| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 183/2024/03081/И |
| Дугаар | 001/ХТ2025/00048 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2025/00048
ТАЗийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/04051 дүгээр шийдвэр,
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/00008 дугаар магадлалтай,
ТАЗийн нэхэмжлэлтэй
Б.Бд холбогдох
Төрд учирсан хохиролд 13,486,885 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ТАЗ нь хариуцагч Б.Бд холбогдуулан төрд учирсан хохиролд 13,486,885 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/04051 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бээс 7,054,290.1 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, үлдэх 6,432,594.9 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Б.Бээс 127,819 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.
3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/00008 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/04051 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э миний өмгөөлөгч Б.Б Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны 210/МА2025/00008 дугаар магадлалыг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гардан авсантай танилцаад, Анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн Магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; 172.2.3.хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэхээр хяналтын гомдлыг гаргаж байна.
1. Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2024/00251 дугаар тогтоолын хянавал хэсэгт “...Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.” гэж заасан. Тус заалтын утга агуулгаас үзвэл төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн байхыг шүүх тогтоосон байх гэм хорын бүрэлдэхүүн бий болсон байхаар хуульчилсан байх боловч уг гэм хорын улмаас төрд учирсан хохиролд хууль зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй гаргасан этгээд гэм буруутай байх гэм хорын эрх зүйн үндсэн зарчим үйлчилнэ.
Энэхүү гэм буруугийн хэлбэрийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” байхаар зохицуулсан. ...”
Хуулийн дээрх заалтаас үзвэл нэхэмжлэгч нь төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй боловч төрд хохирол учирсанд хариуцагч гэм буруутай тохиолдолд нэхэмжлэл хангагдах учиртай байна. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргасан албан тушаалтны хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон байхыг шаардана. Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зохицуулсан. Энэ нь хариуцагчийн хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан шалтгаант холбоотой байж хариуцагч хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээх агуулгатай байна...” гэсэн байна. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шийдвэрлэхдээ маш тодорхой агуулгад үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Төрийн албаны тухай хуулийн дагуу шүүхээс хууль бус гэж тогтоогдсон, төрийн албан хаагчийг ажлаас халсан шийдвэрийг гаргасан этгээдээс төрд учирсан хохирлыг нэхэмжлэх үндэслэлтэй талаар, тухайн хууль бус шийдвэрийг гаргаагүй хариуцагч нь өөр төрийн албан хаагч буюу Говь-Алтай аймгийн Засаг даргын гаргасан илт хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирлыг хариуцах хуулийн үндэслэлгүй талаар тодорхой тайлбарласан боловч шүүх үндэслэл бүхий, хууль ёсны дүгнэлт хийсэнгүй. Б.Б нь хэн нэгнийг төрийн албанд хууль бусаар томилсон, төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан ямарваа шийдвэрийг огт гаргаагүй байхад өөр төрийн албан хаагч буюу Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан иргэний гэм хорыг арилгах нь хууль дээдлэх болон шударга ёсны зарчимд огт нийцэхгүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанууд дээр Б.Б нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэм буруутай гэж удаа дараа тайлбарладаг.
Хариуцагчийн шүүхийн шийдвэр биелүүлээгүй эс үйлдэхүйгээр захиргааны акт гаргах журмаар гэм хор учруулсан гэж үзэж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага”, Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ.103.2-д “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна.”, 103.3-д “Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна.” гэж заасан. Хуулийн энэ зохицуулалтаас харахад Стандарт, хэмжил зүйн газрын дотоод аудитын нэгж шүүхийн шийдвэр биелүүлээгүй эс үйлдэлтэй холбоотой нэхэмжлэх эрхтэй болохоос бус ТАЗд нэхэмжлэх эрх олгогдоогүй байна.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг харьяалан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12, 13 дугаар зүйлд заасан иргэний хэрэг үүсгэх үндэслэл, харьяаллыг зөрчсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Шүүхүүд маргааны шинжийг буюу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тэдгээрийн агуулга, харилцан уялдааг бүрэн тодорхойлж, ялгаж зааглаагүйгээс тухайн шүүхэд хамааралгүй асуудлаар дүгнэлт хийх зэрэг бодит хэрэгцээ шаардлагын улмаас Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбар гаргасан.
Энэхүү Улсын Дээд шүүхийн тайлбарын 5.1.3 дахь хэсэгт “Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага, албан тушаалтан бол, түүнчлэн захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсан этгээд бол нэхэмжлэгч захиргааны байгууллага нь өөрт учирсан хохирлоо гаргуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Тодруулбал, хариуцагчаар татагдсан этгээд өөр ажил, албан тушаалд шилжсэн, ажлаасаа чөлөөлөгдсөн эсэхээс үл хамаарч захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар явуулсан үйл ажиллагаа, гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцагч-захиргааны байгууллага болно” гэж маш тодорхой тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл Нэхэмжлэгч нь Хариуцагчийг Засгийн газрын агентлаг болох Стандарт, хэмжил зүйн газрын дарга албан тушаалтай нь холбогдуулан хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргасан тул дээрх Монгол Улсын Дээд шүүхийн 25 дугаар тогтоолоор гаргасан тайлбарын дагуу Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг харьяалан шийдвэрлэх үндэслэлтэй. Иймд харьяаллыг зөрчиж нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. 40.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж заасныг ноцтой зөрчсөн. Тодруулбал талуудаас гаргаж өгсөн ямар баримтад Б.Б нь хэн нэгнийг төрийн албанд хууль бусаар томилсон, төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан ямарваа шийдвэрийг гаргасан тухай баримт байхгүй. Захиргааны хэргийн болон Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хариуцагчаар Говь-Алтай аймгийн Засаг дарга, Стандарт, хэмжил зүйн газар гэж гэсэн нийтийн эрх зүйн албан тушаалтан, байгууллага тухайлан нэр нь заагдсан байдаг.
Нийтийн албан тушаалд буцаан томилогдохыг хүсч буй этгээд холбогдох хуулийн дагуу ХАСХОМ-ын урьдчилсан мэдүүлэг зэргийг гарган өгсөн эсэх буюу шүүхийн шийдвэр бодитой биелэгдэх боломжоор хангасан эсэх Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудаст чухам ямар байгууллага, албан тушаалтанд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг даалгасан талаарх баримт хэрэгт байхгүй байтал шууд Б.Бийг гэм буруутай гэж дүгнэж буйд эргэлзээ үүсч байна.
Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзсэний үндсэн дээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/04051 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны 210/МА2025/00008 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 001/ШХТ2025/00185 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдов.
7. Нэхэмжлэгч ТАЗ нь хариуцагч Б.Бд холбогдуулан хохирол 13,486,885 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасны дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019.03.12-ны өдрийн №Б/11 дүгээр захирамжаар тус аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Г.Аыг албан тушаалаас нь чөлөөлсөн. ... Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр Г.Аыг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн. ... энэ шийдвэрийн дагуу ажилд нь томилохгүй эс үйлдэхүй гаргасан. ... иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу 2021.12.23-ны өдөр 13,486,885 төгрөгийг Г.Аод олгосон. Тухайн үеийн Стандарт, хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс төрд учирсан хохирол болох 13,486,885 төгрөгийг Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т заасны дагуу гаргуулах үндэслэлтэй.” гэж тодорхойлсон.
8. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... Захиргааны хэргийн шүүхээс Говь-Алтай аймгийн Засаг даргыг хуулиар эрх олгоогүй асуудлаар захирамж гаргаж, Г.Аод сахилгын шийтгэл хүлээлгэж, ажлаас чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т хамаарах илт хууль бус акт гаргасан гэх үндэслэлээр Г.Аыг тус аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаагаар Стандарт, хэмжил зүйн газрын дарга буюу хариуцагч миний гаргасан ямар нэгэн захиргааны актыг шийдвэрлээгүй, хариуцагчид үүрэг болгосон шийдвэр гаргаагүй байхад өөр буруутай этгээдийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэх үндэслэлгүй. ...” гэж тодорхойлсон.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 7,054,290.1 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 6,432,594.9 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлдээ “... Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019.03.12-ны өдрийн Б/11 дугаартай захирамжаар Г.Аыг ажлаас чөлөөлсөн, шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гарсан, шийдвэрийн дагуу 13,486,885 төгрөгийг Г.Аод шилжүүлсэн тухайд талууд маргаагүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “... Шүүхийн шийдвэрийг биелүүлж, Г.Аыг цаг алдалгүй ажилд нь эгүүлэн томилсон бол Б.Б төрд учирсан хохирлыг нөхөн төлөх асуудал яригдахгүй байсан” гэх тайлбар үндэслэлтэй. Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын 2020.05.22-ны өдрийн 6/2279 тоот албан бичгээр Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019.03.12-ны өдрийн Б/11 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Г.Аыг ажилд эгүүлэн тогтоолгох маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн буюу 2020.05.22-ны өдрөөс эхлэн Стандарт хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б нь Г.Аыг ажилд эгүүлэн томилох үүргийг хүлээсэн гэж үзнэ. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй Б.Бий эс үйлдэхүй нь Г.Аод олгох ажилгүй байсан хугацааны олговор тооцох шалтгаан болсон байх ба Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй тухай албан бичиг хүргүүлсэн 2020.05.22-ны өдрөөс Г.А нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэнд шүүх гэм буруутайд тооцсон өдөр болох 2020.12.21-ний өдрийг хүртэлх /143 хоног/ хугацааны олговор 7,054,292.1 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй....” гэж дүгнэсэн.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Магадлалд “... Б.Б нь 2019 оны 04 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сарыг хүртэл Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан талаар талууд маргаагүй тул стандартчлал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын эрх, үүргийг хэрэгжүүлэх этгээдийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар Г.Аыг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц ажилд нь эгүүлэн авах үүрэгтэй. Тэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй тул хариуцагчийг хуулиар хүлээсэн үүргээ мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан гэж дүгнэх үндэслэлгүй. Иймд хариуцагч нь төрд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д нийцсэн. Хариуцагч нь Г.Аыг ажлаас халах шийдвэрийг гаргаагүй боловч хууль бус шийдвэрийн үр дагаврыг арилгах үүрэгтэй тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон буюу 2020.05.22-ны өдрөөс 2020.12.21-ний өдрийг хүртэлх хугацааны хохирлыг 7,054,290 төгрөгөөр тооцсон нь талуудын зарчимд нийцсэн. ТАЗ төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т зохицуулсан тул нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй. ...” гэж дүгнэсэн.
11. Дээрх байдлаар хоёр шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг адил тогтоосон боловч маргаанд хамаарах хуулийг тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг бий болгосон гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцлээ.
12. Хоёр шатны шүүх Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019.03.12-ны өдөр Б/11 дугаартай захирамжаар тус аймгийн Стандарт, хэмжил зүйн газрын хэлтсийн дарга Г.Аыг ажлаас халсан, энэхүү захирамжийг хүчингүй болгуулахаар Г.Аоос шүүхэд хандсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр 02-ны өдрийн 112/МА2019/0024 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, тушаалыг хүчингүй болгон Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын албан тушаалд нь эгүүлэн томилж шийдвэрлэсэн үйл баримтыг адил тогтоосон, энэ талаар зохигч маргаагүй. Харин захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу Г.Аыг ажилд эгүүлэн томилоогүй Стандарт хэмжил зүйн газрын дарга Б.Бий эс үйлдэхүй нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т заасны дагуу хохирол хариуцах зөрчлийн бүрэлдэхүүнийг бий болгосон эсэх нь маргааны зүйл болжээ.
13. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.”, 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заасан.
14. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д хохирлыг хариуцах хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг тодорхой дурджээ. Тодруулбал, тодорхой этгээдийг хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан нь хууль бус болох нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон байхыг шаардсан бол Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт эдгээр үйлдэл, эс үйлдэхүйг шууд, эсхүл илтэд болгоомжгүй гэм буруугийн байдлаар гаргасан байхыг шаарджээ.
15. Хариуцагч Б.Б нь Г.Аыг ажлаас халсан, чөлөөлсөн албан тушаалтан биш боловч түүнийг ажилд эгүүлэн томилоогүй эс үйлдэхүй нь төрд хохирол учруулсан, хууль бус тул Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасны дагуу хохирлоо нөхөн төлөх нь зүйтэй гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Энэ дүгнэлтийг хийхдээ хоёр шатны шүүх дараах нөхцөл байдлыг анхаараагүй байна.
Иргэний эрх зүй дэх гэм хорын эрх зүйн хэм хэмжээгээр хамгаалагдах эрх, үнэт зүйлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт жагсаасан бөгөөд тус заалтын дагуу бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулахыг хориглосон. Өөрөөр хэлбэл, хувийн эрх зүй дэх туйлын эрхийн шинжтэй, түүнтэй төстэй бусад эрхэд халдахыг хэнд ч болов хориглосон агуулгыг тус зүйл, заалт илэрхийлжээ. Энд дурдсан “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулах” гэдэгт хэн нэгний өмчлөлд буй эд хөрөнгийг устгах, гэмтээх, эвдэх зэргээр үгүй болгох, чанарыг муутгах, хэвийн байдлаар ашиглах боломжгүй болгох нөхцөл байдлыг ойлгоно.
Харин “бусад этгээдийн эд хөрөнгөд хохирол учруулсан” гэх энэ ойлголтод төрд мөнгөн хөрөнгийн зарлага үүсгэсэн нөхцөл байдал хамаарах эсэх нь онолын хувьд маргаантай. Энэ маргааныг шийдвэрлэхэд зарим талаар нөлөөлөхүйц тусгай зохицуулалтыг Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсгүүдэд тухайлан заасан байна. Ийнхүү төрд шаардлагагүй зардал үүсгэх замаар хохирол учруулах бүрэлдэхүүний обьектив тал буюу үйлдэл, эс үйлдэхүйг мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан бол тухайлан ийм үйлдэл, эс үйлдэхүйгээс бий болсон хохирлыг төрийн нэрийн өмнөөс шаардах эрхийг ТАЗд олгохоор мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зохицуулжээ.
Аливаа зөрчил буюу гэм хорын бүрэлдэхүүн нь эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүн төдийгүй хор уршгийн шинжээрээ харьцангуй хөнгөн, гэмт хэргийн шинжгүй ялимгүй зөрчлийг ч багтаах магадлалтай тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт хувийн эрх зүй дэх гэм хорын эрх зүйн хэм хэмжээгээр хамгаалагдах ашиг сонирхлыг туйлын эрх, эсхүл түүнтэй дүйцэхүйц нийтлэг үнэт зүйлс байхаар хязгаарласан онцлогтой. Энэ зохицуулалтыг Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан тогтоохдоо төрийн албаны хөдөлмөр эрхлэлтийн харилцаан дахь хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг тодорхой нэрлэн заасан гэж үзэхээр байна.
16. Маргаан бүхий энэ хэргийн тохиолдолд төрийн албан хаагч Б.Бий Г.Аыг ажилд эгүүлэн томилоогүй эс үйлдэхүй нь хууль бус байж болох ч Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт уг гэм хорын бүрэлдэхүүнийг тухайлан дурдаагүй тул төрөөс Г.Аод төлсөн гэх мөнгөн хөрөнгийг Б.Бээс гаргуулах эрх зүйн үр дагавар бий болохгүй, төрийн нэрийн өмнөөс шаардах эрх мөн хуулийн 50.2-т заасны дагуу ТАЗд үүсээгүй байна.
Иймд хариуцагч Б.Б нь Г.Аыг ажлаас халах шийдвэр гаргасан этгээд биш боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах этгээд гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан хоёр шатны шүүхийн хууль хэрэглээ Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт нийцээгүй, эдгээр зүйл, заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгтэй зөв нийцүүлэн тайлбарлаж чадаагүй гэж үзнэ.
17. Энэ үндэслэлээр хариуцагч Б.Бээс 13,486,885 төгрөг гаргуулах тухай ТАЗийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/04051 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/00008 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Бээс төрд учирсан хохиролд 13,486,885 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ТАЗийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Б нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.01.27-ны өдөр 128,000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД