| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2021/00427/и |
| Дугаар | 152/ШШ2021/00476 |
| Огноо | 2021-11-18 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 152/ШШ2021/00476
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт Б-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох,
Увс аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/38 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Увс аймгийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Б/08 тоот захирамжаар Х ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан. 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Х ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн шинэ бүрэлдэхүүн анхны хурлаа хийж дарга, нарийн бичгийн даргаа сонгосон даруйдаа ажлаа танилцуул гэснээр нягтлан бодогч С-ийн хамт 2020 он, 2021 оны 1, 2 дугаар сарын ажлаа танилцуулсан. Энэхүү хурлаас санхүүгийн үйл ажиллагааны тайланг Төлөөлөн удирдах зөвлөлд үнэн зөв тайлагнаагүй, нягтлан бодох бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэсэн дүгнэлт бүхий 03 тоот тогтоол гаргаж, хурлын тэмдэглэлээр 5 заалтаар хугацаагүй үүрэг өгсөн. Мөн 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захиралтай хамтран ажиллах гэрээний гүйцэтгэх захирлын үүргийн биелэлтийг үзүүлэлт тус бүрээр гаргаж ирүүлэхийг үүрэг болгосны дагуу 16 үзүүлэлтээр биелэлийг гаргаж өгөхөд өмнө нь гаргасан өөрсдийнхөө үндэслэлгүй дүгнэлтдээ уялдуулан үүргийн биелэлтийг 75 хувьтай байна гэж дүгнэсэн ч миний бие зохих хууль, журмын дагуу ажлаа гүйцэтгэсэн болно. Гэтэл Увс аймгийн Засаг дарга нь 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр уг хамтран ажиллах гэрээний 4.6, 4.13, 4.14 дэх заалт, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 01 тоот тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй гэж үзэн Х ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 1.1. Ажлаас чөлөөлөх захирамждаа үндэслэл болгосон Хамтран ажиллах гэрээний 4.6-д Гүйцэтгэх захирал нь улирал тутамд Удирдах зөвлөлд үйл ажиллагааны талаархи танилцуулга хийж байна, 4.13-д Удирдах зөвлөлд үйлдвэрлэлийн үйл ажиллагааны болон санхүүгийн улирал хагас бүтэн жилийн тайлан тэнцэлийн үр дүнгийн талаар үнэн зөв мэдээлэл өгч тайлан тавих, 4.14-д Гүйцэтгэх захирал Удирдах зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаварыг заасан хугацаанд нь хэрэгжүүлж, биелэлтийг бичгээр мэдэгдэнэ гэсэн заалтуудыг зөрчөөгүй, байгууллагын үйл ажиллагааны танилцуулагыг тогтмол хийж, санхүүгийн тайлан мэдээллийг үнэн зөв гаргаж өгч байсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн 3 дугаар сарын 05-ны өдрийн хуралд танилцуулга хийхэд санхүүгийн баримт, болон аудитын дүгнэлт шаардсан. Тухайн үед санхүүгийн баримтуудаа аудитын дүгнэлт гаргуулахаар Увс Финанс аудит ХХК-д өгсөн байгаагаа тайлбарласан. Аудитын дүгнэлт 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гарснаар санхүүгийн баримтаа дүгнэлтийн хамт хүлээж аваад аудитын дүгнэлтээр ямар нэгэн зөрчил гараагүй тухай Төлөөлөн удирдах зөвлөлд мөн танилцуулсан болно. 1.2. Х ОНӨААТҮГ-ын Удирдах зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 01 тоот тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаварыг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй гэжээ. Манай байгууллагад 01 тоот тэмдэглэл огт ирээгүй, ямар үүрэг даалгавар өгсөнийг мэдэхгүй байна. 2. Мөн ажлаас чөлөөлөх тухай дээрх захирамжийг гаргахдаа хэрэглэвэл зохих хууль хэрэглэхгүйгээр, Х ОНӨААТҮГ-ын дүрмийн 7 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 2 дахь заалт, Увс аймгийн Засаг дарга 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Их барилга-Увс ХК-ийн захиралтай байгуулсан хамтран ажиллах гэрээний 2.1.4 дэх заалтыг тус тус хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/38 тоот захирамжийг хүчингүй болгож намайг Х ОНААТҮГазрын гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Энэ талаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан боловч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тул танай шүүхэд хандаж байгаа болно... гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б-ийн нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Х ОНӨААТҮГ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар нэхэмжлэгч Б нь Х ОНӨААТҮГ-ын удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирал хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, гэрээнд зааснаар үйл ажиллагааны талаарх танилцуулга цаг хугацаандаа хийгээгүй, Х ОНӨААТҮГ-ын 2020 оны борлуулалт, санхүүгийн төлөвлөгөөний хэрэгжилт, санхүүгийн үйл ажиллагааны тайланг төлөөлөн удирдах зөвлөлд тайлагнаагүй, нягтлан бодох бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүргээ хэрэгжүүлэн ажиллаагүй гэсэн дүгнэлтийг Х ОНӨААТҮГ-ын удирдах зөвлөлөөс гаргасан байдаг. Мөн