Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваагийн Уранчимэг |
Хэргийн индекс | 139/2021/00019/И |
Дугаар | 139/ШШ2021/00128 |
Огноо | 2021-04-02 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 139/ШШ2021/00128
2021 оны 04 сарын 02 өдөр | Дугаар 139/ШШ2021/00128 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хас банкны Дундговь салбарын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг, 13-13 тоотод оршин суух Уургач овогт Нямлхасүрэнгийн Тунгалаг /ЗЮ74082206/, Шувуутай овогт Балдандоржийн Амаржаргал /ЗК69020914/ нарт холбогдох 4759380, 46 /дөрвөн сая долоон зуун тавин есөн мянга гурван зуун наян төгрөг дөчин зургаан мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2021/00019/И индескстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Туяацэцэг, хариуцагч Н.Тунгалаг, Б.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Дундговь салбарын захирал Ч.Туяацэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.Тунгалаг, Б.Амаржаргал нар нь Хас банктай 2019 оны 01 сарын 15-ны өдөр 1190018221 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 6500000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2019 оны 01 сарын 16-ны өдөр зээлдэгч Нямлхасүрэн овогтой Тунгалагийн Хас банкин дахь 5002702225 тоот дансанд 6500000 төгрөгийг шилжүүлэн 1190018221 дугаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 2468186, 3 төгрөг, зээлийн хүүд 1370948, 09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2967, 63 төгрөгийг тус тус төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1190018221 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2020 оны 03 сарын 12-ны өдрийн төлөлтөөс эхлэн төлөлгүй хугацаа хэтрүүлэх болсон бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 284 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хас банк ХХК удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгч нараас шаардаж мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд зээлдэгч нар нь гэрээний үүргээ биелүүлээгүй хэвээр байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453. 1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1190018221 дугаартай зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний дагуу төлөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 4031813, 63 төгрөг, 2020 оны 12 сарын 21-ний өдрийн байдлаарх хүү 691457, 83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36109 төгрөг нийт 4759380, 46 төгрөгийг хариуцагч Н.Тунгалаг, Б.Амаржаргал нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Туяацэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2020 оны 12 сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулаад Б.Амаржаргал, Н.Тунгалаг нарт 6500000 төгрөгийг 365 хоногт, 22,08 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл олгосон. Зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж байгаад 2020 оны 03 сарын 12-ны өдрөөс эргэн төлөлтөө хийгээгүй. Банкнаас удаа дараа мэдэгдэх хуудас, шаардах хуудсыг өгч байсан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлд төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 4031813,63 төгрөг, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хүү 691457.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36109 төгрөг нийт 4759380,46 төгрөгийг хариуцагч Б.Амаржаргал, Н.Тунгалаг нараас гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн үнийн дүнд өөрчлөх зүйлгүй гэв.
Хариуцагч Н.Тунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжилж байгаа мөнгийг төлнө. Хас банкнаас би өөрийн цалингийн зээлийг авахад нөхөр Амаржаргалаар гарын үсэг зуруулах болсон. Тэгэхэд Хас банкинд Амаржаргалын нэр дээр хашаа байшингийн зээлтэй байсан ба нэг хүн давхар зээлтэй байж болохгүй гээд миний авсан зээлээс хашаа байшингийн зээлийн 3 саяыг дараад үлдэгдэл мөнгийг нь миний дансанд шилжүүлсэн. Бид тэр байшинд хамт амьдарч байгаад би 2 хүүхэдтэйгээ явсан. Амаржаргал бид 2 одоо тусдаа амьдарч байгаа. Салаад явахдаа чи байшиндаа үлдэж байгаа юм чинь энэ зээлээ төлөөрэй байшингаас чинь би юу ч авахгүй гээд хот явсан. Одоо би 2 хүүхэдтэйгээ хотод түрээсийн байранд амьдарч байгаа. Би энэ зээлийн 50 хувийг ч төлөх боломжгүй байна. Зээл авсан нь үнэн. Тэр зээлээс 3600000 төгрөгөөр Б.Амаржаргалын зээлийг төлөөд үлдэгдэл нь миний данс руу орсон. Зээл авснаас хойш төлсөн төлөлтийг би төлж явсан. Би энэ цар тахалтай үед ажилгүй байгаа 2 сарын хугацаанд төлөх боломжгүй. Хашаа байшингийн зээлийг төлөөд гэрчилгээг нь Амаржаргалд авч өгсөн, хашаа байшин Амаржаргалын нэр дээр байдаг. Одоо энэ хүн тэр хашаа байшиндаа амьдарч байгаа учраас үлдсэн зээлийг би төлөхгүй. Б.Амаржаргал төлөх ёстой гэв.
