Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2021/02907

 

2021 оны 12 сарын 10 өдөр                         Дугаар 183/ШШ2021/02907                             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ............... тоот хаягт оршин суух О овогт С.М /00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............ тоот хаягт оршин суух Х овогт Г.Э /00000000/-д холбогдох,

Toyota Aqua маркын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М, хариуцагч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: анх 2017 онд орж ирсэн Тоёота Аксио маркийн 00-00 ААА улсын дугаартай авто машиныг охиндоо өгсөн бөгөөд охин тухайн үед дөнгөж төрсөн нялх биетэй байсан тул хүргэн болох Г.Э-ын нэр дээр шилжүүлж өгсөн. Г.Э машиныг 11 500 000 төгрөгөөр худалдаад Тоёота Акуа маркийн 00-00 ААБ улсын дугаартай машиныг 11 500 000 төгрөгөөр авсан. Иймд шууд шилжүүлээд өгчих гэдэг шаардлага тавьж байсан. 2017 онд орж ирсэн Тоёота Аксио маркийн машины өнөөдрийн зах зээлийн ханш 13 500 000 төгрөг байсан бөгөөд шүүхэд хандахад заавал үнийн дүн шаардсан тул дээрх төгрөгөөр үнэлж улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Өнөө маргаашгүй мөнгийг нь өгнө гэвэл 13 500 000 төгрөг авахад татгалзах зүйлгүй боловч автомашин хэзээ зарагдах нь тодорхойгүй, миний охин 2 нялх хүүхэдтэй сургуульд хүргэх зэрэг автомашины хэрэгцээ шаардлага их байдаг учир бид хүлээх боломжгүй. Нэгэнт мөнгө өгөхийг зөвшөөрөхгүй байгаа тул автомашиныг миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 13 500 000 төгрөгийн дүнтэй гэж одоогийн зах зээлийн ханшаар нэхэмжлээд байгаа. Цаанаа машинаа авах сонирхолтой байна. 13 500 000 төгрөг гэдэг дүнгээр миний тээврийн хэрэгслийг үнэгүйдүүлж авах гээд байна. Машиныг өгөх боломжгүй бөгөөд 2008 оны машиныг би хүч хөдөлмөрөөрөө 2013 оных болгож сайжруулсан. Иймд худалдсаны дараа 13 500 000 төгрөг өгнө, эсвэл зөрүү 5 000 000 төгрөг аваад машины нэрийг шилжүүлэхэд татгалзахгүй. 00-00 ААБ улсын дугаарыг надад буцааж өгнө гэвэл 2 000 000 төгрөг хасаад зөрүү 3 000 000 төгрөг өгвөл нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрнө гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.М 00-00 ААБ улсын дугаартай Toyota Aqua маркын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Г.Э-оос шаарджээ. Тэрээр 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 00 00 ААА улсын дугаартай Toyota Axio маркийн автомашиныг өөрийн төрсөн охинд өгөх зорилгоор хариуцагч Г.Э-той бэлэглэлийн гэрээ байгуулж, түүний өмчлөлд тээврийн хэрэгслийн гэрчилгээг улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч түүний охин, хариуцагч Г.Э нар цаашид хамт амьдрахгүй болсон үндэслэлээр автомашинаа буцааж өөрийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгүүлэхээр шаардаж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч Г.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд маргааны зүйл болох автомашины чанар байдлыг сайжруулж 2008 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг өөрийн хүч хөдөлмөрөөр 2013 онд үйлдвэрлэсэн машинаар сайжруулсан тул 00-00 ААБ улсын дугаарын хамт бол 5 000 000 төгрөг, улсын дугаарыг авахгүй бол 3 000 000 төгрөгийн төлбөр авах эрхтэй гэж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар, нэхэмжлэгч С.М өөрийн төрсөн охинд бэлэглэх зорилгоор бэлэглэлийн гэрээний үндсэн дээр 2008 онд үйлдвэрлэгдсэн 00 00 ААА улсын дугаартай Toyota Axio маркийн автомашиныг Г.Э-од шилжүүлсэн, тухайн үед нэхэмжлэгчийн охин амаржаад удаагүй байсан нь зохигч бэлэглэлийн гэрээ байгуулах үндэслэл болсон, Г.Э тухайн тээврийн хэрэгслийг 11 500 000 төгрөгөөр худалдаж, 2020 оны 01 дүгээр сард 11 500 000 төгрөгөөр 2013 онд үйлдвэрлэгдсэн 00-00 ААБ улсын дугаартай Toyota Aqua маркийн автомашиныг худалдан авсан, маргааны зүйл болох автомашин биет байдлаар нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа зэрэг үйл баримтыг маргаангүй бөгөөд тогтоогдсон үйл баримт гэж дүгнэлээ.

Харин маргаан бүхий автомашиныг Г.Э худалдах явцдаа анх түүнд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн автомашинаас чанар, үйлдвэрлэсэн он зэргийн хувьд сайжруулснаар автомашины зах зээлийн үнэлгээ нэмэгдсэн тул Toyota Aqua маркын автомашиныг нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх талаар маргаантай байна.

Дээрхээс үзэхэд, талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ заасанд хамаарах бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байна.

Гэвч уг бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь нэхэмжлэгч өөрийн төрсөн охиндоо автомашин бэлэглэх хүсэл зоригтой байсан, уг гэрээний дагуу автомашин хариуцагч Г.Э-ын өмчлөлд бүртгэгдсэн боловч бодитоор нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад байгаа зэрэг үйл баримтаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Toyota Aqua маркийн автомашиныг өөрийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгүүлэхээр хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ.

Тодруулбал, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч хариуцагчид биш өөрийн төрсөн охинд автомашин бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгөх хүсэл зоригтой байсан нь маргаангүй байх тул үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр өөрийн хөрөнгөө хариуцагчаас шаардах эрхтэй юм.

Иймд арлын 00000000000 дугаар бүхий Toyota Aqua маркийн авто машиныг өөрийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгүүлэх тухай нэхэмжлэгч С.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрлэв.

Хариуцагч маргаан бүхий автомашиныг өөрийн хүч хөдөлмөрөөр чанар байдлыг сайжруулснаар зах зээлийн үнэлгээ нь нэмэгдсэн тул зөрүү төлбөр шаардах эрхтэй гэж маргах боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, мөн Toyota Axio, Toyota Aqua маркийн автомашинуудыг худалдан авсан үнийн дүн ижил байх тул хариуцагчийн татгалзал баримтаар нотлогдоогүй гэж шүүх дүгнэсэн болно.

Түүнчлэн, маргааны зүйл болох Toyota Aqua маркийн автомашины 00-00 ААБ улсын дугаарыг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хэсэгт заасныг баримтлан 2014 онд үйлдвэрлэгдсэн, цэнхэр өнгөтэй, арлын 000000000 дугаар бүхий Toyota Aqua маркийн автомашины тээврийн хэрэгслийг О овогт С.М /00000000/-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлэхийг Х овогт Г.Э /00000000/-д даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Э-оос 225 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.М-т олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Д.ЭНХЦЭЦЭГ