Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | |
Хэргийн индекс | 128/2018/0142/З |
Дугаар | 128/ШШ2018/0454 |
Огноо | 2018-07-23 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2018/0454
2018 оны 7 сарын 23 өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2018/0454
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Д.О
Хариуцагч: М У З Г
Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Л.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Д.О би Төрийн албаны зөвлөлөөс Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шалгаруулалтад орж тэнцсэн. Төрийн албаны зөвлөлөөс санал болгосны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдон ажилласан.
Миний бие Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа төрийн албан хаагчийн ёс зүйг мөрдөж яамны аппаратын ажлыг мэргэшлийн үндсэн дээр зохион байгуулж, удирдан явуулж ирсэн. Ажиллах хугацаандаа сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй болно. Гэтэл 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар өөр ажилд томилох болсонтой холбогдуулан үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан.
Засгийн газрын тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө.” гэж заасныг үндэслэл болгон гарчээ.
Дээрх хуулийн зүйл заалтад хамрагдах нөхцөл байдал тогтоол гаргах үед болон өнөөдрийг хүртэл намайг ямар нэг ажил албан тушаалд томилох, эрүүл мэндийн яам татан буугдах асуудал огт яригдаагүй бөгөөд зөвхөн тогтоол гарах үеэр нийгмийн сүлжээгээр нэгдүгээр эмнэлгийн даргаар томилогдлоо гэсэн мэдээлэл цацагдаж байсан.
М У З Г нь намайг ажлаас чөлөөлөгдөх болсон бодит нөхцөл байдлыг тогтоолгүй, өөр ажил албан тушаалд томилох нөхцөл байдал үүсээгүй байхад Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд 9.1. “Төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө”, 9.2. “Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах, захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулахыг хориглоно...” гэсэн.
Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэсэн. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасныг зөрчиж ажлаас чөлөөлөх тогтоол гаргасан.” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.О нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдон ажиллах хугацаанд ямар нэгэн сахилгын шийтгэл болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй.
Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Монгол улсын Засгийн газраас Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр өөр ажил, албан тушаалд томилогдох болсонтой холбогдуулан албан тушаалаас чөлөөлөгдсөн. Дээрх нөхцөл байдлаас харахад нэхэмжлэгч нь өөр ажил албан тушаалд томилогдох болон томилогдсон талаар тушаал шийдвэр байхгүй. Мөн энэ шийдвэр нь гэнэт гарсан байдаг. Үүнээс өмнө хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг өөр ажил албан тушаал дээр томилогдох тухай ярилцаж тохиролцсон болон нэхэмжлэгч өөрийн санаачилгаар энэ албан тушаалд очоогүй. Энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй. Иймээс Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлэх буюу сонсох ажиллагааг хийгээгүй гэж үзэж байгаа.
Мөн нэхэмжлэгчийг өөр албан тушаалд томилох үндэслэл байхгүй байхад ажлаас чөлөөлсөн учир хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа.
М У З Г захиргааны акт гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийг баримталсан. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “...Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заасан байдаг.
Гэтэл Засгийн газраас гаргасан захиргааны актын хууль зүйн үндэслэл дээр ярих нь зөв юм. Түүнээс бус хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгчийн зүгээс тайлбар хийж байгаа “...үйл ажиллагаа мэргэжлийн түвшинг нь үнэлсэн” гэх мэтээр тайлбар хийж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл биш. Хэрэв үйл ажиллагаагаа хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байсан бол тухайн үед нь Засгийн газар хэлэлцэх бүрэн эрх нь байсан. Өөрөөр хэлбэл салбарын сайд нь Төрийн нарийн бичгийн даргынхаа ажилд дүгнэлт өгөх боломжтой байсан.
Хэрэв өөр албан тушаалд томилж байгаа тохиолдолд Монгол улсад Дээд шүүх хууль тайлбарлах эрхтэй байгууллага бөгөөд энэ хүрээний дагуу Дээд шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан зохицуулалтыг үзвэл, ямар нэгэн үйл ажиллагаа мэргэжлийн түвшинг үнэлж өөр ажил албан тушаалд томилно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл тус ажил албан тушаал дээр бодитоор томилогдсон байхыг шаардаж байгаа.
Мөн “...Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн даргын албан тушаалд ажиллах болсон” гэх тайлбарын тухайд нэхэмжлэгчтэй өөртэй нь ярилцах ёстой. Гэтэл өөртэй нь ярилцсан, сонсох ажиллагаа хийсэн баримт байхгүй. Сонсох ажиллагаагаа 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн нь сонсох ажиллагааг хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч, сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд тусгаж хуульчилснаар шийдвэр гаргахаас өмнө эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй этгээдэд ямар учир шалтгаанаар шийдвэр гаргах болсон талаар танилцуулах ёстой. Гэтэл сонсох ажиллагааг шууд шийдвэр гарсны дараагаар албан тушаал бууруулж томилсон нь үндэслэлгүй.
Мөн аудитын дүгнэлтүүдийг үндэслэж тайлбар хийж байгаа. Гэтэл уг дүгнэлт нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гарсан. Засгийн газраас тухайн актыг гаргахын өмнө дүгнэлтүүд гарсан байж, үүндээ үндэслэх ёстой боловч 2017 оны 10 дугаар сард илтгэх хуудас бичигдсэн ба 2018 оны 02 дугаар сард аудитын дүгнэлт гарсан гэж тайлбар хийж байгаа нь үндэслэлгүй байна. Ямар нэгэн сахилгын шийтгэл эсхүл үйл ажиллагааны мэргэжлийн түвшинд нь үнэлэлт дүгнэлтийг тухайн үед хийгээгүй байж сүүлд гарсан дүгнэлт, гомдлуудыг нэгтгэж нэхэмжлэгчийг буруутгаж тайлбар хийж байгаа нь буруу юм. Өөрөөр хэлбэл зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 тоот Засгийн газрын актын тухай, түүний хууль зүйн үндэслэлийг ярих нь зөв. Түүнээс бус 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гарсан аудитын дүгнэлтийг ярих нь зохимжгүй. Ямар учраас нэхэмжлэгчийг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн түр орлон гүйцэтгэгчээр томилсон бэ гэдэг талаар хэлэлцэх ёстой.
Мөн 1 дүгээр эмнэлгийн даргаар томилохдоо түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулахаар тушаал гаргасан. Гэтэл түр орлон гүйцэтгэгч гэдэг нь ямар нэгэн этгээдийг орлож түүний ажлыг түр гүйцэтгэж байгаа явдал юм. Иймээс Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг баримталсан Засгийн газрын тогтоол өөрөө хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь тухайн Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор “...урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагааг хийгээгүй” гэж Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөл нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 115 тоот албан бичгээр “...ажлаас үндэслэлгүй халагдсан” гэх асуудлаа шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж хариу ирүүлсэн. Иймээс Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3-н Төрийн нарийн бичгийн даргыг ажилд томилсон байдаг. Энэ нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яамнууд байдаг. Эдгээр хүмүүс нь төрийн албаны шалгалт өгч тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч нар бөгөөд нэхэмжлэгчийг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэх тайлбар, нотлох баримтуудыг хариуцагчаас шүүхэд ирүүлээгүй.
Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн хариунд нэхэмжлэгчийг ямар нэгэн алдаа дутагдалгүй төрийн албанд тэнцэх хүн байна гэж тодорхойлсон. 2016 онд гарсан ямар ч дүгнэлтээр түүнийг ажлаа хангалтгүй биелүүлсэн гэж ажлаас чөлөөлсөн зүйл байхгүй.” гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор Д.Оыг Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар чөлөөлсөн.
Д.Оыг Эрүүл мэндийн яамны харьяа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлж сайдын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар түүнийг Эрүүл мэндийн яамны харьяа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргын албан тушаалд томилсон. Д.О нь тухайн эмнэлгийн даргаар одоо ажиллаж байна.
Иймд Д.Оын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Д.Оыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг үндэслэн чөлөөлсөн.
