Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2021/0547

 

 

 

 

 

  2021           08           23                                    128/ШШ2021/0547

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Х Ш ХХК /РД:*******/,

Хариуцагч: Ш Ө Х Т Г У Б  Д.Г,

Гомдлын шаардлага: “Ш Ө Х Т Г У Б  Д.Ггийн гаргасан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0059300 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, өмгөөлөгч Г.Б, хариуцагч  Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Ш Ө Х Т Г У Б Д.Г 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0059300 дугаар шийтгэлийн хуудсаар Х Ш ХХК-ийг 20,000,000 төгрөгөөр торгохдоо махны үнийг хөөрөгдүүлсэн, иргэдийн дунд үймээн самуун үүсгэсэн, үнийн түвшинг тогтвортой байлгаагүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт "хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан...” гэж заасныг үндэслэсэн байна. 

Энэ шийтгэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэг. Шийтгэлийн хуудсанд дурдсан дээрх торгох үндэслэл нь бодит байдал дээр тогтоогдоогүй байхад, өөрөөр хэлбэл, торгох хууль зүйн үндэслэл бүрдээгүй байхад торгосон.

Х Ш ХХК-аас махны үнийг хөөрөгдүүлсэн, нэмсэн гэх тухайд:

Улсын байцаагчид Х Ш худалдааны төв дээр 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 10 цагаас 18 цагийн хооронд газар дээр нь хяналт шалгалт хийж ажилласан. Ингэж өдөржин ажиллахдаа махны үнийг хэрхэн хөөрөгдөж нэмсэн талаар ямар ч зөрчил илрүүлээгүй. Хэрэв махны үнээ хөөрөгдөж нэмсэн худалдагч тогтоогдвол Х Ш ХХК-аас байгуулсан гэрээгээ цуцлах, мөн улсын байцаагч хуулийн хариуцлага тооцох ёстой. Гэтэл эзэн биегүй иргэдийн гомдол, зарим телевизийн баримтгүй худал мэдээлэл дор үндэслээд  20,000,000 төгрөгөөр торгосон нь хууль бус байна.

 Махны зах зээлийн үнэ нь тухайн махны чанар, тухайн өдрийн эрэлт нийлүүлэлтээс хамаарч махны худалдан борлуулагч болон худалдан авагч нар өөрсдөө тогтоодог бөгөөд Х Ш ХХК нь мах зардаггүй болно. Үндэсний статистикийн газраас гаргасан махны үнэний мэдээллээс дээрх үнэ огцом өсөөгүй гэдгийг харж болно.

Х Ш ХХК-аас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр худалдаа эрхэлж буй иргэдэд хандан мэдэгдэл гаргаж, бүгдэд нь тарааж, чанга яригчаар байнга танилцуулсан. Уг мэдэгдэлд цар тахлын өвчин тархсан энэ хүнд үед нийт худалдаачдаас махныхаа үнийг нэмэхгүй байхыг анхааруулж уриалсан мөн зөрчвөл эрх бүхий төрийн байгууллагаас арга хэмжээ авах, мөн компани байгуулсан гэрээгээ цуцална хэмээн анхааруулсан.

Иргэд болон худалдаачид махны үнээс болж маргалдаж үймээн самуун үүссэн гэх тухайд:

Тухайн өдөр мах зөөгч махаа шалан дор унагааснаас болж махны худалдагч Х.Э мах зөөгч н.Д нарын хооронд маргаан үүссэн байна. Үүнийг хөндлөнгөөс харсан сурвалжлагч зургийг нь аваад махны үнэ нэмснээс болон худалдагч ба иргэдийн хооронд маргаан үүслээ хэмээн худал мэдээлэл тараасныг Ш Ө Х Т Г У Б  нар нягталж шалгаагүй байна. Цагдаагийн байгууллагаас уг маргааныг шалгаад махны үнийн өсөлттэй холбоогүй гэдгийг тогтоосон бөгөөд мөн худал мэдээлэл тараасан сурвалжлагч албан ёсоор махны үнэ нэмэгдээгүй, үнэ хөөрөгдсөнөөс болж зодоон болоогүй байна” гэж залруулга хийсэн болно.

Үнийн түвшинг тогтвортой байлгаагүй гэх тухайд:

Зах зээлийн эдийн засагт бараа бүтээгдэхүүн, тэр дундаа өргөн хэрэглээний бараа болох махны үнэ зах зээлийн хуулиараа буюу эрэлт, нийлүүлэлтээрээ тогтоогддог. Махны үнийг Х Ш ХХК тогтоох боломжгүй. Манай компани махны худалдагч, түрээслэгч нартай Ажлын байр түрээслэх гэрээ байгуулдаг ба уг гэрээгээр түрээсийн төлбөрийг харилцан тохиролцдог. Харин дэлхий нийтээр тархаад байгаа Ковид-19 халдварт өвчинтэй холбоотойгоор түрээсийн төлбөрийг 50-100%-иар буулгаж, түрээслэгч худалдагч нарын үйл ажиллагааг дэмжсэн.

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсгийг зөрчсөн тухайд:  Х Ш ХХК-ний зүгээс хэрэглэгчийн хохироосон ямар нэгэн хууль бус үйлдэл тогтоогдоогүй тул дээрх хуулийн заалтыг хэрэглэх ёсгүй.

Хоёр. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж шийтгэх хуудас гаргасан байна.

 Улсын байцаагч Д.Г нь зөрчилтэй холбоотой ямар ч нотлох баримт байхгүй, зөрчлийг шалган тогтоох ажиллагаа хийгээгүй хууль зөрчсөнөө зөвтгөн тайлбарлахдаа хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийсэн хэмээдэг.

ЗШШтХ 6.6 дугаар зүйл. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх үндэслэлгүй байхад Х Ш зах дээр махны үнийг хөөрөгдөн нэмсэн, хууль зөрчсөн ямар ч үйлдэл илрээгүй, нотлох баримт болон тодорхой эзэн этгээд олдоогүй байхад Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж хууль илэрхий зөрчсөн байна.

Иймд Ш Ө Х Т Г У Б  Д.Ггийн гаргасан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0059300 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагч Ш Ө Х Т Г У Б , итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн мэдээллийн төвийн 115 дугаартай хэрэглэгчийн гомдол мэдээлэл хүлээн авах утсанд иргэд, хэрэглэгчдээс Х Ш ХХК-ийн Х Ш хүнсний захын махны үнэ огцом өссөн, тухайлбал 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1кг нь 5000 төгрөг байсан хонины мах 8500 төгрөг болсон, 1кг нь 8000 төгрөг байсан үхрийн мах 11000 төгрөг болсон ба иргэдийн дунд махны худалдаа ямар ч зохион байгуулалтгүй, эмх цэгцгүй, үймээн самуун үүсээд байна" гэх гомдол, мэдээллийн дагуу Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга нарын хамтарсан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/53 дугаартай удирдамжийн хүрээнд хяналт шалгалтын ажлын хэсгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Улсын ахлах байцаагч Ш.Цэрэндулам ахалж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын мэргэжилтэн, Улсын байцаагч Д.Г нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Х Ш ХХК-ийн Х Ш захын нөхцөл байдалтай газар дээр 10.00-11:00 цагийн үед, 14.00-15:00 цагийн үед 16.00-18:00 цагийн үед нийт 3 удаагийн хяналт шалгалт хийсэн.

Шалгалтын явцад Х Ш зах нь махны нийлүүлэлт хэвийн байсаар атал махны үнийг хөөрөгдөж худалдаалсан мөн байгууллагын дотоод зохион байгуулалтгүй хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зэрэг нөхцөл байдалтай байсан. Түүнчлэн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1кг нь дунджаар 5000 төгрөг байсан хонины махыг 7500 төгрөгөөр худалдан 2500 төгрөг нэмсэн, 1кг нь дунджаар 8000 төгрөг байсан үхрийн мах 11000 төгрөгөөр худалдан 3000 төгрөг нэмж худалдан борлуулсан нь нотлогдсон. Энэ нь Нийслэлийн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны Төвүүдэд үнэтэй мах зарах боломж, нөхцөлийг бүрдүүлж, хуулиар тогтоосон зүй ёсны үүргээ биелүүлж ажиллаагүй нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон.

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсад Ковид-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Нийслэл Улаанбаатар хотод гамшгийн хэсэгчилсэн хөл хорио тогтоож, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 78 дугаар тогтоолын дагуу бараа бүтээгдэхүүн, амны хаалт,  ариутгалын бодисын хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутамд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомстол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байсан. Энэхүү тогтоолыг үндэслэн Улсын ерөнхий байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаар албан шаардлагыг Х Ш захын удирдлагад хүргүүлж ажиллаж байсан.

Гэтэл Х Ш ХХК нь дээрх албан шаардлагыг цаг тухайд нь биелүүлээгүй, байгууллагын дотоод хяналт зохион байгуулалт байхгүй, махны үнийг хөөрөгдүүлэн худалдан борлуулж байгаа нь иргэд, хэрэглэгчдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын хийгдсэн лайв бичлэг, мэдээ мэдээлэл түүнд хийгдсэн үзлэгээр тогтоогдсон.

 Х Ш ХХК-ийн гаргасан зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой, хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэлийг Х Ш ХХК-д ногдуулсан. Нийслэлийн прокурорын хяналтын прокурорт зөрчлийн хэргийн хянуулсан.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Х Ш ХХК нь Ш Ө Х Т Г У Б  Д.Гд холбогдуулан “Ш Ө Х Т Г У Б  Д.Ггийн гаргасан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0059300 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдол гаргасан.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, гомдол гаргагчийн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гомдол гаргагчаас “Шийтгэлийн хуудсанд дурдсан дээрх торгох үндэслэл нь бодит байдал дээр тогтоогдоогүй байхад, өөрөөр хэлбэл, торгох хууль зүйн үндэслэл бүрдээгүй байхад торгосон ... Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж шийтгэх хуудас гаргасан” гэж,

Хариуцагчаас “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн мэдээллийн төвийн 115 дугаарт иргэдээс Х Ш хүнсний захын махны үнэ огцом өссөн гэх гомдол, мэдээллийн дагуу шалгахад 1кг нь дунджаар 5000 төгрөг байсан хонины махыг 7500 төгрөгөөр худалдан 2500 төгрөг нэмсэн, 1кг нь дунджаар 8000 төгрөг байсан үхрийн мах 11000 төгрөгөөр худалдан 3000 төгрөг нэмж худалдан борлуулсан нь нотлогдсон.” гэж тус тус маргажээ.

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаар тушаалаар тус тус ... хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутамд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг ... холбогдох яамдууд болон Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт үүрэг болгосны дагуу Онцгой байдлын ерөнхий газрын дарга болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга нарын хамтран баталсан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 01/53 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу Ш Ө Х Т Г У Б  Д.Г нь Х Ш ХХК зах нь цар тахлын үед махны үнэ өсгөн зарсан зөрчлийг шалгаж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0059300 дугаар[1] шийтгэлийн хуудсаар 20,000,000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан байна.

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Х Ш ХХК-д хяналт шалгалт хийсэн тухай[2] улсын байцаагчийн тэмдэглэлд  “...2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэл Улаанбаатар хотод гамшгийн хэсэгчилсэн хөл хорио тогтоосон үед хэрэглэгчийн мэдээллийн төвийн 115 дугаарт Х Ш хүнсний захын мах гэнэт өссөн, тухайлбал 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1кг нь 5000 төгрөг байсан хонины мах 8500 төгрөг болсон байх ба 1кг нь 8000 төгрөг байсан үхрийн мах 11000 төгрөг болсон, мөн иргэдийн дунд махны худалдаа ямар ч зохион байгуулалтгүй эмх цэгцгүй байна” гэх иргэдийн гомдол, мэдээлэл ирсэнтэй холбогдуулан Х Ш захын нөхцөл байдалтай газар дээр нь 10:00-11:00 цагийн үед 1 удаа, 14:00-15:00 цагийн үед 1 удаа, 16:00-18:00 цагийн үед нэг удаа нийт 3 удаагийн хяналтыг хийж ажиллахад  Х Ш зах нь махны нийлүүлэлт хэвийн байсаар атал үнийг хөөрөгдөж, хэрэглэгч бодит үнээр гамшгийн үед бараа бүтээгдэхүүнийг худалдан авах хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн шинжтэй байна…” гэж дурдсан,

Түүнчлэн ...2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хэрэглэгчийн мэдээллийн төвийн 115 дугаарт "Б.Ш /********/, Н.О /********/, Б.Т /********/, Б.Я /********/, Л.Ч /********/ , н.Х /********/, Б.Б /********/, н.М /********/, н.Д /********/ , О.Т /********/, Б.У /********/, н.Д /********/, Э.Т /********/, н.О /********/, н.Б /********/, С.Э /********/, Б.У /********/, Б.Э /********/ Э.Ц /********/, Б.Э /********/, Т.С /********/  Х Ш зах үндэслэлгүйгээр үнэ нэмж, иргэдийн дунд үймээн самуун үүсгэж байгаа талаар гомдол, мэдээлэл ирүүлсэн... талаар дурдсан боловч дээрх мэдээллийн дагуу Х Ш захын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхдээ зөрчлийг үйлдсэн этгээдийг илрүүлээгүй, зөрчил хэрхэн гарсныг тогтоогоогүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь “...хэрэглэгчдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл болон тухайн өдрийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын хийгдсэн бичлэг, мэдээ, мэдээлэл, түүнд хийгдсэн үзлэгээр тогтоогдож байна..., иймд холбогдогч Х Ш ХХК захын гаргасан зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой ...” гэж дүгнэн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн “Өрсөлдөөний тухай хууль зөрчих” хэсгийн 4.7. хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ... хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах, 7.1.2. бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох үйлдлийг хориглохоор тус тус зохицуулжээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Х Ш ХХК-ийг махны худалдааны түрээсийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон бөгөөд махны бөөний болон жижиглэнгийн худалдаанд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч биш.

Гомдол гаргагч Х Ш ХХК-иас Ковид-19 халдварт өвчинтэй холбоотойгоор түрээсийн төлбөрийг 50-100%-иар буулгаж, түрээслэгч худалдагч нарын үйл ажиллагааг дэмжсэн, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр худалдаа эрхэлж буй иргэдэд хандан мэдэгдэл гаргаж, бүгдэд нь тарааж, чанга яригчаар байнга танилцуулсан. Уг мэдэгдэлд цар тахлын өвчин тархсан энэ хүнд үед нийт худалдаачдаас махныхаа үнийг нэмэхгүй байхыг анхааруулж уриалсан мөн зөрчвөл эрх бүхий төрийн байгууллагаас арга хэмжээ авах, мөн компани байгуулсан гэрээгээ цуцална хэмээн анхааруулсан талаараа шүүхэд гаргасан тайлбартаа дурдсан байна.

Х Ш ХХК-ийн махны худалдагч нартай байгуулсан Ажлын талбай түрээслэх гэрээнд зааснаар Х Ш ХХК-иас түрээслэгчийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтоох, нэмэгдүүлэх, бууруулахад хяналт тавих талаар тусгагдаагүй, харин хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох буюу түрээсийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар тусгагджээ.

Үүнээс үзэхэд хариуцагчийн зөрчил гэж үзсэн “...тодорхой шалтгаангүйгээр махны үнийг хөөрөгдүүлж, үймээн самуун үүсгэн үнийн түвшинг тогтвортой байлгаагүй...” гэх үйлдлийг Х Ш ХХК нь гаргаагүй, хэрэв түрээслэгчид буюу махны бөөний болон жижиглэнгээр худалдагчид энэхүү зөрчлийг гаргасан нь тогтоогдсон тохиолдолд тэдгээр түрээслэгч нарын өмнөөс Х Ш ХХК-д хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, Х Ш ХХК-тай түрээсийн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа түрээслэгч нар  нь өөрсдийн түрээсэлсэн талбай, лангуун дээрээ худалдан борлуулж байгаа махны үнийг нь өсгөж хэрэглэгчдэд зарсан гэх зөрчлийг Х Ш ХХК-д холбогдуулах боломжгүй.

Мөн Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 06/450 дугаар[3] албан бичгээр ирүүлсэн мэдээлэлд 2020 оны 11 дүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод худалдаалагдсан махны дундаж үнийг Хонины мах, ястай 8632 төгрөг, Үхрийн мах, ястай 11074 төгрөг, Үхрийн мах, цул 12951 төгрөг, Ямааны мах ястай 6922 төгрөг, Адууны мах ястай 8713 төгрөгөөр хэрэглээний үнийг тооцсон байна.

Онцгой нөхцөл байдлын үед махны үнийг өсгөх оролдлого гарсныг үгүйсгэхээргүй боловч ... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Х Ш зах дээр 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 1кг нь дунджаар 5000 төгрөг байсан хонины махыг 7500 төгрөгөөр худалдан 2500 төгрөг нэмсэн, 1кг нь дунджаар 8000 төгрөг байсан үхрийн махыг 11000 төгрөгөөр худалдан 3000 төгрөг нэмж худалдан борлуулсныг нотолсон гэх боловч хариуцагчаас ирүүлсэн видео бичлэгээр ямар этгээд махны үнийг хэрхэн өсгөсөн болох нь нотлогдсонгүй.

Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1. Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино., Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1.Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ. гэж заасан атал хариуцагч нь зөрчил гаргасан этгээдийг олж тогтоолгүйгээр түрээслүүлэгч Х Ш ХХК-ийг зөрчил гаргасан гэж үзсэн нь уг хуулийн зорилтод нийцээгүй байна. 

Мөн Хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогч Л.Цээс авсан тайлбарт “... Х Ш ХХК нь махны худалдаа эрхэлдэггүй, мах худалдан борлуулаагүй, түрээслэгч нарын махны үнэ нэмсэн асуудал нь түрээслүүлэгчид хамааралгүй” гэж тайлбарласаар байтал хариуцагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д заасан ... гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүргийг хэрэгжүүлээгүй, холбогдогчийг зөв тогтоогоогүй.

Иймд Х Ш ХХК-ийн гаргасан гомдлыг хангаж, Ш Ө Х Т Г У Бийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0059300  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 -д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 10.7 дугаар зүйлийн 4.7, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан Х Ш ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Ш Ө Х Т Г У Б ийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0059300 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар  шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, прокурор энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.АДЪЯАСҮРЭН

 

 

 

[1] 1 хавтаст хэрэг 86 дахь тал,

[2] 1 хавтаст хэрэг 62 дахь тал,

[3] Хэргийн 139 дэх тал