Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2021/0279

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 04 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2021/0279

                                                                        

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Н.Л /РД:**********/

Хариуцагч: С Х Д Г З Б А

Гуравдагч этгээд: Д.Б /РД:**********/

            Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба Н.Лгийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18******* дугаартай 385 мкв газрын 000048277 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээнд “Хүчингүй” гэсэн тэмдэглэгээ дарж гэрчилгээг хүчингүй болгосон нь илт хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохыг даалгах.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээд Д.Б, өмгөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Н.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

            ... миний бие Сонгинохайрхан дүүргийн  20 дугаар хорооны нутагт байрлах 000048277 дугаартай гэрчилгээтэй, нэгж талбарын 18******* дугаар бүхий 385 м.кв газрыг гэр орон сууцны хашааны зориулалтаар 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 250 дугаартай Сонгинохайрхан дүүргийн  Засаг даргын захирамжийн дагуу 15 жилийн хугацаатай эзэмшиж байсан.

Гэтэл энэхүү миний газар эзэмших эрхийн гэрчилгээг Сонгинохайрхан дүүргийн  газар зохион байгуулалтын алба "Хүчингүй" гэсэн тэмдэглэгээ хийж хүчингүй болгосныг Сонгинохайрхан дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэхүү газрын хувийн хэргийг нотлох баримтаар 2020 оны 5 дугаар сард ирүүлэхэд мэдсэн.

Тус шүүх таны эзэмшиж байсан газрын эрх хүчингүй болсон байх тул иргэний шүүх маргааныг шийдвэрлэх боломжгүй эзэмших эрхийн гэрчилгээний асуудлаа холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх үндэслэлтэй байна гээд Сонгинохайрхан дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар 25-ны өдрийн 184/Ш32020/07107 дугаартай захирамжаар газрын шударга эзэмшигч болохыг тогтоолгох нэхэмжлэлтэй, газар чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Иймд би 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн газрын зохион байгуулалтын албаны дарга Г.Бтой уулзахад бичиг баримтаа бүрдүүлээд хүчингүй болгосон гэрчилгээг сэргээлгэх тухай хүсэлтээ өг гэсний дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, миний газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэлгүй хүчингүй болгосон тул гэрчилгээг сэргээж, шинээр олгож өгнө үү гэсэн хүсэлтийг газрын албаны бичиг хэрэгт мөн өдөр өгсөн.

Өргөдлийн хариуг 14 хоногоос 1 сарын дотор шийдвэрлэнэ гэсэн учраас би 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр газрын албанд очиж асуухад манай хороог хариуцсан газар зохион байгуулагч н.А******* амраад Г.Т гэж хүн орлож таны өргөдлийг нийслэлийн газар зохион байгуулалтын алба руу явуулсан гэсэн.

Тэгэхээр нь би 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн газрын албанд очиж сураглахад газар зохион байгуулагч н.Л гэх хүн “Таны асуудлыг Сонгинохайрхан дүүргийн газрын алба танд газар олгосон захирамжийг үндэслээд 1 сарын дотор л шийдвэрлэх ёстой” гэсэн. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн газрын албаны Г.Т зохион байгуулагчтай уулзахад “Газрын албаны дарга ирэхээр шийднэ 7 хоноод ир” гээд 7 дугаар сарын 18-ны өдөр намайг явуулсан. 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр очиход “Чиний гэрчилгээг бичихгүй дарга ирэхээр болно” гээд дахиад л явуулсан, 8 дугаар сарын 02-ны өдөр очиход Г.Т зохион байгуулагч “чамтай уулзахгүй” гээд намайг хөөсөн. 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн газрын албаны орлогч дарга н.Мтай уулзаж учир байдлаа тайлбарлахад “Та захиргааны хэргийн шүүхэд хандах хэрэгтэй” гэсэн, тэр үед Г.Т нь орж ирээд “Газрын алба гэрчилгээ өгөхгүй, шүүхээрээ яв” гэсэн. Тэгэхээр нь би мөн өдрөө Сонгинохайрхан дүүргийн  Засаг дарга н.Сд гомдол гаргасан. Энэхүү гомдлыг Нийслэлийн Засаг дарга руу мөн шилжүүлсэн байсан.

Сонгинохайрхан дүүргийн газрын зохион байгуулалтын албаны дарга Г.Бийг ажилдаа ирэхээр 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр уулзахад “бид таны асуудлыг хурлаар шийдвэрлэнэ” гэсэн, 8 дугаар сарын 22-ны өдөр очиход “1 дэх өдөр ир” гэсэн, 8 дугаар сарын 31-ний өдөр очиход газар зохион байгуулагч Г.Тг дуудаад “энэ хүний асуудал юу болж байна” гэхэд тодорхой хариу байхгүй гэсэн.

Засаг дарга өргөдлийн хариуг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр албан тоотоор “Газрын тухай хуулийн 60.2-т заасны дагуу газартай холбогдон үүссэн маргааны талаар байгууллага албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны албан тушаалтан шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу эцэслэн шийдвэрлээгүй байх тул газрын гэрчилгээг бичиж өгөх боломжгүй гэсэн” хариуг газар зохион байгуулалтын алба өгсөн.

Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас таны өргөдлийн хариу гарлаа. 1800-1200 утсанд хандаж та хариугаа авна уу гэсний дагуу утсаар холбогдоход Сонгинохайрхан дүүргийн  газрын алба танд хариуг өгсөн байна гээд дээрх хариуг уншиж өгсөн. Ингээд би тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Газар эзэмших эрхийн гэрчилгээ бол миний газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичиг. Газрын гэрчилгээнд “Хүчингүй” тэмдэг дарснаар миний газраа эзэмших, бусдад шилжүүлэх болон бусад эрх зөрчигдөж байна. Газрын тухай хуульд газрыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх шийдвэр гаргаж, мөн эдгээр Засаг дарга нар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргахаар хуульчилсан.

