| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2021/00355/И |
| Дугаар | 148/ШШ2021/00482 |
| Огноо | 2021-11-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 148/ШШ2021/00482
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, шүүгч Г.Сарантуяа, шүүгч З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******гийн ******* /*******/ -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******гийн ******* /РД: *******/ -д холбогдох
Гэм хорын хохирол 748,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.******* /цахимаар/, хариуцагч С.*******, иргэдийн төлөөлөгч Ө.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Д.******* миний бие 2008 оны 06 сард С.*******д өшиглүүлэн баруун нүдээ гэмтээсэн болно. Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2008 оны 09 сарын 02-ны өдрийн 122 тоот шүүхийн шийдвэрээр цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Иймд 2021 оны 05 сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод Баруун нүдний протезыг дахин солиулсан, нүдний эмчид үзүүлсэн зардал болох 748,000 төгрөгийг С.*******аас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
...2008 оны 06 дугаар сард С.******* бид хоёрын дунд ажил дээр маргаан үүсээд миний баруун нүд гэмтсэн. Тухайн үед өөрөө гэмт хэрэг хийсэн шатандаа явж байгаад ял шийтгэлээ авсан. Тухайн үед гарсан зардлыг баримтаа гаргаад нэхэмжилж авсан. 2017 онд ажилгүй байсан учраас нүдээ эмчлүүлэхгүй удаан хугацаанд явж байгаад 2017 онд протез солиулсан. Тухайн үед ******* миний эмчилгээний зардлыг олон хуваагаад өгсөн. Тэгээд энэ асуудлаас хойш нүдээ солиулах шаардлагатай байна гээд нүдээ 700,000 төгрөгөөр нүдээ солиулсан. Тэгээд би С.*******ыг нэг сар хүлээсэн. Утсаар яриад ойлголцохгүй байсан. Миний талийгаач нөхөртэй ярилцаж тохирсон зүйл байхгүй. Миний нөхрийг С.*******аас мөнгө зээлсэн гэж хэлсэн. Гэхдээ ийм зүйл болоогүй. Миний хувьд эмчилгээний зардлыг хууль журмын дагуу нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Тиймээс сүүлд нүдээ эмчлүүлсэн 748,000 төгрөг гаргуулах хүсэлттэй байна гэх.
Хариуцагч С.******* нь шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбартаа:
... иргэн Д.*******гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Учир нь: яг энэ нүдний протезын асуудлаар Сэлэнгэ аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02-р сарын 06-ны өдрийн 138 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн дагуу миний бие нэхэмжилсэн хэмжээний төлбөр, хохирлыг төлж дуусгасан байгаа. Энэ тухайд тайлбарлахад, нэхэмжлэгчийн нөхөр нь болох талийгаач Д.******* бид нар харилцан тохиролцож, 2017 онд иргэн Б.Баярхишигээс миний нэр доор 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг зээлж үүний эхний 8 сарын төлбөрийг миний бие төлөх, үлдэгдлийг нь талийгаач Д.******* төлөхөөр тохиролцон уг зээлийг надаар, миний нэр дээр авхуулсан. Тэгээд энэ хохирол нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг нэг мөр дуусгая, ямар нэгэн байдлаар дахин шүүхэд хандахгүй гэж тохиролцож байсан юм. Гэвч энэ үеэр Д.******* маань нас барж, улмаар миний бие уг зээлийг хүү, төлбөрийн хамт одоо ч төлсөөр...дуусаагүй байгаа. Тухайн үед Д.******* Сэлэнгэ аймгийн Холбооны газрын даргын албанаас хуль бусаар халагдсан, шүүхийн шийдвэрээр эрүүлэн тогтоогдсон байсан тул цалингаа нөхөн авах мөнгөнөөс энэ асуудлыг би өөрөө зохицуулна гэж ярьж байсныг би санаж байна. Миний бие одоо 56 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэсэн орлогогүй, гар утасны засвар эрхэлж байсан боловч магай улсад болон дэлхий даяар тархсан цах тахал Ковид 19 өвчний улмаас энэ үйлчилгээ хаагдаж, ямар ч орлогогүй болж татан буугдсан. Мөн өмнө нь нэхэмжлэгчийн нөхөр, талийгаачийн тавьсан өрийг ч төлж дуусаагүй өдий хүрч байгаа, санхүүгийн ямар ч боломжгүй болсон иргэн юм. Би дээрх өр төлбөрийн болон хийсэн тохиролцооны талаар нэхэмжлэгчид ойлгуулах гэсэн боловч нэхэмжлэгч ойлгохыг хүсэхгүй байгаа юм... гэх.
Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
...748,000 төлөх боломж байхгүй. Би өөрөө ажилгүй. Манай гэрээс эхнэр маань л ажил хийдэг. Энэ хүн миний байдлыг маш сайн мэдэж байгаа байх. Ийм учраас энэ хүнд нэхэмжлээд байгаа 748,000 төгрөг төлөх боломжгүй гэж хэлсэн. 2017 онд энэ хүний нөхөр бид хоёр ярилцаад 2,000,000 төгрөг өгөхөд дахин ийм асуудлаар ярилцахгүй гэж тохирсон. Тухайн мөнгийг би хүнээс зээлж авч өгсөн. Түүний төлбөрийг одоо ч би нөхөн төлж байна. Одоо би нэхэмжлээд байгаа 748,000 төгрөгийг нөхөн төлөх боломжгүй ...гэжээ.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд бичгээр гаргасан дүгнэлтдээ: ...хариуцагч С.******* тохирох ял шийтгэлээ эдэлсэн боловч хүний эрүүл мэндэд учирсан хохирол эмчилгээнд гарсан зардлыг нэхэмжлэгч Д.*******д төлөх нь зөв... гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлан ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан 748,000 төрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч С.******* нь 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дүү С.Нарантуяаг дээрэлхлээ гэдэг шалтгаанаар иргэн Д.*******тэй маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдаж баруун нүдийг нь сохолж хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 122 дугаартай шийтгэх тогтоол, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор ...С.*******ыг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ...хохирогч Д.******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж... шийдвэрлэсэн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.******* нь учирсан эрүүл мэндийн хохирол, эмчилгээний зардлыг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь баруун нүдэндээ протез хийлгэсэн эмчилгээний зардалд нийт 748,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн эмчийн үзлэгийн 35,000 төгрөгийн баримт, Баруун нүдний протез /шилэн нүд/-ийг 690,000 төгрөгөөр авсан талаар 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Голден Фүжи ХХК-ийн орлогын баримт, 23,000 төгрөгийн эм худалдан авсан талаар 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн эмийн сангийн баримт зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...Д.*******д 2017 онд нэхэмжилж байсан 793,600 төгрөгийг хүлээн зөвшөөрч Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 138 дугаартай захирамж гарсан...тухайн үед Д.Хансүрэнгийн нөхөр Д.*******ад би 2,000,000 төгрөгийг өгч дахин надаас эмчилгээний мөнгө нэхэхгүй гэж тохирсон... одоо надад төлбөрийн чадвар байхгүй гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг төлөхгүй байх үндэслэл болохгүй болно.
Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 138 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн эмчилгээний зардал нь 2017 он хүртэлх хугацааны эмчилгээний зардал, хохирлын асуудал байх тул одоо нэхэмжлэгч Д.******* нь 2021 онд гарсан эмчилгээний зардлыг нэхэмжилсэн байна.
Хариуцагч С.******* нь Д.*******гийн нөхөр Д.*******ад 2,000,000 төгрөгийг зээлж авч өгсөн гэж тайлбарлаж байх боловч энэхүү үйл баримт тогтоогдоогүй ба нэхэмжлэгч Д.******* энэ тайлбарыг үгүйсгэж байгаа болно.
Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд ....эрүүл мэндийн хохирлыг төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Нэхэмжлэгч Д.******* нь 2021 онд баруун нүдний протез солиулсан эмчилгээний зардлыг нэхэмжилсэн тул хариуцагч С.*******аас бусдын эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүдэн гарсан эмчилгээний зардал 748,000 төгрөгийг гаруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч Д.*******г улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамж 22,502 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулбал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан хариуцагч С.*******аас 748,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч Д.*******г улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамж 22,502 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН
ШҮҮГЧИД Г.САРАНТУЯА
З.ТУНГАЛАГМАА