Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/109

 

 

 

 

      2024        08           30                                           2023/ШЦТ/109

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2204002000113 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                              Б.Наранжаргал

Улсын яллагч                                                                        Б.Батцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           *******

Шүүгдэгч                                                                               ******* нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 30 тоот орон сууцанд оршин суух,

Урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн  99  дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ДШМ/7 дугаартай магадлалаар уг ялыг 540 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар солиж шийтгүүлж байсан Тайж овгийн ******* ******* /РД:ЧО85040117/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь “Өндөр толгой дриллинг” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг Шүүхийн шийдвэрээр цуцалсан, хориг тавьсан бодит байдлыг нуун хохирогч Ш.Ууганбаяраас түүний зуслангийн хашаанд 16.000.000 төгрөгт “гүний худаг гаргаж өгье” эмээн хуурч, Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан, улмаар ******* Хаан банк цахь 5022657931 дугаар данснаас 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр урьдчилгаа 8.000.000 төгрөг, “эвдэрсэн машинд сэлбэг авах шаардлагатай” хэмээн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөгийг эзэмшлийн Хаан банк дахь 5400810334 тоот данс, ******* эзэмшлийн “Хаан” банкны 5304444640 тоот дансаар тус тус дамжуулан авч залилан, түүнд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж, нийт 10.000.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэг өгсөн “...Манай найз ******* үеэл ******* танилцуулаад 2022 оны 3 дугаар сард огооны талбайн худаг гаргуулах гээд утсаар ярилцаж эхэлсэн. Тухайн үед талбайн усны судлыг харж үзэж хайгуул хийсэн юм. Тэгээд бид нар 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр худаг өрөмдүүлэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр 16.000.000 төгрөгөөр тохиролцоод урьдчилгаа 8.000.000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр авсан. Тэрний дараа өрмийн компрессор эвдрээд 05 дугаар сарын 13, 14-нд 1.000.000 төгрөг, 1.000.000 төгрөг авсан. Нийт урьдчилгаа 10.000.000 төгрөгийг урьдчилгаанд авсан. Түүнээс хойш өрөм, компрессор 2 эвдрээд болж өгөхгүй байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, энэ хугацаанд төлбөр мөнгө олох гэж нэлээд удсан...” гэсэн мэдүүлэг / I дүгээр хх-ийн 28-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ногооны талбайтай. Түүндээ зориулж худаг гаргуулах гээд үеэл дүү *******ээр дамжуулан “Өндөр толгой дриллинг” ХХК-ийн захирал гэх ******* гэх хүнтэй танилцаж тэр хүн Багануур дүүрэгт ирж худаг гаргуулах талаар надтай уулзаж манай талбайг эхлээд 25,000,000 төгрөгөөр худаг гаргаж өгнө гэж хэлж байсан. Тэгэхээр нь арай үнэтэй байна, би өрөмдүүлж чадахгүй гэж хэлсэн юм. 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ******* гэх хүн өөрөө над руу 99234032 дугаарын утсаар ярьж, 16.000.000 төгрөгөөр өрөмдөж өгье гэж хэлсэн. Тухайн үед надад яг бэлэн 16.000.000 төгрөг байхгүй гэж хэлсэн чинь ******* урьдчилгаа 8.000.000 төгрөг өгчих, үлдэгдэл төлбөрийг 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлж дуусгаарай гэж хэлээд 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан. Би 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 09:00 цагийн үед 5400810334 тоот Эрдэнэчулуун Жаргалсайхан гэх хүний данс руу 8.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 7 хоногийн дараа ирж худаг өрөмдөж өгнө гэж хэлсэн. Ирнэ гэсэн хугацаандаа ирэхгүй байхаар нь би утас руу нь залгахаар удахгүй очно гэж хэлсэн. Тийм хариулт байнга өгдөг байсан. ******* 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр над руу залгаж “өрмийн машин эвдрэлтэй байгаа засаад удахгүй очно” гэж хэлсэн. Мөн эвдэрсэн машины сэлбэг авах гэсэн юм 2.000.000 төгрөг шилжүүлчих, засаад 2 хоногийн дараа очно гэж хэлсэн. Тухайн үед тэр 6 дугаар сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөг, 6 дугаар сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөгийг 530444640 тоот гэх хүний данс руу 2 удаа явуулсан. Тэгээд хэлсэн өдрөө ирэхгүй болохоор нь 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 99234032 дугаарын утас руу залгахаар нэг бол утсаа авахгүй, эсвэл удахгүй очлоо, 7 хоногийн дараа очлоо гэдэг, тэгээд мөнгөө авъя гэхээр “удахгүй очлоо” гэх зэргийг хэлсээр байгаад өдий хүрсэн одоо утас нь холбогдохгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /I дүгээр хавтаст хэргийн 21, 23-р тал/

Гэрч Ө.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... сайн танихгүй, 2019 онд санамсаргүй танилцаж байсан. Танилцаад би Гантулгын барилгын өрмийн ажил хийдгийг нь мэдсэн. 2022 оны 5 сард манай үеэл Ш.Ууганбаяр барилгын ажилд өрмийн ажил хийх хэрэгтэй хүн байна, таньдаг хүн байна уу гэхээр нь би Гантулгыг санаад тэр хоёрыг хооронд нь холбож өгсөн...” гэсэн мэдүүлэг /I дүгээр хх-ийн 26-р тал/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хүү маань өөрийнх нь данс хаагдсан учраас миний картыг болон дансыг ашигладаг байсан. Би яг ямар мөнгө орж ирснийг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /I дүгээр хх-ийн 30-р тал/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр ******* өөрийнх нь данснууд хаагдсан учир миний “Хаан” банкны 5400810334 дугаартай данс, картыг ажилдаа ашигладаг байсан юм. 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 8.000.000 төгрөг орж ирсэн. Мэдээлэл нь интернэт банкны цахим шуудан /мессеж/-аар ирсэн. Манай нөхөр өрмийнхөө ажилд ашигладаг болохоор сайн мэдэхгүй. Ажил төрөлд нь оролцоод байдаггүй юм...” гэсэн мэдүүлэг /I дүгээр хх-ийн 32-р тал/,

“Хаан” банкны 5770/312/2 дугаартай албан бичиг, Э.Жаргалсайхан, М.Цэндбалжин нарын эзэмшлийн дансны хуулганууд /I дүгээр хх-ийн 41-79-р тал/,

Гэрч Б.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* миний төрсөн дүү байгаа юм, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, зан ааш төлөв даруу, харилцааны хувьд нийтэч, ажилсаг, хүнтэй эвтэй, хамт олон, гэр бүлдээ нэр хүндтэй. Тамхи татдаг, хааяа архи уудаг, хувиараа өрмийн мастераар ажиллаж байгаа...” гэсэн мэдүүлэг /II дугаар хх-ийн 138-139-р тал/,

              Шүүгдэгч Б.Гантулгын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн  99  дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ДШМ/7 дугаартай магадлалаар уг ялыг 540 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар солисон...” гэх тэмдэглэл /II хх-ийн 31-р тал/

              Гэрч М.Цэндбалжин, Э.Жаргалсайхан нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /I хх-ийн 42-59, 106-141-р тал/

Б.Гантулгын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт /I дүгээр хх-н 23-р тал/, Цагдаагийн газрын мэдээлэл /I дүгээр хх-н 48-53-р тал/, төрөл садангийн лавлагаа /I дүгээр хх-ийн 174-176, 178-р тал/ иргэний үнэмлэхийн лавлагаа /I дүгээр хх-ийн 177-р тал/,

Хохирогч ******* “...хохиролын мөнгө болох 10.000.000 төгрөгийг бүрэн авсан, надад гомдол, санал, өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн..” тайлбар /II дугаар хх-ийн 198-199-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

              Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар

  Улсын яллагчаас шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч эсхүл баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцууулах, бусдад төлөх төлбөргүйг дурьдуулах саналыг гаргаж байна…” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Өрөмдлөгийн ажил их хэцүү ажил. Энэ хүн маань их аймхай хүнтэй гэрээ хийгээд нүддэг. Тэгтэл гарахгүй байдаг. Уг ажил нь их хүнд, ажлын хувьд улсдаа гуравт ордог лидер Тулгаа гэдэг нэртэй болтлоо явсан хүн байна. Хохирол төлбөрөө төлсөн. Хүний итгэл эвдээд гэрээгээр халхавчилсан гэж байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчээс ”...Цогтоогоос хямдруулаач гэсэн мессеж 2 сараас хойш саналаа тавиад байсан юм. Тэгээд намайг хүрээд ирээч гээд очоод талбай энтэрийг нь харсан. Тэгээд намайг очсоны дараа 8.000.000 төгрөг өгсөн. Нэг найз маань өрөмдөж өгөх юм болоод сүүлдээ өрөмдөөгүй тэгээд шүүх цагдаа болцгоосон, Гэм буруугаа ойлгож байгаа, ямар нэгэн маргаан байхгүй. Эхнээсээ алдсан алдаагаа цэгцлээд явж байгаа...” гэсэн дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

          Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч ******* нь “Өндөр толгой дриллинг” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг Шүүхийн шийдвэрээр цуцалсан, хориг тавьсан бодит байдлыг нуун хохирогч Ш.Ууганбаяраас түүний зуслангийн хашаанд 16.000.000 төгрөгт “гүний худаг гаргаж өгье” хэмээн хуурч, Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан, улмаар ******* Хаан банк дахь 5022657931 дугаар данснаас 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр урьдчилгаа 8.000.000 төгрөг, “эвдэрсэн машинд сэлбэг авах шаардлагатай” хэмээн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөгийг эзэмшлийн Хаан банк дахь 5400810334 тоот данс, ******* эзэмшлийн “Хаан” банкны 5304444640 тоот дансаар нийт 10.000.000 төгрөгийг дамжуулан авч залилан, түүнд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ....эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

              Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн гуравт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

              Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

              Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох,бусдыг төөрөгдөлд оруулж цахим хэрэгсэл ашиглан шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “...нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”... гэж хуульчилсан.

              Шүүгдэгчийн гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

              Шүүгдэгч ******* нь гэмт үйлдэлдээ санаатай, шунахайн сэдэлтэй, хүсэж үйлдсэн болох нь “...******* Хаан банк дахь 5022657931 дугаар данснаас 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр урьдчилгаа 8.000.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөгийг эзэмшлийн Хаан банк дахь 5400810334 тоот данс, ******* эзэмшлийн “Хаан” банкны 5304444640 тоот дансаар дамжуулан залилж авсан...” үйлдлээр нь тогтоогдож байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “хохирогчийн анхаарал болгоомжгүй байдал, шүүгдэгчийн хүний итгэлийг ашиглаж мөнгө олох гэсэн санаа сэдэл, түүний хувийн байдал” зэрэг нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчид учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

              Иймд шүүгдэгч ******* нь 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 14-ний хооронд үргэлжилсэн үйлдлээр хуурч эсхүл баримт бичиг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэг үйлдэж хохирогч нийт 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэнэ.

              Өөрөөр хэлбэл ******* нь анхнаасаа хохирогчид “Өндөр толгой дриллинг” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг Шүүхийн шийдвэрээр цуцалсан, хориг тавьсан бодит байдлыг нууж, өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгээ өөрөө мэдсээр байж, итгэл үнэмшил төрүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж байгаа шууд санаатай үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй. 

  1. Хохирол хор уршигийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

              Иймд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч нийт 10.000.000 төгрөгийн хохирол учирсан нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч нийт 12.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогч ******* шүүхэд ирүүлсэн “...*******ас хохиролын мөнгө 10.000.000 төгрөг мөн өмгөөлөгчийн зардал  2.000.000 төгрөг бүрэн авсан, гомдол саналгүй...” гэсэн бичгийн баримтаар тогтоогдож байна /2-хх-н 188-р хуудас/

Иймд шүүгдэгч бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “...шүүгдэгч *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулах...” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Сүүлийн үед өрөмдлөгийн ажлаа бие дааж хийхээ болиод найзынхаа компанид ажиллаж байна. Хувийн байдлын хувьд эхнэр, 4 хүүхдээ тэжээдэг, ээжийгээ асардаг. Дахиж ийм алдаа гаргахгүй гэж чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамгийн бага хэмжээгээр торгох ял оногдуулж өгөөч...” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчээс “... надад хэлэх зүйлгүй...” гэсэн дүгнэлт тус тус гаргасан байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд түүний хувийн байдлыг тогтоосон баримтаар ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 30 тоот орон сууцанд амьдардаг зэрэг хувийн байдал баримтуудаар тогтоогджээ.

              Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******д мэдэгдэх нь зүйтэй.

              Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Тайж овгийн ******* Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч эсхүл баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Тайж овгийн ******* Гантулгыг гурван мянга таван зуун /3.500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая таван зуун мянган /3.500.000/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******д мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь хохирогчид 12.000.000 төгрөг төлсөн болохыг, хохирогч Ш.Ууганбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, ******* иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гаргах журамтайг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.БЯМБАЖАВ