Гэтэл миний хуулийн дагуу эзэмшиж байгаа газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга ямар нэгэн шийдвэр гаргаагүй байхад тус дүүргийн Газар зохион байгуулалтын алба “Хүчингүй” гэсэн тэмдэглэгээ хийж газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийг зөрчсөн. Учир нь дүүргийн газар зохион байгуулалтын албанд газрын эзэмших эрхийг хүчингүй болгох, эрх үүрэг хуулиар олгогдоогүй.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба Н.Л миний эзэмшиж байгаа Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18******* дугаартай 385 м.кв газрын 000048277 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-нд “хүчингүй” гэсэн тэмдэглэгээ дарж, уг гэрчилгээг хүчингүй болгосон нь илт хууль бус болохыг тогтоож, гэрчилгээ гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 250 дугаартай захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшихээр болсон. 15 жилийн хугацаатай газрыг эзэмшүүлэхээр захирамж гарсан боловч газрын албанаас газар эзэмшүүлэх гэрээг 5 жилийн хугацаатай, мөн гэрчилгээг 5 жилийн хугацаатайгаар олгосон. Ингээд 2020 онд тухайн газрын эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбоотойгоор гуравдагч этгээдийн зүгээс тус газрын шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн газар нь миний газар учраас эзэмшил газрыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан шийдвэрлэх явцад тус Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тухайн газрын хувийн хэргийг татаж авахад газар зохион байгуулалтын алба газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр хүчингүй гэсэн тэмдэглэгээ хийгээд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг мэдсэн. Үүнтэй холбоотойгоор газар эзэмших эрх олгосон захирамж хүчин төгөлдөр мөртлөө эрхийн гэрчилгээ хэн алины нэр дээр байхгүй байна гэдэг үндэслэлээр энэ асуудлыг шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан. Нэхэмжлэгчийн хувьд тухайн газрын эзэмших эрхийг олгосон захирамж хүчин төгөлдөр байгаа учраас өөрийн эзэмшил газар гэж үзээд тухайн газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргахад гэрчилгээ хүчингүй болсон явдал түүний эрх, ашиг сонирхлыг хөндөж байсан учраас хүчингүй болгосон тэмдэглэгээ дарсан Газар зохион байгуулалтын албаны уг тэмдэглэгээг хүчингүй болгуулахаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад гомдол гаргасан. Гомдлын хариу шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу ирсэн учраас тухайн хүчингүй тэмдэглэгээ дарсан үйлдэл нь захиргааны байгууллагын илт хууль бус үйлдэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Газар зохион байгуулалтын албаны үйлдэл нь эрх зүйн үндэслэл байхгүй, өөрөөр хэлбэл Газар зохион байгуулалтын алба гэрчилгээг хүчингүй болгохыг Газрын тухай хуулиар Засаг даргын эрх хэмжээнд олгосон байхад Газар зохион байгуулалтын алба хүчингүй тэмдэг дарсан нь илт хууль бус байна. Газар зохион байгуулалтын алба болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хүчингүй болгосон учраас шинээр гэрчилгээ олгож өгнө үү гэсэн өргөдлүүдийг хамт өгч байсан. Түүнийг шийдвэрлэхгүй байгаа учраас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 385 м.кв талбайтай газрын эзэмших тухай 15 жилээр олгосон хууль ёсны шийдвэр байгаа учраас Газрын тухай хуульд зааснаар Засаг даргын шийдвэрийг үндэслээд Газар зохион байгуулалтын алба гэрчилгээ олгоно гэж заасан. Тийм учраас шинээр гэрчилгээ олгохыг Газрын албанд даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Засаг даргын захирамж нэгэнт хүчин төгөлдөр байхад гэрчилгээг олгохгүй байгаа газрын албаны үйлдэл хууль бус, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тул гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/250 дугаар захирамжаар 20 хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалттай 386 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг Н.Лд олгосон байдаг бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Д.Бид 000517680 гэрчилгээний дугаартай 386 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу талууд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх нотариатын гэрээ байгуулсан байдаг.

Иргэн Д.Б нь 2016 онд эрх шилжүүлэх гэрээ байгуулснаар тухайн газарт үл хөдлөх хөрөнгө байшин барьж, газрын төлбөр тооцоог барагдуулж ирсэн боловч дүүргийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэгдээгүй.

Дээрх хүсэлтийн дагуу дүүргийн Засаг даргын дэргэдэх газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүнээс газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхэд шаардагдах материал бүрдэл хангалтгүй тул буцаах шийдвэр гаргаж 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 17/6420 тоот албан бичгийг хүргүүлсэн.

Мөн иргэн Н.Л нь газар эзэмших эрх шилжүүлэх нотариатын гэрээгээр газар сарын 10-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн авах материал бүрдүүлэн эзэмших эрхийн гэрчилгээгээ иргэн Д.Бид шилжүүлэн өгсөн боловч Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг илтэд зөрчин манай албанд 2019 оны 4 дүгээр өгч нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын тушаалаар нөхөн тушаал гаргуулан авахтай зэрэгцэн Д.Б нь өөрийн биеэр ирж тухайн газарт, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийсэн боловч иргэн Н.Л нь би газраа шилжүүлэх гэрээ хийгээгүй шилжүүлэх боломжгүй гэснээр маргаан үүссэн тул иргэн Н.Лгийн хууль бусаар гаргуулсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй тэмдэг дарж архивд хадгалсан болно.

Иймд иргэн Н.Лд 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 17/5363 тоот албан бичгээр ‘Газрын тухай хуулийн 60.2 /Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.3-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ./ заасны дагуу эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тул газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж өгөх боломжгүй тухай” мэдэгдсэн болно.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хоёр иргэн хоорондоо газар эзэмших эрхийн гэрчилгээг нотариатаар батлуулаад шийдвэр гараагүй байх хооронд нэхэмжлэгч өөрөө бичиг баримтаа хаячихлаа гэж манайх дээр ирж мэдэгдсэн. Шинээр гэрчилгээ нөхөн авахаар манайд хандахад зэрэгцээд гуравдагч этгээд мөн адил ирж манайхаас эрх шилжүүлэх материалаа авах гэсэн юм гэсэн байдлаар манайд хандсан байсан. Энэ үед манайх энэ хоёр иргэн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй юм байна гэдэг утгаар шүүхэд хандуулсан. Хариуцагч талаас энэ хоёр иргэний хэнд нь өгөх нь зөв бэ гэдгийг шүүхээр тогтоолгосны дараа манайх бичиг баримтаа гаргахад татгалзах зүйл байхгүй”  гэв.

Гуравдагч этгээд Д.Б түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“Нэхэмжлэгч Н.Лгийн төлөөлөгч Д.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохыг даалгах гэжээ. Гуравдагч этгээд Д.Б би нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2014 оны 12 сарын 12-ны өдөр Н.Л нь надтай газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг бичгээр / гараар бичсэн / хийж, энэ өдрөө надад газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийн хамт өгсөн. Маргааш нь буюу 2014 оны 12 сарын 13-ны өдөр Н.Л бид хоёр Сонгинохайрхан дүүргийн тойргийн 321 дугаарын нотариатч дээр очиж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж баталгаажуулсан.

Н.Л нэгж талбарын кадастрын зураглалыг шинээр хийлгээд 2016 оны 09 сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч дээр очиж Н.Л бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 802815304 дугаар бүхий 386 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших 000517680 дугаар дугаар гэрчилгээтэй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Энэхүү гэрээг үндэслэн 2016 оны 12 сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газрын эрх шилжүүлэх хүсэлтээ холбогдох баримтуудын хамт / газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураглал, эрх шилжүүлэх тухай гэрээ, иргэн аж ахуйн нэгжтэй газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээ / 2014 оны /, Н.Лгийн газар эзэмших эрх шилжүүлэхийг хүссэн хүсэлт зэрэг / өгсөн.

Хүсэлтийг хүлээн авсан Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын алба хуулийн хугацаанд газар эзэмших эрх шилжүүлэх тухай асуудлыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад танилцуулж, Захирамж гаргуулах чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс миний эрх, хууль ёсны эрх ашиг хохирсоор 05 жил 03 сар болж байна.

Н.Л нь 2019 оны хавар Иргэн, аж ахуйн нэгжтэй газар эзэмших, ашиглах гэрээний хугацаа дуусах гээд байна, гэрээгээ сунгуулах, шинээр гэрчилгээ авах хэрэгтэй байна гэж надаас газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхсэн зүйл байхгүй, миний газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт, холбогдох баримтууд Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд өгөгдсөн байсан юм.

Н.Лг надад шилжүүлсэн газар дээрээ нэгж талбарын 18******* дугаартай 000048277 дугаартай гэрчилгээ авсан, гэрчилгээнд хүчингүй тэмдэглэгээ дарагдсан болохыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын газраас холбогдох хувийн хэргийн материалыг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлсэнтэй танилцаж мэдсэн.

Газар эзэмших эрхийн гэрчилгээ Н.Лгийн нэр дээр байгаа учир Н.Лд гээсэн үрэгдүүлсэн гэх хүсэлтийг гаргах, түүнийг хүчингүйд тооцуулах эрх нь нээлттэй байгаа тул Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд байгаа гэрчилгээг алга болсон гэж хүчингүй тооцуулж, сонинд зарлуулсан байна. Н.Лгийн нэр дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг гээсэн, үрэгдүүлсэн тухай Н.Л бид хоёрын хооронд ямар нэг яриа гарч байгаагүй.

