэн. Үүний дараа 2018 оны 09 дүгээр сард Н мөн надтай холбогдоод юм чинь жоохон бүтэхгүй байна би ямар ч байсан болгочхоод эргээд ярина гэж хэлсэн. Үүний дараа 2018 оны 09 дүгээр сард Н мөн надтай холбогдоод Чех улсын элчний ярилцлагад ахиад орох хэрэгтэй байна гээд мөнгө шилжүүлээрэй гэхэд нь 112,000 төгрөгийг мөн 506329*** дугаартай Б.Ү гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн. Тэгээд үүнээс хойш 14 хоног болон 20 хоногийн дараа Н над руу залгаад юм чинь болох гээд байгаа хүлээж байгаарай гээд байдаг байсан. Энэ хугацаанд нөхөр бид хоёр ярилцаж байгаад манай нөхөр явахаа больё гээд би ганцаараа явахаар болсон. Үүнийг асуух гээд Н холбогдоод манай нөхөр явахаа болиод би ганцаараа явах гэсэн юм нөхрийнхөө мөнгийг өөрийнхөө зардал руу шилжүүлж болох уу гэхэд Н болон гэхээр нь би тэгвэл одоо хэдийг өгч таарах уу гэхэд үлдэгдэл 900,000 төгрөг болж байна гэсэн. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ү гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн. Үүний дараа 2018 оны 12 дугаар сарын сүүлээр Н над руу яриад 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр явахаар болсон шүү юмаа бэлдэж байгаарай гэж хэлсэн байсан. Дараагаар 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн мөн Н надтай холбогдоод вагон явна билетийнхээ мөнгийг өгөөрэй гэхэд нь 870.000 төгрөгийг 506329**** дугаартай Б.Ү-н данс руу шилжүүлэхэд за одоо удахгүй явна юмаа бэлдэж байгаарай гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа 2019 оны 01 дүгээр сарын 17, 18-ны өдөр над руу өөрөө яриад юм чинь хойшлогдоод байна түр хүлээж байгаарай бүх зүйлийг болгоно санаа зовохгүй бай гэж хэлээд холбоогүй байгаад байсан. Тэгээд төмөр замын ***** байрлах ажил дээр нь очиход эзэнгүй байсан. Үүний дараа холбоогүй байж байгаад байгаад 2019 оны 03 дугаар сард Н над руу өөрөө яриад эхний чинь үйлдвэр бүтэхгүй байна ахмад өөр үйлдвэр материалыг чинь өгчихсөн байгаа хүлээж байгаарай гэж надад хэлсэн. Тэгээд 2019 оны 04 дүгээр сар болон 5 дугаар сард хологдоход санаа зоволтгүй би болгоно түр хүлээж бай гэж надад хэлж байсан. дараагаар нь Н-н өөрийнх нь гар утас нь холбогдохгүй бас оффис дээр нь хэд хэдэн удаа очиж сураглахад байхгүй байхаар нь тухайн оффисынх нь харуулаас асуухад Н ерөөсөө ирэхгүй байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 07-08х/,
Хохирогч Ц.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 онд би Парис эвент холл гэх газарт зөөгч ажил хийж байсан. 2018 оны 04 дүгээр сарын **** чуулгын *** тоотод очиход хаалга дээрээ ОХУ-ын виз 9964*** дугаарын бичсэн байсан ба Н-тэй уулзахад эхлээд надаас аль улс руу явах юм бэ таньдаг хүн чинь надаар дамжуулж гарсан юм уу гэхээр нь би найзынхаа нэрийг хэлэхэд А-рыг танина, эгчийн бас гаргаж байсан гэж хэлсэн. Би Н-д хэлэхдээ Чех рүү явмаар байна А-тай ойр нэг хотод баймаар байна гэж хэлэхэд болно би А-ын байгаа хотын үйлдвэрт нэг таньдаг хүн байгаа тэрэнтэйгээ холбоо бариад болбол тэр үйлдвэр рүү ажилд оруулаад энэ хот руу явуулъя хэрэв болохгүй бол өөр үйлдвэр рүү оруулж өгье гэж хэлсэн. 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 506312**** дугаартай Т Б гэх хүний данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 5063123977 дугаартай Т Б гэх хүний данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 300,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийтдээ 1,300,000 төгрөгийг өгсөн байна. Н-тэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй...Н нь хэлэхдээ нэг жилийн хугацаанд виз гарна гэж хэлсэн боловч нэг жилийн хугацаа өнгөрөхөд гараагүй. 