Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2176

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/02673 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.О-ийн хариуцагч “К” ХХК-д холбогдуулан гаргасан орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн 164 719 ам.доллар буюу 397 083 152 төгрөг, гэрээний дагуу төлсөн 32 000 000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 51 726 777 төгрөг, нийт 480 809 930 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбажаргал, өмгөөлөгч М.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдах Энканто таун хотхон орон сууцны хороололд 801-р байрны 59 тоот 105.32 м.кв талбай бүхий орон сууцыг захиалан бариулахаар 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр орон сууц захиалгын гэрээг “К” ХХК-тай байгуулсан. Орон сууц захиалгын гэрээгээр “К” ХХК нь 2013 оны 2 дугаар улиралд багтаан орон сууцыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй. Дээрх гэрээний дагуу орон сууцыг хугацаанд нь ашиглалтад оруулалгүй 9 сараар хугацаа хожимдуулсан, баригдсан барилга нь гэрээ байгуулах саналд дурдсан хүүхдийн тоглоомын талбай байгуулахаар төлөвлөсөн талбайд өөр орон сууцны барилга барьсан, барилга хоорондын зай хэт ойрхон, барилгын норм стандартыг зөрчсөнөөс манай захиалсан байранд нар тусахгүй, харанхуй, хүйтэн, болсон, орон сууцны дотоод заслыг захиалагчийн сонголтоор гүйцэтгэх үүргээ зөрчсөн зэргээр гэрээний үүргээ ноцтой зөрчсөн байсан. Гэрээнээс татгалзах санал тавихад “К” ХХК нь захиалсан байрыг өөр байраар буюу Энканто таун 2 хотхоны 15 дугаар давхарт байрлах орон сууцаар сольж өгөхөөр тохиролцсон боловч хариуцагч нь уг орон сууцны байрыг өөр этгээдэд борлуулсан. Миний бие уг байрыг захиалсан урьдчилгаа төлбөрөө төлөхийн тулд 150 000 000 төгрөгийн зээлийг 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Хаан Банкнаас зээлсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гэрээний үүргээ зөрчсөнөөс миний бие нь орон байртай болоогүй байтлаа 5 жил гаруй хугацаанд банканд зээлийн хүүнд 51 726 777.95 төгрөгийг төлж, эд хөрөнгөөрөө хохирч байна. Иймд орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж гэрээний дагуу төлсөн 397 083 152 төгрөг, мөн дээрх гэрээний дагуу төлсөн 32 000 000 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 51 726 777.95 төгрөг, нийт 480 809 930 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.О нь 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр орон сууц захиалгын гэрээг “К” ХХК-тай байгуулж, Энканто таун хотхоны 801 дүгээр байрны 6 дугаар давхрын 59 тоотын 105.32 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалсан. 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төлөх ёстой нийт төлбөрийн 60 хувь буюу 107 426.4 ам.долларыг 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн, 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 5 хувь буюу 8 952 ам.доллар, 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлөх ёстой 27 хувь буюу 48 341 ам.долларыг 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төлсөн бөгөөд орон сууц ашиглалтанд ороход 8 хувь буюу 14 324.6 ам.доллар төлж байрны түлхүүрээ авах ёстой байсан. Э.Оийн захиалсан орон сууц 2013 оны 12 дугаар сард ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсан. Тэгэхэд 801 дүгээр байшингийн дугаарлалт нийслэлээс дугаар олгосны дагуу 305-р байр болж өөрчлөгдсөн, мөн зарим айлууд хоёр айлын орон сууцыг авч нэгтгэснээс айлуудын хаалганы дугаарлалт өөрчлөгдөж, 59 тоотын байр 55 тоот болж өөрчлөгдсөн. Орон сууц ашиглалтад орсны дараа үлдэгдэл төлбөрөө төлж, орон сууцаа хүлээж ав гэж мэдэгдэхээр Э.Отэй холбоо барих гэж оролдсон боловч олдоогүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, хаягтаа байхгүй алга болсон. Э.О нь 2014 оны 9 дүгээр сард нөхөр Д.Лхагва-Очирын хамт гэнэт хүрч ирээд захиалсан байраа авахгүй, Энканто-2 хотхоны 101-р байрны 9 давхрын 23 тоот орон сууцыг захиалмаар байна гэж өргөдөл өгсөн. Манай компани уг хүсэлтийг нь хүлээн зөвшөөрөөгүй. Дараа нь 2015 оны 12 дугаар сард дахин ирж уулзахад нь өөр байр үзүүлсэн боловч тохиролцоонд хүрээгүй тул шинэ гэрээ байгуулаагүй. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, харин захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүнг хүлээн авсанд тооцно. Иймд одоо гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөрөө нэхэмжилж байгааг, мөн хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 436 670 337 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 44 139 593 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 562 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2 341 301 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж буруу тодорхойлсон. Талууд анх орон сууц захиалгын гэрээ байгуулах үед талуудын гэрээний зүйл болох орон сууц нь баригдаагүй байсан. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх буруу дүгнэсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчийг барилгаа 2013 оны 2-р улиралд биш, 4-р улиралд ашиглалтад оруулж, гэрээний үүргээ зөрчсөн гэж нэхэмжлэлдээ буруутгасан. Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж буруутгахдаа 2013 оны 2-р улирлаас 4-р улирал хүртэл буюу барилга ашиглалтад орох хүртэл нэхэмжлэгч нь хариуцагчтай нэг ч удаа холбоо бариагүй, орон сууцандаа ормоор байна, барилгаа хурдан дуусгахгүй бол гэрээ цуцална шүү гэж ирж уулзаж байгаагүй. Манай байгууллага гэрээнд заасан хугацаанд барилгаа ашиглалтад оруулахаар өөрийн боломжит бүх зүйлээ хийсэн. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй талаар заасан. Барилгын ажлыг 2-р улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр тохиролцож, 4-р улиралд багтаан өгсөн буюу 6 сарын дараа хүлээлгэн өгсөн нь гүйцэтгэгчээс шалтгаалаагүй тул ялимгүй зөрчилд хамаарна. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзах журам хэрэгжсэн талаарх баримт хэрэгт огт авагдаагүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн тус зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь гэрээ цуцлах тухай мэдэгдлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар бичгээр гаргаж өгөх үүрэгтэй атал энэ талаар барилгыг 2013 оны 4-р улиралд улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулах үед гаргаагүй. Харин ч үүнээс хойш буюу барилга ашиглалтад бүрэн орсны дараа гэрээ цуцлах хүсэлгүй байсан болох нь түүний 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр бичгээр гаргасан "үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах" тухай хүсэлтээр тогтоогдож байгаа. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийг буруутгахдаа орон сууцыг 4-р улиралд багтаан оруулаагүй тул нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах эрхтэй гэж үндэслэлгүй дүгнэхдээ дээрх үйл баримтыг цаг хугацааны хувьд логик дараалалтай шалгаж үзээгүй. Нэхэмжлэгч нь гэрээний 4.8-д “Захиалагч нь гэрээнд заасан холбоо барих утас, харилцах хаягийн өөрчлөлтийг гүйцэтгэгчид мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг зөрчиж барилга 2013 оны 4-р улиралд ашиглалтад орсноос хойш орон сууцаа ирж хүлээн авахгүй, утас нь холбогдохгүй, оршин суух хаяг дээрээ байхгүй алга болсон. 2016 оны 10 дугаар сард үлдэгдэл төлбөрөө бүрэн төлснийх нь дараа байрных нь түлхүүрийг шуудангаар нэхэмжлэгчид явуулсан. Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хэрвээ гэрээ цуцлах хүсэл сонирхолтой байсан бол 2016 оны 10 сард үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байх байсан. Гэтэл үүнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

Шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан үндэслэлээ “хариуцагч нь орон сууцны барилгыг 2013 оны 2 дугаар улиралд багтаан улсын комисст хүлээлгэн өгөх үүргээ зөрчиж 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн тул” гэж тайлбарлажээ. Барилга хугацаандаа ашиглалтад ороогүй нь нэхэмжлэгчийн 10 жилийн хугацаагаар авсан зээлийн хүүгээ төлөх үүрэгт ямар хамааралтай нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн уг зээлийн гэрээний төлбөр гаргуулах шаардлага нь гэрээнээс учирсан хохиролд хамааралгүй юм. Гэтэл анхан шатны шүүх хохирол учирсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч нь орон сууц захиалгын гэрээний 4.1-т заасан төлбөрийн үүргээ хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй, барилга ашиглалтад орсноос хойш 2 жил 9 сарын дараа гүйцэтгэж дуусгасан. Тэрээр ажлын үр дүнгээ хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүйгээс гадна мөн төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1, 225 дугаар зүйлийн 225.4.3-т тус тус зааснаар гэрээнээс татгалзах эрх түүнд үүсээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Э.О нь “К” ХХК-д холбогдуулж орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн 164 719 ам.доллар буюу 397 083 152 төгрөг, гэрээний дагуу төлсөн 32 000 000 төгрөг, гэрээ зөрчсөнөөс учирсан хохиролд 51 726 777 төгрөг, нийт 480 809 930 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Зохигчдын хооронд 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр орон сууц захиалгын 801/259 дугаартай гэрээ байгуулагдаж, хариуцагч нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдах “Энканто таун” хотхон орон сууцны хороололд 105,32 м.кв орон сууцыг 2012 оны 2 дугаар улиралд багтаан улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулах, энэ талаар худалдан авагчид мэдэгдэж, орон сууцыг хүлээлцэн акт үйлдэж, түлхүүрийг хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь хэлэлцэн тохирсон үнэ болох 179 044 ам.долларыг тодорхой хуваариар төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, харин талууд гэрээний үүргээ зөрчсөн эсэх, гэрээнээс татгалзаж, үүргийн гүйцэтгэлийг буцаан гаргуулах үндэслэл бий болсон эсэх агуулгаар маргасан байна.

            Талуудын хооронд гэрээ байгуулагдах үед гэрээний зүйл болох орон сууц баригдаагүй байсан хэдий ч “К” ХХК-ийн 2013 оны 2 дугаар улиралд барьж дуусгах барилгаас 105.32 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг худалдан авагчид хүлээлгэн өгөх, нөгөө тал үнийг хэсэгчлэн төлөх гол нөхцөлийн талаар талууд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийсэн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг талуудад үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Э.О нь орон сууцны үнэд 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 107 426,40 ам.доллар, 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 8 952 ам.доллар, 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 48 341 ам.доллар, нийт 164 719 ам.доллар төлснийг хариуцагч үгүйсгээгүй, гэрээний 2.2-т заасан хугацаанд гэрээний үнийн дүнгийн 92 хувийг төлж гэрээний үүргээ биелүүлжээ.

Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах улсын комисс хариуцагч “К” ХХК-ийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт барьсан “Энканто таун” хотхон орон сууцны хорооллын 116 айлын орон сууцны барилгыг 2012 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ашиглалтад хүлээн авсан талаарх акт /хх-65-68/ хэрэгт авагдсан байна. Гүйцэтгэгч компани барилгын ашиглалтад оруулах гэрээнд заасан хугацааг хойшлуулсан талаар худалдан авагчид гэрээний 3.3-т зааснаар мэдэгдсэн, гэрээний хугацааг талууд харилцан тохиролцож сунгасан баримтгүй байна.

Түүнчлэн хариуцагч тал барилгыг байнгын ашиглалтад хүлээн авснаас хойш худалдан авагч талд 7 хоногийн дотор мэдэгдэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, нэхэмжлэгчийг гэрээнд заасан хаягт байгаагүй, утас нь холбогдоогүй гэх тайлбар болон 2013 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд захиалсан орон сууцыг нь хүлээлгэн өгч, түлхүүрийг гардуулах гэрээний 3.2, 5.2-т зааснаар мэдэгдсэн баримтыг шүүхэд гаргаагүй.

Мөн гэрээнд өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцож шинэчлэн байгуулаагүй гэдгээ хариуцагч тал тайлбарласнаас гадна нэхэмжлэгч тал 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэрээний үүргийн зөрчлийн талаар “К” ХХК-д мэдэгдэж, үлдэгдэл 8 хувийн төлбөрийн нөхцөлийн талаар зөвшилцөхийг хүссэнээ бичгээр хүргүүлсэн нь хэрэгт авагдсан /хх-13/, улмаар үлдэгдэл 8 хувийн төлбөрийг 2016 оны 02 дугаар сарын 22, 2016 10 дугаар сарын 07, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлж дуусгасан байна. /хх-107/

Гэрээний 5.4-т гүйцэтгэгчийн төлөөлөгч ба захиалагч нар орон сууцыг хүлээлцэх акт үйлдэн гарын үсэг зурж, түлхүүрийг хүлээлцсэнээр орон сууцыг захиалагчид бүрэн хүлээлгэн өгсөнд тооцно гэж талууд харилцан тохиролцсон тул 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр түлхүүрийг шуудангаар хүргүүлсэн ч хүлээн аваагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд үүргийг тогтоосон газар, хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан зарчимд нийцэхгүй. 

Хэргийн дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн үзвэл хариуцагч “К” ХХК гэрээний 3.2 дахь заалтаар хүлээсэн барилгыг 2013 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулж, худалдан авагч талд хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүргийн зөрчил үргэлжилсэн нь тогтоогдсон, уг үүргийн зөрчилтэй холбоотойгоор худалдан авагч тал гэрээг өөрчлөх санал гаргасан боловч үр дүн гараагүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах болон гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан шаардах эрх мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид үүссэн байна.  

Хариуцагч нь дээрх байдлаар гэрээний үүргээ зөрчсөнөөс гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Э.О нь 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ХААН банктай ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 150 000 000 төгрөгийг жилийн 3,6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлэн авч, 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “К” ХХК-ийн Голомт банк дахь долларын 1801329248 тоот дансанд 107 426,40 ам.долларыг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан, “К” ХХК-ийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн хүүгээр хохирсон гэх нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй, шүүх 7 587 186 төгрөгийг хүүг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг зөрчихгүй.

Нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш гэрээнээс татгалзах санал гаргасан 2017 оны 02 дугаар сарыг хүртэлх хугацаанд банкны зээлийн хүү төлснийг хохиролд тооцож нэхэмжлэх эрхтэй боловч шүүхийн шийдвэрээр 1 жил 5 сарын хугацааны хүү 7 587 186 төгрөг гаргуулсныг эсэргүүцээгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцэх бөгөөд хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. 

 Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/02673 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 341 302 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                             А.ОТГОНЦЭЦЭГ