Нэхэмжлэгчийг тухайн үед чөлөөлөөд Эрүүл мэндийн яамны харьяа Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлын түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд нэр дэвшүүлсэн бөгөөд тэрээр хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргаж, яамны зүгээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу дүгнэлт гаргуулахаар Авилгатай тэмцэх газарт 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1а/137 тоот албан бичиг хүргүүлж, Авилгатай тэмцэх газрын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/762 дугаартай албан бичгээр хариу ирүүлсний үндсэн дээр түүнийг Эрүүл мэндийн яамны харьяа Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн даргын албан тушаалд томилсон. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй учир бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төрийн нарийн бичгийн дарга Д.Отай холбоотой асуудлаар яаманд хэлэлцэж Засгийг газрын хэрэг эрхлэх газраас бүхэл бүтэн ажлын хэсэг гаргаж шалгасны үндсэн дээр 2017 онд илтгэх хуудас гарсан. Үүнд дурдагдсан зүйлсийг нэг бүрчлэн нотлох баримтаар өгсөн байгаа. Тухайлбал төсөл, хөтөлбөрүүд яагаад хэрэгжихгүй байгаа, үнэлгээний хороо байгуулагдсан эсэх, хэрэв байгуулагдсан бол ямар ямар ажил хийсэн, ямар хүмүүс түр албан тушаалд томилогдсон болон түүн дээр ямар худалдан авах ажиллагааг хийсэн гэх мэт олон үйл ажиллагааг нь шалгахаар ажлын хэсэг зохион байгуулагдаж аудитын дүгнэлт гарсан.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Л.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтоох ёстой байсан. Гэтэл намайг ажлаас үндэслэлгүй халсан гэж тайлбар хийж байна. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Засгийн газрын 15 тоот тогтоол гарч 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1а/137 тоот Эрүүл мэндийн сайдын тушаалаар Авилгатай тэмцэх газарт албан бичиг явуулж, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хариугаа аваад 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлын ажилд томилсон. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас Д.Оыг ажиллаж байсан үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байсан. Энэ тухайгаа 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн телевизийн мэдээгээр цацсан. Нийгмийн сүлжээгээр мэдээлж байгаа нь сонсох ажиллагааг хийсэн гэх баримт болно.
Мөн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол улсын Улсын Их Хурлын тогтоолоор батлагдсан 45-н тоот 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөр төлөвлөгөөний дагуу Эрүүл мэндийн яаманд үүссэн нөхцөл байдлыг газарт нь шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг илтгэх хуудас хэрэгт авагдсан байгаа. 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 6/510 тоотоор, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгосон Эрүүл мэндийн яамны санхүүгийн тайлан болон төсвийн гүйцэтгэл хийсэн Үндэсний Аудитын газрын дүгнэлт болон бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Энэ баримтуудтай хэргийн оролцогчид танилцсан. Гэтэл нэхэмжлэгчийн нөхцөл байдлыг тогтоохгүйгээр өөр ажилд шилжүүлж буруу шийдвэрлэсэн гэж тайлбар хийх нь үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчмуудыг хангаагүй. Засгийн газрын зорилтыг хангалтгүй биелүүлсэн Төрийн алба мэргэшсэн тогтвортой байх гэдэг зарчим хангагдаагүй, алдаатай шийдвэрүүдийг гаргасан бөгөөд үүнээс нь үүдэж төрийн албан хаагчид хохирсон. Мөн хүний нөөцийн чадавх буурсан, Эрүүл мэндийн яамны удаашрал, хүнд суртлаас шалтгаалж тус дүүргийн үйл ажиллагаа саатсан, төсөв төлбөр нь зогссон. Зээл тусламжийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан ноцтой байдал бий болсон гэж хэрэгт авагдсан баримтуудад тодорхой дурдагдсан байгаа.
Яамны төрийн нарийн бичгийн дарга нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг, гадаад улсад сайдын шийдвэргүйгээр явж ажилладаг болон удирдлагын уялдаа холбоо, итгэлцэлгүй байдлаас үүдэн төсөл хэрэгжүүлэх гэрээг байгуулсан гэх мэт олон зөрчилтэй.
34 сарын хугацаатай Үндэсний оношилгоо эмчилгээний төвийг байгуулах төсөл хэрэгжих байсан боловч уг төсөл өнөөдрийг хүртэл нийт 72 сар үргэлжилж байхад одоог хүртэл барилгын ажлаа дуусгаагүй. Энэ нь Төрийн нарийн бичгийн даргын үйл ажиллагаатай холбоотой гэж аудитаас дүгнэгдсэн.
Мөн 2016 оны 11 дүгээр сараас хойш нэхэмжлэгчийн ажилласан хугацаанд 14 ажилтныг Төрийн жинхэнэ ажилтны сул орон тоонд түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Мөн сонгон шалгаруулалт зохион байгуулагдаагүй гэдгийг илтгэх хуудсанд тодорхой дүгнэсэн байгаа.
Мөн Эрүүл мэндийн салбарын нэр хүнд унасантай холбоотойгоор түүнийг өөр ажилд шилжүүлэх тухай яригдаж 1 дүгээр эмнэлгийн даргаар ажиллуулахаар шийдвэрлэгдсэн. Мөн өөрөө ч уг шийдвэрийг хүлээж авсан байдаг.
Аудитын байгууллагын дүгнэлтүүд хэрэгт авагдсан байгаа бөгөөд дүгнэлтэд анхаарал татсан асуудлууд гэж тодотгон бичигдсэн зүйлс байгаа.
Мөн 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 3.1.12, 3.1.14 дэх заалтууд хэрэгжээгүй. Уг заалтууд нь төрөөс эрүүл мэндийн талаарх баримталж байгаа бодлогыг боловсруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, эрүүл мэндийн салбарын хүний хөгжлийг хангаж, нийгмийн хамгааллыг сайжруулах ажлууд байгаа боловч эдгээр ажиллагаанууд доголдсон. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын нэр хүнд болон салбарын нэр хүнд унасан гэж үзэж байгаа. Үүнээс гадна Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Төрийн албаны зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын томилгоотой холбоотой асуудлыг ярилцаж, саналыг нь аваад мэдээлэл танилцуулга хийх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан. Үүний дараагаар 2014 оны 12 дугаар сард Д.Х, 2015 онд н.Э гэх хүмүүсийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн томилсон байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “...нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа албан тушаал дээр нэгэнт Д.Х эгүүлэн томилохоор тогтоогдсон шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр биелэгдэх чадвартай байх агуулгыг Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд заасан. Иймээс нэхэмжлэгчийг өөр албанд томилсон бөгөөд тэрээр үүнийг хүлээн зөвшөөрч ажилласан гэж үзэж байна.
Мөн алдаа зөрчил гаргаж хүний амь настай холбоотой асуудал гарсан учраас шилжин томилогдсон ажлаасаа хүртэл чөлөөлөгдөх арга хэмжээ авагдсан. Иймээс Төрийн албаны зөвлөлөөс явуулж байгаа албан бичиг нь шүүхийн шийдвэрт нөлөөлж байгаа хэлбэр биш бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа албан тушаал, томилгоотой холбоотой асуудал байна гэдгийг хэрэгт холбогдуулж өгсөн. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн захиргааны акт нь хуульд нийцэж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн эрх зөрчигдөхгүй байна. Учир нь нэхэмжлэгчид тодорхой ажил санал болгосон. Мөн нэхэмжлэгч Д.Отай холбоотойгоор 2017 оны 10 дугаар сард илтгэх хуудас гарч, 11 сард сайд солигдсон. Гэтэл нэхэмжлэгч үр дүнгийн гэрээг шинэ сайдтай байгуулаагүй. Үр дүнгийн гэрээг байгуулж, өөрийн үйл ажиллагаагаа дүгнүүлнэ гэдэг бол үүрэг нь боловч уг үүргээ биелүүлээгүй гэх мэт шалтгаануудыг үндэслэн түүнийг тушаал бууруулж төрийн үйлчилгээний албан тушаалд томилсон.” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар болон бусад бичгийн нотлох баримтыг үнэлэн, нэхэмжлэлийн шаардлага болон маргаан бүхий актын үндэслэлийн хүрээнд “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.О нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор уг албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.
Д.Оыг Эрүүл мэндийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар ажлаас халсан бөгөөд нэхэмжлэгч уг тушаалтай маргаагүй.
Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8-д яамны Төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлөх бүрэн эрхийг Засгийн газарт олгосон хэдий ч ямар үндэслэлээр хэрхэн чөлөөлөх талаар Төрийн албаны тухай хууль, Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байна.
Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон “өөр ажилд томилогдох болсон” гэсэн шалтгаанаар Д.Оыг Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг жинхэнэ албанаас чөлөөлнө”, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах, захиргааны санаачлагаар албан тушаалаас нь бууруулахыг хориглоно” гэж заасан.
Гэтэл нэхэмжлэгч Д.Оын хувьд дээр дурдсан хуулийн заалтад хамаарах нөхцөл байдал үүсээгүй, өөрөөр хэлбэл хариуцагчаас өөр ажил албан тушаалд томилох талаар түүнтэй тохиролцоогүй, нэхэмжлэгчийн зүгээс ч өөр албан тушаалд томилогдох талаар хүсэлт гаргаагүй байхад Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг баримтлан албан тушаалаас чөлөөлсөн нь хууль бус болжээ.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “…Д.О нь ажиллаж байх хугацаандаа Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчмуудыг хангаагүй, Засгийн газрын зорилтыг хангалтгүй биелүүлсэн..., төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, гадаад улсад сайдын шийдвэргүйгээр явж ажилладаг, удирдлагын уялдаа холбоо, итгэлцэлгүй байдлаас үүдэн төсөл хэрэгжүүлэх гэрээг байгуулсан гэх мэт олон зөрчилтэй ... зэрэг нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон, уг албан тушаалын дагуу үүргээ биелүүлж чадахгүй байгаа талаар Засгийн газрын хуралдаанаар ярилцсан...” гэж тайлбарлан маргах боловч хариуцагчаас Д.Оын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар үнэлж дүгнэх журмын дагуу үнэлж дүгнээгүй, маргаан бүхий захиргааны актад эдгээр зөрчлийн талаар дурдаагүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар буюу “өөр ажилд томилогдох болсон” гэсэн үндэслэлээр албан тушаалаас чөлөөлсөн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийг дээр дурдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 25, 26 дугаар зүйлд зааснаар зохицуулагдах бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбартай нь холбогдуулан Д.Оад дээр дурдсан зохицуулалтын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан, албан тушаал бууруулсан эсэхийг тодруулахад ямар нэгэн сахилгын шийтгэл ногдуулаагүй, албан тушаал бууруулаагүй гэсэн тайлбарыг өгсөн болно.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж тус тус заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “…Д.Оыг ажлаас чөлөөлсөн талаар цахим мэдээллийн сайтад мэдээлсэн тул мэдэгдсэн гэж үзнэ” гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтаас үзэхэд уг мэдээлэл Монгол улсын Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд тавигдаагүйгээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх” гэж заасныг зөрчиж төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэрийн талаар өөрт нь мэдэгдэж тайлбар аваагүйг дурдах нь зүйтэй.
Хариуцагч маргаан бүхий актаар нэхэмжлэгч Д.Оыг Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар “төрийн жинхэнэ албан хаагч нь энэ хуулийн 25, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх, түүнчлэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “… төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох чөлөөлөх асуудлаар хууль тогтоомж зөрчих…” гэж заасныг зөрчжээ.
Эдгээр байдлуудад дүгнэлт хийж нэхэмжлэгч Д.Оын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Д.Оыг урьд эрхэлж байсан Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, уг албан тушаалаас чөлөөлөгдсөн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан 6 сар 13 хоногийн цалин 8.077.709 төгрөгөөс Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн даргаар ажилласан хугацааг хасч, ажилгүй байсан 2 сар 26 хоногийн хугацаанд ногдох 3.925.078 төгрөг, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргаар ажиллаж байсан цалингийн зөрүү 552.747 төгрөг, нийт 4.477.825 төгрөгийн цалинтай тэнцэх олговрыг зохих шимтгэлийг тооцуулан Монгол Улсын Засгийн газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгох, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 40 дүгээр зүйлийн 40.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Д.Оыг урьд эрхэлж байсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 4.477.825 төгрөгийн олговрыг зохих шимтгэлийг тооцуулан хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Оад олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН