| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Ням |
| Хэргийн индекс | 140/2017/0014/Э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2017-03-20 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Пүрэвдагва |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 14
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, шүүгч Н.Дэлгэрмаа, шүүгч З.Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Цэрмаа, иргэдийн төлөөлөгч С.Энхцог, улсын яллагч Д.Пүрэвдагва, шүүгдэгч Д.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ганзоригт холбогдох 201613000022 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1977 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Батсуурь 5 дугаар багт оршин суух хаягтай боловч одоогоор Улиастай сумын Жинст багийн Цагаан хаалганы хэсгийн 1-5 тоотод оршин суудаг, 2015 онд Монгол улсын шилдэг уяач Өргөмжлөлөөр шагнагдаж байсан, урьд Завхан аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 1997 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 117 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдаж байсан, Завхан аймгийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 18 тоот шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1231.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж Завхан аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 01 тоот шүүгчийн захирамжаар 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 cap 14 хоногийн ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогтой Доржсүрэнгийн Ганзориг, Регистрийн дугаар /ИТ77012810/
Шүүгдэгч Д.Ганзориг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн145.4 дэх хэсэгт заасан буюу бусдын олон тооны малыг давтан болон машин ашиглаж хулгайлан онц их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн Прокурорын газрын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Д.Ганзоригийг 2007 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 07-ны өдрүүдийн орчимд Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул сумын залгаа нутаг Бэрхийн ухаа гэдэг газраас Б.Батбаатар, Ц.Эрдэнэ-Очир, Х.Дашзэвэг, Ц.Нацагаа, Х.Бөхбат нарын 8 тэмээг хулгайлж 1.900.000 төгрөгийн, 2007 оны 09 дүгээр сарын 25, 26-ны орчим Завхан аймгийн Нөмрөг сумын Дархан-Уул багийн нутаг Талын толгой гэдэг газраас Б.Төртогтохын 48 тооны адууг хулгайлж 8.200.000 төгрөгийн, 2007 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 4-р багийн нутаг Согоотын улаан хад гэдэг газраас Ө.Чулууны 39 тооны адууг хулгайлж 5.930.000 төгрөгийн хохирол тус тус учруулж бусдад нийт 16.030.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан, 2009 оны 11 дүгээр сарын 19-нд Завхан аймгийн Завханмандал сумын Олон түрүү багийн нутаг Их хайрханы ар гэдэг газраас Д.Лхагвасүрэнгийн 30 тооны, Д.Мөнхбатын 2 тооны адууг хулгайлж 8.350.000 төгрөгийн хохирол, 2016 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн нутаг Тоором гэх газраас иргэн Ц.Гантулгын 2 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж 1.400.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх шатанд хохирогч Т.Төртогтохын 48 тооны адууг хулгайлсан гэх 201213000249 дугаартай хэрэг тусгаарлагдсан бөгөөд улсын яллагч шүүх хуралдааны шатанд шүүгдэгч Д.Ганзоригийг 2007 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 07-ны өдрүүдийн орчимд Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул сумын залгаа нутаг Бэрхийн ухаа гэдэг газраас Б.Батбаатар, Ц.Эрдэнэ-Очир, Х.Дашзэвэг, Ц.Нацагаа, Х.Бөхбат нарын 8 тэмээг хулгайлж 1.900.000 төгрөгийн хохирол, 2007 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 4-р багийн нутаг Согоотын улаан хад гэдэг газраас Ө.Чулууны 39 тооны адууг хулгайлж 5.930.000 төгрөгийн хохирол, 2009 оны 11 дүгээр сарын 19-нд Завхан аймгийн Завханмандал сумын Олон түрүү багийн нутаг Их хайрханы ар гэдэг газраас Д.Лхагвасүрэнгийн 30 тооны, Д.Мөнхбатын 2 тооны адууг хулгайлж 8.350.000 төгрөгийн хохирол, 2016 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн нутаг Тоором гэх газраас иргэн Ц.Гантулгын 2 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж 1.400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллаж байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ганзориг “Би 8 тооны тэмээ, Завханмандал сумын Мөнхбатын 2 тооны адуу, бусад 30 тооны адууг хулгайлсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зохион байгуулалттайгаар надад хэрэг тохож байна” гэж мэдүүлжээ.
