Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2162

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “К ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/02691 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-ийн хариуцагч Ш.Б-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 27 295 102.92 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлага, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Б-тай 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээнүүдийг байгуулж 10 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл зээлдүүлсэн. Түүний дараагаар 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулан нэмж 15 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл дахин зээлдүүлсэн. Үндсэн зээлийн гэрээ болон нэмэлт гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ш.Б нь зээлийн төлбөрөө төлөөгүй тул ЗГ-17/005 тоот зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцож 669 709 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 6 524 471.53 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр 3 348 543.31 төгрөг, НГ-17/006 тоот нэмэлт гэрээнд тооцсон нэмэгдүүлсэн хүү 783 778 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 12 178 932.21 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр 3 918 888.87 төгрөгийн хамт нийт 25 424 322.92 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, мөн барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчтай 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 18/001 тоот эвлэрлийн гэрээ байгуулж 5 сарын хугацаанд хуваан төлөхөөр тохиролцсон хэдий ч уг гэрээг шүүхэд хүргүүлээгүй. Иймд талуудын хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ-17/005 тоот зээлийн гэрээ, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн НГ-17/006 нэмэлт гэрээнүүдийн дагуу 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зээлийн хүү нийт 1 558 984.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 311 795.65 төгрөг, нийт 1 870 780 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа тул Ш.Б-аас нийт 27 295 102.92 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

Шүүх: Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагчаас 27 295 102.92 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан барьцаа хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 400 154.09 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 400 154.09 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбарыг бичгээр шүүхэд хүргүүлэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй буюу Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдалд машин нь шаварт суусан байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг нэхэмжлэгчийн төлөөлөгчид утсаар хэлж мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрт ашигтайгаар шүүхэд тайлбарлаж “...намайг байхгүйд хурлыг хийсэн ч яахав...”, мөн хариуцагчийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар хийж “...хариуцагч нь зээлийн гэрээ болон нэмэлт гэрээний үүргийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа, энэ тал дээр маргаан байхгүй...” зэргээр тайлбарласан нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 1 болон 3 дугаар нүүрэнд бичигдсэн байх ба шүүх түүнийг үнэлж, шүүхийн шийдвэрээ гаргасан байгааг зөвшөөрөхгүй байна. Шүүхийн дээрх үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 107 дугаар зүйлд заасныг зөрчиж байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн нийт шаардлага 27 295 102 төгрөг түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж нь 294 425 төгрөг, үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг, нийт 364 625 төгрөг төлөгдөх байтал шүүх 400 154 төгрөг буюу 35 529 төгрөгийг илүү тогтоосныг илүү төлөх үүрэггүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, мэтгэлцэх зарчмаар хангуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “К ББСБ” ХХК нь хариуцагч Ш.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27 295 102.92 төгрөг гаргуулах, барьцааны гэрээнд заагдсан барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх1, 20/

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр хариуцагч Ш.Б нь 10 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар зээлж, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан нэмж 15 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хугацаагаар дахин зээлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх.5-10/

            Нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч буюу хариуцагч Ш.Б нь мөнгийг хүлээн авч гэрээнд заасан хугацаанд эргүүлэн төлөх үүргийг хүлээсэн тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, шүүх энэ талаар зөв дүгнэжээ. 

            Хариуцагч Ш.Б нь гэрээний үүргийг зөрчсөн болон төлбөрийн хэмжээг үгүйсгэж маргаагүй /хх23-25/ бөгөөд зээлдүүлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 19, 3 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний 2.1.3, 2.1.4-т заасны дагуу үндсэн зээлийн төлбөр болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 27 295 102.92 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.

            Түүнчлэн нэхэмжлэгч “К ББСБ” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн барьцааны гэрээний 5.1-т зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах эрхтэй бөгөөд хариуцагч Ш.Б нь зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд шүүх барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 64 дүгээр байр, 20 тоот хаягт байрлалтай 44.99 м.кв 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Хариуцагч 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд оролцож, зохигчид эвлэрэх хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан нь тэмдэглэлд тусгагдсан /хх22-25/, дараагийн шүүх хуралдааныг 8 дугаар сарын 16-ны өдөр хийхээр товлон, тов мэдэгдсэн баримтад талууд гарын үсэг зурж баталгаажуулсан /хх28/ байх бөгөөд хариуцагч тухайн өдрийн шүүх хуралдаанд ирж чадахгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай талаар шүүхэд мэдэгдсэн, шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт гаргасан баримтгүй байна. Иймд хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулж, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж шүүхийг буруутгах үндэслэлгүй, хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчихгүй, энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/02691 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 364 625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                                  А.ОТГОНЦЭЦЭГ