Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2021/02880

 

2021 оны 12 сарын 08 өдөр                  Дугаар 183/ШШ2021/02880                              Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .................. тоот хаягт оршин суух, Б овогтой Ч.Я /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ........... тоот хаягт оршин суух, Б овогтой Ш.Д /РД:00000000/-т холбогдох,

245 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Я, хариуцагч Ш.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Ш.Д-аас 170 000 төгрөгөөр насос авсан. Намайг хэд хоног хэрэглэсэн насос гэж тайлбарладаг. Би аваад шууд маргааш нь буцааж өгсөн. Би халуун ус ажиллуулдаг бөгөөд насос ажиллуулахад амрахгүй байсан. Амрахгүй бол насос эвдэрдэг. Манайх өмнө нь 500 ваттыг тавиад болоод байсан. Тиймээс л яг ижил насос авсан. Мөн би хүүхэд явуулахгүй бол өөрөө тэр насосыг дийлэхгүй. Болохгүй байна гээд буцаагаад өгөхөд Ш.Д уурласан. Тухайн үедээ маргалдаад яах вэ гэж бодоод ажил үйлчилгээгээ явуулахын тулд өөр газраас насос аваад явсан. Дараа нь хүүгээ очоод авчих гээд явуултал өгч чадахгүй, дараа нь бараа ирэхээр өгнө гэсэн. Би жилийн хугацаанд тогтвортой хүлээгээд л байсан. Болохгүй бол насосоо авъя гэхэд хөл нь хугарсан насос өгсөн. Би 170 000 төгрөг дээрээ 70 000 төгрөг нэмж өгсөн болохоор хугарсан зүйл авахгүй, бүтэн шинэ юм өгчих гэхэд байхгүй гэсэн. Сүүлдээ явдаг газраараа яв гээд байсан тул шүүхэд хандсан. Одоо бол мөнгөө буцаан авч, 75 000 төгрөгийн хохирол гаргуулах хүсэлтэй байна. Би насосынхоо мөнгийг авъя гэхээр өгөхгүй гээд гүрийгээд байсан. Би аргаа бараад явсан. Ямар ч төрлийн цахилгаан барааг баталгаат хугацаатай өгдөг. Гэтэл надад баталгаат хугацаа огт өгөөгүй. Иймд насос авсан 170 000 төгрөгийг, хүү 75 000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх ирэхдээ өөрөө ирж аваагүй. Нэг залуу орж ирээд насос асуусан. Насос нь хүчин чадлаараа хоорондоо өөр байдаг. Халуун ус ажиллуулдаг гэхээр нь би танайх тэгвэл 750 ваттыг нь ав гэсэн. Гарч утсаар ярьчхаад орж ирээд 550 ватт болно гэнэ. Ээжтэй ярилаа гэсэн. Чи заавал ав гэж шахаж өгөөгүй. Өөрөө сонголтоо хийгээд аваад явсан. Тэр хүүхэд утсаар ярихаар хоёр, гурван удаа гарч орсон. Насосыг би өөрөө шалгаж өгсөн болохоор шаардлага хангаж, хэвийн ажиллаж байсан. Хэд хоногийн дараа өөрөө тавьсан насос авчраад 170 000 төгрөгөөр би насос авсан, чи яагаад ийм муу бараа зардаг юм? гээд үгийн зөрүүгүй хүмүүсийн дэргэд хэлсээр орж ирсэн. 170 000 төгрөгийн насосыг буцаагаад энэ дүнгээр нь өгөхгүй. Тодорхой хувь хасаад өгье гэхэд танайх дандаа муу бараа зардаг гээд өдөржин манай хаалгыг хааж зогсоод байсан. Би авч яваад маргааш нь шинээр нь аваад ирсэн бол юм ярихгүй байх байсан. Доторх нь зэвэрсэн, будаг нь халзарсан зүйл аваад ирсэн. Тодорхой хэрэглэсэн зүйлийг буцаагаад анхны үнээр нь зарах боломжгүй. Гэтэл манайхыг муу бараа зардаг, энэ дэлгүүрээс битгий бараа ав гэх мэтээр хэл амаар доромжилсон тул би их гомдолтой байна. Би тохирсон үнээр нь буцаагаад өгье. Эсвэл солиод аваад яв гэхэд үгүй танайхаас юм авахгүй, танайх дандаа муу юм зардаг гэж үйлчлүүлэгч нарын хажууд орилоод байсан гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Я, хариуцагч Ш.Д-аас 245 000 төгрөг гаргуулахаар шаардаж, хариуцагчаас 170 000 төгрөгөөр усны насос худалдан авсан боловч 1 хоног ажиллуулаад эвдэрсэн. Иймд хохирол 75 000 төгрөгийг насосны үнэ 170 000 төгрөгийг хамт шаардах эрхтэй гэж үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч Ш.Д нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд насосны хүчин чадлыг хэтрүүлэн хэрэглэсэн, худалдан авагч өөрөө эвдэлсэн, мөн уг насосыг бусдад худалдах боломжгүй элэгдэлд оруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангав.

Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд, 2020 оны 7 дугаар сарын 6-н өдөр нэхэмжлэгч Ч.Я хариуцагч Ш.Д-аас 170 000 төгрөгийн үнэтэй насосыг худалдан авсан, насос эвдрэлтэй шалтгаанаар нэхэмжлэгч хариуцагчид насосыг буцаан өгсөн үйл баримт тогтоогдож байна.

Зохигч насос эвдрэлтэй байсан, эсхүл хүчин чадлын ачааллыг хэтрүүлснээс эвдэрсэн, насосыг худалдагч талд буцаан өгсөн хугацаа зэргийн талаар зөрүүтэй тайлбар гаргах боловч хэн аль нь тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

Иймд шүүх, насос худалдан авсан, насосыг худалдагчид буцаан өгсөн, худалдагч өөр насос санал болгосон зэрэг талуудын маргаангүй үйл баримтад дүгнэлт хийж, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

Үүний дараа, гэрээний зүйл болох насос биет байдлыг доголдолтой байсны улмаас худалдан авагч насосыг худалдагчид буцаан өгсөн нь Иргэний хуулийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заасанд хамаарах тул нэхэмжлэгч насосны үнэ 170 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

Харин хохирол 75 000 төгрөгийг насосыг буцаах, төлбөрөө буцаан авах явцад гарсан зардал гэж тайлбарлах боловч уг зардлаа баримтаар нотлоогүй тул хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч, хариуцагч нарт хуваарилан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б овогтой Ш.Д /РД:00000000/-аас 170 000 /нэг зуун далан мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б овогтой Ч.Я /РД:00000000/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75 000 /далан таван мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Д-аас 5 750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Я-д олгож, нэхэмжлэгч Ч.Я-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Д.ЭНХЦЭЦЭГ