Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 156/шш2021/00569

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2021/00512/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар, Хэнтий аймагт оршин суух, Боржигон овогт Х.Э-ын нэхэмжлэлтэй, Хэнтий аймагт оршин суух, Боржгон овогт М.Х-т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч: Х.Э /онлайнаар/, хариуцагч: М.Х /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Х.Э миний бие 2009 онд М.Х-тай танилцаж, улмаар 2014 оны 02 дугаар сарын 25-нд гэрлэлтээ бүртгүүлж, 2301000014 тоот баталгаа авч гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүү Х.М төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оноос салж тусдаа амьдрах болсон юм. 2018 онд шүүхийн эвлэрүүлэн зуучлалын албан хандаж байсан боловч бид эвлэрээгүй. Би одоо тусдаа гэр бүлтэй болсон, бага хүүхэд маань хоёр сартай. Х бид хоёр тусдаа амьдарч эхэлсэн үеэс хүү Х.М маань надтай цуг амьдарч өсөж торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Х.М-г миний асрамжид үлдээж эцэг М.Х-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Эд хөрөнгийн маргаангүй .. гэв. 

 

Хариуцагч М.Х нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Х.Э-ын нэхэмжлэлтэй, надад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг гаргуулах иргэний хэрэгт би нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд хүүхдийн асрамж тэтгэлэг болон гэрлэлтийн маргаан байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй.. гэв.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч М.Х-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байх бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Х.Э хариуцагч М.Х нар нь 2009 онд танилцан, 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэндний дундаас 2014 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүү Х.М төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний лавлагааны хуулбар, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэх, гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдээ хэний асрамжид үлдээх, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваалгах тухайгаа бие даан эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохоор зохицуулсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдрах болсон хэмээн тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан маргааны эсрэг байр суурь илэрхийлээгүй байна.

Зохигчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2016 оноос эхлэн одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, 2018 онд шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон, цаашид эвлэрэн хамтран амьдрах боломжгүй, нэхэмжлэгч Х.Э тусдаа гэр бүлтэй болж дундаасаа хүүхэдтэй болсон, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагч маргааны байр суурь илэрхийлээгүй, цаашид зохигчид гэр бүлийн хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ хэн аль нь илэрхийлсэн тул шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Гэрлэгчдийн хэн аль Гэр бүлийн тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах эрхтэй ба нэхэмжлэгчид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хүүхдээ өөрийн асрамжид үлдээхээр илэрхийлсэнтэй харицагч маргаагүй, тэднийг 2016 оноос хойш тусдаа амьдрах болсон үеэс хүү Х.М нь ээж Х.Э-той цуг амьдарч байгаа, хүүхэд өөрийн асрамжийн талаар илэрхийлэх насанд хүрсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар хүүхдийн саналыг асуухад ээжтэйгээ хамт амьдрахаа илэрхийлсэн, хүүхэд ээжтэйгээ ээнэгшин дассан байдлыг харгалзан 2014 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Х.М эх Х.Э-ын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эхийн хэн аль нь хүүхдийг хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхээр зохицуулсан, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх нээлттэй, мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хүүхдийн эрхийг хөндөхгүй байхыг зохигчдын хэн алинд нь тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Х.Э нь хүү Х.М-д хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоо илэрхийлсэн ба Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Зохигчид хүүхдийн тэтгэлэгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр хүү Х.М-г эцэг М.Х-аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.  

Тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Х.Э-т даалгаж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч тэдэнтэй байнгын харилцаатай байх, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл болол саналаа илэрхийлэх эрхтэй болно.

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдав.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Х-аас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 55.327 төгрөгийг  улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг  удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржгон овогт М.Х, Боржигон овогт Х.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Х.М-г эх Х.Э-ын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2- д зааснаар хүү Х.М-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэхийг эцэг М.Х-т үүрэг болгож, тэтгэлгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Х.Э-т даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдасугай.

5. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-д зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөж, хүмүүжүүлэх сэтгэхүйн хувьд зан төлвийг төлөвшүүлэх тэжээн тэтгэх хүүхдээ үндэсний соёл заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх суурь боловсрол эзэмшүүлэх хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг зохигчдын хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарлаж, эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүрэгт саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч, хариуцагч нарт даалгасугай.

6. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч М.Х-аас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 55327 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

8. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Долгоржавд даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.УРАНЗАЯА