Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/180

 

 

 

 

 

 

 

 

2024           09           06                                  2024/ШЦТ/180

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Б.Н*******, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Н*******д холбогдох эрүүгийн 2415000420141 дугаартай, 163/2024/0183/Э индекстэй хэргийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ө******* овогт Б******* Н*******, Булган аймгийн ******* суманд 1******* оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, 41 настай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт, Булган аймгийн ******* сум, 4 дүгээр багийн ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар *******.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Н******* нь тусгай зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “******* *******” гэх газарт техник, хэрэгсэл ашиглан 2023 оны 09 дүгээр сарын эхэн үеэс Экологийн цагдаагийн алба хаагч нарыг хяналт шалгалт хийх хугацаа болох 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд хууль бусаар халдаж байгаль экологид 10.440.176 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу 20.880.356 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн 1.911.734 төгрөгийн, нийт 22.792.090 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Н******* нь Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “******* *******” гэх газарт техник, хэрэгсэл ашиглан 2023 оны 09 дүгээр сарын эхэн үеэс Экологийн цагдаагийн алба хаагч нарыг хяналт шалгалт хийх хугацаа буюу 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр үргэлжилсэн үйлдлээр ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд хууль бусаар халдаж байгаль экологид 10.440.176 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалтад заасны газрын хэвлийд учирсан хохирлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэн хэмжээгээр тооцсоноор 20.880.356 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн зардал 1,911,734 төгрөгийн, нийт 22,792,090 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

Дээрх хэргийн нөхцөл байдал нь 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 9-47 дахь тал/, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гар утсанд үзлэг хйисэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 60-65 дахь тал/, иргэний нэхэмжлэгч өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 141-142 дахь тал/, гэрч өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 179-182 дахь тал/, гэрч өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 19-20 дахь тал/, гэрч өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 35-36 дахь тал/, гэрч өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 52-54 дэх тал/, Экологийн цагдаагийн албаны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 12-6/4078 дугаартай албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 123 дахь тал/, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Алтан гулдмай хүлээн авсан акт /2 дугаар хавтаст хэргийн 123 дахь тал/, Хөрөнгө эстимэйт ХХК-ний 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 214-222 дахь тал/, Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний “Экоинженеринг” ХХК-ний 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №09 дугаартай дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 2-24 дэх тал/, Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 06/5980 дугаартай албан бичиг /3 дугаар хавтаст хэргийн 27 дахь тал/, Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай албан бичиг /3 дугаар хавтаст хэргийн 30 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Б.Нямдоржийн өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 146 дахь тал/, яллагдагч Б.Н*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 186-187 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоосон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

1.2. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Н******* нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд өөрийн сонгон авсан  өмгөөлөгч О.Оюунчимэгийн хамт шүүх хуралдаанд оролцсон болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт

 Шүүгдэгч Б.Н******* нь тусгай зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “******* *******” гэх газарт техник, хэрэгсэл ашиглан 2023 оны 09 дүгээр сарын эхэн үеэс Экологийн цагдаагийн алба хаагч нарыг хяналт шалгалт хийх хугацаа болох 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд хууль бусаар халдаж, ашигт малтмалын эрэл, хайгуул явуулсан үйлдэл нь хууль бус бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

1.4. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Б.Н*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар иргэний нэхэмжлэгч Б.Нямдорж нь шүүгдэгч Б.Н*******аас хохирол төлбөрт 22.792.090 төгрөг нэхэмжилсэн ба уг хохирол бүрэн төлөгдсөн, иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг шинжээчийн дүгнэлтийн зардал 4.000.000 төгрөг нэхэмжилсэн ба уг төлбөр төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Б.Н*******аас 2.000.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч олгохоор, хэрэгт шүүгдэгч Б.Н*******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх бичиглэл бүхий ногоон өнгийн цахилгаан үүсгүүрийн үнэ 4.800.000 төгрөг, УБ улсын дугаартай x загварын шар өнгийн экскаваторын үнэ 10.000.000 төгрөг, x загварын шар өнгийн экскаваторын үнэ 10.000.000 төгрөг, загварын шар өнгийн ковшийн үнэ 12.000.000 төгрөг, улсын дугаартай Хово загварын тээврийн хэрэгслийн үнэ 12.000.000 төгрөг, алт угаагч усан бууны үнэ 1.500.000 төгрөг, нийт 50,3000,000 төгрөгийг Б.Н*******аас гаргуулж улсын төсөвт шилүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Н******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын санал болгосон бөгөөд яллагдагч Б.Н*******ын хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 / долоон сая/ төгрөгөөр торгох ял шийтгэн, тус ялыг 1 жилийн хугацаанд биелүүлэхээр тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Хэрэв шүүгдэгч Б.Н******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хууль зүйн үр дагавартайг тогтоох  хэсэгт тусгайлан сануулав.

 

2.2. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан Шүүгдэгч Б.Н*******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх бичиглэл бүхий ногоон өнгийн цахилгаан үүсгүүрийн үнэ 4.800.000 төгрөг, УБ улсын дугаартай x загварын шар өнгийн экскаваторын үнэ 10.000.000 төгрөг, x загварын шар өнгийн экскаваторын үнэ 10.000.000 төгрөг, загварын шар өнгийн ковшийн үнэ 12.000.000 төгрөг, улсын дугаартай Хово загварын тээврийн хэрэгслийн үнэ 12.000.000 төгрөг, алт угаагч усан бууны үнэ 1.500.000 төгрөг, нийт 50,3000,000 төгрөгийг Б.Н*******аас гаргуулж улсын төсөвт шилүүлэх нь гаруулж улсын орлого болгон, энэ хэрэгт шүүгдэгч Б.Н******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ө******* овогт Б******* Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н*******ыг 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 / долоон сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Н*******д оногдуулсан 7.000.000 / долоон сая/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Н*******д сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Н*******ын гэмт хэрэг ашигласан гэх бичиглэл бүхий ногоон өнгийн цахилгаан үүсгүүрийн үнэ 4.800.000 төгрөг, УБ улсын дугаартай x загварын шар өнгийн экскаваторын үнэ 10.000.000 төгрөг, x загварын шар өнгийн экскаваторын үнэ 10.000.000 төгрөг, загварын шар өнгийн ковшийн үнэ 12.000.000 төгрөг, улсын дугаартай Хово загварын тээврийн хэрэгслийн үнэ 12.000.000 төгрөг, алт угаагч усан бууны үнэ 1.500.000 төгрөг, нийт 50,3000,000 төгрөгийг гаруулж улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгийн шинжээчийн дүгнэлтийн зардалд 2.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Н*******аас гаргуулж, иргэний нэхэмжлэгч олгуулсугай.

6. Шүүгдэгч Б.Н******* нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Оролцогч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ЁНДОНСАМБУУ