Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/505

 

 2024        5           13                                      2024/ШЦТ/505     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2024/0522/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,

улсын яллагч Б.Цэрэнтогтох,

хохирогч Б.Т,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Ё танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2409002390311 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, М.Ж эмийн санд менежер ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б /РД:/,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны хойд талд хохирогч Б.Т-тэй маргалдаж, улмаар түүнийг түлхэн унагаан эрүүл мэндэд нь ууцны 2 дугаар нугалмын шахагдсан хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би ямар ч байсан түлхүүлээд, миний нуруу хугарсан. Тэгээд сэтгэл санаагаар бас их хохирсон гомдолтой байна. Үнэн зөвөөр шийдэж өгөхгүй байна.  Компьютер томографф, оношилгооны мөнгөө ээжид нь хэлээд 500.000 төгрөг аваад үзүүлсэн.  Цаг хугацаа, сэтгэл санаа, дараа нь нөгөө хугарал нь олон  жилийн дараа ч үргэлжилдэг гэсэн. Ажлын ачааллаасаа болоод ч юм уу өвддөг болох вий гэхээс санаа зовж байна. Тухайн үед алхаж чадаж байсан ч хэцүү байсан. Эмч надад 45 хоногийн гам барих ёстой гэж хэлсэн. Би цагдаа, шүүх гэж явсаар байгаад ерөөсөө  гамаа  барьж чадаагүй. Шөнөдөө ч унтаж чадахгүй, сэтгэл санааны дарамтаас болоод байнга хар дардаг. Айж, цочиж гадуур чөлөөтэй явж чадахгүй хэцүү байсан. Одоо ч гэсэн би үе үе байнга хар дараад, гадуур явахдаа хүмүүстэй харилцаанд орохдоо чөлөөтэй ярьж, бие авч явж чадахгүй байна. Би эмчилгээний зардалд гарсан 130,000 төгрөгөө нэхэмжилж байна, гомдолтой байна” гэв.

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд: “...Хохирогч намайг эхлээд цохиод миний шил хугарсан. Тэгээд нүдний шилгүй болсон. Нэг цохиулаад арагшаа алхаад нэг харсан тэр хүн дахиад намайг цохих гэж байгаад яасан нь мэдэхгүй. Би өөрийгөө хамгаалах байдалтай байсан. Тэгээд унасан байх гэж би ойлгож байна. Би нүдний шилгүй болоод хараа муутай тул сайн харж чадаагүй.” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2023 оны 12 дугаар сарын 31-ний орой гэртээ байж байтал миний салсан найз залуу Б.Б нь 19 цагийн орчим хаалга тогшоод байсан. Тэгэхээр нь гартал дагаад яв гэсэн. Тэгэхээр нь би араас нь дагаад гарсан. Тэгээд намайг дагуулж явж байгаад 24 дүгээр байрны хойд талд харанхуй байрны буланд ирсэн. Тэгсэн миний өмсөж явсан гадуур хувцаснаас татаж чангаагаад чам шиг юмтай таарч миний амьдрал ийм боллоо чамаас болж би эхнэр, хүүхдээсээ салж байна, яах гэж чам шиг хүнтэй учирсан юм болоо гэж хэлсэн. Тэгэхээр нь чи яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд би тухайн байрны гудамжнаас гэр лүүгээ зугтаах гэхэд намайг бариад авсан. Тэгэхээр нь би чи яах гээд байгаа юм бэ гэж хэлээд өөрөөсөө холдуулах гэхэд намайг 2 гараараа хүчтэй түлхсэн. Тэгээд би дагзаараа хойшоо газарт савж унасан. Тухайн үед миний нуруу чанга дугарсан. Тэгээд намайг газарт унасан байхад миний куртикнээс чирж явсан. Тэгээд би миний нуруу гэмтсэн байна гэхэд тэр чинь ямар хамаатай юм гэж хэлж байгаад зугтаасан. Миний нурууны 2 дугаар нугалам хугарсан. Миний биед үүссэн гэмтлийг миний салсан найз залуу болох Б.Б үүсгэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал)

