| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2021/00377/и |
| Дугаар | 152/ШШ2021/00509 |
| Огноо | 2021-12-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 152/ШШ2021/00509
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: М ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У ХК-д холбогдох,
Бүртгэлийн хураамж 6.015.626 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ТӨХК-ийн гүйцэтгэх захирал А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М ТӨХ нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.28-д заасан Үнэт цаасны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий төрийн өмчит хувьцаат компани юм. У ХК нь 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдөр М ТӨХК-тай бүртгэлийн гэрээ байгуулан бүртгүүлж, үнэт цаасны арилжаагаа гүйцэтгүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл тус биржид бүртгэлтэй хэвээр байгаа билээ. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49.3-т заасны дагуу М ТӨХК нь үйлчилгээний хөлс болон урамшуулалыг тогтоох эрхтэй байгууллага бөгөөд Үнэт цаасны бүртгэлийн журам батлан дагаж мөрдүүлж, үйлчилгээний хөлсөө тогтоосон. Тус журамд зааснаар жилийн үйлчилгээний хөлсийг тухайн оны 1 дүгээр улиралд багтаан биржийн дансанд төлөхөөр заасан байдаг. Гэвч У ХК нь Бүртгэлийн гэрээний 1.1-д заасны дагуу холбогдох хууль журмыг хэлбэрэлтгүй мөрдөх, мөн гэрээний 1.3-д заасны дагуу хураамжаа цаг тухайд нь төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн тул шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрээд байна. У ХК-ийн төлбөл зохих төлбөр 2012 онд 615.626 төгрөг, 2013-2014 онд 2.400.000 төгрөг, 2015-2020 онд 3.000.000 төгрөг буюу өнөөдрийн байдлаар нийт 6.015.626 төгрөг төлөхөөр тооцоо байна. Иймд У ХК-иас нийт 6.015.626 төгрөг гаргуулж, М ТӨХК-д олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.28-д заасан Үнэт цаасны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий төрийн өмчит хувьцаат компани юм. У ХК нь 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдөр М ТӨХК-тай бүртгэлийн гэрээ байгуулан бүртгүүлж, үнэт цаасны арилжаагаа гүйцэтгүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл тус биржид бүртгэлтэй хэвээр байгаа билээ. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49.3-т заасны дагуу М ТӨХК нь үйлчилгээний хөлс болон урамшуулалыг тогтоох эрхтэй байгууллага бөгөөд Үнэт цаасны бүртгэлийн журам батлан дагаж мөрдүүлж, үйлчилгээний хөлсөө тогтоосон. Тус журамд зааснаар жилийн үйлчилгээний хөлсийг тухайн оны 1 дүгээр улиралд багтаан биржийн дансанд төлөхөөр заасан байдаг. Гэвч У ХК нь Бүртгэлийн гэрээний 1.1-д заасны дагуу холбогдох хууль журмыг хэлбэрэлтгүй мөрдөх, мөн гэрээний 1.3-д заасны дагуу хураамжаа цаг тухайд нь төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн тул шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн байна. У ХК-ийн төлбөл зохих төлбөр 2012 онд 615.626 төгрөг, 2013-2014 онд 2.400.000 төгрөг, 2015-2020 онд 3.000.000 төгрөг буюу өнөөдрийн байдлаар нийт 6.015.626 төгрөг төлөхөөр тооцоо байна. Иймд У ХК-иас нийт 6.015.626 төгрөг гаргуулж, М ТӨХК-д олгож өгнө үү. 2015-2020 онуудад урамшууллын хэмжээг 500.000 төгрөгөөр тогтоосон. Иймд нийт 3.000.000 төгрөг байгаа юм. Хариуцагчийн тайлбараас 1.500.000 төгрөг төлсөн гэдэг тайлбарыг зөвшөөрч байна. 500.000 төгрөгийг 2021 оны тооцоонд, 1.000.000 төгрөгийг 2012 оны тооцоонд суутгасан юм гэжээ.
Хариуцагч У ХК-ийн захирал Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Увс аймгийн У ХК-ийн нэрийн өмнөөс гүйцэтгэх захирал Г миний бие дараахь тайлбарыг гаргаж байна. М ТӨХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. М ТӨХК-иас 2021 оны 2 дугаар сард манай компаний нэр дээр арилжааны төлбөр нэхэмжилсэн албан тоот ирснийг танилцаад төлбөрийг хэсэгчлэн төлж байгаа, сүүлийн 3 жил 2019, 2020, 2021 оны төлбөрүүдийг төлсөн тухай хариу явуулсан. Энэ албан бичигтээ Та бүхэн Хөрөнгийн биржийн зүгээс сум орон нутгийн удирдлагад хувьцаат компаний тухай тодорхой ойлголт өгч ажилд нь дэмжиж тусалж хяналт тавьж байх талаар бичиг явуулж туслаарай, тэгэхгүй бол 400-500 гишүүнтэй хувьцаат компани, 1-2 гишүүнтэй хязгаарлагдмал хариуцлагатай компаниудыг хооронд нь ялгаж салгаж ойлгохгүй байна, У ХК-д ирүүлж байгаа аливаа бичиг тоотыг сумын Засаг даргаар дамжуулж ирүүлж байвал сайн байна гэж хүсэлт явуулсан боловч хариу ирүүлээгүй. Бид У ХК-ийн 2020 оны төлбөр 500.000 төгрөгийг Хөрөнгийн биржийн Голомт банкны х тоот дансанд 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Хаан банкны х тоот Г.Л гэх данснаас, 2019, 2021 оны хураамж 1.000.000 төгрөгийг Голомт банк дахь Хөрөнгийн биржийн дансанд Төрийн банкны х тоот данснаас 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 2019, 2021 он гэж бичээд шилжүүлсэн. Ингэж боломж нөхцөлөө тайлбарлаж хураамжаа хэсэгчлэн төлөөд байхад дэлхий нийтийг хамарсан Ковид цар тахлын үед заавал шүүх, хууль хяналтын байгууллагад хандсаныг эрүүл ухаанаар ойлгохгүй байна. Монгол улсад маань аж ахуйн нэгжүүд аюулт гамшгийн үед эдийн засаг санхүүгээр сөхөрч байна. М ТӨХК-д гомдолтой байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ТӨХК нь хариуцагч У ХК-д холбогдуулан 2012 онд 615.626 төгрөг, 2013-2014 онд 2.400.000 төгрөг, 2015-2020 онд 3.000.000 төгрөг буюу өнөөдрийн байдлаар нийт 6.015.626 төгрөгийн бүртгэлийн хураамж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь ...Бид У ХК-ийн 2020 оны төлбөр 500.000 төгрөгийг Хөрөнгийн биржийн Голомт банкны х тоот дансанд 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Хаан банкны х тоот Г.Л гэх данснаас, 2019, 2021 оны хураамж 1.000.000 төгрөгийг Голомт банк дахь Хөрөнгийн биржийн дансанд Төрийн банкны х тоот данснаас 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 2019, 2021 он гэж бичээд шилжүүлсэн. Ингэж боломж нөхцөлөө тайлбарлаж хураамжаа хэсэгчлэн төлөөд байхад дэлхий нийтийг хамарсан Ковид цар тахлын үед заавал шүүх, хууль хяналтын байгууллагад хандсаныг эрүүл ухаанаар ойлгохгүй байна. Монгол улсад маань аж ахуйн нэгжүүд аюулт гамшгийн үед эдийн засаг санхүүгээр сөхөрч байна. М ТӨХК-д гомдолтой байна хэмээн маргажээ.
1993 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Мийн ерөнхий захирал болон У ХК-ийн ерөнхий захирал С.Л нар Бүртгэлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээний 3-рт Бүртгэлийн хураамжийг цаг тухайд нь төлнө гэж заажээ.
Хариуцагчийн зүгээс 2019, 2020, 2021 оны бүртгэлийн хураамж 1.500.000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан ба Төрийн банкны 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын гүйлгээний утга хэсэгт 2019, 2021 оны арилжааны хураамж гэсэн утгаар М-ийн х тоот дансанд тушаасан байх тул 2019, 2021 оны хураамжийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй. Харин 2020 оны хураамжийг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байна.
Иймд 2018, 2020 оны хураамж нийт 1.000.000 төгрөгийг хариуцагч У ХК-иас гаргуулж нэхэмжлэгч М ТӨХК-нд гаргаж олгох үндэслэлтэй.
Харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан ба нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойш 3 жилийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ба 2012-2017 онуудын төлөөгүй хураамж шаардах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн эсэх, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон тухай баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, Иргэний хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч У ХК-иас бүртгэлийн хураамж 1.000.000 гаргуулан М ТӨХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.015.626 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111.210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У ХК-иас 28.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ТӨХК-нд олгох нь зүйтэй.
Хариуцагч Г-д шүүх хуралдааны товыг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, Иргэний хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч У ХК-иас бүртгэлийн хураамж 1.000.000 гаргуулан М ТӨХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.015.626 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111.210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У ХК-иас 28.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ТӨХК-нд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР