Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2236

 

 Д.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/01931 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Д.Ц-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч УХНТНС-д холбогдох

 

Сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч-Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ц нь тус байгууллагад 2003 онд номын санчаар ажилд ороод ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй. Хамт олны саналаар байгууллагынхаа Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байгаа болно. 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр тооллогын комисст томилогдоод ажиллаж байхад буюу 2018 оны 4 дүгээр сарын 17-ны Мягмар гарагт Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн Нийтийн уншлагын танхимд ажил хүлээлцэх номын тооллого хэвийн явагдаж байх үед цайны цаг /13:00-14:00/ болсон ч манай байгууллагын хоёр ахмад настан хоол цайтай ирнэ гэсэн болохоор цайндаа оролгүй ажлаа хийж байсан. 14 цаг 30 минутын орчимд өндөр настан Ж.Ц, Ж.Э нар 3 кг бууз, чихэр болон 1 шил архи, ундаа авч ирсэн. Хоолны дараа цүнхнээсээ авчирсан архиа гарган задалж, ойр зуур ярилцангаа тэнд байсан бүх хүнд хундагалан өгснөөс амсах нь амсаж, уруулдаа хүргэх нь хүргээд өгсөн. Ахмад хүн юм өгөөд байхад гээд байсан болно. Тэнд Б.Б, Ц.Ц, Ц.Бямбаа, н.Энхмаа, Л.Шинэцэцэг, Э.Энхбаатар, Э.Тайванжаргал, Д.Энхтуяа, Д.Ц, О.Долгорсүрэн, Ж.Цогзолмаа, Ж.Энхтуяа нар байсан. Тэнд байсан 10 хүний Э.Энхбаатар, Д.Энхтуяа, н.Тайванжаргал нар ажлаас халагдаж, нэхэмжлэгч миний бие, Ц.Бямбаа, О.Долгорсүрэн нар гурван сар цалингийн 20 хувийг хасах сахилгын шийтгэл авч, Б.Батбаяр, Ц.Цэрэннадмид, Энхмаа, Л.Шинэцэцэг нар ямар ч шийтгэлгүй үлдсэнд гомдолтой байсан тул манай байгууллага дээр Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тул миний бие 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/22 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд хандсан боловч тус хорооноос 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 12 тоот зөвлөмжөөр тус холбоонд хандах 10 хоног өнгөрсөн байна гээд шүүхэд ханд гэсэн байна. Иймд сахилгын шийтгэл ногдуулсан 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/22 тоот тушаалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоон, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төв номын сангийн харьяа Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санч Д.Ц албан үүргээ гүйцэтгэж байх үедээ архидан согтуурсан сахилгын зөрчил гаргасан нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон тул хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар гурван сар цалингийн 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулсан. Бусдад үлгэр, дууриалал болох ёстой удирдах албан тушаалтан нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа буюу 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Д.Ц нь цахим сүлжээнд Номын сангаа аваръя групп байгуулж, уг группдээ байгууллагын бүх номын санчдыг оруулж үүнийхээ дараа оройн 18 цаг 06 минутад Д.Индра миний нэр төрд халдаж, гүтгэн доромжилсон, 5 дугаар дугаар сарын 25-ны өдөр ажилчдын нэгдсэн дотоод цахим сүлжээнд нийт ажиллагсдыг өдөөн турхирсан зүйл бичиж оруулсан тул 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар ажлаас нь халах шийдвэр гаргасан. Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн нийтийн уншлагын танхимын номын тооллогыг захирлын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/05 дугаар тушаалаар 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд зохион байгуулах комисс томилсон. 2018 оны 4 сарын 17-ны өдөр 16 цагийн үед номын сангийн архив, бичиг хэргийн ажилтны өрөөний 70115700 дугаартай суурин утас руу Хан-Уул дүүрэг дэх салбар номын санд ажилтнууд нь ажлын цагаар дотроо архидаад байна гэсэн иргэн гомдол мэдээлсэн. Ирсэн гомдлын дагуу хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Золбоог шалгалтаар очиход Э.Тайванжаргал, Д.Энхтуяа, Д.Ц, О.Долгорсүрэн, Э.Энхбаатар, номын сангаас тэтгэвэрт гарсан номын санчид болох Ж.Цогзолмаа, Ж.Энхтуяа нар архи уусан байдалтай байсан. Хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Золбоогийн бичсэн зөрчлийн тодорхойлолттой танилцаж, гэрч болсон ажилчдыг дуудаж тайлбар бичүүлж авсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг тус тус баримтланнэхэмжлэгч Д.Ц-г УХНТНС-гийн Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч УХНТНС-гаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2,570,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц-д олгож, нэхэмжлэгчийн гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагаас 347,440 төгрөгийн шаардлага болон 2018 оны 4 сарын 25-ны өдрийн Б/22 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, цалин бууруулсан хугацааны цалингийн зөрүүтэй холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Д.Ц-гийн болон хариуцагч УХНТНС-гийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг УХНТНС-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч УХНТНС-гаас улсын тэмдэгтийн хураамжид 56,083 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр УХНТНС-гийн ахлах номын санчаар ажиллахаар хөдөлмөрийн гэрээг өмнөх захирал А.Эрдэнэбаттай байгуулсан боловч дараагийн захирал ирээд Төв номын сангийн харъяа Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санчаар албан тушаал бууруулан хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулан хийгээгүй ажиллуулсан. Энэ юутай холбоотой гэхээр ҮЭ-ийн хороон даргатай холбоотойгоор албан тушаалыг нь өөрчилсөн байдаг. Тухайн үед нэхэмжлэгч жил гарангийн дараа тэтгэвэрээ тогтоолгох тул хөдөлмөрийн маргаан үүсгээгүй. УХНТНС-гийн ахлах номын санчаар ажиллах, Төв номын сангийн харъяа Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санчаар ажиллах хоёр өөр албан тушаал болно. Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн нийтийн уншлагын танхимд 2018 оны 04 дүгээр сарын 17-ны мягмар гарагт бүх хүнд хундгалан өгснөөс амсах нь амсаж, уруулдаа хүргэх нь хүргээд өгсөн болохоос нэхэмжлэгчийн хувьд уусан зүйл огт байхгүй. Учир нь нэхэмжлэгч огт уухгүй боль гэж хэлж болох байсан ч дээрх нөхцөлд байдалд ёслоод өгөхгүй бол ҮЭ-ийн хороон дарга хоёр ахмад настныгаа тоосонгүй гэх асуудлаас зайлсхийсэн болно. Энэхүү явдлыг ажил олгогчоос ирээд шалгасан зүйл байхгүй. Хариуцагчаас нэхэмжлэгчийг өөрийгөө архи уугаагүй гэдгийг нотлох ёстой гэж тайлбарладаг нь нотлох үүргийн хувиргалтын хувьд ажил олгогч ажилтныг зөрчил гаргасан гэдгийг баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд ИХШХШТХ-ийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт зааснаар харин өөрөө нэхэмжлэгчийн гэм бурууг нотлох үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй байгааг анхан шатны шүүхээс анхаарч үзсэнгүй. Өмнө нь хэл ам гаргаад удирдлагын ёс бус зүйлийг шударгаар ажил олгогч буюу хариуцагчид шаардлага тавьдаг учраас ҮЭ-ийн хороон даргын хувьд үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулаад удаагүй байхдаа ахиад удаа дараа гэсэн үндэслэлээр ажлаас халаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.         Хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчлийг Хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн, дотоод хяналт шалгалтын комиссын дарга Ж.Золбоо шалгаад зөрчлийн тодорхойлолт хийгээд уг гарсан зөрчлийг баталгаажуулан авсан юм бол яагаад 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр баталсан А/24 тоот тушаал болох Д.Нацагдоржийн нэрэмжит УХНС-гийн дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баримтлаагүй юм бэ? /ХХ-74/ 2018.04.07-ны өдөр Б/33 тоот тушаалаар баталсан 5 гишүүний 4 гишүүн нь ямар үүрэгтэй тус комисст оролцож байгаа нь тодорхой бус, хариуцлага ногдуулах талаар номын сангийн захиргаанд санал тавьж шийдвэрлүүлэх гэж зааснаар хэзээ ямар сахилгын шийтгэл ногдуулах тухай санал тавьсан эсэх тухай нотлох баримт байхгүй. /ХХ-34/ Хамтын гэрээний 8.6-д "ҮЭ-ийн гишүүдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль сспы ашиг сонирхлыг хөндөх аливаа шийдвэр гаргахдаа 1 долоо хоногоос багагүй хугацааны өмнө ҮЭ-ийн хороонд танилцуулж, саналыг тусгаж байх" гэж заасан боловч шүүхээс анхаарч үзэлгүйгээр дан ганц нэг талыг барьсан шийдвэр гаргалаа гэж үзэж байна. 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/37 тоот ажлаас халах тухай тушаал шийдвэрт хамт олны нэгдмэл уур амьсгалыг эвдэн сөрөг мэдээлэл ухуулгыг удаа дараа хийсэн тул гэсэн байгаагаас нотлогдож байгаа болно.   Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэн нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч-Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/37 тоот Д.Ц-г ажлаас халах тухай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.4.4-т заасныг удирдлага болгосон байна. Хөдөлмөрийн дотоод журмын 12-р зүйлийн 12.4.4-т Удирдлага болон өөрийн шууд удирдах дээд албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг гурав ба түүнээс дээш удаа биелүүлээгүй, тавьсан шаардлагыг эсэргүүцсэн, ажлын байранд ёс зүйн дүрэм зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэсэн эсвэл хамт олны нэгдмэл уур амьсгалыг эвдэх сөрөг мэдээлэл, ухуулга хийсэн тохиолдолд ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар заасан байна. Үүнээс харахад хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр халсан болох нь тодорхой харагдаж байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжинд Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа тушаалд дээрх хоёр үндэслэлийг тодорхой зааж өгөх ёстой гэж хуульчилж өгөөгүй байтал ийнхүү шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Улаанбаатар хотын нийтийн номын сангийн ахлах номын санчийн ажиллаж байгаад ажил олгогчтой харилцан тохиролцсоны дагүу УХНТНС-гийн Захирлын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/17 тоот тушаалаар Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санчийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан, мөн Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодотгосон. Түүнчлэн Д.Ц нь ажлаас халагдахдаа Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санчийн албан тушаалд ажиллаж байсан байна. Эндээс харахад Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан нөхцлүүдийг Д.Ц нь ажил олгогчтой тохиролцсон буюу талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/22 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, цалин бууруулсан хугацааны цалингийн зөрүүтэй холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж хүлээн зөвшөөрсөн атал дараагийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн явдал нь ямар ч уялдаа холбоогүй байна. Тиймээс шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулиар тогтоосон шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч УХНТНС-д холбогдуулан захирлын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/22 тоот “Д.Ц-д  сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Д.Ц нь УХНТНС-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ахлах номын санчийн байнгын ажлын байранд ажиллаж байсан ба  хариуцагч байгууллагын захирлын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/22 тоот тушаалаар ажлын байранд сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр түүнд үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, мөн захирлын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/37 тоот  тушаалаар удирдах дээд албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, тавьсан шаардлагыг эсэргүүцэн хамт олны нэгдмэл уур амьсгалыг эвдэн сөрөг мэдээлэл ухуулгыг удаа дараа хийсэн гэх үндэслэлээр түүнийг Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санчийн ажлаас халсан зэрэг үйл баримттай холбоотой нотлох баримтууд  хэрэгт авагджээ.  /хх-ийн 36, 103, 106,107/

Нэхэмжлэгч Д.Ц нь сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай болон ажлаас буруу халсан тухай гомдлыг тус тус Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт тус тус  заасан хугацааны дотор шүүхэд гаргасан гэж  үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй ба энэ талаар талууд маргаагүй.

Д.Ц нь ахлах номын санчийн ажлын байранд ажиллаж байгаад УХНТНС-гийн харьяа Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санчийн ажилд томилогдон ажиллаж байсан талаар маргаагүй ба анхан шатны шүүх нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болохыг зөв дүгнэсэн боловч хэрэгт Д.Ц-тай байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ авагдсан байхад Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болжээ. Дээр дурдсанчлан хэрэгт Д.Ц-тай байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ авагдсан байхад анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж дүгнэсэн нь буруу.

Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6.4-т “...Номын сангийн захирал хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилд томилно” гэж,  7.1.4-т “Албан ажлын зайлшгүй шаардлага гарсан нөхцөлд ажилтантай тохиролцож өөр албан тушаалд шилжүүлэх буюу сэлгэн ажиллуулж болно” гэж тус тус заасан тул Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй гэж үзэх үндэслэлгүй болно.

УХНТНС-гийн харьяа Хан-Уул дүүрэг дэх салбар номын санд 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тооллого явагдаж байхад цайны  цагийн үеэр  тус байгууллагын өндөр настан Ж.Цогзолмаа, Ж.Энхтуяа нар 3 кг бууз, чихэр болон 1 шил архи, ундаа авч ирсэн, улмаар хоол идсэний  дараа архи задалж тэнд байсан Б.Батбаяр, Ц.Цэрэннадмид, Ц.Бямбаа, н.Энхмаа, Л.Шинэцэцэг, Э.Энхбаатар, Э.Тайванжаргал, Д.Энхтуяа, Д.Ц, О.Долгорсүрэн нарт авчирсан архинаас хундагалан өгсөн үйл баримт нь зохигчдын тайлбар, сахилгын зөрчлийг шалгасан тодорхойлолт /хх-109 тал/, гэрч Ц.Бямбаа, Э.Энхбаатар, Ж.Энхтуяа, Д.Энхтуяа, Э.Тайванжаргал нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Дээрх үйл баримтын талаар хариуцагч байгууллагын хуулийн зөвлөх Ж.Золбоо “...ирсэн гомдлын дагуу миний бие шалгалтаар очиход дараах хүмүүс архи уусан байдалтай байсан Э.Тайванжаргал, Д.Энхтуяа, Д.Ц, О.Долгорсүрэн, Э.Энхбаатар, тэтгэвэрт гарсан Ж.Цогзолмаа, Ж.Энхтуяа” гэж тодорхойлолт бичсэн байхаас гадна гэрч Ц.Бямбаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...дээрх 12 хүн дотроос архи ууж хоол идээгүй хүн байгаа юу”  гэсэн асуултанд “ байхгүй, бүгд байсан”  гэж хариулсан, гэрч Э.Энхбаатар “...тэгээд хоолон дээр ахмадууд нэг шил архи задалсан. Нэр дурдсан бүх улсууд ажилтай гээд тэр архийг уруулдаа хүргээд ёслоод буцаагаад өгсөн...” гэж, гэрч Ж.Энхтуяа “...архиа задлаад хүмүүстээ амсуулсан. Тэр хүмүүсээс Д.Энхтуяа, Э.Энхбаатар хоёр уугаагүй...  бусад нь архи амссан...” гэж, гэрч Д.Энхтуяа “... ахмадууд нь архи өгөхөд амсаад буцаагаад өгч байсан хүмүүс байгаа...” гэж, гэрч Э.Тайванжаргал Даргалагчаас: “өндөр настангууд ирэхэд хүмүүсээ хэн цуглуулсан бэ” гэсэн асуултанд “бид нар цайндаа орох гэтэл Цэцэгмаа бидэнд 2 өндөр настан хоол авчирч байгаа, цайндаа оролгүй хүлээж бай гэсэн..” гэж хариулсан мэдүүлгүүд тус тус өгчээ. /хх-ийн 87, 89, 91, 93, 98/

Д.Ц нь Хан-Уул дүүрэг дэх салбар номын санд номын санчаар ажиллаж байсан бөгөөд түүний гаргасан дээрх зөрчил нь хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 12.4.3-т “Ажлын байранд албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, танхайрсан, хэрэгслэсэн үедээ ажлын байранд ирсэн, бусдыг уриалан дуудсан, архидан согтуурах нөхцлөөр хангасан” тохиолдолд ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасанд хамаарч байна.

Иймд ажил олгогчийн зүгээс уг зөрчилд үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалтад нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Хариуцагч байгууллагын захирал  2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/37 тоот  тушаалаар Д.Ц-г ажлаас халахдаа  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.4.4, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтуудад үндэслэсэн байх ба  уг тушаалд “удирдах дээд албан тушаалтны үүрэг даалгаврыг биелүүлээгүй, тавьсан шаардлагыг эсэргүүцэн хамт олны нэгдмэл уур амьсгалыг эвдэн сөрөг мэдээлэл, ухуулгыг удаа дараа хийсэн”  гэх үндэслэл заажээ.

Уг тушаалд зааснаар Д.Ц нь ямар үйлдэл, эс үйлдлээр удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, шаардлагыг эсэргүүцсэн, хамт олны уур амьсгалыг эвдсэн сөрөг мэдээлэл, ухуулгыг хийсэн зөрчил гаргасан болохыг хариуцагч байгууллага баримтаар нотолж чадаагүй болно.

Нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчийн төлөөлөгч 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гардан авсан боловч няцаасан тайлбарыг хуульд заасан хугацааны дотор гаргаагүй, шүүх хуралдаан дээр “...2 дахь тушаалын хувьд хууль хэрэглээний хувьд алдаатай гарсан, фэйсбүүк чатаар хоорондоо маргасан зүйл байсан...” гэснээс өөр тайлбар, нотлох баримт гаргаагүй байна. /хх-ийн 40, 125-126/

Хэрэгт БСШУ-ны сайд Ж.Цогзолмаа, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарт хандсан номын санч, ҮЭ-ийн хорооны дарга Д.Ц нарын 24 ажилтан, албан хаагчдын гарын үсэг бүхий өргөдөл, ҮЭ-ийн хуралд ирсэн ажилчдын ирц, санал асуулга зэрэг бичмэл баримтууд авагдсан байх боловч энэ нь нэхэмжлэгч талаас гаргасан баримтууд байхаас гадна хариуцагч эдгээр баримтыг өөрийн тайлбар, татгалзлын  үндэслэл болгоогүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй байхад хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Д.Ц-г ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж, түүнийг УХНТНС-гийн Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санчийн ажилд эгүүлэн тогтоож түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгон шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нийцжээ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/01931 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг  тус тус хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5  дахь заалтад тус тус зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                           ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

                                                                                  Н.БАТЗОРИГ