Гэвч шүүгдэгч Д.Ганзоригийн 2007 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 07-ны өдрүүдийн орчимд Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул сумын залгаа нутаг Бэрхийн ухаа гэдэг газраас Б.Батбаатар, Ц.Эрдэнэ-Очир, Х.Дашзэвэг, Ц.Нацагаа, Х.Бөхбат нарын 8 тэмээг хулгайлсан нь
Хохирогч Х.Бөхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2007 оны 9 дүгээр сарын 5-нд би тэмээндээ явахад манай тэмээ Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул сумын залгаа Бэрхийн-Ухаа гэх газар байсан юм. Гэтэл хоёр хоногийн дараа тэмээндээ явтал алга болчихсон байсан тул араас нь Завханмандал, Сантмаргаз, Цэцэн-Уул сумдын нутгаар хайгаад олоогүй. Дараа нь Сонгино сумын Айраг нуурын хажуугаас манай тэмээтэй цуг алга болсон Нацагаа гэдэг айлын цагаан тэмээ хөл нь доголсон буцаад нутаг руугаа явж байна гэж дуулаад Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай, Завхан аймгийн Сонгино, Тэс, Баянхайрхан, Баянтэс, Асгат, Түдэвтэй, Нөмрөг, Тэлмэн сумдын нутгаар явж Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумд очиж тэмдэглүүлээд ирсэн....тэгээд байж байтал манай тэмээтэй цуг алга болсон 3 тэмээний эзэн Зэвэг гуай тэмээгээ Баянтэс суманд байна би үзээд ирлээ гэж хэл өгүүлсэн байсан...тэгээд явж чадалгүй хэд хоноод Баянтэс суманд иртэл Цэцэн- Уул сумын Улаан Ганаа гэдэг хүн Баянтэс сумын иргэн Батжаргал гэдэг хүнд өрөндөө өгсөн байна гэж сонссон...мөр хөөхөд хөтөлгөө морьтой хүн баруун хойш нь чигтээ бөөнд нь туусан мөр үлдсэн байсан...алга болсон 9-н тэмээний нэг нь удалгүй хөл нь бэртсэн байдалтай буцаж ирээд 8 тэмээ сураггүй байснаас 6 тэмээг нь Баянтэс сумаас олж авсан.” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ц.Нацагаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2007 оны 9 дүгээр сарын 5-ны үед Эрдэнэхайрхан сумын нутаг Бэрхийн Ухаа гэдэг газар байсан 3 тэмээгээ алдсан юм. Манай 3 тэмээтэй хамт Х.Бөхбат гэдэг хүний 1 тэмээ хамт алга болсон байсан...манай 3 тэмээ 1 ингэ, 2 ат байсан...тэгээд Лувсанжамц гэдэг манай хүргэн 2 cap гаруй хугацаанд эрж хайж Баянтэс сумаас олсон тэгээд Цэцэн-Уул суманд хүнд захиж үлдээгээд хавар Зэвгээ гэдэг хүн тууж ирсэн...би хоёр атаа олж авсан, ингэн тэмээгээ олж авч чадаагүй. 2 атны нэг нь хөлөө гэмтээсэн байдалтай буцаж ирсэн. ...ингэ нь Баянтэс суманд нядлуулсан байсан. Улаан Ганаа гэж хүн хулгайлж аваад Баянтэс сумын “умс” Бааяа гэдэг хүнд өгснийг нь олж авсан. Тэр Бааяа гэдэг нь 2 ингэ нядалсан гэсэн Усантунгаа, Улаан Ганаа гэж хоёр нөхөр хулгайлсан байсан...” гэсэн мэдүүлэг болон дээрх мэдүүлгүүдийг давхар нотолсон хохирогч -Б.Батбаатар, Ц.Эрдэнэ-Очир, Х.Дашзэвэг нарын мэдүүлэг,
Гэрч Л.Төвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2007 оны 06 сараас эхлэн Ганзоригийн мал дээр Завхан аймгийн Цэцэн-Уул сумын 4-р багийн нутаг “Шap шувуутын товгор” гэж газар малыг нь хардаг байсан. Энэ хугацаанд би гэрээрээ ирж очин голдуу Ганзоригийн гэрээр байсан...Би Баянтэс сумын Баяа гэж хүнд 8 тооны тэмээ хүргэж өгсөн. Ганзориг тэр тэмээг Баяа гэж хүнд өгөх ёстой юм чи хүргээд өгчих гэхээр нь хүргэж өгсөн. Тэр тэмээг хэн хаанаас авч ирснийг мэдэхгүй. Би 2-3 хоног гэрээрээ оччихоод Ганзоригийнд ирэхэд гэрийнх нь гадаа тэр тэмээнүүд байсан. 2 ингэ бусад нь атан тэмээ байсан...би тэр тэмээг Цэцэн-Уул сумын Шар шувуутын товгор гэж газраас тууж Сонгино сумаар дайрч Баянтэс сум орж сумын төвд Баяа гэж хүнд хүлээлгэн өгсөн...Ганзоригийнх тэр үед өөрийн гэсэн тэмээгүй байсан...” мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Мөн түүний 2009 оны 11 дүгээр сарын 19-нд Завхан аймгийн Завханмандал сумын Олон түрүү багийн нутаг Их хайрханы ар гэдэг газраас Д.Лхагвасүрэнгийн 30 тооны, Д.Мөнхбатын 2 тооны адууг хулгайлсан үйлдэл нь
Хохирогч Д.Лхагвасүрэнгийн “2009 оны 11 сарын дундуур өөрийн эзэмшлийн онгин тамгатай адууг Их хайрханы араас алдсан...Цэцэн-уул сумын улаан Ганаа гэдэг “...манай адууг харж байсан Бат-Амгалан буюу бубуу адууг чинь хулгайлж авсан байна, хохиролд нь үүнийг ав гэж 2 тооны хурдан үрээ өгсөн...одоо нэхэмжлэх зүйл байхгүй...Хохирол өгөхдөө Ганзориг нь бубууг битгий цагдаад барьж өгөөч гэж хэлж байсан. ...Би Мөнхбатын алдсан 2 морийг мэднэ. Хондон/цавьдар/ зүсмийн 9 тоо тамгатай морь, нөгөө нь шар хээр зүсмийн 9 тоо тамгатай морьд алдагдсан...” гэсэн мэдүүлэг,
Б.Цэрэннадмидын “...2009 оны 11 сарын дундуур Ганзориг ах 10 азарга адуу хурааж бор хярд оруулна үүнийг туугаад яв гэж /0/ онгин тамгатай халиун азаргатай адууг туугаад яваач би араас чинь очиж авна гэж хэлсэн. ...Ганаа ахын захьсан онгин тамгатай 30-аад тооны адууг туугаад Бор хярд оруулаад орхисон. ...Манайд ирэхдээ халиун азрагатай адууг хулгайн адуу шүү хүнд хэлж болохгүй гэж хэлчхээд явсан. Ганаа Бубуу хоёр хүн амьтны мал маллаж байсан. ...Батдэлгэр ахын өвөлжөөнд аваачаад нядалсан гэж сонссон...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ю.Отгонбаатарын “...2009 оны 11 сард нэг өдөр Хатанзориг бид хоёр Баасанхүүгийнд хонож байсан. Тэгтэл шөнө улаан Ганаа буюу Ганзориг ирсэн. Өглөө нь Ганаа, Хатанзориг бид гурав гарсан. Гарахад Ганаагийн унаж яваа хоёр морь байсан. Нэг нь хар нөгөөх нь хүрэн цавьдар буюу хондон морь байсан. Уг хондон морь 9 тоо тамгатай байсан. ...Тэгээд адуундаа явж байхад халиун азрагатай нэг алагтай манай тэр хавийн биш огт үзээгүй 30-аад адуу байсан. ...сүүлд нь сонсоход Цэрэннадмид тууж Бор хярд Ганаа ахад хүргэж өгсөн сурагтай байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ж.Баасанхүүгийн “...2009 оны 11 сард нэг шөнө Хатанзориг, Отгонбаатар хоёр манайд хонож байсан. Шөнө үүрээр Ганзориг ирээд намайг гадаа 2 морь байгаа чөдөрлөчих гэхээр нь гартал нилээн цан цохисон хар морь бас хүрэн хондон зүстэй 2 морь байсан. Өглөө болж Отгонбаатар, Хатанзориг хоёр явахаар гарахад Ганаа би энэ хоёртай явъя гээд гарсан...пургон машинтай эхнэртэйгээ хүнсээ төхөөрөөд явж байна гээд ирсэн...чи итгэл даахуу гэхээр нь болох байх гэхэд би Цагаанхайрхан, Шилүүстэй чиглэлээс халиун азаргатай адуу хөөж ирсэн, Нартын урд руу байгаа, тэр адууг Бор хяр руу туугаад хүргээд өг гэсэн. Тэгье гэж хэлээд гэртээ ороод эхнэртээ хэлсэн чинь чанга чанга дуугараад байж байхад Ганаа ах орж ирээд юу болоод байна гэхээр нь би эхнэр явуулахгүй гээд байна гэтэл Ганаа ах тэгвэл хэрэггүй, алсаас харж байгаарай гэсэн...Сүүлд нь Цэрэннадмид Бор хярд хүргэж өгөөд Төмбүүшийн өвөлжөөнд аваачсан гэж сонссон...Зүүн гуяндаа 9 тоо тамгатай бүдүүн морь байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Хатанзоригийн “...Тэр үед Отгонбаатар бид хоёр Баасанхүүгийнд хонож байсан юм. Тэгсэн шөнө Ганзориг ах Баасанхүүгийнд орж ирсэн. ...бид нар босоод гарахад Ганаа ах Отгонбаатар бид хоёртой хамт гарч ирсэн юм. Ганаа ах 2 морьтой ирсэн байсан. Тэр хоёр морь нь хар зүсмийн нөгөө нь хүрэн цавьдар/хондон/ зүсмийн морь байсан. Ганаа ах хүрэн хондон морио унаад хар морио үлдээгээд бид хоёртой хамт явсан. ...Ганаа ахын унаж явсан хондон морины тамгыг харахад 9 тоо тамга лав дарагдсан байсан. ...Ганаа ахтай тааралдсан өдөр адуундаа явж байхад Нарт гэдэг газар руу дурандахад халиун азрагатай 30 орчим тооны адуу орж ирж харагдсан. Дараа нь Баасанхүү Отгонбаатар нараас сонсоход Ганаа ахын тууж ирсэн адуу байсныг Цэрэннадмид Бор хяр руу Ганаа ахад хүргэж өгсөн гэж сонсогдсон...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Энэ үйлдлүүдтэй холбоотой хохирогч, гэрчүүдээс байцаалт авахдаа хууль сануулж мэдүүлэг авсан, мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Д.Ганзориг дээрх хүмүүсийг өөртэй нь өс хонзон болон тааламжгүй харилцаа байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байх тул тэднийг худал мэдүүлсэн гэж үзэх боломжгүй.
Шүүгдэгч Д.Ганзориг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Завханмандалын 30 тооны адууг авснаа хүлээн зөвшөөрнө. Тэмээг бүгдийг хүлээн зөвшөөрнө.” гэж мэдүүлж байсан бөгөөд энэ мэдүүлэг дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн 8 тэмээ, 30 адууг хулгайлснаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг түүнийг яллах үндэслэл болголоо.
Мөн Д.Ганзориг нь 2007 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 4-р багийн нутаг Согоотын улаан хад гэдэг газраас Ө.Чулууны 39 тооны адууг хулгайлсан нь
Хохирогч Ө.Чулууны “...2007 оны 9 сарын 27-ноос 28-ны шөнө би өөрийнхөө 39 тооны адууг Цэцэрлэг сумын 4 дүгээр багийн нутаг Согоотын Улаан хад гэдэг газраас хулгайл алдсан...би Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Доржсүрэнгийн Ганзориг гэдэг хүнээс 39 тооны адууныхаа хохирлыг авсан. Нийт 6 тооны хурдан адуунууд авсан...гомдол санал байхгүй...гэсэн мэдүүлгээр болон бусад нотлох баримтуудаар,
2016 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн нутаг Тоором гэх газраас иргэн Ц.Гантулгын 2 тооны үхрийг авто машин ашиглан хулгайлсан болох нь
Хохирогч Ц.Гантулгын “...Би 2016 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн Тоором гэх газраас буюу өөрийн намаржаан дээрээс зөв талын чих араасаа ухам имтэй 2 тооны соёолон насны эр үхрээ хулгайд алдсан...тэр үед манай намаржааны бууцан дээр дан дугуйтай хойд талдаа хаалгатай байж болохоор машины мөр үлдсэн байсан. тухайн автомашины мөрийг сөргүүлж хөөгөөд явсан чинь Цэцэн-Уул сумын Энхээ гэдэг айлын гадаа очсон. Тэр айлаас энэ ямар машин хэзээ ирсэн бэ гэхэд 2016 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө улаан Ганаа буюу Ганзориг бикаб маркийн автомашинтай ирээд явсан гэсэн...2 үхэр алдсаны дараа 1 дүгээр сарын 21-ний үед Ганзориг манайд шөнө ирээд найз нь танай үхрийг танилгүй аваад явсан байна. Чи найздаа тус болоод манай үхэрнүүд буцаад ирсэн гээд хэлээд өгчих гээд гуйгаад байсан. Миний 2 үхрийг нядалсан гэж хэлсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо барагдуулж авсан” гэсэн мэдүүлэг,
Гэрч Т.Мөнхжаргалын “...Ганзориг цагаан сарын шинийн 8 буюу 2 дугаар сарын 16-ны өглөө манайд орж ирж надтай уулзаад би 2 үхэр хулгайлсан юм одоо цагдаа дээр шалгагдаж байгаа. Та цагдаа дээр очоод тэр хоёр үхрийг би хулгайлсан юм, хулгай хийхдээ Лувсандорж гэдэг хүүхэдтэй явсан гээд хэлчих гэж гуйгаад байсан. Тэгэхээр нь би 4 хүүхэдтэй хүн хулгай хийсэн гээд хэлчихвэл асуудалд орно, би хариуцлага хүлээж чадахгүй гэсэн чинь Ганзориг гуйгаад та надад нэг удаа тус болчих, би бусад асуудлыг нь хариуцна очоод байцаалт өг гэсэн. Ганзориг өөрөөр шахаж дарамталсан зүйл байхгүй. Ганзориг надад тэр 2 үхрийг Эрдэнэхайрхан сумын Их хайрханы наад талаас айлын бууцан дээрээс хулгайлсан гэж хэлээрэй, цагаан хошуутай, хар халтар үхэр авсан гэж хэлээрэй, замдаа Сайрын дөрөлж даваад явж байхад 1 үхэр нь гээгдсэн, халтар үхрийг нь баазад Сосор гэдэг хүнд өгсөн гэж хэлээрэй гэсэн. Тухайн үед Ганзориг манайд ганцаараа ирээд машин дотор хоёулхнаа уулзсан өөр хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмаар хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч П.Ганзориг дээрх хоёр үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.
Яллах дүгнэлтэд хохирогч Ө.Чулуун, Д.Лхагвасүрэн, Д.Мөнхбат нарын адууны хохирлыг тооцохдоо Ө.Чулууны 39 тооны адууны хохирлын дүнг 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр томилогдсон шинжээчийн үнэлгээгээр 5.930.000 төгрөгөөр, хохирогч Д.Лхагвасүрэн, Д.Мөнхбат нарын 32 тооны адууны хохирлын дүнг 2011 оны 05 дугаар сарын 07-ны өдөр томилогдсон шинжээч(Завханмандал сумын үнийн комисс)-ийн үнэлгээгээр 8.350.000 төгрөгөөр тооцсон нь үндэсгүй болжээ.
Хэргийг шүүхийн шатанд хянан хэлэлцэх үед шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2015 оны 10 дугаар сарын 08-нд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасан журмын дагуу дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулжээ.
Дээрх шинжээчийн үнэлгээгээр хохирогч Ө.Чулууны 39 тооны адууны хохирлын дүн 5.810.000 төгрөгөөр, хохирогч Д.Лхагвасүрэн, Д.Мөнхбат нарын 32 тооны адууны хохирлын дүн 5.835.000/энэ дүнд даага 1-ийг 120.000 төгрөгөөр тооцсон/ төгрөгөөр тогтоогдсон байна.
Хохирогч Д.Лхагвасүрэнгийн 30 тооны адуунд даага байгаагүй, 1 унага байсан нь тогтоогддог бөгөөд шинжээч дүгнэлт гаргахдаа тухайн үеийн даага 120.000 төгрөгийн, унага 80.000 төгрөгийн үнэлгээтэй байсныг тогтоосон байх тул Д.Лхагвасүрэн, Д.Мөнхбат нарын 32 тооны адууны хохирлын дүнг 5.795.000 төгрөгөөр тооцох үндэстэй.
Шүүгдэгч Д.Ганзоригийн 2007 оны 09 дүгээр сараас 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд үйлдсэн хэргийн улмаас бусдад учирсан хохирлын нийт хэмжээ 13.505.000(1.900.000₮+5.810.000₮+5.795.000₮) төгрөг буюу тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоход их хэмжээний хохирол бөгөөд уг гэмт хэргүүдийг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрөөгүй байхад дахин 2016 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлджээ.
Шүүгдэгч Д.Ганзоригийн дээрх үйлдлүүдийн хохирлын хэмжээг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар тодорхойлох ёстой бөгөөд хамгийн сүүлийн үйлдлийн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоход нийт хохирлын хэмжээ 14.905.000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол болж байна.
Иймд улсын яллагч шүүх хуралдааны үед Д.Ганзоригийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллаж байгаа нь зөв бөгөөд ийнхүү зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэстэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, харилцан бие биенээ нотолсон, шүүгдэгчийн үйлдлүүдтэй хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд дээрх нөхцөл байдлууд тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Ганзоригийг бусдын олон тооны малыг давтан үйлдлээр болон бусдын 2 үхрийг авто машин ашиглан хулгайлж 14.905.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэргийнхээ улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ...тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана.” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Ганзоригийн бусдын 2 үхрийг хулгайлахдаа ашигласан Mazda Porceed маркийн 22-46 ЗАН улсын дугаартай авто машиныг хурааж улсын орлого болгох ёстой ч уг авто машин нь иргэн Д.Цолмонгийн эзэмшлийн машин болох нь тогтоогдож байх тул машин үнэ 14.000.000/ арван дөрвөн сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
Тогтоолын машины үнийг гаргуулж улсын орлого болгох тухай заалтыг бүрэн биелэгдтэл шүүгдэгч Д.Ганзоригийн өмчлөлийн 3500 м2 хэмжээтэй газрын битүүмжлэлийг хэвээр үргэлжлүүлж Д.Цолмонгийн эзэмшлийн Mazda Porceed маркийн 22-46 ЗАН улсын дугаартай авто машины битүүмжлэлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Д.Лхагвасүрэнгийн адууны хохирол бүрэн төлөгдсөн байх тул В.Батдэлгэр/уг адуунаас бор унага В.Батдэлгэрт өгөгдсөн/-ийн 1 тооны морины битүүмжлэлийг хүчингүй болгох нь зүйтэй.
Харин Д.Ганзоригийн хэргээс тусгаарлагдсан хохирогч Т.Төртогтохын 48 тооны адууг хулгайлсан гэх хэрэг цаашид шалгагдах үндэстэй учир энэ хэрэгтэй холбогдуулан битүүмжлэгдсэн иргэний нэхэмжлэгч Х.Болормаагийн эзэмшлийн авто машин, З.Амгалангийн 1 адууны битүүмжлэлийг хэвээр үлдээх, шүүх хуралдаанд хохирогч, гэрчүүдийг албадан ирүүлэхэд тухайн үеийн Тахарын албанаас гарсан 503.900 төгрөг/шүүхийн зардал/-ийг гаргуулах эсэх асуудлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэг, 283 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Завхан аймгийн Прокурорын газраас Д.Ганзоригийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Боржигон овогт Доржсүрэнгийн Ганзоригийг бусдын олон тооны малыг давтан үйлдлээр болон бусдын 2 үхрийг авто машин ашиглан хулгайлж 14.905.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганзоригийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Ганзоригт оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Д.Ганзоригийн тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 122/нэг зуун хорин хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч П.Ганзоригт өмнө авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганзоригоос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан авто машины үнэ болох 14.000.000/арван дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
8. 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч, гэрчүүдийг албадан ирүүлэхэд тухайн үеийн Тахарын албанаас гарсан 503.900 төгрөг/шүүхийн зардал/-ийг гаргуулах эсэх асуудлыг хэлэлцэхгүй орхисугай.
9. Шүүгдэгч Д.Ганзоригоос гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 81-54 ЗАА улсын дугаартай Газел 33021 маркийн авто машины 0402352 дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
11. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганзоригийн өмчлөлийн Завхан аймаг Улиастай сум Жинст баг Цагаан хаалганы хэсэг 1-5 тоот хаягтай, 17336291487139 нэгж талбарын дугаартай, 000165385 дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий гэр бүлийн хэрэгцээний 3500 м2 талбайтай газрын битүүмжлэлийг энэ тогтоолын 10 дугаар заалтын биелэлт хангагдтал хэвээр үргэлжлүүлж, Д.Цолмонгийн эзэмшлийн Mazda Porceed маркийн 22-46 ЗАН улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тогтоол, В.Батдэлгэрийн хүрэн халзан морийг битүүмжилсэн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, Х.Болормаагийн эзэмшлийн 81-54 ЗАА улсын дугаартай 33021 маркийн авто машиныг битүүмжилсэн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тогтоол, З.Амгалангийн эзэмшлийн зөв гуяндаа сартай чандмань, давхар нар саран тамгатай бүдүүн морь 1-ийг битүүмжилсэн 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг тус тус хэвээр үлдээсүгэй.
12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
13. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НЯМ
ШҮҮГЧИД Н.ДЭЛГЭРМАА
З.НАНДИНЦЭЦЭГ