Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/557

 

          2024           05            30                                                 2024/ШЦТ/557             

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,

Улсын яллагч Б.Одонтуяа,

Хохирогч: Ш.С,

Иргэний нэхэмжлэгч: Б.Б,

Шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б-д холбогдох эрүүгийн 2409005580201 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдөр *** төрсөн, **үндэстэн, 32 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, ХАБ-ын ажилтан мэргэжилтэй, *** ХХК-д ХАБ-ын ажилтан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, *** дүүргийн **-р хороо, ****** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, А овогт Г-н Б, регистрийн дугаар: ****

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 23 цаг 19 минутын үед Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны ** станцын хойд уулварын замд Honda Airwave маркийн *** УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас Toyota Prius маркийн ***УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ш.С-н эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

 

Шүүгдэгч Г.Б нь “...2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 23 цаг 19 минутын үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны Сэлбэ станцын хойд уулварын замд Honda Airwave маркийн *** УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас Toyota Prius маркийн ***УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ш.С-н эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол эдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас/хх-н 03-04-р хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт кузлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр Торохурдан байдал, хэмжилтийн будгийн үзүүлэлтүүд /хх-н 05- 10хуудас/,

Хохирогч Ш.С-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "Тухайн осол болсон өдөр буюу 2024 оны 02 сарын 03-ны өдөр би нөхөр Баярсайханы хамтаар шинэ нисэх буудал орж хүүхдүүдээ гаргаж өгчихөөд буцаад гэрлүүгээ 23 цаг өнгөрч байхад Сэлбэ дэд станцын замаар урдаас хойд зүгрүү чигээрээ явж байсан юм би тухайн үед жолоочийн хажуу урд суудал дээр сууж явсан тэгхэд жолооч талаас нэг бараан енгийн машин гэнэт гарч ирээд манай машины урд хэсгийг хамаж мөргөөд цааш яваад явган хүний зам дээр гараад зогссон байсан тэгээд тухайн үед миний баруун хөл хөдлөж болохгүй эвгүй өвдөөд байсан тэгээд манай нөхөр түргэн болон цагдаа дуудсан юм. Цагдаа дуудаад бүрэлдэхүүний цагдаа нар ирээд хэмжилт үзлэг хийгээд явсан. Тэгээд ГССҮТ-д очиж үзүүлсэн тэгхэд намайг тухайн үед зөөлөн эдийн гэмтэлтэй байна гээд явуулсан тэгээд өвдөөд байсан тэгхээр нь дараа өдөр нь дүүргийн эмнэлэг дээр очиж зураг авхуулахад өөрчлөлттэй байна гэж хэлж байсан тэгээд би Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлж зураг авхуулахад өсгий хэсэгтээ хугарсан байна гэж хэлж байсан. Би тухайн үед жолоочийн хажуу талын урд суудал дээр зорчиж явсан. Би суудлын бүс зүүсэн байсан. Тухайн үед Баярсайхан 2 хурд сааруулагч гараад явж байсан хурд ихтэй яваагүй удаан явж байсан. Яг хэдэн км цагийн хурдтай явсаныг бол мэдэхгүй байна. Сэлбэ дэд станцын замын хойд талын замын уулзвар дээр урдаас хойд зүгрүү явж байсан нөгөө машин болохоор баруун гар талаас шороон замаас төв замруу орж ирж байсан. Надад гомдол санал байхгүй. Би 289.900 төгрөгөөр эм болон эмнэлэгийн үйлчилгээ авсан байгаа. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй..... " гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Тухайн осол болсон өдөр буюу 2024 оны 02 сарын 03-ны өдөр би эхнэр С-н хамтаар нисэх онгоцны буудал орж хүүхдүүдээ гаргаж өгчихөөд буцаад гэрлүүгээ явах замд буюу Сэлбэ дэд станцын замаар урдаас хойд зүгрүү чиглэн 22 цаг өнгөрөөд 23 цаг болох гэж байх үед 6 буудлаас тухайн миний явж байсан замруу нийлэх уулзвар дээр ирэх үед миний баруун гар талаас гэр хорооллын гудамнаас тэр замруу нийлэх хэсгээр нэг машин гэнэт урдуур ороод ирсэн тэгээд би дуут дохио өгөөд тоормозоо гишгэх үед миний машин зогссон харин тэр машин зогсолгүйгээр чигээрээ яваад миний машины урд хэсгийг хамаж мөргөөд чигээрээ яваад явган хүний зам дээр гараад зогссон. Тэгээд би машинаасаа буугаад нөгөө машины жолооч дээр очиход тэр жолооч залуу толгойгоо бариад машин дотроо сууж байсан. Тэгээд би эргээд машиндаа суугаад гар утсаа гаргаад цагдаа дуудчихаад эргээд эхнэр дээрээ очиход миний баруун хөл өвдөөд байна гээд ёолж байсан тэгээд цагдаа иртэл машиндаа сууж байсан юм. Тэгээд цагдаа ирээд төвийн бүрэлдэхүүн дуудсан. Бүрэлдэхүүн хэмжилт хийгээд Дууссаны дараа ГССҮТ-д очиж үзүүлэхэд манай эхнэрийг баруун хөлөндөө зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэж хэлж байсан тэгээд буцаад төв цагдаа дээр очоод Шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол аваад гэртээ харьсан тэгээд 2024 оны 02 сарын 04-ний өдөр 09 цагийн үед шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн тэгээд 2024 оны 02 сарын 06-ны өдөр дүүргийн эмнэлэгт эхнэрийг үзүүлэхэд баруун хөлний өсгий яс хугарал байна гээд 07-ны өдөр Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлж зургаа авхуулаад шүүх эмнэлэгт аваачиж өгсөн юм... Би машинаа 2023 оны 01 дүгээр сарын эхээр манай хүргэн надад худалдан авч өгч байсан. Би үнийг нь сайн мэдэхгүй байна. Миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй. Би тухайн үед 2 хурд сааруулагч өнгөрөөд явж байсан ойролцоогоор 35 орчим км цагийн хурдтай явж байсан. Би машиндаа Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтэст шалгагдаж байхад нь хувиараа үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээ хийлгэхэд 4.995.000 төгрөгний үнэлгээ болсон байсан. Машиныхаа хохиролыг барагдуулаад авчихвал надад гомдол санал алга..." гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч С.С-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...2024 оны 02 сарын 03-ны өдөр 23 цаг 19 минутын орчимд СБД-ийн 14-р хороо Сэлбэ станцын хойд уулзварын замд Honda маркийн *** УНП, Toyota Prius маркийн ***УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд мөргөлдсөний улмаас зорчигч Ш.С гэмтсэн гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ш.С нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 493.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Ш.С гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь **** дугаартай дансанд төлүүлж өгнө үү. гэх мэдүүлэг /хх-ийн 52хуудас/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №2302 дугаартай, эмч О.Б-нгаргасан “1.Г.Б-н биед гэмтэл тогтоогдсонгүй" гэх дүгнэлт /хх-ийн 17-18-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №2284 дугаартай, эмч О.Б-н гаргасан “1. Ш.С-н биед баруун өсгий ясны хугарал, баруун тавхай, шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 22-23-р хуудас/,

Мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний №424 дугаартай магадлагаа /хх-ийн 54-р хуудас/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэснийг

Хохирогч Ш.С нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр осол гарсан. Тухайн ослоос болж хөлдөө гэмтэл авсан. Нэхэмжлэх зүйлгүй...” гэснийг,

Иргэний нэхэмжлэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Машиныхаа хохирлыг л нэхэмжлэнэ, өөр нэхэмжлэх зүйлгүй. Хохирол 4.995.000 төгрөгний хохирол учирсан...” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд шүүгдэгч Г.Б-г “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

  Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч Ш.С нь шүүгдэгчээс сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүйн дээр эмчилгээний зардалтай холбоотойгоор 289.900 төгрөг,  иргэний нэхэмжлэгч Б.Б нь өөрийн эд хөрөнгөнд учирсан хохиролд 4.995.000 төгрөгийг нэхэмжилжээ.

Харин шүүгдэгч Г.Б нь 493.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулжээ.

Иймд шүүгдэгч Г.Б-с 289.900 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.С-д, 4.995.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Б-долгож шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Б-г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 107-р тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110-111-р тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 108-р тал/, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 109-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Г.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 8 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Г-н Б-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-тшүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

5. Зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дүгээр зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Г.Б-с 289.900 төгрөг гаргуулж хохирогч Ш.Сд, 4.995.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

  8. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

  9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  10. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ТҮВШИНТӨГС