| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 140/2017/0015/Э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2017-03-21 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 15
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Цэрмаа, Улсын яллагч Э.Гантулга, Шүүгдэгч Л.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Л.Нямсүрэнд холбогдох 201713000014 дугаартай эрүүгийн хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 05-нд өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан сумд төрсөн, 39 настай, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Цэцэрлэг багт оршин суух хаягтай, одоо Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Ногоон хашаа 1-6 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Самданням овогт Лхагважавын Нямсүрэн. Регистрийн дугаар: /ИР78020518/
Шүүгдэгч Л.Нямсүрэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч П.Цэрэндагва нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны шөнө Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн нутаг “Цагаан булаг” гэх газар байсан адуунаасаа 1 тооны морь алдсан нь түүний энэ талаар мэдүүлсэн ”... 2016 оны 10 дугаар сарын эхээр... “Цагаан булаг” гэх газар байсан адуунаас ширээтэй чандмань тамгатай сартай хүрэн морь алдсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогджээ.
Хулгайд алдагдсан ширээтэй чандмань тамгатай сартай хүрэн морийг Л.Нямсүрэн хулгайлсан болох нь сартай хүрэн зүсний морийг Л.Нямсүрэнтэй хамт төхөөрсөн гэж мэдүүлсэн гэрч Б.Мягмаржавын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...2016 оны 10 дугаар сарын эхээр Л.Нямсүрэн дэнжид Даваадорж гэх айлын хашаанд нэг адуу байгаа хүнээс өрөндөө авсан юм хамжаад нядлаад өгөөч гэж намайг гуйсан. Тэгээд Гүрбазар, Нямсүрэн, бид 3 хамт нядалсан. Сартай хүрэн зүсмийн адуу байсан...” гэсэн мэдүүлгээр, түүний мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч С.Гүрбазарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Л.Нямсүрэн дэнжид Даваадорж гэх айлын хашаанд нэг адуу байгаа хүнээс өрөндөө авсан юм хамжаад нядлаад өгөөч гэж намайг гуйсан. Тэгээд Б.Мягмаржав, Нямсүрэн бид 3 хамт нядалсан. Даваадорж гэх айлд хүн байгаагүй, сартай хүрэн зүсмийн адуу байсан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Л.Нямсүрэнгийн хэрэг бүртгэлтийн болон шүүх хуралдааны хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...П.Цэрэндагвын 1 тооны адууг хулгайлсан нь үнэн. Миний буруу, төлбөрийг нь төлж барагдуулсан...” гэж өөрийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон хуульд заасан журам үндэслэлээр авагдсан, энэ хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
Шүүгдэгч Л.Нямсүрэнгийн өөрийн гэм бурууг хүлээсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг яллах үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч Л.Нямсүрэнгийн хулгайн үйлдлийн улмаас хохирогч П.Цэрэндагвад 1000000 /нэг сая/ төгрөгний хохирол учирсан болох нь үнэлгээ тогтоосон баримт болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Л.Нямсүрэнг бусдын эд хөрөнгө буюу 1 тооны морийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэстэй.
Шүүгдэгч Л.Нямсүрэн нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн хуулийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл болголоо. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Л.Нямсүрэн хохирогч П.Цэрэндагвын адууны үнэнд 1000000 /нэг/сая төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Л.Нямсүрэн нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн хар зүсмийн бүдүүн морь унаж явсан болох нь тогтоогдож байх тул уг морийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Самданням овогт Лхагважавын Нямсүрэнг бусдын эд хөрөнгө буюу 1 тооны морийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Лхагважавын Нямсүрэнг 110 /нэг зуун арван/ цагийн хугацаатай албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Л.Нямсүрэнг албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ялыг баривчлах ялаар сольж болохыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нямсүрэнгийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан хар зүсмийн бүдүүн морийг хурааж улсын орлого болгосугай.
5. Шүүгдэгч Л.Нямсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй,хохирогчид хохирол нөхөн төлөгдсөн, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч Л.Нямсүрэнгийн иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Л.Нямсүрэнгийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
9. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА