Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/1192

 

Г.Г-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

шүүгдэгч Г.Г-гийн өмгөөлөгч Г.Чингис, Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/520 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1911020910454 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Г.Г-, 1990 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Шүүгдэгч Г.Г- нь 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн С-3 лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 14.455.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Г-г бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшиж 14.455.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүний сэжигтнээр баривчлагдсан 1 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-гаас 14.455.400 төгрөгийг гаргуулан хохирогч Б.С-д олгож, шүүгдэгч Г.Г-гийн 2011 оны 10 дугаар сарын 19-ны өдөр төрсөн охин Г.Цэлмүүн, 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Г.Билэгдэмбэрэл нарт зохих асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгаж, шүүгдэгч Г.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.Г- гаргасан давж заалдах гомдолдоо: “...шүүхээс шийтгүүлэх үед би 4 сартай жирэмсэн байсан боловч хууль, эрх зүйн мэдлэггүйн улмаас үүнийгээ хэлж чадаагүй. Хорих ангийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байх явцад биеийн байдал дээрдээгүй. 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Эх нялхасын эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхэд ураг амьгүй болсон байсан. Үүнээс хойш доошоо юм гарч, сав өвдөж, сэтгэл санаа маш хүнд байна. Би гэм буруугаа ухаарч гэмшсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна. Иймд миний биеийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Г.Г-гийн өмгөөлөгч Г.Чингис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Г- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлгийг удаа дараа өгч шүүхийн хэлэлцүүлэгт 14.455.400 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Өнөөдрийн байдлаар хохирогч Б.С-д 3.000.000 төгрөгийг төлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг биелүүлж байна. Үлдэгдэл хохирлыг шат дараатайгаар хохирогч Б.С-д төлж барагдуулах болно. Шүүгдэгч Г.Г- эрүүл мэндийнхээ байдлыг өөрийн гаргасан давж заалдах гомдолдоо тодорхой дурдсан байгаа. Тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ба үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү. ...” гэв.

             Шүүгдэгч Г.Г-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Г.Г-гийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдэх хэсгийг цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн болон эрүүл мэнд, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэв. 

            Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Г.Г-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох ялын төрөлтэй. Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын төрлийг сонгож оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Г.Г- нь 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн С-3 лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа тус лангууны эзэн, хувиараа арилжаа эрхэлдэг иргэн Б.С-гийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох бэлэн хувцас, хэрэглэл худалдан борлуулсны орлогоос хувьдаа завшиж, нийт 14.455.400 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Б.С- нь “...2018 оны 10 дугаар сараас би уг лангууг хариуцан ажилладаг болсон. Би Хятад Улсаас өөрөө бараагаа авч ирдэг. Уг лангуун дээр унтлагын хувцас, өмд, оймс, дотуур хувцсыг зарж борлуулдаг байсан. Тухайн үед их хэмжээний унтлагын хувцас оруулж ирээд агуулахад хийхдээ Г-д тоолж хүлээлгэн өгсөн. Тухайн үеэс хойш сар болгон тооллого хийхэд байнга л мөнгө дутдаг байсан. ... 2019 оны 4 дүгээр сард тооллого хийхэд их хэмжээний мөнгө дутсан. Г-д сарын 700.000 төгрөгийн цалин болон өдрийн хоолны мөнгө гэж 5000 төгрөг, унааны мөнгө гэж 2000 төгрөгийг өгдөг байсан. Хоолны мөнгийг орлогоосоо өдөр өдөртөө авчихдаг байсан. ... 2018 оны 10 дугаар сарын 20-ноос 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд ажиллах хугацаандаа 14.455.400 төгрөгийн хохирол учруулсан байна. 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр манай ажилтан болох Солонго, Г- нартай тооцоо нийлж уг хохирлын дүнг санал нэгтэй гаргасан. Уг мөнгийг Г- гэгчээс гаргуулан авч учирсан хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. ...” /хх 24-25/ гэж Г.Г-г С-3 лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа бэлэн хувцас, хэрэглэл худалдан борлуулсан орлогын мөнгөнөөс дутаасан үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

- гэрч М.Гарамхандын  “...би С-тай 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хамт ажиллаж байгаа. “Алтжин бөмбөгөр”, хуучин “Бөмбөгөр”, “Шөнийн зах”-д нийт 4 лангуу ажиллуулдаг бөгөөд би энэ дэлгүүрүүдийн тооцоог 2 сар тутамд нэг удаа гаргадаг. ... худалдагч нар өөрсдөө хүлээн авсан барааны дэвтэртэй ... бараа хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн дэвтрүүд нь хоорондоо зөрдөг. Би тооллого хийхдээ зөрүүгээ хоорондоо тооцоо нийлж арилга гэдэг байсан. ... Г-гийн хувьд тооллого хийхдээ ашигладаг миний дэвтэр дээр засвар хийсэн. ... тоо зассан байгаа талаар хэлэхэд юм дуугарахгүй байсан. ... би барааны үнийг мэддэггүй. Бага үнийн дүнтэй барааг их үнийн дүнтэй гэж тоолуулдаг байсан байж болзошгүй. ... Г- нь тоолуулж байгаа бараагаа өөрөө агуулахаас гаргаж ирээд би наанаас нь тоолдог байсан болохоор өмнө нь тоолуулсан барааг дахин тоолуулдаг байсан байж магадгүй. ...” /хх 30/,

- гэрч Ч.Солонгын “...2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр С-, Г- бид гурав өөрсдийн тооцоо болон тооллого хийдэг тооцооны дэвтрийг тулгаж хохирлын мөнгийг бодож гаргасан. ... хамрах цаг хугацаа нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ... Энэ тооцоон дээр бид гурав нийлж гарын үсэг зурсан. Г- нь анх худалдагчаар ажилд ороход манай лангуун дээрх барааны үлдэгдэл гэж 61.732.500 төгрөгийн барааг анх хүлээн авсан. Харин ажиллах хугацаанд Сүмбэрээ нь 125.847.000 төгрөгийн барааг нийлүүлсэн. Ингээд нийт 187.579.000 төгрөгийн бараа болж байгаа юм. Ажиллах хугацаандаа 61.594.600 төгрөгийн орлого оруулж тушаасан. Тиймээс нийт орлого болох 61.594.600 төгрөгийг хасахад нийт 125.984.900 төгрөгийн бараа үлдсэн. Үүнээс 11.917.500 төгрөгийн буцаалт хийснийг хасахад 114.067.400 төгрөгийн бараа үлдсэн. Мөн хямдрал болгон бусдад зарж борлуулах эрхийн дагуу Г- гэгч нь 349.000 төгрөгийн бараа хямдруулж өгсөн. Унааны мөнгө гэж 338.000 төгрөг зэргийг нийт үлдэгдэл бараанаас хасахад 113.380.400 төгрөг үлдэх болно. Үүнээс 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Г-г ажлаас гарах үед нь тоолж үлдсэн барааг хүлээж авахад лангуун дээр 98.925.000 төгрөгийн бараа орлого болон үлдсэн. Үүнийг хасахад 14.455.400 төгрөгийн барааг Г- гэгч нь дутаасан байсан. ...” /хх 32, 35/,

- гэрч Л.Лхагвадуламын “...Г- гэгч нь сарын 600.000 төгрөгийн түрээстэй байж “Бөмбөгөр” дээр маш хангалуун байдаг байсан. Ажиллаж байх хугацаандаа гар утсаа байнга алддаг атлаа маргааш нь шинэ утастай болчихдог байсан. Мөн хажуугаар нь зээлээ төлдөг байсан. Тэгэхээр нь би “Яаж ингэж амьдраад байгаа юм бэ” гэж асуухад юм ярьдаггүй байсан. ...” /хх 49/,

- шүүгдэгч Г.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би хохирогч С- болон Солонго нартай тооцоо хийсэн. Тооцоо хийх үед бүгдийг нарийвчлан хөтөлдөг байсан гар дэвтэр дээрээс тооцоо нийлж, би 14.455.400 төгрөгийн хохирол учруулсан. ... үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. ...” /хх 42, 183/ гэсэн мэдүүлгүүд,

- хохирогч Б.С-, гэрч Ч.Солонго, шүүгдэгч Г.Г- нарын хооронд тооцоо нийлсэн тухай гар бичмэл /хх 53-59, 61-66/,

- “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн С-3 лангуу, түүний агуулахад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 67-70/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Итгэмжлэн хариуцсан этгээд гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар албан тушаалын хувьд үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.

Хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээс үзэхэд, Г.Г- нь 2017 оны 1 дүгээр сараас эхлэн хувиараа арилжаа эрхэлдэг иргэн Б.С-гийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн С-3 лангуунд худалдагчаар ажиллахдаа иргэн Б.С-гаас хүлээлгэн өгсөн бэлэн хувцас, хэрэглэлийг худалдан борлуулснаас олсон орлогыг тушаах, үлдэгдэл барааны тооцоо нийлэх зэрэг ажил үүргийг гүйцэтгэж, үүнийхээ хариуд цалин хөлс, нэмэгдэл авч байсан нь тогтоогдсон тул түүнийг бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд гэж үзнэ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Г-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, нийт 14.455.400 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх бөгөөд түүний гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Шүүх гэм буруу, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй шүүгдэгчид дээрх заалтуудыг хэрэглэх нь хуульд нийцэх ба ингэхдээ хохирогчийн гомдол санал, хохирол хор уршиг арилсан байдлыг харгалзан үзэхийн сацуу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх учиртай. 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Хэдийгээр шүүгдэгч Г.Г- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад хохирлын зарим хэсгийг төлж, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлэх боловч тэрээр шүүхийн хэлэлцүүлгийн үед “...итгэмжлэн авсан зүйлээс дутсан тул би гарын үсгээ зурсан. Хувьдаа завшсан зүйл байхгүй...” хэмээн гэм буруугийн талаар маргаж байсан ба хохирогч Б.С-д учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй, гомдол санал арилаагүй зэргээс үзэхэд түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй байна.

Иймд “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг...” хүссэн шүүгдэгч Г.Г-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/520 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                           ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                           ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН