Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/03010

 

2021 оны 12 сарын 15 өдөр                           Дугаар 183/ШШ2021/03010                           Улаанбаатар хот

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ............ тоот хаягт байрлах Х ХХК /0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .............. тоот хаягт оршин суух Б овогт Г.Э /00000000/-д холбогдох,

барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт 2 679 300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Х ХХК нь Г.Э-тай 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 17-003 тоот барилгын туслах материал түрээслэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр хариуцагч нь нийтдээ 192 ширхэг бараа материалыг 91 хоногийн хугацаанд ашиглан түрээсэлсэн бөгөөд нийт түрээсийн төлбөр 3 203 200 төгрөг болж, хариуцагч манай түрээсийн бараа материалыг буцаан өгөхдөө нэг ширхэг бараа материал дутаан алга болгосон тул 39 000 төгрөг нэмэгдэж, нийт 1 456 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 1 786 200 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Гэрээний 7.2-т заасны дагуу алданги тооцож, 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргах хүртэлх өдрийн үнээр тооцоход нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 893 100 төгрөгийн алданги, нийт 2 679 300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой тайлбар хэлэхэд хөөн хэлэлцэх хугацаа тасалдаад, Иргэний хуулийн 79.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргаснаар ажиллагаанууд тасалдаагүй явж байгаа гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компанийн гаргасан нэхэмжлэлийн тухайд хариуцагч Г.Э нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Х ХХК-тай барилгын материал түрээслэх гэрээ хийж, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хооронд 91 хоногийг хугацаатай ашиглаж буцаан өгсөн байдаг. Хариуцагч Г.Э нь 2017 оны 6 дугаар сард тус мөнгийг өгсөн гэдэг. Хоёр тал буюу түрээслэгч, түрээслүүлэгч хоёрын түрээстэй холбоотой эрх зүйн харилцаа 4 жил, 6 сарын өмнө дууссан. Иргэний хуулийн 75.2.1-т заасны дагуу гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасны дагуу тус Х ХХК-ийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацаа хуульд заасны дагуу дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Х ХХК 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Г.Э-тай байгуулсан Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт 1 786 200 төгрөг, алданги 893 100 төгрөг, нийт 2 679 300 төгрөг гаргуулахаар хариуцагч Г.Э-аас шаарджээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд гэрээний үүрэгт 1 786 200 төгрөгийг төлсөн, мөн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Х ХХК, Г.Э нар 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 17-003 дугаар Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулж, хэв, булан зэрэг барилгын туслах материалыг 1 786 200 төгрөгөөр 91 хоногийн хугацаатай түрээслэхээр тохиролцжээ.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан түрээсийн гэрээний харилцаанд хамаарахаар байна.

 

Зохигч, гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдал зэрэгт маргаангүй.

Харин түрээсийн төлбөр төлөгдсөн эсэх, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны тухайд маргаантай байна.

Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр эрэн сурвалжлуулж байсан гэж тайлбарлаад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/01237 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/01432 дугаар шийдвэр зэрэг баримтыг хэрэгт ирүүлсэн.

Дээрх баримтаас үзэхэд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШЗ/00056 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг үндэслэн, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2021/09528 дугаар захирамжийг үндэслэн тус тус хариуцагчийг эрэн сурвалжлах хүсэлтийг ханган шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар, 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор, 76.4-т шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолохоор, 79 дүгээр зүйлийн 79.1-т тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар, 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолохоор тус тус заасан.

Нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг дээр дурдсан хуулийн зохицуулалтад нийцүүлэн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр шүүхийн шийдвэр гарснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, шинээр тоологдоно гэж үзвэл 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр дууссан байна.

Хэрэгт ирүүлсэн баримтаас үзэхэд, 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Г.Эг эрэн сурвалжлах тухай шүүхийн шийдвэр гарснаас хойш нэхэмжлэгч 2021 оны 6 дугаар сард нэхэмжлэл гаргаж, хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдсон болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/01432 дугаар шийдвэрт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2021/09528 дугаар захирамжийг дурдсан үйл баримтаар нотлогдож байна.

Иймд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй болохоо нотлох үүрэг нэхэмжлэгчид хамаарах ба уг хугацааг хэтрүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57 819 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар Г.Э-аас барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт 2 679 300 төгрөг гаргуулах тухай Х ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 57 819 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Д.ЭНХЦЭЦЭГ