| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2021/00365/И |
| Дугаар | 136/шш2022/00009 |
| Огноо | 2022-01-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 136/шш2022/00009
| 2022 оны 01 сарын 05 өдөр | Дугаар 136/ШШ2022/00009 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймаг, Х сум, ... дүгээр баг, С хаягт оршин суух, Б овогт Д Г /РД:........../,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах болоход ажиллаж байсан байдал тогтоогдох боломжгүй болсон учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 7 жил Д аймгийн Х сумын Ш-Ө нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр алга болсон тул ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй гэсэн. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс Д аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 127 дугаар цалингийн тодорхойлолт, Д аймгийн Х сумын Ш-Ө нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 71 дүгээр Малчин томилох тухай тушаалын хуулбар, мал маллаж байсан үеийн фото зураг, гэрч Л.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ч.Чын иргэний үнэмлэхийн хуулбар, Д аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 688 дугаар цалингийн тодорхойлолтын хуулбар, Д.Гийн малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Л.Б, Ч.Ч нарыг шүүх гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Д.Г нь Д аймгийн Х сумын Ш-Ө нэгдэлд 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул энэ хугацааны ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.Г нь 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Х сумын Ш-Ө нэгдэлд хоньчноор томилогдсон (хавтаст хэргийн 7 дахь тал) байна. Тэрээр 1987 оноос 1993 оны дуустал хугацаанд Д аймгийн Х сумын Ш Ө нэгдэлд малчнаар ажиллаж цалин авч байсан (хавтаст хэргийн 6 дахь тал) болох нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 127 дугаар архивын тасгийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Мөн тэрээр Ш-Ө нэгдэлд мал маллаж байгаад үргэлжлүүлэн өнөөдрийг хүртэл мал маллаж байгаа талаар гэрч Ч.Ч, Л.Б нар нотолж гэрчийн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-26) өгсөн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Гийн Д аймгийн Х сумын Ш-Ө нэгдэлд 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овогт Д Г /РД:........../-ийг Д аймгийн Х сумын Ш-Ө нэгдэлд 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