Гэрч Г.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн Б.Б гэх хүн нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ Та Т-г зодож цохисон зүйл байна уу гэж асуухад Б.Б нь би өөрөөсөө холдуулах гэж түлхсэн гэж мэдүүлэг өгсөн бөгөөд миний бие буруу ойлгож бичсэн зүйл байхгүй бөгөөд хэлсэн зүйлийг нь бодитоор бичиж Б.Б гэх хүнд уншуулж гарын үсэг зуруулсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1270 дугаартай: “...Б.Т-н биед ууцны 2 дугаар нугаламын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 39 дэх тал)

Шинжээч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн хүн босоод өөрөө алхаад явах боломжтой. Тус гэмтэл нь нугас дарагдаагүй үед алхаж гишгэх боломжтой. Тухайн гэмтэл нь түлхэж унагаах үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал) /хх-ийн 16 хуудас/,

5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №229 дугаартай "...Б.Т-н сэтгэцэд 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гэм хэргээс шалтгаалж гэмтлийн дараах стресс, сэтгэл түгшилтийн шинжүүд илэрч байна. Дээрх шинж илэрч байгаа гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Шинжилгээний явцад шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах шаардлагатай...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 77 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр  хохирогч Б.Т-тэй эр эмийн харьцаанаас үүдэлтэй асуудлаар хурц маргалдаж, улмаар түүнийг хүчтэй түлхэн унагааж унасан байхад нь куртикнээс нь газраар чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь ууцны 2 дугаар нугалмын шахагдсан хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нь “...хэрэг болсон цаг хугацаа ид өвлийн үе байсан учраас хаа сайгүй хальтиргаатай байсан, хохирогч шүүгдэгч рүү дайрч байгаад өөрөө хальтирч унасан ч байж болно... ...тухайн үед өөрөө босоод зүгээр яваад өгсөн, хэд хоногийн дараа нуруу хугарсан гэж хэлсэн, энэ хэд хоногийн хугацаанд нуруугаа өөр байдлаар ч гэмтээсэн байж болно. Зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэж Б.Б-г буруутгэж байгаа нь үндэслэлгүй байна.” гэж маргадаг бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б.Б-н холбогдогчоор өгсөн “...тэгээд би өөрөөсөө холдуулах гээд гараараа түлхсэн чинь Тэргэл цаашаа газан унасан. Тэгээд газар унаад 5 секунд орчим газар хэвтэж байгаад босч ирээд гэрлүүгээ орох гээд явсан... ...Та Т-г зодож цохисон асуудал болсон уу” гэж эрх бүхий албан тушаалтан асуухад “Би өөрөөсөө холдуулах гэж түлхсэн” гэж хариулсан...” гэх мэдүүлгээр /хх-27/, мөн хууль сануулж авсан хохирогчийн мэдүүлгүүдээр /хх-7, 25/ няцаагдаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Б-н тухайд эр эмийн харьцаанаас үүдсэн маргааныг хүч бяраар шийдвэрлэж хохирогчийг зодож бэртээж хэрцгий догшин авирлаж байгаа гэмт зан байдал нь шууд нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд нийт 636,800 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн баримтыг шүүхэд гаргаж өгчээ. Шүүгдэгч нь 500,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар 136,800 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй байна.

Мөн хохирогч Б.Т нь цаашид шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрсдийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон бусад хохирлын асуудлаар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Т-тэй маргалдах явцдаа түүнийг түлхэж, унаган эрүүл мэндэд нь нурууны 2-р нугаламын хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг мөн байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дээрх зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.  

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Б.Б-г тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Б.Б-н үйлдсэн хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с 136,800 /нэг зуун гучин зургаан мянга найман зуу/ төгрөг гаргуулж, хохирогч, Б.Т-д олгосугай.  

6. Хохирогч Б.Т нь цаашид шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрсдийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийн асуудлаар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.БОЛДБААТАР