Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 189

 

Б.Б, Б.Ц нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч С.Галцацрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар магадлалтай, 201615010169 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Ц-ын өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Шар гэлэн овогт Б.Б нь бүлэглэн, орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан, мөн мотоцикль хулгайлсан, мөн ганцаараа 2 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан,

2.Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Худаг овогт Б.Ц нь бүлэглэн, орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан, мөн давтан үйлдлээр мотоцикль хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогдож, прокуророос шүүгдэгч Б.Б, Б.Ц нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх Б.Б, Б.Ц нарыг бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм ашиглан орон байр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр Б.Б-ыг 3 жил хорих, Б.Ц-ыг 2 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 9.165.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Наранжаргалд 3.950.000 төгрөг, хохирогч Т.Гантулгад 2.480.000 төгрөг, хохирогч Г.Бямбасүрэнд 2.735.000 төгрөг, шүүгдэгч Б.Ц-оос 2.735.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Бямбасүрэнд тус тус олгож, 2002 оны Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Б.Б-ын эзэмшлийн мотоциклийг хурааж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шатны шүүх 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц-ын өмгөөлөгч С.Галцацрахын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Ц-ын өмгөөлөгч С.Галцацрах гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүгдэгч Б.Ц-ын биеийн байцаалтанд боловсрол, мэргэжилгүй гэх бөгөөд тайлбар мэдүүлэг анх удаа болон 2 дахь удаа авахдаа өмгөөлөгчгүй авч, бичиг үсэг мэдэх эсэх, сургуульд суралцаж байгаагүй тухай нэг ч удаа байцаалтын тэмдэглэлд оруулаагүй. Монгол Улсын Үндсэн хуульд гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөрчиж төрсөн ах, эгч, ээжээс нь Үндсэн хууль сануулахгүй мэдүүлэг авсан. Шүүгдэгч Борхулын мэдүүлгээр зөвхөн ялласан. Иргэн Л.Ихбаярын Даюун маркийн мотоциклийг хулгайлсан гэх хэрэгт гутлын ул мөрөөс авсан хэв хэлбэрийг зургаар харуулахдаа хаанаас ямар зайнд ойр орчимд байгаа зүйлийг харуулалгүй томруулж хэвлэж гаргасан, мотоциклийн банкин дээр байсан тостой хурууны хээг шинжилгээнд оруулаагүй зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1.7.2-т заасан хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1.15.2-д зааснаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл түүнийг шүүгдэгчид ашигтай шийдвэрлэнэ гэсэн хууль зүйн үндэслэлийн дагуу гэм буруугүйд тооцох бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалын Б.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Тус шүүх хуралдаанд ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон. Шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Харин 2002 оны Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг хэрэглэсэн нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Ц-ын өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан гомдлыг үндэслэн Б.Б, Б.Ц нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б, Б.Ц нар нь бүлэглэн, мотоцикль ашиглан 2016 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух иргэн Г.Бямбасүрэнгийн гэрт нэвтрэн орж, авдарт нь түлхүүр тааруулан мөнгөн аяга 3 ширхэг, алтан ээмэг, мөнгөн гинж, мөнгөн үсний даруулга, хаш чулуун тээг, мөнгөн бөгж, мөнгөн бугуйвч зэрэг эд зүйл хулгайлж 5.470.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр давтан үйлдлээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн Арцатын 5-22 тоот хашааны гаднаас иргэн Л.Ихбаярын “Даюун” маркийн мотоциклыг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-шүүгдэгч Б.Б нь ганцаараа 2014 оны 11 дүгээр сарын 20-нээс 21-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5 дугаар багийн иргэн Т.Насанжаргалын гэрт нэвтрэн орж, 16 ширхэг мөнгөн аяга хулгайлж 3.950.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын иргэн О.Гантулгын гэрт нэвтрэн орж 16 ширхэг мөнгөн аяга хулгайлж 2.480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх Б.Б, Б.Ц нарын үйлдлийг тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  зүйлчилж, хуульд заасан хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тэдний гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанарт тохирсон болно.

Анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Б-ын эзэмшлийн мотоциклийг хурааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр шүүгдэгч Б.Ц-оос анх удаа сэжигтнээр тооцож, мэдүүлэг авах ажиллагааг өмгөөлөгч оролцуулах үндэслэлээр хойшлуулж /1-р хх-212/, улмаар 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр сэжигтнээр байцаахад өмгөөлөгч Д.Дашцэрэн оролцож, байцаалтын тэмдэглэлд гарын үсгээ зурсан байна. Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасныг зөрчиж яллагдагч нарын гэр бүлийн гишүүдээс хууль сануулахгүйгээр, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх буюу шүүгдэгч нарын эсрэг мэдүүлэг авсан, түүнчлэн бусад байдлаар оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан хязгаарласан гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, хэргийг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцаах эрх хуулиар олгогдоогүй тул Б.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц-ын өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц-ын өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН