Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 255

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч  Э.Оюунтунгалаг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат ҮД:03-46, 

           шүүгдэгч Л.Лхагвасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Сүхбаатар хотод 1991 оны 9 дүгээр сарын 10-нд төрсөн, эрэгтэй, 26 настай, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  хэрэг үйлдэх  үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, 03-2 насны  2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 09-р хороо 49-744-85 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Лхагвадоржийн Лхагвасүрэнд /РД:НП91091011/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдсэн эрүүгийн 2017 2501 0820 дугаар 105/2017/0266/Э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Лхагвасүрэн нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 09-р хороо Шархадны эцэст иргэн Ч.Буянбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, улмаар зодож,  бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Лхагвасүрэн мэдүүлэхдээ: Би  холбогдсон хэргийнхээ талаар хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн тул дахин ярихгүй гэв.

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

            Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Буянбатын: ...Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны хуучин эцэс буюу эмнэлэгийн урд талын шинэ тойргоос таксинд явахаар эхнэр Оюун-Эрдэнийн хамт 2017 оны  02 дугаар сарын 09-ний өдөр орой 17 цагийн үед 82-79 УНИ улсын дугаартай, мөнгөлөг өнгийн  “Приус-10” маркийн машинтай очиход 97-70 УБХ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Карина маркийн машин зогсож байхаар нь өмнө уг газраас таксинд явж байгаагүй машин байхаар нь өөрийнхөө машинаас бууж очоод юун харагдаагүй машин таксинд яваад байна вэ гэж асууснаас болж маргаан үүссэн…Тэр үед нөгөө машины жолооч залуу эхлээд миний баруун шанаа орчимд баруун гараараа цохихоор нь цааш нь түлхээд гай болно шүү гэж хэлсэн. Миний хувьд харилцан цохиж, зодсон зүйл байхгүй. Намайг куртикны захаар боож, хавсарч унагаасан. Тухайн үед нуруугаар халуу оргисон ба би ч хүнтэй ноцолдох боломжгүй болсон. Бид хоёр хэл амаараа бие биенийгээ доромжилсон чинь Лхагвасүрэн гэдэг залуу машинаа жолоодоод явсан ба хэсэг хугацааны дараа эргэж ирээд дахин маргаан үүсэж, намайг гудамж руу татаж оруулаад ална гээд газар унагаагаад дээрээс дэвссэн. Бид хоёр больё гээд салсан.  гэх мэдүүлэг /хх-н 10-р тал /

Мөрдөн байцаалтад сэжигтэн Л.Лхагвасүрэнгийн: ...2017 оны 02 дугаар сарын 09-ны орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны эмнэлэгийн тойрог орчимд таксинд явахаар 2 машины ард зогсож байгаад урд талын хоёр машин хүнээ аваад таксинд явахаар нь би урагшласан чинь урдуур Приус-10 маркийн саарал өнгийн машинаар шахаж орж ирээд зогсохоор нь машинаасаа буугаад явж байна вэ гэхэд жолооч нь эхнэртэйгээ бууж ирээд надаас зөвшөөрөл аваад хүн ачдаг гэж хэлсэн…Тэгэхээр нь юу яриад байгаа юм бэ гээд бид хоёр маргалдсан чинь эхнэрийнхээ машинд хүн суулгаж явуулчихаад намайг хүн ачуулахгүй маргалдаад байсан. Маргалдаж байгаад харилцан заамдаад ноцолдож, түлхэлцэж байгаад арга барагдаад тэр хүнээс салаад машиндаа суугаад буудлын эцэс рүү таксинд явахаар явсан. Тэндээ 5-10 минут зогсож байгаад нөгөө хүн явсан байх гэж бодоод буцаж нөгөө газарт ирсэн чинь нөгөө залуу байж байсан ба дахин бид хоёр хэрэлдэж, маргалдаж, ноцолдож байгаад гэртээ харихаар явсан.. гэх мэдүүлэг /хх-н 22-р тал /

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ¹2673 шинжээчийн дүгнэлтэнд:

             1.Ч.Буянбатын биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язрал, баруун нүдний гадна булан, цээжинд зулгаралт, хүзүү, цээжинд цус хуралт, нурууны булчингийн чангарал гэмтэл тогтоогдлоо.                 

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ганзориг гэсэн дүгнэлт / хх-н 15-р тал/ зэрэг  бичгийн  баримтуудыг  шинжлэн судлав.

          Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон хохирогч шүүгдэгч  нарын  нарын мэдүүлэгүүдээс дүгнэхэд: Л.Лхагвасүрэн  нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэн Ч.Буянбаттай хувиараа таксинд явдаг машины зогсоолоос болж маргаж, улмаар зодож хохирогчийн  бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байна.

       Иймд Л.Лхагвасүрэн нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 09-р хороо Шархадны эцэст иргэн Ч.Буянбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, улмаар зодож,  бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь  хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  ял шийтгэл  оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч Л.Лхагвасүрэн урьд  ял шийтгэл хүлээж байгаагүй ял шалгах хуудас зэргээр тогтоогдож байна./хх-н 32-р тал /

  Хохирогч Ч.Буянбат шүүгдэгч Л.Лхагвасүрэн  нар нь сайн дураараа эвлэрсэн,шүүгдэгч  Л.Лхагвасүрэн  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн  хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн  улмаас  учруулсан  гэм хорын хохирлыг арилгасан,  хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. /хх-н 55-р тал/

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

         

           1. Боржигон овогт Лхагвадоржийн Лхагвасүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         

           2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар  татах тогтоол  үйлдэн ирүүлсэн  Л.Лхагвасүрэнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  25 дугаар  зүйлийн  25.1-т  заасан  үндэслэлээр  хэрэгсэхгүй болгосугай.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Л.Лхагвасүрэнг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

           

          4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх  төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурьдсугай.

        

         5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж  Л.Лхагвасүрэнд урьд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хүчингүй  болгосугай.

        

         6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч,түүний  өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

          7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                       

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ч. АЛТАНЦЭЦЭГ