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Н нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чехийн элчнээр орохоор болсон үлдэгдэл мөнгөө шилжүүлэх шаардлагатай байна бичиг баримтууд чинь бүрдсэн байгаа элчнээр ороход чинь аваачиж өгнө гэж хэлсэн. Б овогтой Ү гэх хүний дансаар 506329**** дугаарын данс руу 500,000 төгрөг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үлдэгдэл 1,300,000 төгрөгийг өгсөн. Үүнээс хойш 2 хоногийн дараа утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чех элчин дээр очиж уулзахад миний нэр ороогүй байсан” гэх мэдүүлэг /3 хх-ийн 84-85х/,
Гэрч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сард **** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ****** ХХК-д борлуулалтын менежер хийж байх үед хамт ажилладаг А /88716***/-ийн таньдаг хүн болох Б.Н /99641***, 98248***/-тэй ажлын байран дээрээ тааралдсан тэгээд Н нь А бид хоёр Бүгд найрамдах Чех улс руу гэрээгээр хүмүүсийг явуулж байгаа гэж ярьж байсан. Тэгээд дараа нь Н нь А дээр дахин ирээд Чех Улс руу хүн явуулж байгаа би 70 гаруй хүн бүртгэсэн, найдвартай Чех Улс руу хүмүүсийг явуулж байгаа эхний ээлжид бүргүүлэхэд 50,000 төгрөг өгөөд бүртгүүлээд гадаад паспортын хуулбар, цагдаагийн газрын тодорхойлолт, 2 хувь цээж зураг өгөөд бүртгэгдэг гэж хэлж байсан. Тэгээд би Эгч Т, ахын охин С, бэр Д нарт энэ тухай ярьсан бөгөөд Т 2 хүүхдээ явуулъя, С Д нь төрсөн охин Э Чех Улс руу явуулъя гэхээр нь би А манай эгч хүүхдүүдээ явуулъя гэнээ чи Н холбоо бариад хэлээд өгөөч гээд Н утсаар холбогдох үед болно эхний ээлжид бүртгэлийн хураамж 50,000 төгрөг холбогдох баримтуудаа аваад байж бай би өөрөө очиж авъя гэж хэлсэн тэгэхээр нь төрсөн эгчийн охин Э.А түүний нөхөр М, С нарт хэлээд материалаа бүрдүүлээд хүрээд ир гээд материалыг нь аваад А материал бүртгэлийн мөнгө болох 3 хүний 150,000 төгрөгийн хамт А өгсөн. А 150.000 төгрөгийн хамт материалыг нь авсан байсан . Тэгээд хэд хоногийн дараа Н нь А руу залгаад эхний ээлжид хүн тус бүрийн гэрээний 500 евро өгчихвөл 2019 оны 02, 03 дугаар сард Чех Улс руу явуулчихна гэж хэлсэн байсан тэгээд А надад хэлэхээр нь би А /94080***/, М С /98****/ нарт дамжуулж хэлэхэд зөвшөөрөөд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр А, М хоёр тус бур 1,500,000 төгрөг нийт-3,000,000 төгрөгийг Хаан банкны 50632**** гэсэн дугаартай Б.Ү гэсэн хүний данс руу шилжүүлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр С нь мөн дээрх данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн тэгээд Н хариу хүлээгээд байж байтал А холбоо бариулаад ярихад хүлээж бай Чех Улсаас гэрээ хийгдээд ирэхээр нь та нарыг дуудна гэж хариу егсөн Тэгээд хүлээж байх хугацаанд бэр Д нь над руу залгаад охин Э-г Чех Улс руу явуулъя гэхээр нь эхний ээлжид 50,000 төгрөг.бүрдүүлэх материалуудаа над руу мессенжерээр явуулчих гэж хэлэхэд 50,000 төгрөгийн хамт над руу явуулсан. Тэгээд 50,000 төгрөг, материалын хамт А-д өгсөн бөгөөд Н нь А-с материал, 50,000 төгрөгийн хамт авсан бөгөөд дараа нь Н нь А-д гэрээ хийгдэх 500 еврогоо шилжүүлж гэж хэлсэн байсан тэгээд би Д-д хэлэхэд Д нь миний данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн тэгээд би 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хаан банкны дээрх данс яриад нитратаар юм баталгаажуулах хэрэгтэй байна гээд Н нь А, М, Э нартай БГД-ийн нутаг дэвсгэр төмөр замын ойролцоо уулзаад нотариатаар Н нь эдгээр хүмүүсийг төлөөлж байгаа талаар нотариатаар орсон байсан. Тэгээд Н уулзаад юм асуух үед А холбогдоод би бүх зүйлийг А руу хэлчихнэ, удаахгүй явуулна гэж хэлж ярьж байсан гэж хэлсэн Тэгээд дахин хүлээж байгаад А Н холбоо барихад хэд хоногийн хүлээнэ гэж хэлсэн тэгээд хүлээж байтал дуудаагүй тэрнээс хойш А нь дахин Н ярихад 2019 оны 06,07 дугаар сард явуулчихна санаа зоволтгүй, А, М хоёр хүн тус бүрийн 3,000,000 төгрөг нийт-8,000,000 төгрөг, С, Э хоёр хүн тус бүрийн 1,500,000 төгрөгийг Хаан банкны 506320*** дугаартай, Б.