Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 136/шш2022/00010

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 136/ШШ2022/00010

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, 3 дугаар баг, М ..-.. тоотод оршин суух, Б овогт Ц-Уын Э /РД:........./,

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1978 оноос Д аймгийн Д сумын худалдаа бэлтгэлийн ангид манаач, Т нэгдлийн тракторын жолооч, цахилгаанчин зэрэг ажлыг хийж байсан нь үнэн. Би 2013 онд хувь тэнцүүлэн 270,000 төгрөгөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Одоо тухайн тэтгэвэр дээр 50,000 төгрөг нэмж авах боломжтой болоод Нийгмийн даатгалын байгууллагад очиход миний хөдөлмөрийн дэвтэрт тамга дарагдаагүй учир тэтгэвэр нэмэх боломжгүй гэсэн. Ийм учир хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгчээс Цуын Эын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 214401001450 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Д сумын Онцгой комиссын 1988 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дурсамжийн хуулбар, Т нэгдлийн зөвлөлийн 1985 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн баярын бичгийн хуулбар, Д сумын хувьсгалт залуучуудын эвлэлийн үүр, нэгдлийн зөвлөлийн 1985 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн талархлын хуулбар, гэрч Ж.Мын иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ю.Цгийн иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.М, Ю.Ц нарыг шүүх гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Ц.Э нь Цуын 1975 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг Нийгмийн даатгалын хэлтсээс тогтоолгож ир гэсэн тул эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Ц.Эын иргэний үнэмлэх болон төрсний бүртгэлийн лавлагаанд эцгийн нэрийг Ц-У гэж, хөдөлмөрийн дэвтэрт Цу гэж бичигдсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Эын шүүхэд гарган өгсөн хөдөлмөрийн дэвтэр дээрх бичиглэл (1978 оны 07 сарын 15-ны өдрөөс 1979 оны 01 сарын 30-ны өдөр хүртэл Д сумын худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1979 оны 01 сарын 29-ний өдрөөс 1980 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл Д сумын 8 жилийн дунд сургуулийн аж ахуйн эрхлэгчээр, 1981 оны 10 сарын 17-ны өдрөөс 1982 оны 09 сарын 06-ны өдөр хүртэл Д аймгийн Хүнсний үйлдвэрт тракторын жолоочоор, 1983 оны 09 сарын 12-ны өдрөөс 1989 оны 03 сарын 28-ны өдөр хүртэл Д сумын Т нэгдэлд тракторын жолоочоор, 1989 оны 03 сарын 28-ны өдрөөс 1990 оны 04 сарын 25-ны өдөр хүртэл Д сумын Т нэгдэлд цахилгааны монтёроор, 1990 оны 10 сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл Д аймгийн архивд архивчаар) түүний ажиллаж байсан үеийн нотлох баримтууд болох түүний шүүхэд ирүүлсэн бусад нотлох баримт Д сумын Онцгой комиссын 1988 оны 02 сарын 18-ны өдрийн дурсамжийн хуулбар, Т нэгдлийн зөвлөлийн 1985 оны 02 сарын 12-ны өдрийн баярын бичгийн хуулбар, Д сумын хувьсгалт залуучуудын эвлэлийн үүр, нэгдлийн зөвлөлийн 1985 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн талархлын хуулбар зэрэг баримтуудтай тохирч байхаас гадна гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.4 эрх олгосон ямар нэгэн баримт бичигт дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч мөн эсэх гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.Эыг Цуын Эын 1975 оны 10 сарын 15-ны өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.  

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Ц.Эоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овогт Ц-Уын Э /РД:........./-ыг Цуын Эын 1975 оны 10 сарын 15-ны өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Эоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

                  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.АРИУНЗУЛ