| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/03628/И |
| Дугаар | 183/ШШ2021/03013 |
| Огноо | 2021-12-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2021/03013
2021 оны 12 сарын 15 өдөр Дугаар 183/ШШ2021/03013 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ............... тоот хаягт оршин суух Б овогт Ш.Б /00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ......... тоот хаягт байрлах Т ХХК /0000000/-д холбогдох,
2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Б нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ............ тоотод оршин суудаг. Түүний эзэмшлийн газар дээр Т ХХК-ийн захирал О.А нь барилга барих талаар санал тавьж 2021 оны 8 дугаар сард ирж уулзсан. Үнэхээр хууль дүрмийн дагуу барилга барьж болох юм бол би зөвшөөрч байна гэж хэлээд 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр миний бие О.А-ын Т ХХК-тай газар дээр барилга бариулах 1 дугаартай гэрээ байгуулсан. Надад газрын төлбөр болон бусад татвараа төл гээд урьдчилгаа болгон 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 10 000 000 төгрөгийг миний хаан банкны дансаар 2 хуваан шилжүүлсэн. Гэтэл О.А нь газар дээр барилга барина гэж худал хэлж баахан гэрээ байгуулан намайг төөрөгдөлд оруулж, улмаар миний эзэмшлийн газрыг өөртөө авах санаа зорилготой байсан болохыг мэдэж авсан. Үлдэгдэл мөнгөө ч өгөхгүй 2 сар гаран алга болсон. Уг нь барьсан барилгаасаа надад байр өгнө гэж амаар хэлж байсан. Нотариатын газар дээр орж газар дээр барилга бариулах 1 дугаартай гэрээг үзүүлэхэд энэ гэрээг нотариатчаар гэрчлэх боломжгүй гэж хэлсэн. Тэгвэл мөнгө өгсөн баримт дээр гарын үсэг зуруулж нотариатчаар батлуулна гэхээр нь тэгнэ гээд 10 000 000 төгрөг авсан тухай баримтад гарын үсэг зур гээд яаруулаад зуруулаад авсан. Нотариатчаар түүнийгээ батлуулсан. Нотариатч надаас юу ч асуугаагүй батлаад өгсөн. Ингээд гэрээнүүдийг сайн нягтлаад хартал газар дээр барилга барихаас гадна надад 10 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлүүлсэн зээлийн гэрээ байгуулж, надад танилцуулаагүй гарын үсэг зуруулсан байна. Барилга барих гэрээ болон мөнгө авсан тухай баримт гэж хэлсэн боловч тийм биш байгаа нь гэрээ хуульд нийцээгүй байна гэж үзэж байна. Мөн үлдэгдэл мөнгө өгөхгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд иргэн Ш.Б болон Т ХХК-ийн захирал О.А бидний хооронд байгуулсан 021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн газар дээр барилга бариулах 1 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тооцож өгнө үү. О.А-аас Ш.Б нь 10 000 000 төгрөгийг шилжүүлж авснаа хүлээн зөвшөөрдөг. Зөвхөн барилга барих асуудал биш болсон тул 3 000 000 төгрөгийг шилжүүлж, өнөөдөр 7 000 000 төгрөгийг шилжүүлсэн байна. Холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Газар дээр барилга бариулах тухай 1 дугаартай гэрээ хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Т ХХК нь өөрөө барилга барих эрх бүхий субъект биш байна. Мөн өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байх тул энэ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Б 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Т ХХК-тай байгуулсан Газар дээр барилга бариулах 01 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор Т ХХК-иас шаарджээ.
Хариуцагч Т ХХК, түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээдээс шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан аливаа тайлбарыг ирүүлээгүй байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Ш.Б, Т ХХК нарын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Т ХХК нь Ш.Б-ын эзэмшлийн Хан-Уул дүүргийн ............ байрлах 596 мкв талбай бүхий газарт барилга барихтай холбогдсон харилцааг зохицуулсан 01 дугаартай Газар дээр барилга бариулах гэрээ, Т ХХК Ш.Б-од 10 000 000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай, сар тутам 3 хувийн хүүтэй, 10 000 000 төгрөг зээлдүүлэхээр тохиролцсон зээлийн гэрээ тус тус байгуулагдаж талууд тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан байна.
Нэхэмжлэгч дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар, зохигч Газар дээр барилга бариулах гэрээ байгуулж, газрын төлбөр төлөх зорилгоор хариуцагч нэхэмжлэгчид 10 000 000 төгрөг төлсөн, тус төлбөрийг нэхэмжлэгч Ш.Б 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 10 саяын буцаалт гэсэн утгатай 2 000 000 төгрөг, 11 дүгээр сарын 09-ний өдөр 1 000 000 төгрөг, 12 дугаар сарын 15-ны өдөр 7 000 000 төгрөгөөр буцаан шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Хаан банкин дахь 0000000000 дугаар дансны хуулгаар нотлогдож байна.
Дээрхээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдаж гэрээний талууд өгсөн авснаа буцаасан үйл баримт тогтоогдож байна.
Шүүх, нэгэнт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдож байгаа тохиолдолд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан эрх зөрчигдсөн гэх маргаантай үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зоригоор хийсэн хэлцэл гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй, 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэдэгт хуулийн этгээдийн төрөл хамаарах тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болохыг тэмдэглэж байна.
Мөн, шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу хариуцагч Т ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд болох О.А-ад нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүрэг тайлбарласан боловч хариуцагчийн төлөөлөгч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, шүүгчийн туслах утсаар холбогдоход Ш.Б-оос 10 000 000 төгрөг авсан, шүүх хуралдаанд очихгүй гэж хэлсэн тухай тэмдэглэл үйлдэгдсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.9-д зааснаар Т ХХК-д холбогдох 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай газар дээр барилга бариулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай Ш.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Б-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