| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/03646/И |
| Дугаар | 183/ШШ2021/02882 |
| Огноо | 2021-12-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2021/02882
2021 оны 12 сарын 08 өдөр Дугаар 183/ШШ2021/02882 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .........................-т байрлах Х УТҮГ /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ............. тоот хаягт байрлах Л ХХК /0000000/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 5 396 914,44 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн төлөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х УТҮГазар нь Л ХХК-тай 11800039 /425/Б/NIIM62/ дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу тусгай зөвшөөрлийн нийт төлбөрт 5 396 914,44 төгрөгийг нэхэмжилж байна. Х нь Л ХХК-ийн хүсэлтийн дагуу Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 25 дугаар зүйлийн 25.2.10-т заасныг үндэслэн 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 3 жилийн хугацаатай Монгол Улсын нутаг дэвсгэрт харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулж, 12100118 /425/Б/NIIM62а/ зөвшөөрлийн дугаартай гадны холбооны кабель шугамын угсралт, суурилуулалт, засвар болон 11800039 /425/Б/NIIM62d/ зөвшөөрлийн дугаартай цамхаг түүн дээрх холбооны тоног төхөөрөмж угсралт, суурилуулалт, засвар гэсэн хоёр тусгай зөвшөөрөл авсан. Эхний 12100118 /425/Б/NIIM62а/ зөвшөөрлийн дугаартай гадны холбооны кабель шугамын угсралт, суурилуулалт, засварын тусгай зөвшөөрлийн төлбөрт 2012 оноос 2013 оны нэг жилийн төлбөрийн үлдэгдэл 150 000 төгрөг, 2013 оноос 2014 оны нэг жилийн үлдэгдэл төлбөр 500 000 төгрөг, 2014 оноос 2015 оны нэг жилийн төлбөр 1 000 000 төгрөг, 2015 оноос 2016 оны нэг жилийн төлбөр 1 000 000 төгрөг, 2016 оноос 2017 оны төлбөр 998 285,8 төгрөг, нийт 3 648 285,8 төгрөг төлөх ёстой байснаас тус компани 2014 онд 650 000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөр 2 998 285,8 төгрөг болсон байна. Хоёр дахь 11800039 /425/Б/NIIM62d/ зөвшөөрлийн дугаартай цамхаг түүн дээрх холбооны тоног төхөөрөмж угсралт, суурилуулалт, засварын тусгай зөвшөөрлийн хувьд 2014 оноос 2015 оны нэг жилийн төлбөр 800 000 төгрөг, 2015 оноос 2016 оны нэг жилийн төлбөр 800 000 төгрөг, 2016 оноос 2017 оны нэг жилийн төлбөр 798 628,64 төгрөг, нийт 2 398 628,64 төгрөг төлөөгүй байна. Нийт төлбөр 5 396 914,14 төгрөг болж байна. Төлбөр төлөх үүргийг хүлээснээс хойших хугацаанд Х-ноос Л ХХК-д төлбөрийн нэхэмжлэхийг гэрээнд заасан бүртгэлтэй хаягаар нь удаа дараа хүргүүлж байсан. 2021 оны 01 дүгээр сард тус хаягаар нь нэхэмжлэл гаргасан боловч тус хаяг дээрээ байхгүй байсан тул эрэн сурвалжилж, компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хаягийг олж аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л ХХК-ийг 2007 онд үүсгэн байгуулж, гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн үед би төрийн албанд ажиллаж байсан болохоор Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу 2010 оноос тус компанийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй болж 2013 оны 12 дугаар сард энэ компанийг бусдад шилжүүлэх эрхийг С.Ч-т өгч, компанийнхаа гэрчилгээ, дүрэм, тамга тэмдгийг хүлээлгэж өгөөд хоёр тийш салсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд Улсын бүртгэлийн мэдээллийн санд миний нэр дээр бүртгэлтэй байна. Х-той 2011 онд гэрээ байгуулан 3 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл авсан гэж байна. 12100118 дугаар бүхий гадны холбооны кабель шугамын угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх гэрээ болон 11800039 дугаар бүхий цамхаг түүн дээрх холбооны тоног төхөөрөмж угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл гэх хоёр тусгай зөвшөөрөл авсан гэж тайлбарлалаа. 2011 онд тусгай зөвшөөрөл аваад 3 жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулж байгаад 2014 онд 3 жилийн хугацаагаа сунгалт хийсэн гэж байна. Энэ хоёр тусгай зөвшөөрлийг 2011 онд аваад 3 жилээр сунгахад Х-ноос тухайн үед тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар нэгэн төлбөрийн нэхэмжлэл, мэдэгдэл явуулж байгаагүй. Нэг ч удаа холбогдож байгаагүй. Өнөөдрийг хүртэл хугацаанд миний нэр дээр ямар нэгэн нэхэмжлэх, намайг хайсан баримт, мэдэгдэх хуудас огт ирээгүй. Гэнэт л эрэн сурвалжилж байна гээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны дэслэгч 8 сард над руу ярьсан. Тэр үед л энэ талаар мэдсэн. 3 жилийн хугацаатай тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулсан бол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж харж байна. Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 5.7-д тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор төлж барагдуулах ба төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор заасан байна. Хэрэв төлбөрөө төлөөгүй байсан бол энэ олон жилийн хугацаанд шууд гэрээгээ цуцлах эрх нь байсан. Тус журмаас гадна тусгай зөвшөөрлийн төлбөрийг удаа дараа төлөөгүй байхад дахин 3 жилээр сунгаж бүртгэсэн нь тусгай зөвшөөрлийн гэрээнийхээ хэд хэдэн заалтыг Х өөрөө зөрчиж байна. Иймд энэ компанийг төлөөлж оролцож байгаа хүний хувьд нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х нь тусгай зөвшөөрлийн төлбөрт 5 396 914,44 төгрөг гаргуулахаар Л ХХК-иас шаарджээ.
Хариуцагч Л ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэрээний үүргээ биелүүлээгүй байхад нэхэмжлэгч гэрээ цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй тул төлбөр төлөх үндэслэлгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Л ХХК нь харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх зорилгоор, Гадна холбооны кабель шугамын угсралт, суурилуулалт, засварын ажил үйлчилгээ үзүүлэх 425/Б/NIIM 62/ дугаартай Б ангиллын тусгай зөвшөөрлийг 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд эзэмшихээр тохиролцож Х УТҮГазартай 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан, үүний дараа уг гэрээг 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс дахин 3 жилээр сунгахдаа Цамхаг, түүн дээрх холбооны тоног төхөөрөмж угсралт, суурилуулалт, засвар ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг нэмсэн болох 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 3/28 дугаар хүсэлт, 425/Б/NIIM 62/ дугаар тусгай зөвшөөрлийн хуулбар, гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна /хх 7-12 хуу/.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.16.2-т харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэхээр, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т хэрэглэгч харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тус тус зохицуулсан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч хариуцагчаас тусгай зөвшөөрөл эзэмшсэний төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй байх хэдий ч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдохгүй байна.
Тодруулбал, Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага.тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журмыг батлахаар, 9 дүгээр зүйлийн 9.1.11-т Х мөн хуулийн 6.1.4-д заасан журмын дагуу зохицуулалтын үйлчилгээний хөлсний хувь хэмжээг тогтоохоор тус тус заажээ.
Гэтэл нэхэмжлэгч Гадна холбооны кабель шугамын угсралт, суурилуулалт, засварын ажил үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн төлбөрт 2012-2017 оны хооронд 2 998 285,8 төгрөг, Цамхаг, түүн дээрх холбооны тоног төхөөрөмж угсралт, суурилуулалт, засвар ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн 2014-2017 оны төлбөрт 2 398 628,8 төгрөг, нийт 5 396 914 төгрөг гаргуулахаар шаардаж, тусгай зөвшөөрлийн төлбөр энэ хугацаанд өссөн гэж тайлбарлах боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, эрх бүхий байгууллага зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг хэдэн төгрөгөөр тогтоосон нь тодорхойгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шаардлага үндэслэлээ нотлох баримтыг өөрөө бүрдүүлж цуглуулах үүрэгтэйг дурдаад дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгднө.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар Л ХХК-иас тусгай зөвшөөрлийн төлбөрт 5 396 914,44 төгрөг гаргуулах тухай Х УТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зйүлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