Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2163

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/02732 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Э-ын хариуцагч “Р” ХХК, “Б” ХХК холбогдуулан гаргасан авто зогсоолын төлбөрт 15 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбулган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 02 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 2-50 тоотод хоёр обьект бүхий 68 м.кв, 42 м.кв хувийн орон сууцыг түүний доор байрлах 437 м.кв газрын хамт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Б” ХХК-тай 70,3 м.кв орон сууцыг автомашины зогсоол буюу гражийн хамтаар солихоор харилцан тохиролцож 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр №Г/28 тоот гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед хариуцагч компанийн зүгээс зогсоолыг хамтад нь шийдвэрлэнэ, санаа зовох хэрэггүй гэсээр гэрээнд тусгуулалгүй гарын үсэг зуруулсан. Гүйцэтгэгч байгууллага болох “Р” ХХК-тай 2016 ны 11 дүгээр сарын 05-ны өдөр газар худалдах, худалдан авах болон орон сууц захиалах гурван талт гэрээг дахин шинэчлэн байгуулсан боловч тус гэрээнд зогсоолын асуудлыг шийдэж өгөлгүй “Б” ХХК-аас нэхэмжил бидэнд хамаагүй гэдэг хариу амаар өгсөн тул “Б” ХХК, “Р” ХХК-аас авто зогсоолын төлбөрт 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Р” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Батцэнгэлийн хүсэлтээр гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд орон сууц олгосон. Тус компани нь иргэдтэй газрыг орон сууцаар солилцох тохиролцоог урьдчилан хийсэн байсан бөгөөд манай компани энэхүү тохиролцоонд оролцоогүй тул “Р” ХХК-аас автомашины зогсоол нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “Б” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК нь нэхэмжлэгч Ц.Этай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, үүрэг амлалт өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “Б” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б ХХК-н гэр хорооллын дахин төлөвлөлт” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээг ашиглан нэхэмжлэгч Ц.Этай 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр № Г/28 тоот гэрээг харилцан тохиролцож байгуулсан. “Бы гэр хорооллын дахин төлөвлөлт” ХХК нь “Р” ХХК-ийн шинээр барьж ашиглалтад оруулсан, Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороолол, Нарны зам, 101-р байр хаягтай орон сууцыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд олгохоор “Р” ХХК-тай тохиролцсон. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр газар худалдах, худалдан авах болон орон сууц захиалах гурван талт гэрээг Ц.Э болон хамтран өмчлөгч Э.Батбилэг, Э.Дөлгөөн нартай “Р” ХХК-ийг оролцуулан байгуулсан. Энэхүү гэрээний дагуу Ц.Эын өмнө нь байгуулсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээгээр тохиролцсон 70,3 м.кв орон сууцтай талбайн хувьд дүйцэх байр болох 61,63 м.кв талбайтай орон сууцыг “Р” ХХК-ийн барьсан орон сууцны барилгаас олгож, орон сууцны талбайн зөрүүд 8 600 880 төгрөгийг Ц.Э-т олгосон.

Манай компани нь Ц.Э-тай гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээгээр 70,3 м.кв орон сууц дээр нэмж автомашины дулаан зогсоол өгөх тухай тохиролцоо хийгээгүй. Мөн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гэрээг дүгнэж акт үйлдсэн ба тус актад гэрээнд заасан орон сууцыг хүлээн авснаар гэрээний үүргийн гүйцэтгэл 100 хувь биелэгдсэнд тооцож, нэмж шаардлага гаргахгүй болохыг Ц.Э гарын үсэг зурж баталгаажуулсан. Иймд Ц.Э нь гэрээгээр тохиролцоогүй зүйл болох автомашины зогсоолыг тохиролцсон мэтээр худал хэлж манай компаниас нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Р” ХХК, “Б” ХХК, “Б ХХК-н гэр хорооллын дахин төлөвлөлт” ХХК-иудад холбогдох 15 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Б ХХК-н гэр хорооллын дахин төлөвлөлт” ХХК-тай 70,3 м.кв орон сууцыг автомашины зогсоолын хамт солихоор харилцан тохиролцож 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр №Г/28 тоот гэрээ байгуулсан боловч гэрээ шинэчлэх зорилгоор анх байгуулсан гэрээг хурааж, засч будлиулсаар 70,3 м.кв биш 61.63 м.кв орон сууцыг автомашины зогсоолгүй өгсөн. Миний зүгээс тус компаниудад өргөдөл гомдол гаргасан ба тэдгээрийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөхөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн гэрчийн “граж өгөх талаар гэрээ байгуулсан, дараа нь гэрээг Натур худалдааны төвийн дэргэд баригдах орон сууцнаас өгнө гэж хураан авч шинэчилсэн, түүний дараа граж хасагдсан талаар Ц.Э ярьж байсан” гэж мэдүүлсэн байхад шүүх гэрчийн мэдүүлгийг анхаарч үзээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч “Р” ХХК, “Б” ХХК, “Б ХХК-н гэр хорооллын дахин төлөвлөлт” ХХК-иудад холбогдуулан автомашины зогсоолын төлбөрт 15 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг /хх1/ хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч “Б ХХК-н гэр хорооллын дахин төлөвлөлт” ХХК-тай гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт Г/28 тоот гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, Консул 2-50 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 437 м.кв өмчлөх эрхтэй газар болон 68 м.кв, 48 м.кв хувийн орон сууцнуудыг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороололд баригдах орон сууцны 16 давхарт 3 өрөө 70.03 м.кв орон сууцаар солихоор тохиролцжээ. /хх.4-6/

Улмаар “Б ХХК-н гэр хорооллын дахин төлөвлөлт” ХХК нь “Р” ХХК-ийн шинээр барьж ашиглалтад оруулсан орон сууцыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд олгохоор 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ц.Э, Э.Дөлгөөн, Э.Батбилэг нартай “Р” ХХК-ийг оролцуулан газар худалдах, худалдан авах болон орон сууц захиалах гурван талт гэрээг байгуулж, 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Г/28 тоот гэрээгээр тохиролцсон 70.03 м.кв орон сууцтай талбайн хувьд дүйцэх байр болох 61.63 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгчид олгож, орон сууцны талбайн зөрүүд 8 600 880 төгрөг олгосон болох нь талуудын хооронд байгуулагдсан гурван талт гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх9-10, 58-59, 80-82/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Г/28 тоот гэрээнд автомашины зогсоолын талаар тусгаагүй ч орон сууцыг зогсоолын хамт солихоор харилцан тохиролцсон...” гэж тайлбарласан хэдий ч тус тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар нотлоогүй, харин 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “...орон сууцыг хүлээн авснаар 2 болон 3 талт гэрээний үүргийн гүйцэтгэл 100 хувь биелэгдсэнд тооцож, орон сууцны хэмжээ, байршил, чанар, бусад зүйлийн талаар нэмж шаардлага гаргахгүй...” гэсэн агуулга бүхий гэрээ дүгнэсэн актад нэхэмжлэгч тал гарын үсэг зурж баталгаажуулсан нь хэргийн 30 дугаар талд авагджээ. Түүнчлэн гэрээнд гражийн талаар тусгагдсан байсан гэх гэрч Ц.Энхжаргалын мэдүүлэг нь хэргийн баримтаар нотлогдохгүй, эргэлзээтэй байх бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн гэж үзэх ба энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Иймд хариуцагчийг нэхэмжлэгчид автомашины зогсоол хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан, гэрээний үүргийг зөрчсөн гэж үзэхгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/02732 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 240 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                                  А.ОТГОНЦЭЦЭГ