Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 16

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Б.Цэрмаа, Улсын яллагч Д.Пүрэвдагва, Шүүгдэгч О.Баяртогтох, Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн, Шүүгдэгчийн хууль ёсны төөөлөгч П.Ойдов нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Баяртогтоход холбогдох 201613000087 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Завханмандал суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Дөрвөлжин сумын Буурал багт оршин суудаг хаягтай, Чандмань Эрдэнэ лаборатори сургуулийн 10А ангийн сурагч, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Сартуулмондгой овгийн Ойдовын Баяртогтох. Регистрийн дугаар:ИЕ01270413

Шүүгдэгч О.Баяртогтох нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан буюу албан байгууллагын өрөөнд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Б.Насанжаргалын албан өрөөнөөс 2016 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Dell маркийн зөөврийн компьютер, цэнэглэгчийн хамт алдагдсан болох нь гэрч Б.Насанжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 05 сарын 30-ны орой 17 цаг өнгөрч байхад өрөөнийхөө гэрлийг унтраагаад, цахилгаанд залгаатай байдаг юмнуудаа салгаад, хаалгаа түгжээд явсан. Зөөврийн компьютерээ салгаад ширээн дээрээ хааж тавиад явсан. Гарахдаа хаалгаа хаагаад түлхүүрээрээ 2 эргүүлж цоожлоод явсан. 05 сарын 31-ний өглөө 09 цаг өнгөрч байхад ажилдаа ирэхэд хаалга онгойчихсон, цоож нь эвдрээгүй, цоожилсон чигээрээ, цоож урагшаа эргэж очиж тээгэлдэг цоожний урд талын амалгаа мод нь хугараад цоожлогдсон хэсэг нь гарч ирсэн байсан.  Тэгээд би өрөөрүүгээ ортол ширээн дээр байсан компьютер цэнэглэгчтэйгээ хамт байхгүй болсон, хаалганы хажуугийн шаврууд нурсан байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ...Намайг ажилдаа очиход сумын Засаг дарга Батболд, иргэний бүртгэлийн байцаагч болон бусад хүмүүс ирсэн байсан. Манай ажлынхан хаалга эвдэрсэн байсныг бүгд мэдэж байгаа. ...тэр компьютер надад 2015 онд ажил авахад ирсэн. Түүнээс өмнө ашиглаж байсан гэсэн. Хэдэн жил болж байгааг нь би сайн мэдэхгүй байна. Гол нь санхүүгийн үнэтэй программууд суулгасан байсан юм. Дээр нь сумын бүх тайлан бланс, санхүүгийн хэрэгтэй бүх зүйлүүд уг компьютер дээр хадгалагдсан байсан юм. ...алдсан компьютер хар өнгөтэй зөөврийн компьютер гадна талдаа саарал өнгийн Делл гэсэн бичигтэй байгаа. Компьютерийн доод талд нь гардаггүй балаар хэд зурсан зураастай байгаа” гэсэн мэдүүлэг,

Мөн төсвийн мэргэжилтэн П.Ариунаагийн өрөөнөөс 2016 оны 06 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Dell маркийн зөөврийн компьютер, цүнх, 3.200.000/гурван сая хоёр зуун мянган/ төгрөг болон бусад эд зүйл алдагдсан болох нь хохирогч П.Ариунаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би 2016 оны 06 сарын 02-ны өглөө ажилдаа ирээд ...ширээний зүүн нүдний цоожийг онгойлгох гээд түлхүүрээ хийтэл түлхүүр орохгүй байсан. Тэгээд гайхаад хартал цоож нь эвдэрсэн, онгорхой байсан. Тэгээд дотор нь байсан зүйлүүдээ үзэхэд цүнхтэй компьютер, бэлэн мөнгө 3.200.000 төгрөг, тооны машин, үсний хавчаар, рашаан утлага, хэдэн ширхэг чихэр зэрэг зүйлүүд алга болсон байсан. ...Тэр компьютерийг 2015 оны 04 сард Завхан аймгийн нэг дэлгүүрээс худалдан авсан зөөврийн компьютер юм. Хар өнгийн нүүрэн дээрээ dell гэсэн бичигтэй, үзүүлэлт багтаамж сайтай компьютер байсан. Дөрвөлжин сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгө юм. ...Би 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус сумын Төрийн банкнаас нөхөр Д.Отгонтөгсийн нэрээр 4 сая төгрөгний бага хүүтэй малчны зээл авч цалингийн зээлээ дарахаар авсан юм. Үүнээс 100.000 төгрөгийг хүүхэддээ хадгаламж нээлгэж хийсэн. 500.000 төгрөгийг нь Бадмаагарав руу шилжүүлсэн. Бадмаагарав надаас зээлсэн юм. Хадгаламжийн дэвтэрт 1000 төгрөг, зээл олголтын шимтгэлд 40.000 төгрөг, зээлийн өргөдлийн хураамжид 2000 төгрөг төлсөн. Малчны зээлийн эрсдэлийн даатгалд 54.000 төгрөг төлсөн, Төрийн банкны дансандаа 4000 төгрөг үлдээгээд 3.299.000 төгрөг банкнаас бэлнээр авсан. Уг бэлэн мөнгөнөөсөө 99.000 төгрөгийг нь бэлнээр авч гэртээ хоол хүнс,  хэрэглээний зүйлсүүд авсан. Үлдсэн 3.200.000 төгрөгөө ажил дээрээ цүнхэнд хийгээд  ширээний нүдэнд хийгээд ширээгээ цоожлоод явсан. Тэр мөнгө хийсэн ширээний нүдний түлхүүрийг би өөрөө аваад явсан. Алдсан 3.200.000 төгрөг нь 100 ширхэг 20.000-тын дэвсгэрт/1 боодол/, 100 ширхэг 10,000-тын дэвсгэрт/1 боодол/ байсан. 10 ширхэг 20.000-тын дэвсгэрт тусдаа байсныг 10.000-тын боодолтой дэвсгэрт рүү хавчуулж хийсэн байсан.” гэсэн мэдүүлэг,

Хохирогч байгууллагын төлөөлөгч Б.Туулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 05 сарын 31-ний өглөө ажилдаа ирэхэд Насанжаргалын өрөөний хаалга нь эвдэрсэн зөөврийн компьютер нь алга болсон байсан. Насанжаргал өмнөх өдөр нь өрөөнийхөө цоожийг янзалсан байсан юм. Тэр өглөө сумын Засаг дарга ажилдаа түрүүлж ирэхэд хаалга онгорхой байсан гэсэн. Түүнээс 2 хоногийн дараа 06 сарын 02-ны өглөө бас ажилдаа ирэхэд Ариунаа компьютер алга болсон байна гэж ажлынхаа хүмүүст хэлсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн.Тэр үед Ариунаагийн өрөөний цоож нь хэд хоногийн өмнө эвдэрсэн, өрөөгөө цоожлоогүй байсан юм. ...алдагдсан компьютерууд нь Засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй албаны компьютерууд юм. Насанжаргал, Ариунаа нар албан ажилдаа ашиглаж эзэмшдэг байсан. Насанжаргалын компьютерийг 2010 онд 1 сая төгрөгөөр худалдан авч байсан, Ариунаагийн компьютерийг 2015 онд 1,521.000 төгрөгөөр худалдан авч байсан. Хоёулаа DELL брендийн зөөврийн компьютерууд байсан. Содон шинж тэмдгүүдийг нь би сайн мэдэхгүй. Ямар ч байсан байгууллагын хөрөнгөнд бүртгэлтэй компьютерууд байсан. Ариунаа мөнгө байсан бас алга болсон байна гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг болон дээрх эд зүйлүүд алдагдсан талаар мэдүүлсэн тус Тамгын газрын ажилтнууд болох гэрч Н.Батболд, З.Бадмаа, Т.Байгаль нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч О.Баяртогтох мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би эхлээд нэг орой гадуур явж байгаад сумын Засаг даргын тамгын газар луу яваад ороход Тамгын газрын байрны хаалга онгорхой цоожгүй байсан. Би дотор нь ороод нэг давхарт нь явж байтал нэг өрөөний гэрэл нь асаалттай байсан. Тэр өрөөний хаалгыг хаагаад орхисон байсан. Би тэр гэрэлтэй өрөөний хаалганы  бариулыг  доош нь дартал хаалга нь онгойсон. Тэгээд би тэр өрөөн дотор ороход нэг ширээн дээр хар өнгийн notebook /зөөврийн компьютер/-ийг хаагаад тавьчихсан дээр нь цэнэглэгчийг нь тавьсан байсан. Би тэр notebook-ийг цэнэглэгчтэй нь хамт аваад явсан. Тэр үед Тамгын газар дотор ямар ч хүн байхгүй, гадна хаалга нь цоожгүй, коридор нь гэрэлгүй байсан. Ганцхан тэр өрөө л гэрэлтэй байсан. ...Дараа нь 2016 оны 06 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө би гадуур явж байгаад Тамгын газрын тэнд очиход бас гадна хаалга нь онгорхой хүнгүй байсан. Тэгээд би ороод нэг давхарт байдаг Ариунаа эгчийн өрөөний хаалгыг татахад хаалганы цоож нь эвдэрсэн цоожгүй байсан. Би өрөө рүү нь ороод ширээний нүдний хаалгыг хүчтэй татахад цоож нь онгойсон. Ширээний нүдэн дотор нь notebook-ний хар цүнхтэй юм байсныг аваад гэрлүүгээ явсан. Гэртээ хариад цүнхийг нь онгойлгож үзэхэд 2 тасалгааны нэг тасалгаанд нь зөөврийн компьютер /notebook/, нөгөө тасалгаанд нь 3 боодолтой мөнгө байсан. Тэр өдрөө мөнгийг тоолж үзээгүй. Хэд хоногийн дараа үзэхэд нэг боодол нь дандаа 20,000 төгрөг, нөгөө хоёр боодолд нь 10,000,  20,000 төгрөгнүүд холиод боосон байсан. Сайн тоолж үзээгүй. Аравт хорьтын дэвсгэртүүд нийлсэн нэг боодлыг нь тоолоход нэг сая төгрөг байсан. Тэгээд Засаг даргын тамгын газраас авсан зүйлүүдээ хайрцаганд хийж скочдоод амбаартаа оруулж тавьсан. ...Эхний өдөр авсан зөөврийн компьютерийг хадгалж байгаад цагдаад хураалгасан. Ариунаа эгчийн өрөөнөөс авсан компьютерийг амбаарт хадгалж байгаад намар 8 сарын сүүлээр аймаг руу хичээлдээ явах гэж ирэх замдаа хээр аваачиж тавьсан. Өмнө нь би тэр компьютерийг алхаар цохиод эвдэлсэн байсан юм. Бэлэн мөнгөө ихэнхийг нь цувуулж гээсэн. Бас заримыг нь элдэв янзын юм авч үрсэн. Хүнд өгөөгүй” гэж мэдүүлжээ.

Шүүгдэгчийн дээрх мэдүүлгийг түүний эзэмшлээс Dell маркийн зөөврийн компьютерийг цэнэглэгчийн хамт хураан авсан тэмдэглэл, уг компьютерийг гэрч Б.Насанжаргал өөрийн албан хэрэгцээнд ашиглаж байсан компьютер мөн болохыг заасан таниж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг хуульд заасан журам, үндэслэлээр авагдсан нотлох баримтууд нотолж байна.

Шүүгдэгч Д.Баяртогтохын үйлдсэн хэргээ тууштай хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг дээрх нотлох баримтууд давхар нотолж байх тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.

Ийнхүү  шүүгдэгч О.Баяртогтох нь 2016 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Б.Насанжаргалын албан өрөөнд нэвтрэн орж Dell маркийн зөөврийн компьютер, цэнэглэгчийн хамт, 2016 оны 06 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө тус Тамгын газрын төсвийн мэргэжилтэн П.Ариунаагийн албан өрөөнд нэвтрэн орж Dell маркийн зөөврийн компьютер, цүнх, 3.200.000/гурван сая хоёр зуун мянган/ төгрөг болон бусад эд зүйлийг тус тус хулгайлсан болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.

Иймд О.Баяртогтохыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг буюу орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг давтан үйлдсэн гэмт буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч О.Баяртогтох нь насанд хүрээгүй буюу 15 жил 8 сар 27 хоногийн настай болох нь түүний төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогджээ.

Мөн О.Баяртогтох анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасан “төр, ...үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах” зарчим, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн “...шүүх ...байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.” гэсэн заалт болон уг конвенцийн 37 дугаар зүйлийн хүүхдэд ял шийтгэлийг эцсийн арга хэмжээ болгон хэрэглэх тухай заалтыг баримтлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар О.Баяртогтоход ял оногдуулахгүй байх нь зохистой гэж үзлээ.

Түүнчлэн шүүгдэгчид хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахыг хүссэн хохирогч байгууллагын хүсэлт, шүүх хуралдаанд энэ талаар гаргасан өмгөөлөгчийн саналыг улсын яллагч эсэргүүцээгүй болно.

Иймд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Баяртогтоход эцэг, эхийн хяналтанд өгөх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгчийн хулгайлсан Дөрвөлжин сумын Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээний 2 ширхэг зөөврийн компьютерийн үнэлгээ мөрдөн байцаалтын шатанд удаа дараа томилогдсон шинжээчдийн дүгнэлтээр 1.416.000 төгрөгөөр тогтоогдсон байна.

Дөрвөлжин сумын Засаг даргын Тамгын газар 2 ширхэг зөөврийн компьютерийн үнэ болон бусад зардалд нийт 2.747.800 төгрөг нэхэмжилж байсан боловч шүүх хуралдаан хойшилсон хугацаанд шүүгдэгчээр 1.627.800/нэг сая зургаан зуун хорих долоон мянга найман зуун/ төгрөг төлүүлж хохиролгүй болсон гэдгээ албан ёсоор илэрхийлсэн байх тул нэхэмжлэлээс 1.120.000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Гэрч Б.Насанжаргал аймгийн төвд ирж байцаалт өгөхөд гарсан зардал 30 л бензиний үнэ гаргуулах тухай өргөдлийг мөрдөн байцаалтын шатанд гаргаж хэрэгт хавсаргуулсан боловч хичнээн төгрөгний зардал гарсан нь тодорхойгүй, уг зардлыг нотолсон баримтгүй байх тул зардлыг гаргуулж шийдвэрлэх боломжгүй байгааг дурдаад

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сартуулмондгой овогт Ойдовын Баяртогтохыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг давтан үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар Д.Баяртогтоход түүний эцэг П.Ойдовын хяналтанд өгөх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ ногдуулсугай.

3. О.Баяртогтох дээрх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсаны дараа засарч хүмүүжихгүй байвал шүүх уг арга хэмжээг насанд хүрээгүй хүмүүсийн сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр сольж болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч О.Баяртогтох нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгчийн төрсний гэрчилгээ болон бусад бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд төрсний бүртгэлийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

5. Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлээс 1120000/нэг сая нэг зуун хорих мянган/ төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

6. Гэрч Б.Насанжаргалын 30 л бензиний үнэ гаргуулах тухай өргөдлийг хэлэлцэхгүй орхисугай.

7.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Dell маркийн хар өнгөтэй зөөврийн компьютер(асахгүй байгаа)-ийг цэнэглэгчийн хамт шүүгдэгч О.Баяртогтох, түүний хууль ёсны төлөөлөгч П.Ойдов нарт буцаан олгосугай.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баяртогтохын хөрөнгөөс 500.000 төгрөгийн үнэлгээтэй Монел маркийн телевизор, 250.000 төгрөгийн үнэлгээтэй цагаан өнгийн угаалгын машиныг битүүмжилсэн мөдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

9.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧД.НЯМ