Ү гэх хүний данс руу шилжүүлэн өгсөн. 2018 оны 12 дугаар 14-ний **** дүүргийн * хороо, ***-ийн ***тоотод гэртээ байх үедээ мобайл банкаар шилжүүлэн өгсөн” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 36-37х/,
Гэрч Б.Ү мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н надад нэг данс хэрэгтэй байна. Чи надад хэрэглүүлээч гэхээр нь гэрээс очоод авчих гэж хэлээд өгч байсан. Би тухайн үед гадаадад ажиллаж амьдарч байсан ба тэр үед би картаа гэртээ орхисон байсан. Н 2015 бил үү 2016 билүү байсан ба тэр үед миний дансыг гуйж авсан байсан би Н 2019 онд уулзахдаа орлого, зарлага хаалаа юун учиртай мөнгө ороод байгаа юм бэ гэж хэлээд дансаа хаалгасан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 45-46х/,
Гэрч О.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хаан банкны 50633***8 дугаарын данс эзэмшдэг. Миний 50633**** дугаарын дансаар 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1,680,000 төгрөгийг Н гэдэг эмэгтэй мөнгө хийлгүүлэн авч байсан ба цаад данснаасаа ямар хүнээр ямар учиртай мөнгө хийлгүүлснийг би мэдэхгүй байна. Миний ажилладаг валют арилжааны төвөөс энэхүү 1,680,0000 төгрөгийг бүгдийг нь евро болгон солиулаад Н эгч өөрөө авч байсан. яг Чех улс руу хүн гаргаад явуулдаг эсэхийг нь мэдэхгүй ээ өөрөө л надтай уулзах үедээ Чехийн виз гаргадаг гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 145-146х/,
Гэрч О.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Н анх 2010 он байхаа танилцаж байсан тухайн үед Орос улс руу аяллаар явуулдаг виз мэдүүлдэг компаниуд айдаг байсан. Тэгээд энэ хүн нь **** аймагт Оросын виз гаргадаг компани ажиллуулдаг байсан ээжийнх нь билүү өөрийнх нь байсан санагдаж байна...Б.Н нь 2018 онд Чех улс руу гэрээний виз гаргаж өгдөг гээд яриад явдаг байсан манай компани ******** ХХК-ийн Оросын элчний хажууд байдаг...манай компаниар орж гараад явж байхдаа Чех улсын гэрээний визний цаг авч байгаа хүмүүс явуулж байгаа гэж ярьдаг байсан...Үгүй ямар нэгэн хүн жуучилж өгөөгүй өөрөө надад ийм ажил хийж байгаа гээд ярьж байсан боловч би тухайн үед ажил их байсан болохоор ийм зүйлд болороогүй...би хохирогч Э-ыг Чех улсын руу жуучилж өгсөн зүйл болсон юм байхгүй... Э нь надад би дүү нарынхаа юмыг өгье гэж хэлэхээр нь би амжихгүй та өөрөө Н учраа олоорой гэж хэлсэн би энэ хүмүүсийн материалыг бүрдүүлж өгсөн зүйл байхгүй мөнгө төгрөг аваад Н гэх хүнд өгсөн зүйл байхгүй. Чех улсын визтэй холбоотой би оролцоогүй энэ талаар бол Н ярьж байсан тэгэхээс би Чех улсын визний талаар бол мэдэхгүй...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 88-89х/,
Б. Ү Хаан банкны 50632***** тоот дансны дэлгэрэнгүй лавлагаа /1 хх-ийн 76-82х/, /2 хх-ийн 46-47х/,
Н.Э Хаан банкны 50292**** тоот дансны дэлгэрэнгүй лавлагаа /1 хх-ийн 130х/,
Э.О Хаан банкны 5082***** тоот дансны дэлгэрэнгүй лавлагаа /2 хх-ийн 151-152х/,
Ж.М Хаан банкны 5087**** тоот дансны дэлгэрэнгүй лавлагаа / 3 хх-ийн 21-22х/,
М.М Хаан банкны 50632**** тоот дансны дэлгэрэнгүй лавлагаа / 3 хх-ийн 23-25х/,
Мөнгө шилжүүлсэн талаарх баримт /1 хх-ийн 22х/,
Ц.Э Хаан банкны мөнгө шилжүүлсэн баримтууд /3 хх-ийн 70-71х/,
Гадаад харилцааны яамны 2023 оны 12 дугаар сарын 13-н өдрийн 10/***** дугаартай: “...танай 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 30иа 2/7** дугаартай албан бичигт дурдагдсан нэр бүхий иргэд виз мэдүүлсэн эсэх талаарх мэдээллийг Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам гаргаж өгөх боломжгүй болхыг үүгээр мэдэгдье...” гэх албан бичиг /5-р хх-ийн 172 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н нь “...Би Чех улс руу виз гаргадаггүй гэдгээ дахин дахин хэлж байгаа. Ажлын гэрээ байрны бичгийг бол би гаргаж бэлдэн хүмүүст өгдөг байсан. Тухайн хүмүүсийн байрны бичиг, ажлын гэрээг н.Э гэдэг хүн н.А дамжуулж надад захиалсан. Тэдгээр хүмүүсийн мэдүүлэгт 2018 оны 11 дүгээр сард над руу шилжүүлсэн гэж байгаа боловч надтай 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нотариат дээр л анх уулзаж танилцсан. Тийм боловч намайг зориудаар Чех улсад виз гаргаж өгнө гэсэн гэж мэдүүлсэн. Надтай 12 дугаар сард танилцсан байж яагаад 11 дүгээр сард миний данс руу мөнгөн хийсэн юм. Ийм байхад яаж би эдгээр хүмүүсийг хуурсан байх юм. н.Э гэдэг хүн мэдүүлэг өгөхдөө н.А дамжуулж өгсөн, Б.Н гэдэг хүнийг танихгүй гээд байхад л намайг санатайгаар Чех улсын виз гаргана гэж хэлсэн гүтгээд байна. Надад нийт 5 хүний ажлын гэрээ, байрны бичиг захисан боловч н.Н гэх хүнийх нь мэдээлэл одоо энэ хэрэгт дурдагдахгүй байгаа. Тухайн хүний бичиг баримтыг би хайсаар байгаад олоод шүүхэд авч ирж өгсөн. н.Н гэх хүн огт мөнгө төлөөгүй ба н.А гэдэг хүн бусад 4 хүний мөнгөөр мөнгийг төлсөн байгаа. Тухайн хүмүүс худлаа мэдүүлэг өгөөд байхад огт шалгахгүй байна. Гэрч н.Э мэдүүлэгтээ намайг танихгүй гээд байхад л би буруутай болоод байна. Хохирсон гээд хүмүүс бүгд дундаа зуучлагчтай гэдгийг би байнга хэлж байгаа. Тухайн зуучлаад байгаа хүмүүс нь н.А юм. н.А хүмүүсийн виз захиалгын материал бүрдүүлэх гээд охинтойгоо над дээр ирж зөвлөгөө авч байсан. Чех улс руу виз мэдүүлэхэд ажлын гэрээ, байрны бичгээ бүрдүүлээд цаг авдаг гэдгийг Чех улсын цахим сайт руу орсон хэн бүхэн харах боломжтой. Гэтэл одоо би энд хэрэг хүлээх гээд давхар хохироод байж байна...” гэснийг дурдах нь зүйтэй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж эд хөрөнгө /мөнгө/-ийг нь шилжүүлэн авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын шүүгдэгч Б.Н холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Тухайлбал шүүгдэгч Б.Н үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий иргэн Б.С, Б.М, О.Э, Э.А нарт иргэн Н.Э дамжуулан “Чех улсын виз гаргаж өгнө” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 8,952,500 төгрөгийг шилжүүлэн авсан, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Ц.Э “Чех улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах урт цагаан төвийн Хаан банкны болон Төрийн банкны салбараас нийт 3,100,000 төгрөгийг шилжүүлэн авсан, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 17, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.О-г Чех улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, түүний төрсөн эгч Ц.О-р дамжуулан 3,290,0000 төгрөгийг шилжүүлэн авсан, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд ***** дүүргийн ** хороо, *** тоотод оршин суух иргэн Ж.М-с 4,239,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь тус тус идэвхтэй бөгөөд хуурч мэхлэх гэсэн субьектив санаатай, шунахайн сэдэлтэй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргээс “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзсэн болно.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж заасан ба шүүгдэгч Б.Н-н үйлдэл нь 2018 оны 04 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарын хооронд үргэлжилсэн нэг гэмт хэрэг буюу залилах гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь “...би Чех улс руу виз гаргадаггүй”, “...зөвхөн ажлын гэрээ, байрны бичгээ бүрдүүлээд цаг авдаг, намайг зориудаар Чех улсад виз гаргаж өгнө гэсэн гэж мэдүүлсэн байна. Эдгээр хүмүүст, ажлын гэрээг нь хүлээлгэж өгсөн..” гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, банкны дансны дэлгэрэнгүй лавлагаанууд зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Мөн шүүгдэгч нь хохирогч нартай Чех улсад хөдөлмөрлөх гэрээг хүлээлгэн өгөхөөр тохиролцож, гэрээг хүлээн авсны дараа Чех улс руу яваагүй зэрэг нөхцөлд хохирогч нарын төлбөрийг буцаан төлөхгүй байхаар тохиролцсон.
Ингэж тохиролцсон ёсоор Чех улсад хөдөлмөрлөх гэрээг гэрч Н.А-р дамжуулан өгсөн тул тохиролцсон ажлаа хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн гэх боловч хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаас шүүгдэгч нь хохирогч нарт дээрх гэрээг харилцан тохиролцсоны дагуу хүлээлгэн өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэрээний харилцаа нь Иргэний хууль, тогтоомжийн дагуу үүсч гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй.
Гэвч шүүгдэгч Б.Н-д холбогдох эрүүгийн хэрэгт гэрээний харилцааны улмаас үүссэн маргаан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг.
Иймд шүүгдэгч Б.Н-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Б.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.М-т 3,000,000 төгрөг, хохирогч Э.А-д 3,000,000 төгрөг, хохирогч Б.О-д 3,290,000, хохирогч Б.С-д 1,452,000 төгрөг, хохирогч О.Энхзулд 1,500,000 төгрөг, хохирогч Ж.М-д 4,239,000 төгрөг, хохирогч Ц.Э-т 3,190,000 төгрөгийн хохирол тус тус учруулснаас мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол төлбөр төлж барагдуулаагүй байна.
Иймд шүүгдэгч Б.Н-с 3,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-т, 3,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.А-д, 3,290,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.О, 1,452,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.С, 1,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Э, 4,239,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.М, 3,100,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Э тус тус олгож шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Н-г шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг дээрх хугацагаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг ***** аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овогт Б.Н-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-г 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг **** аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар 3,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М , 3,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.А, 3,290,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.О, 1,452,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.С, 1,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Э, 4,239,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.М, 3,100,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Э тус тус олгосугай.
7. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шүүгдэгч Б.Н урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрийг Хил хамгаалах Ерөнхий газарт хүргүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС