Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2025/00046

 

 

                                                  Г.Мийн нэхэмжлэлтэй

                                                        иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2024/04014 дүгээр шийдвэр,

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/00013 дугаар магадлалтай,

Г.Мийн нэхэмжлэлтэй

“Б Г” ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 4,895,068,493.12 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө нь зээлийн өр төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй, эсхүл боломжгүй бол хариуцагчийн бусад эд хөрөнгөөс гаргуулахыг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2019.11.01-ний өдрийн BG1911 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Иы хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И, хариуцагчийн өмгөөлөгч Б.М, М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч “Б Г” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,895,068,493.12 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө нь зээлийн өр төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй, эсхүл боломжгүй бол хариуцагчийн бусад эд хөрөнгөөс гаргуулахыг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч “Б Г” ХХК нь Г.Мт холбогдуулан  2019.11.01-ний өдрийн BG1911 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2024/04014 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч “Б Г” ХХК-иас 4,895,068,493.12 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Мт олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах,  барьцаа хөрөнгө нь зээлийн өр төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй, боломжгүй бол хариуцагчийн бусад эд хөрөнгөөс гаргуулахыг даалгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, талуудын хооронд байгуулагдсан 2019.11.01-ний өдрийн BG1911 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,773,693 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 24,633,292 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн.

3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/00013 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2024/04014 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б Г” ХХК-иас 4,895,068,493.12 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Мт олгож, нэхэмжлэлээс үлдэх барьцаа хөрөнгө болох “А Ө” ХК-ийн 40 хувийн хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө нь зээлийн төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй болон боломжгүй бол хариуцагчийн бусад эд хөрөнгөөс  гаргуулахыг даалгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан Г.М, “Б Г” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019.11.01-ний өдрийн BG1911 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Г.Мийн зүгээс “Б Г” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 4,895,068,493.12 төгрөгийг гаргуулах, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Харин Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2024/04014 тоот шийдвэрээр зээлийн гэрээний үүрэгт шаардсан мөнгөн төлбөрийн үүргийг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн хэдий ч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон.

Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан. Гомдлын дагуу Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцсэн бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/00013 тоот магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсгийг салгаж, мөн барьцааны хэсэгт хамаарах хуулийн заалтыг нэмж, тогтоох хэсгийг 2 дахь заалтаар сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулахаар найруулгын өөрчлөлт оруулсан бөгөөд ингэхдээ Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Энэ хуулийн 24.1.1-24.1.11, 24.1.13-т заасан үйл ажиллагааг эрхлэх зохицуулалттай этгээдийн хувьцаа эзэмшигч нь Хорооны зөвшөөрөлгүйгээр хувьцаагаа худалдах, арилжих, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхийг хориглох ба энэ заалт нь хувьцаат компанийн хэлбэртэй зохицуулалттай этгээдийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид хамаарна” хэмээх заалтыг үндэслэж нэхэмжлэгчийн зүгээс гаргасан гомдлыг хангалгүй шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл “Б Г” ХХК нь өөрийн эзэмшлийн хувьцааг барьцаалахдаа Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийг авах хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу эрх бүхий газраас авсныг нотлох баримтгүй гэх үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн үзсэн.

Гэвч Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.5 дахь хэсэгт тусгагдсан зөвшөөрөл авах шаардлага бүхий зохицуулалттай этгээдэд тус хуулийн 24.1.1-24.1.11, 24.1.13 дахь нарийвчлан зааж өгсөн буюу үнэт цаасны брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөх, итгэмжлэн удирдах, андеррайтер, өмчлөх эрхийн бүртгэл, клиринг, төлбөр тооцооны, төвлөрсөн хадгаламжийн, кастодианы, арилжаа эрхлэх болон хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд хамаарах бөгөөд тус хуулийн 24.5-д “... энэ заалт нь хувьцаат компанийн хэлбэртэй зохицуулалттай этгээдийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид хамаарна” гэж заасан нь тухайн зохицуулалттай этгээдийн компанийн хэлбэр нь хувьцаат компани байвал нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид нь энэ заалт хамааралтай гэж хуульчилсан байна. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийн 24.1-д заасан зохицуулалттай этгээд биш болох “А Ө” ХК-ийг тус хуулийн заалтад хамруулан ойлгож хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Түүнчлэн Компанийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн саналыг харгалзахгүйгээр өөрийн эзэмшиж байгаа хувьцаагаа чөлөөтэй захиран зарцуулах эрх эдэлнэ.” хэмээн заасан байхад анхан шатны шүүх нь “А Ө” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг авах ёстой гэж, давж заалдах шатны шүүх нь Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийг авах ёстой гэж тус хууль хэрэглээний зөрүүтэй бөгөөд үндэслэлгүй дүгнэлтүүдийг хийсэн.

Иймд шүүхийн шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 001/ШХТ2025/00186 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөрийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Иы хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдов.

7. Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч “Б Г” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,895,068,493.12 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө нь зээлийн өр төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй, эсхүл боломжгүй бол хариуцагчийн бусад эд хөрөнгөөс гаргуулахыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “... “Б Г” ХХК-тай харилцан тохиролцож зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу тус компанид 2,500,000,000 төгрөгийн зээл олгож, барьцааны гэрээгээр “А Ө” ХК-ийн 69,654 ширхэг хувьцааг барьцаалсан. Зээлийн гэрээг ... сунгасан. ... хугацаа дууссан боловч төлбөрөө төлөөгүй тул үндсэн зээлийн төлбөр 2,500,000,000 төгрөг, 2023.10.31-ний өдрийг дуусах хүртэлх хугацааны хүүгийн төлбөр 2,395,068,493.12 төгрөг, нийт 4,895,068,493.12 төгрөгийг гаргуулах ... үндэслэлтэй.” гэж тодорхойлсон.

8. Хариуцагч “Б Г” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлээс бусдыг буюу зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой тогтоогдсон бол шүүх зээлийн хүүг багасгаж болно.” гэж заасан бөгөөд зээлийн гэрээний хүүгийн хувь хэмжээ байгууллагын эрх ашгийг хохироож байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. ... нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаа хөрөнгийг шаардах эрхгүй. ... барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй. ... “Б Г” ХХК-ийн дүрмийн 36.1.10-т хэмжээ, хэлцэл хийх журмыг, ... 36.1.11-т ... ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл батлах журмыг тусгасан. ...  “А Ө” ХК-ийн 40 хувийн хувьцааг барьцаалах нь гүйцэтгэх захирлын эрх хэмжээний асуудал биш, ... “Б Г” ХХК болон “А Ө” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн үндсэн дээр барьцаанд тавигдах эрх зүйн үндэслэл бүрдэх тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл болно. ...” гэж тодорхойлсон.

9. Хариуцагч “Б Г” ХХК нь Г.Мт холбогдуулан 2019.11.01-ний өдрийн BG1911 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ барьцааны шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээр тодорхойлсон байна. Нэхэмжлэгч Г.М нь сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “... Компанийн тухай хуулиар эрхгүй этгээд гэрээг хийсэн бол гэрээ байгуулсан этгээд нь компанийн өмнө хариуцлага хүлээхээс биш гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлгүй. Энэ гэрээ хүчин төгөлдөр болохыг нотариатч гэрчилсэн. Нотариатын үйлдэл хүчин төгөлдөр байхад шүүхээр хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. ... гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол тухайн гэрээг баталсан нотариатын үйлдэл нь хүчин төгөлдөр бус болох ёстой. Зээлийн зориулалт нь маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй. ...” гэж тайлбарласан байна.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 4,895,068,493.12 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаж,  барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө нь зээлийн өр төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй, эсхүл боломжгүй бол хариуцагчийн бусад эд хөрөнгөөс гаргуулахыг даалгуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлд “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан талаар талууд маргаагүй.  Хэрэгт авагдсан баримтаар зээлийн гэрээний хүү хэт өндөр, зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэхээргүй тул зээлийн хүүг багасгах үндэслэлгүй. Иймд үндсэн төлбөр 2,500,000,000 төгрөг, 2019.11.01-ний өдрөөс 2023.10.31-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү 2,395,068,493.12 төгрөгийг гаргуулах үндэстэй. “Б Г” ХХК нь “А Ө” ХК-ийн 40 хувийн хувьцааг эзэмшиж буй хэдий ч тус компанийн хувьцааг бусдад барьцаалахдаа Компанийн тухай хуулийн 59.1, 87.1.1, 88.1-д заасны дагуу “А Ө” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн талаарх баримтыг ирүүлээгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй. ...” гэж дүгнэсэн.

11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн. Магадлалд “... анхан шатны шүүхийн барьцааны гэрээний талаарх дүгнэлтэд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн ... барьцааны гэрээний зүйл “А Ө” ХК-ийн хувьцаа нь Компанийн тухай хуулиас гадна Үнэт цаасны тухай хуулийн зохицуулалтад хамаарах  үнэт цаас байх бөгөөд хуульд зааснаар  “А Ө” ХК-ийн 40 хувийн хувьцааг эзэмшигч “Б Г” ХХК нь хувьцааг барьцаалахдаа Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийг аваагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Анхан шатны шүүх барьцааны гэрээг их хэмжээний хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Их хэмжээний хэлцлийг зохих журмын дагуу байгуулах нь компанийн дотоод зохион байгуулалтын асуудал тул “А Ө” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг авах шаардлагагүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй. Гэвч энэхүү дүгнэлт нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй...” гэж дүгнэсэн.

12. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг адил тогтоосон буюу нэг талаас зээлдүүлэгч Г.М, нөгөө талаас зээлдэгч “Б Г” ХХК нь 2019.11.01-ний өдөр BG1910 тоот зээлийн гэрээ байгуулсан, тус гэрээний дагуу 2,500,000,000 төгрөгийг Капитрон банк дахь зээлдүүлэгчийн 3055000070 тоот данснаас зээлдэгчийн эзэмшлийн 3053010211 тоот дансанд 2019.11.04-ны өдөр шилжүүлсэн, зээлийн гэрээнд талууд хүү төлөхөөр тохирч, зээлдэгчийн хүсэлтийн дагуу 2022.06.28-ны өдөр 2019.12.16-ны өдрөөс 2022.09.30-ны өдрийг хүртэл, 2022.09.30-ны өдөр 2022.09.30-ны өдрөөс 2023.10.31-ний өдрийг дуусах хүртэл хугацаагаар тус тус сунгасан үйл баримтыг тус тус тогтоосон, зохигч энэ талаар маргаагүй байна.

13. Хоёр шатны шүүх дээрх харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Түүнчлэн талууд 2019.11.01-ний өдөр BG1911 дугаартай барьцааны гэрээ байгуулсан байх ба тус гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ мөн эсэх нь маргааны зүйл болжээ.

14. Анхан ба давж заалдах шатны шүүх дээрх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. Хоёр шатны шүүх хэлцлийн хүчин төгөлдөр байдлын тухайд адил дүгнэж, үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, сөрөг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх боловч ийнхүү шийдвэрлэх болсон хууль зүйн үндэслэл ялгаатай байна.

Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээний зүйл нь барьцаалуулагч “Б Г” ХХК-ийн өмчлөлийн хувьцаа байх ба тус хувьцаа нь “А Ө” ХК-ийн гаргасан энгийн хувьцааны 40 хувь болох тухайд зохигч маргаагүй. Гагцхүү тус хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээ байгуулах журмын талаар харилцан маргаж байна.

Анхан шатны шүүх “А Ө” ХК-ийн 40 хувийн хувьцааг барьцаалах тухай хэлцэл нь түүнийг өмчлөгч “Б Г” ХХК-ийн хувьд Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1-д заасан их хэмжээний хэлцэл, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д заасан сонирхлын зөрчилтэй хэлцэлд хамаарах боловч энэ төрлийн хэлцлийг байгуулахдаа “А Ө” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх журмыг зөрчсөн гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Харин давж заалдах шатны шүүх маргаан бүхий барьцааны гэрээ нь Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлд заасан их хэмжээний хэлцэл биш, иймд Компанийн тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй, гэвч барьцааны гэрээний зүйл болох хувьцааг гаргасан хуулийн этгээд болох “А Ө” ХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн зохицуулалтад хамаарах этгээд мөн атал хувьцаагаа барьцаалах хэлцэл хийхдээ Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийг аваагүй нь тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д заасантай нийцээгүй гэж үзэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн байна.

15. Хоёр шатны шүүх дээрх байдлаар хувьцаа барьцаалах хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар адил шийдвэр гаргасан хэдий ч ялгаатай үндэслэл дурдаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Хяналтын шатны шүүхээс талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх тул барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсон гэж үзлээ. Хоёр шатны шүүх хэлцлийг хүчингүй гэж үзсэн эрх зүйн дүгнэлтүүд дараах үндэслэлээр алдаатай болжээ.

1. Анхан шатны шүүх барьцааны хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ маргаан бүхий хувьцааг өмчилж буй хуулийн этгээд болох “Б Г” ХХК-ийн хэлцэл хийхээс өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй хөрөнгийг захиран зарцуулах журмыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. “А Ө” ХК-ийн 40 хувийн хувьцаа болох 69654 ширхэг энгийн хувьцаа нь “Б Г” ХХК-ийн хувьд дээр дурдсан зах зээлийн үнийн дүн бүхий хөрөнгө болохыг тогтоосон аливаа баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн барьцааны зүйл болох хувьцаа нь тэдгээрийг өмчлөгч “Б Г” ХХК-ийн хувьд их хэмжээний хэлцлийн зүйл болох нь тус хувьцааг гаргасан этгээд болох “А Ө” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудал биш. Тодруулбал, “А Ө” ХК-ийн гаргасан энгийн хувьцаа тус компанийн өмчлөлийн зүйл бус харин хувьцааг нь өмчилж буй “Б Г” ХХК-ийн өмчлөлийн зүйл болно. Иймд Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлд заасан их хэмжээний хэлцлийн тухай зохицуулалт нь хувьцааг өмчлөгч этгээд болох “Б Г” ХХК-д хамааралтай юм.

Энэ үндэслэлээр “Б Г” ХХК нь өөрийн өмчлөлийн зүйл болох хувьцааг барьцаалахдаа хувьцааг гаргасан этгээд болох “А Ө” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зөвшөөрлийг авах ёстой гэх агуулгаар тайлбарласан анхан шатны шүүхийн дүгнэлт буруу байна.

2. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэсэн байх боловч хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн шүүхийн дүгнэлт алдаатай болжээ. Өөрөөр хэлбэл, “А Ө” ХК нь Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээдэд хамаарна гэж үзэхдээ шүүх Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Үнэт цаасны зах зээл нь биржийн ба биржийн бус зах зээлээс бүрдэх бөгөөд энэ зах зээлд төрийн нэгдсэн зохицуулалт, хяналтыг хэрэгжүүлэгч байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо байхаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан. Үнэт цаасны биржийн зах зээлд хувьцаагаа нийтэд санал болгон гаргаж, нээлттэй, чөлөөтэй арилжаалж буй хувьцаат компани нь үнэт цаасаа гаргах, танилцуулга бэлтгэх, анх удаа арилжаанд оруулахдаа Хорооны зохицуулалт, хяналтын хүрээнд үйл ажиллагаа явуулах үндсэн зарчимтай хэдий ч энэ нь нээлттэй хувьцаат компанийн гаргасан үнэт цаасыг үнэт цаасны хоёрдогч зах зээлд арилжих, барьцаалахтай холбоотой хэлцэлд Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийг авсан байх эрх зүйн үр дагаврыг бий болгохгүй. Өөрөөр хэлбэл, биржийн зах зээлд нийтэд санал болгосон үнэт цаасыг хоёрдогч зах зээлд захиран зарцуулах бүрт Хорооноос зөвшөөрөл авна гэж үзэх нь хөрөнгийн зах зээлийн зарчим, мөн чанарт нийцэхгүй.

3. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль дахь “зохицуулалттай этгээд” гэх ойлголт нь тус зах зээлд оролцогчдод мэргэжлийн туслалцаа үзүүлэх, арилжаанд оролцох тусгай нөхцөл, орчинг бүрдүүлэх чиг үүрэгтэй нарийн мэргэшсэн этгээдүүд болох брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөх, клиринг, төлбөр тооцооны компани, үнэт цаасны хадгаламж, бүртгэл, кастодион, биржийн үйл ажиллагаа эрхлэгч зэргийг нэгтгэн илэрхийлнэ. Эдгээр тусгай субьектын үйл ажиллагааны найдвартай байдлыг хангаж, зах зээлд аюулгүй арилжаа эрхлэх нөхцөл, орчинг бий болгох зорилгоор нэгдсэн хяналт, зохицуулалтаар Хороо хангана. Харин үнэт цаасаа нийтэд санал болгож, арилжаанд оруулж буй үнэт цаас гаргагч, үнэт цаасыг худалдан авч, хөрөнгийн зах зээлээр дамжуулан тодорхой бизнес, эдийн засгийн салбарт хөрөнгө оруулалт хийх замаар ашиг олохыг зорьж буй худалдан авагч-хөрөнгө оруулагч /хамтын сангийн зарчмаар хөрөнгө оруулагчаас бусад/ нь агуулгын хувьд зохицуулалттай этгээдэд хамаарахгүй.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д заасан хувьцаат компани нь дээр дурдсан “зохицуулалттай  этгээд”-ийн зохион байгуулалт-эрх зүйн хэлбэрийг илтгэсэн ойлголт бөгөөд тухайлбал, брокерийн компани хувьцаат компанийн хэлбэртэй байгуулагдсан бол энэ компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид хамаарах зохицуулалт юм.

          Энэ үндэслэлээр зохицуулалттай этгээд бус “А Ө” ХК-ийн хувьцаа эзэмшигч “Б Г” ХХК-ийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт заасан зохицуулалттай этгээдэд хамааруулан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн давж заалдах шатын шүүхийн дүгнэлтийг залруулна.

16. Хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т Зохицуулалттай зах зээл дэх үнэт цаасыг барьцаалахтай холбоотой харилцааг энэ хуульд үндэслэн үнэт цаасыг зохицуулах, хянах, эрх бүхий байгууллагын тогтоосон журмаар зохицуулна гэж заасан. Өмнө дурдсанчлан үнэт цаасны зах зээл нь биржийн ба биржийн бус зах зээлээс бүрдэх ба тус зах зээлийг төрийн эрх бүхий байгууллагаас хянан зохицуулах үйл явцыг хуулиар зөвшөөрсөн тул нээлттэй арилжаалж буй үнэт цаасыг барьцаалах тусгайлсан журмыг Санхүүгийн зохицуулах хороо батлах боломжтой. Энэ үүднээс 2018.12.26-ны өдөр тус хорооноос Үнэт цаас барьцаалах журмыг баталсаныг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байна.

Тус журмын 2.2-т Барьцааны мэдэгдэл нь цахим мэдээллийн санд бүртгэгдэж, баталгаажигдсанаар хүчин төгөлдөр болох бөгөөд энэ тохиолдолд барьцаалагч нь барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэхээр заасан байна. Гэвч барьцааны мэдэгдлийг тус мэдээллийн санд бүртгүүлээгүй явдал нь барьцааны гэрээг барьцаалагч ба барьцаалуулагчийн хувьд хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй, харин барьцааны гэрээний тал бус гуравдагч этгээдийн хувьд барьцааны эрх хэрэгжүүлэх дарааллыг тогтооход эрх зүйн ач холбогдолтой гэж тайлбарлах нь Хөдлөх эд хөрөнгө ба эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан үзэл санаанд нийцнэ. Тус хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т үнэт цаас барьцаалах журмыг Хорооноос тусгайлан батлахдаа энэ хуульд үндэслэхийг шаардсан нь дээрх зарчмыг баримтлах нөхцөл болох юм.

17. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараас барьцааны зүйл болох хувьцааг 2016.02.15-ны өдрөөс хойш үнэт цаасны хадгаламжийн байгууллага тусгаарлан бүртгэсэн байх ба дээрх журмын 2.1-д үнэт цаасыг барьцаалагч барьцааны мэдэгдлийг хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн санд бүртгүүлж, баталгаажуулсны үндсэн дээр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагад үнэт цаасаа тусгаарлуулна гэж заасан байна.

 Иймд тус хэргийн талууд хувьцаа барьцаалахаар хэлцэл байгуулах үед барьцааны зүйл болох хувьцаанд бусад этгээдийн барьцааны болон түүнтэй төстэй эрх үүссэн байх боломжтой байх тул нэхэмжлэгч Г.Мийн барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангасан явдал нь түүнээс өмнө үүссэн, эсхүл цахим мэдээллийн санд бүртгүүлэн баталгаажсан, эсхүл хуульд заасны дагуу тусгаарлах үндэслэл болсон бусад шаардлагыг энэ барьцааны эрхээс өмнө хангахад дарааллын хувьд саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

18. Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн хооронд байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх тул барьцааны зүйлийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалд энэ агуулгаар өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

19. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн заалтыг дугаарлахдаа 2 дахь заалтыг орхигдуулсан байх тул шийдвэрт өөрчлөлт оруулахад ойлгомжтой байх үүднээс 3 гэсэн дугаартай заалтыг 2 гэж өөрчлөн, дараагийн заалтуудыг дэс дарааллын дагуу өөрчлөн дугаарлаж засах нь зүйтэй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/00013 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2024/04014 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 153 дугаар зүйлийн 153.1-д заасныг баримтлан хариуцагч “Б Г” ХХК-аас 4,895,068,493.12 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Мт олгож, барьцааны зүйл болох “А Ө” ХК-ийн 69654 ширхэг хувьцааг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг даалгаж, барьцаа хөрөнгө нь зээлийн өр төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй, эсхүл боломжгүй бол хариуцагчийн бусад хөрөнгөөс гаргуулах тухай шаардлага болон 2019.11.01-ний өдөр байгуулсан BG1911 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтын

 “... хариуцагч “Б Г” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 24,633,292 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Мт олгож, нэхэмжлэгч Г.Мээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч “Б Г” ХХК-д олгосугай.” гэснийг “ ... хариуцагч “Б Г” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 24,773,693 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мт олгосугай.” гэж өөрчлөн найруулж, дугаарыг 2 гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 4 дэх заалтын дугаарыг 3 гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Г.М нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.01.20-ны өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.ЭРДЭНЭСУВД

                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                     ШҮҮГЧИД                                                  Н.БАТЗОРИГ

                                                                                             Н.БАТЧИМЭГ

                                                                                              Н.БАЯРМАА