Хариуцагч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 8800000 төгрөгийн зээлтэй байсан түүнээс 5800000 төгрөгийг төлсөн байсан. 3000000 төгрөг үлдсэн төлөөд явж байтал Н.Тунгалаг зээл хийх гэсэн юм гарын үсэг зураад өгчих гээд банкин дээр очиж би гарын үсэг зурсан. Одоо бид тусдаа амьдарч байгаа. Нийт нэхэмжилсэн мөнгөнөөс 50 хувийг 2 сарын дотор төлөх боломжтой байна. Н.Тунгалаг намайг байшингаа зарж зээлээ төл гэсэн би зарахгүй гэж хэлсэн. Миний хувьд 2 хүүхдээ бодоод зээлсэн мөнгөний талыг нь төлмөөр байна. Миний хашаа байшингийн 3000000 төгрөгийн зээлийг төлөөд Н.Тунгалаг өөртөө зээл авсан юм. Н.Тунгалагийг зээл авах болоход давхар зээлтэй байж болохгүй гэж хэлээд миний хэвийн төлөөд явж байсан зээлийн үлдэгдэл 3 сая гаруй төгрөгийг Н.Тунгалагийн авсан зээлээс төлүүлсэн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Дундговь салбар нь Н.Тунгалаг, Б.Амаржаргал нараас зээл, зээлийн хүү, нотариатын зардал 4759380, 46 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Зохигчийн хооронд 2019 оны 01 сарын 15-ны өдөр 1190018221 тоот зээлийн гэрээ /хх-ийн 7-8-рт/ байгуулжээ. Уг гэрээний хугацаа 2021 оны 07 сарын 14-ний өдөр дуусах /хх-ийн 9-рт/ боловч хариуцагч нар нь 2020 оны 03 сарын 12-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүг төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна. Ийнхүү зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөөгүй учир зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “Зээлдэгч энэ гэрээгээр болон баталгаат ипотекийн гэрээ, фидуцийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд гэрээнээс татгалзах эрхээ алдан, банк санаачлан гэрээг цуцалж зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах” /хх-ийн 8-9-рт/ эрх үүссэн нь тогтоогдож байна.
Хариуцагч Б.Амаржаргалд 2021 оны 01 сарын 05-ны өдөр, Н.Тунгалагт 2021 оны 01 сарын 15-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан байна. Хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хуульд заасан хугацаанд хариу тайлбар, нотлох баримтыг ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдсэн боловч хариу тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа хариуцагч Н.Тунгалаг нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй буюу Н.Тунгалаг өөрөө төлөх үндэслэлгүй гэж, хариуцагч Б.Амаржаргал нь нэхэмжлэлийн 50 хувийг төлнө гэжээ.
Хариуцагч нар нь гэрээний чөлөөт байдлын үндсэн дээр нэхэмжлэгчтэй зээлийн гэрээг байгуулсан болохоо илэрхийлж байх ба гэрээг байгуулан гарын үсэг зурснаар хариуцагч нар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээсэн байна. Хариуцагч Н.Тунгалаг нь зээлийг төлөхгүй гэж маргаж байх боловч өөрийн тайлбар, татгалзлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Мөн хариуцагч нар нь нэхэмжлэгч Хас банктай зээлийн гэрээ байгуулсан атал хариуцагч Н.Тунгалаг нь уг зээлийг төлөхгүй байх үндэслэлээ нотлоогүй ба хариуцагч Б.Амаржаргал уг зээлийг төлнө маргаж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай бус хамтран хариуцагч этгээдэд хамааралтай тайлбар татгалзал гаргаж байх тул хариуцагч Н.Тунгалагийн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Иймд хариуцагч нараас хувь тэнцүүлсэн хэмжээгээр гаргуулан нэхэмжлэгчид олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад 91100 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой байсан бөгөөд улсын тэмдэгтийн хураамжид нийт 111900 төгрөг төлсөн баримтыг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111900 / нэг зуун арван есөн мянга есөн зуун/ төгрөгөөс 91100 /ерэн нэгэн мянга нэг зуун / төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Тунгалаг, Б.Амаржаргал нараас тус бүр 45550 / дөчин таван мянга таван зуун тавин/ төгрөгийг, төсвийн орлогоос 20800 /хорин мянга найман зуун/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д Уургач овогт Нямлхасүрэнгийн Тунгалаг /ЗЮ74082206/, Шувуутай овогт Балдандоржийн Амаржаргал /ЗК69020914/ нараас тус бүр 2379690, 23 / хоёр сая гурван зуун далан есөн мянган төгрөг хорин гурван мөнгө/-ийг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Дундговь салбарт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111900 / нэг зуун арван есөн мянга есөн зуун/ төгрөгөөс 91100 /ерэн нэгэн мянга нэг зуун / төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Тунгалаг, Б.Амаржаргал нараас тус бүр 45550 / дөчин таван мянга таван зуун тавин/ төгрөгийг хувь тэнцүүлж гаргуулж, төсвийн орлогоос 20800 /хорин мянга найман зуун/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Дундговь салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.УРАНЧИМЭГ