2016 оны 12 сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өгсөн миний газрын эрх шилжүүлэн авах хүсэлтийг шийдвэрлээгүй байхад Н.Лд газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгөхийг даалгасан шийдвэр гаргах нь хууль зүйн үндэслэлгүй юм.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Н.Лгийн гаргасан Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба Н.Лгийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18******* дугаартай 385 мкв газрын 000048277 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээнд “Хүчингүй” гэсэн тэмдэглэгээ дарж гэрчилгээг хүчингүй болгосон нь илт хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохгүй байгааг хууль бус болохыг тогтоож, олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Н.Лд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/250 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 8028/5304 дугаар бүхий 386 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгосон байна.

            Нэхэмжлэгчээс “...миний хуулийн дагуу эзэмшиж байгаа газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга ямар нэгэн шийдвэр гаргаагүй байхад тус дүүргийн Газар зохион байгуулалтын алба “Хүчингүй” гэсэн тэмдэглэгээ хийж газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийг зөрчсөн.” гэж,

            Хариуцагчаас “... Н.Л нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатаар батлуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ иргэн Д.Бид шилжүүлэн өгсөн боловч Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг илтэд зөрчин манай албанд 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн авах материал бүрдүүлэн өгч гэрчилгээг нөхөн гаргуулан авахтай зэрэгцэн Д.Б нь өөрийн биеэр ирж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийсэн боловч иргэн Н.Л нь би газраа шилжүүлэх гэрээ хийгээгүй шилжүүлэх боломжгүй гэснээр маргаан үүссэн тул иргэн Н.Лгийн хууль бусаар нөхөн гаргуулсан газар эзэмших эрхийн гэрчилгээнд “хүчингүй” тэмдэг дарж архивт хадгалсан.” гэж,

            Гуравдагч этгээдээс “...Н.Лгийн надад газар эзэмших гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг хүлээн авсан Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын алба хуулийн хугацаанд газар эзэмших эрх шилжүүлэх тухай асуудлыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад танилцуулж, захирамж гаргуулах чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс миний эрх, хууль ёсны эрх ашиг хохирсоор 5 жил 03 сар болж байна. ... миний газрын эрх шилжүүлэн авах хүсэлтийг шийдвэрлээгүй байхад Н.Лд газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгөхийг даалгасан шийдвэр гаргах нь хууль зүйн үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлан маргажээ.

            2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Д.Б болон Н.Л нарын хооронд байгуулсан барьцааны гэрээгээр 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд 30.000.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 386 м.кв газрын газар эзэмших эрхийг барьцаалсан.

Улмаар Н.Л, Д.Б нар нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн[1] Барьцааны гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн[2] Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр[3] Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн гэрээгээр[4] тус тус Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/250 дугаар захирамжаар Н.Лд олгосон Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 8028/5304 дугаар бүхий 386 м.кв газрыг гуравдагч этгээд Д.Бид шилжүүлэхээр тохиролцсон болох нь нотлогддог.

            Ингээд дээрх газар эзэмших эрхийг Н.Лгээс Д.Бид шилжүүлэх хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд гаргасан боловч шийдвэрлэгдээгүй бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17/6420 дугаар албан бичгээр “...Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхэд шаардагдах материал бүрдэл хангалтгүй ... материалын бүрдлээ ханган дахин хандана уу” гэх хариу өгчээ.

            Ийнхүү газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт шийдвэрлэгдээгүй байхад Н.Л нь 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Өдрийн сонинд газар эзэмших эрхийн гэрчилгээг үрэгдүүлсэн талаар зарыг байршуулж, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр[5], 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр[6], 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг үрэгдүүлсэн тул нөхөн гаргуулахаар хүсэлт гаргасан.

Н.Лгийн хүсэлтийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Н.Лд Газар эзэмших эрхийн 000048277 дугаар гэрчилгээг[7] шинээр нөхөн бичиж олгосон.

Н.Лгээс газар эзэмших эрхийг шилжүүлэн авах гэрээ байгуулж,  газар эзэмших эрх олгуулахаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан Д.Бийн гомдлын дагуу Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба Н.Лд нөхөн олгосон гэрчилгээнд хүчингүй тэмдэглэгээ дарсан бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 17/5363 тоот албан бичгээр[8] “...шүүхээр эзэмших эрхийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа тул газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж өгөх боломжгүй байна.” гэж шийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох;”, 38 дугаар зүйлийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно.”,

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83  дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 10.2-т “Иргэн, хуулийн этгээдэд холбогдох шатны Засаг даргын шийдвэрийг үндэслэн газар эзэмших, ашиглах гэрээг байгуулсны үндсэн эрхийн гэрчилгээг Газрын албаны дарга, сумын Газрын даамал баталгаажуулж олгоно.”, 10.16-т “Эрхийн гэрчилгээ нөхөн олголт хийхдээ тухайн шатны Засаг даргын шийдвэрийг дахин гаргалгүйгээр шинээр олгох газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний баруун дээд буланд  “нөхөн олгов” гэсэн дардас дарж баталгаажуулна.”, 10.17-т “Эрхийн гэрчилгээг нөхөн олгохдоо гэмтээсэн, үрэгдүүлсэн гэрчилгээг тухайн аймаг, нийслэлийн Газрын албаны даргын тушаалаар хүчингүй болгоно. Тушаалд уг гэмтээсэн, үрэгдүүлсэн эрхийн гэрчилгээний дугаарыг бичсэн байна.”, 10.18-т “Сумын газрын даамал эрхийн гэрчилгээг нөхөн олгож гэмтээсэн, үрэгдүүлсэн гэрчилгээний дугаарыг аймгийн Газрын албанд хүргүүлж хүчингүй болгуулна.”, 10.19-т “Газрын албаны даргын тушаалаар хүчингүй болсон эрхийн гэрчилгээний талаархи мэдээллийг олон нийтэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлана.”,  гэж журамлажээ.

Гэтэл Н.Лгээс Д.Бид газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргаж, уг хүсэлт шийдвэрлэгдээгүй, өмнөх гэрчилгээг хүчингүй болгосон холбогдох Засаг даргын шийдвэргүйгээр Н.Лд газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн гаргаж өгсөн нь дээр дурдсан хууль болон журамд заасныг зөрчсөн бөгөөд Д.Бийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр байх тул Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас эрх хэмжээний хүрээнд уг гэрчилгээнд “хүчингүй” тэмдэглэгээ дарж, Н.Л, Д.Б нарын хэн нь уг газрыг эзэмших эрхтэй эсэхийг шийдвэрлэх хүртэл архивт хадгалсныг шүүхээс буруутгаж, Н.Лд олгохыг хариуцагчид даалгах боломжгүй байна.

Харин Н.Лд газар эзэмших эрх олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/250 дугаар захирамж хүчинтэй байгаа бөгөөд Н.Лгийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, түүнчлэн Н.Лгээс Д.Бид газар эзэмших эрх шилжүүлсэн шийдвэр гараагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч Н.Лгийн “Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба Н.Лгийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18******* дугаартай 385 мкв газрын 000048277 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээнд “Хүчингүй” гэсэн тэмдэглэгээ дарж гэрчилгээг хүчингүй болгосон нь илт хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохгүй байгааг хууль бус болохыг тогтоож, олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар нэхэмжлэгч Н.Лгийн “Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба Н.Лгийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18******* дугаартай 385 мкв газрын 000048277 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээнд “Хүчингүй” гэсэн тэмдэглэгээ дарж гэрчилгээг хүчингүй болгосон нь илт хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохгүй байгааг хууль бус болохыг тогтоож, олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Лгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.АДЪЯАСҮРЭН

                                                  

 

 

 

           

 

 

[1] Хэргийн 132 дахь тал

[2] Хэргийн 134 дэх тал

[3] Хэргийн 136 дахь тал

[4] Хэргийн 135 дахь тал

[5] Хэргийн 38, 39 дахь тал

[6] Хэргийн 35 дахь тал

[7] Хэргийн 18 дахь тал

 

 

[8] Хэргийн 24 дэх тал