тухайн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас Х ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал байсан Б-т ажлаа эрчимжүүлэх тухай 5 заалт бүхий үүрэг даалгаврыг өгсөн боловч биелүүлээгүй, эргэн танилцуулаагүй байдаг. Б-т өгсөн үүрэг даалгавар нь Х ОНӨААТҮГ-ын удирдах зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг. Иймд Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Х ОНӨААТҮГ-ын ТУЗ-ын хурал хуралдаад нэхэмжлэгч Б-ийг Х ОНӨААТҮГ-ын удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирал нарын хооронд байгуулагдсан гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, танилцуулга цаг хугацаандаа хийгээгүй, санхүүгийн үйл ажиллагааны тайланг ТУЗ-д тайлагнаагүй, нягтлан бодох бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүргээ хэрэгжүүлэн ажиллаагүй гэсэн дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ийм их ажлыг 4 хоногийн дотор хийж дуусгах боломжгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл өмнөх ТУЗ-ын хурал дээр нь 2020 оны төлөвлөгөө болон орлого зарлагыг харьцуулж дүгнэхэд Х ОНӨААТҮГ-ын орлого зарлага нь зөрүүтэй байсан бөгөөд орлогоос 100.000.000 гаруй төгрөг дутаж байсан. Тэр талаар нягтлан бодогч болон гүйцэтгэх захирал Б нар Манай санхүүгийн программ чөтгөртэй юм. Өчигдөр шивсэн тоо, өнөөдөр өөр болоод байдаг юм гэх хариулт өгсөн. Тэгээд 4 хоногийн хугацаа өгч тайлангаа засч ирүүлэхийг үүрэг болгосон юм. Ингээд 4 хоногийн дараа дахин хуралдахад байдал хэвээр байсан. Х зах бол аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар. Хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн санхүүгийн тайлангаас харахад Э гэж түрээслэгчээс 421.000 төгрөг авах ёстой байхад тайлан дээр нь тэр хүнд 1.812.890 төгрөг өгөх ёстой мэт гарчихсан. Мөн дулааны Насан Илч ХХК-д 11.000.000 төгрөг өгөх ёстой байхад тайлан дээр нь ямар нэгэнт өглөггүй мэтээр гарчихсан. Ийм байдлаар 2020 онд Х ОНӨААТҮГ авлага, өглөгийн маш их асуудалтай байгаа бөгөөд цаашид энэ ОНӨААТҮГ үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон байна гэж үзээд Б-ийн Х ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөн юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б нь хариуцагч Увс аймгийн Засаг даргад холбогдуулан Увс аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/38 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь ...Б-ийг ажлаас халсан шийдвэр үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн маргаж байна.
Нэхэмжлэгч Б Увс аймгийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Б/08 тоот Б-ийг гүйцэтгэх захирлаар томилох тухай тушаалаар Х ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаад Увс аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/38 тоот Б-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1.11, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 33 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Х ОНӨААТҮГ-ын дүрэм-ийн 4 дүгээр зүйлийн 7 дахь заалт, 7 дугаар зүйлийн 1 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалт, Увс аймгийн Засаг дарга 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Их барилга-Увс ХК-ийн захиралтай байгуулсан хамтран ажиллах гэрээний 2.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Х ОНӨААТҮГ-ын Удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захиралтай хамтран ажиллах гэрээг 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан байх боловч нэхэмжлэгч Б хариуцагч Увс аймгийн Засаг даргын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна. Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл баримтлаагүй ажил олгогчийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан...бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан ба нэхэмжлэгч нь 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан ба тус шүүхээс 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 234 тоот Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар татгалзсан ба энэ захирамжийг 2020 /он бичихдээ техникийн алдаа гаргажээ/ оны 8 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Б-т гардуулж, тэрээр 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б-ийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул Увс аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/38 тоот захирамжийг хүчингүй болгож, түүнийг Х ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар илүү төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 70.200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Увс аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/38 тоот захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б-ийг Х ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар илүү төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 70.200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР