Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0182/З |
Дугаар | 128/ШШ2021/0537 |
Огноо | 2021-08-18 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2021/0537
2021 оны 08 сарын 18 өдөр | Дугаар 128/ШШ2021/0537 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Д.Ж
Хариуцагч: Ү А Г
Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/195 тоот тушаалыг хүчингүй болгох, тус аудитын газрын Нийслэл дэх Төрийн аудитын газрын ахлах аудиторын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Нийслэл дэх Төрийн аудитын газрын Тамгын хэлтсийн дарга Э.О 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр “өндөр насны тэтгэвэрт гарах тэтгэмж чинь төсөвт суусан байна. Энэ талаар өргөдөл өгөх хэрэгтэй" гэж танилцуулахад нь 2020 оны 3 дугаар сарын 9-нд Монгол Улсын Ерөнхий аудиторт Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл ажиллах сонирхолтой гээд өндөр насны тэтгэвэрт гарахгүй, ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтээ хүргүүлсэн боловч хариу өгөөгүй. Дараа нь Үндэсний аудитын газрын Тамгын газрын дарга Ц.Гын гарын үсэгтэй 2020 оны 3 дугаар сарын 10-нд “2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс“, 2020 оны 10 дугаар сарын 08-нд “2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс“ тус тус төрийн албанаас чөлөөлөх тухай шийдвэр гаргах болсныг мэдэгдэж байна гэсэн мэдэгдэл хоёр дахь удаагаа ирсэн. 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдэлд тайлбар хүргүүлсэн боловч хариу ирээгүй гэдгийг дахин сануулсан. Харин 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2 дахь мэдэгдэлд Монгол Улсын Ерөнхий аудиторт 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дахин бичгээр хүсэлт гаргасан боловч бас хариу ирээгүй. Мөн өдөр өөрийн биеэр уулзахаар очсон боловч даргын туслах уулзах боломжгүй гэж тайлбар хэлсэн.
Энэ өдрийн үдээс хойш 16 цагт Үндэсний аудитын газрын чанарын баталгаажуулалтын газрын дарга, тэргүүлэх аудитор Я.С утсаар дуудаж Ерөнхий аудиторт хэлээд эргээд хариу өгье гэсэн боловч энэ тухай удаа дараа асуухад бас л ямар нэгэн хариу өгөөгүй . Нийслэл дэх Төрийн аудитын газарт 2020 оны 10 дугаар сарын 20-нд тэтгэвэрт гаралгүй үргэлжлүүлэн ажиллах, Монгол Улсын Ерөнхий аудитор уламжлуулах хүсэлт гаргасан бас хариу шийдвэр ирээгүй.
Ийнхүү төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ удаа дараа гаргасаар байтал ямар нэгэн хариу шийдвэр өгөлгүй Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/195 тоот тушаалаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлөх тухай тушаалаа гаргасан байдаг. Энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай хүсэлтийг Нийслэл дэх Төрийн аудитын газарт 2020 оны 12 дугаар сарын 07-нд өгч , 2020 оны 12 дугаар сарын 9-нд Монгол Улсын Ерөнхий аудиторт уламжилсан. Мөн миний бие 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 16 цагт өөрийн биеэр нэр бүхий 2 албан хаагчийн хамт Монгол Улсын Ерөнхий аудитортой уулзаж, хүсэлтээ дахин бичгээр гаргаснаа гарт нь гардуулж өгсөн боловч бас л хариу өгөөгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэснийг зөрчиж coнcox ажиллагааг хуулийн процессын дагуу хийгээгүйг удаа дараа хэлж, хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй. Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж шийдвэр гаргасан боловч Төрийн албаны тухай хуулийн 60.1.Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно ... " гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, нэг удаагийн буцалтгүй тусламжийг одоо болтол олгоогүйгээрээ миний хөдөлмөрлөх эрхийг удаа дараалан зөрчиж байна . Нийслэл дэх Төрийн аудитын газрын хэмжээнд 2020 онд 4 албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр тушаал гаргаснаас надаас бусад бүх хүмүүст нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж, нэг удаагийн буцалтгүй тусламжийг 2020 онд багтаан олгосон байдаг. Үүнээс үзэхэд миний бие “намайг ажил хэрэгч санал шүүмжлэл хэлсний төлөө” нэг удаагийн буцалтгүй тусламж олголгүйгээр ялгаварлан гадуурхсан гэж үзэж байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар миний бие өөрөө хүсвэл өндөр насныхаа тэтгэврээ тогтоолгоод гарах боломжтой. Гэтэл миний бие тэтгэвэрт гарахгүй ажлаа үргэлжлүүлээд хиймээр байна гээд байхад албадаж намайг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэдгээр халсан асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул арга буюу Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн албаны зөвлөлд хандан тус асуудлыг шалгаж, магадалж өгөхийг хүссэн. Төрийн албаны зөвлөлийн зүгээс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/326 тоот шийдвэр гаргаж, шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий аудитор болон надад ирүүлсэн.
Монгол Улсын Ерөнхий аудитор болон Үндэсний аудитын газраас Төрийн албаны зөвлөлөөс хүргүүлсэн шийдвэрийн хариуг тогтоосон хугацаанд өгөөгүйгээс гадна надтай энэ асуудлаар өнөөдрийг хүртэл холбогдоогүй. Иймд Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/195 тоот тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч миний биеийг тус аудитын газрын Нийслэл дэх Төрийн аудитын газрын ахлах аудиторын албан тушаал дээр эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, унаа хоолны мөнгийг ажлаас халагдсан өдөр болох 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс тооцоод анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулахаар, дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/195 дугаар тушаалаар Үндэсний аудитын газрын харьяа Нийслэл дэх Төрийн аудитын газрын Санхүүгийн аудитын хэлтсийн ахлах аудитор Д.Жыг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана” гэж заасан.
Б.Ж нь 55 насанд хүрснээр түүнийг төрийн аудитын байгууллагаас чөлөөлөх эрх тус байгууллагад үүссэн бөгөөд Нийслэл дэх Төрийн аудитын газрын ахлах аудитораар ажиллаж байхдаа төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргасан нь тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах үр дагавар шууд үүсэхгүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасан тодорхой шалгуурыг харгалзан үзсэний үндсэн дээр тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн төрийн албан хаагчийг цаашид төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллуулах эсэх талаар шийдвэр гаргах эрхийг энэ хуулиар олгосон тул Д.Жыг төрийн албанаас чөлөөлсөн.
Түүнийг өндөр насны тэтгэвэрт гарсантай холбогдуулан Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын дагуу буцалтгүй тусламж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/205 дугаар шийдвэрээр нэг удаагийн буцалтгүй тусламжийг тус тус олгосон. Д.Ж нь Монгол Улсын Ерөнхий аудиторт хандан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах тухай хуулийн 6 дугаар зүйлийн заасан эрхээ эдэлж , 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “... энэ оны 12-р сарын 8-ны өдөр өгсөн өргөдлөө буцааж байна. 2020 оны 11-р сарын 30-ны өдрийн тушаалаар төрийн албанаас чөлөөлөгдөж буй тул нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү ... " гэх гомдлоосоо татгалзсан өргөдлийг ирүүлсэн. Энэ өргөдлийн дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/218 дугаар тушаалаар Д.Жд нийгмийн асуудлыг нь шийдвэрлэн 20 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгож, холбогдох хариуг 2021 оны 1 дүгээр сарын 08- ны өдрийн 0324 дүгээр албан бичгээр хүргүүлсэн.
Дээрхээс дүгнэвэл, холбогдох шийдвэрүүд нь Б.Жы хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй, нийгмийн асуудлыг шийдвэрлэж нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгосон нь эерэг нөлөө бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нийслэл дэх төрийн аудитын газрын ахлах аудитаар ажиллаж байсан Б.Ж нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 , 46.3-т заасан үндэслэлээр тэтгэвэр тогтоолгох насанд хүрч төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллуулах боломжгүй байх тул түүнийг албан тушаалд нь эгүүлэн томилох боломжгүй гэж үзэж байна. Иймд иргэн Б.Жы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Ерөнхий аудиторын Б/195 дугаар тушаалыг хэвээр үлдээж өгнө үү.
Нийслэл дэх Төрийн аудитын газрын ахлах аудитор Д.Ж нь өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасны дагуу 36 сарын тэтгэмжийг тооцон 33.558.297 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төрийн сан дахь Үндэсний аудитын газрын 100900024001 тоот харилцах дансаар гүйлгээ хийж, тэтгэмжийн төлбөрийг бүрэн шилжүүлсэн. Гэвч оны эцэс болсон учраас төрийн сангийн таталт хийгдээгүй, улсын төсөв буцаан татагдсан. 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр улсын төсөвт татан төвлөрүүлсэн Д.Жы 36 сарын тэтгэмжийн 33.558.297 төгрөг манай байгууллагын дансанд орж ирсэн.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.Жаас Ү А Гт холбогдуулан “Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/195 тоот тушаалыг хүчингүй болгох, тус аудитын газрын Нийслэл дэх Төрийн аудитын газрын ахлах аудиторын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Маргаан бүхий акт болох Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/195 дугаар[1] тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын Санхүүгийн аудитын хэлтсийн ахлах аудитор Д.Жыг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн.
Нэхэмжлэгчээс дээрх тушаалыг эс зөвшөөрч “...төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл ажиллах тухай хүсэлтээ удаа дараа өгсөн боловч хариу өгөөгүй...хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй...өөрөө хүссэн тохиолдолд тэтгэвэр тогтоолгох байсан...” гэж,
Хариуцагчаас “...55 насанд хүрснээр чөлөөлөх эрх тус байгууллагад үүссэн...хүсэлт гаргаснаар төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах үр дагавар шууд үүсэхгүй...тодорхой шалгуурыг харгалзсаны үндсэн дээр үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг шийдвэрлэнэ...” гэж тус тус маргаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т ”Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, 41 дүгээр зүйлийн 41.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл төрийн албан хаагчийн “төрийн алба хаах насны дээд хязгаар”-ыг 65 нас гэж заасан бөгөөд “тэтгэвэр тогтоолгох нас”-ыг тусгайлан заагаагүй, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэж заасны дагуу төрийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгох насыг 60 нас гэж үзэхээр байна.
Гэтэл хариуцагчаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-т “...20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж төрийн албан хаагчийн өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр үүсэх эрхийг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасан “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэж заасантай адилтган хуулийг буруу хэрэглэжээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Ж нь маргаан бүхий актыг гарах үед 55 настай, өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэхээр байхад түүнийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр төрийн албанаас чөлөөлж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд хариуцагчийн “...55 насанд хүрснээр чөлөөлөх эрх тус байгууллагад үүссэн” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.
Зүй нь Д.Ж 60 насанд хүрсэн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т зааснаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн; гэж үзэх бөгөөд 46.3. “...үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана...” гэсэн зохицуулалтын дагуу түүнийг өндөр насны тэтгэвэрт гаргах, эсхүл үргэлжлүүлэн ажиллуулах асуудлыг шийдвэрлэх боломжтой болох юм.
Мөн Д.Ж нь төрийн алба хаах насны дээд хязгаар /65 нас/ хүртэл ажиллах хүсэлт гаргасан, түүнчлэн үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг хангалттай үнэлэгдсэн зэргийг харгалзан үзэлгүйгээр өөрөө хүсээгүй байхад нь 55 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.”Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, 62 дугаар зүйлийн 62.1.1.”энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх;” төрийн албан хаагчийн эрх зүйн баталгааг эдлэх эрхийг зөрчсөн байна.
Иймд хариуцагч байгууллага нь Д.Жыг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн нь хууль бус болох нь тогтоогдож байх тул Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/195 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Жыг урьд эрхэлж байсан Нийслэл дэх Төрийн Аудитын газрын Санхүүгийн аудитын хэлтсийн ахлах аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.”Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Д.Ж ажилгүй байсан хугацааны цалинг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тооцон гаргуулахаар нэхэмжилсэн боловч Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/195 тоот тушаалаар Д.Жыг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлсөн тул 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож, ажилгүй байсан 169 хоногийн олговор болох 18,972,616 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “..хоол унааны мөнгө”-ийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 4-т Ажилтанд олгож байгаа бүх төрлийн /жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвараа алдсаны, ажилгүйдлийн, тэтгэвэрт гарах үеийн ажилтанд олгох гэх мэт/ тэтгэмжүүд, нөхөх олговор, хөнгөлөлтийн орлого, /унаа, түлш, байр, хоолны үнийн хөнгөлөлт/-ыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасан байна.
Түүнчлэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ажилгүй байсан хугацааны хоол унааны мөнгө болон хавсран ажиллаж байсан албан тушаалын цалин хөлсийг нэхэмжлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Д.Жд хариуцагч байгууллагаас 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр улсын төсөвт төвлөрүүлсэн 36 сарын тэтгэмжийн 33.558.297.0 төгрөг олгогдоогүй байгаа талаар шүүхэд ирүүлсэн тайлбартаа дурдсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3, 49 дүгээр зүйлийн 49.2, 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Жы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/195 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Жыг урьд эрхэлж байсан Нийслэл дэх Төрийн Аудитын газрын Санхүүгийн аудитын хэлтсийн ахлах аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Д.Жы ажилгүй байсан 169 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 18,972,616 төгрөгөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож Д.Жд олгох, эрүүл, мэнд нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
[1] Хавтаст хэрэг 10 дахь тал.