Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2177

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/02639 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Т-гийн хариуцагч “А” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Т, өмгөөлөгч Ч.Нямцоож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Наранцэцэг, Ж.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “А” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын ахлах эдийн засагч албан тушаалд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн туршилтын гурван сарын хугацаагаар томилогдон ажилласан. Миний туршилтын хугацаа дуусахад Бизнес харилцааны газрын захирлын албан тушаал дээр жинхлэн ажиллах байсан. Намайг ажлаас чөлөөлөгдсөний дараа Бизнес харилцааны захирал болон ахлах эдийн засагч албан тушаалууд дээр гурван ажилтан авч ажиллуулж, хуучин байсан бүтэц орон тоог улам өргөжүүлсэн. Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд Корпорате зочид буудалд болсон харилцагчийн баярт менежер н.Түмэнбаярт зодуулан хамраа хугалуулж, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Би эмчийн магадлагаагаа хуулийн хугацаанд “А” ХХК-д хүргүүлж, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг авсан. Эмнэлгээс гарсны дараа 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр урьд ажиллаж байсан нисэхэд байрлах АЗИ-З агуулах дээрээ очиход миний хэрэглэж байсан ажлын компьютер болон ширээ, сандлыг хурааж авсан байсан. Ажил хийх нөхцөл боломжоор хангаж өгөхийг менежер н.Байгальмаагаас хүсэхэд, үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Н.Мөнхгал таны эд зүйлсийг хурааж авсан, одоогоор тэрээр түр хугацааны чөлөөтэй байгаа, Захиргаа хүний нөөцийн албанаас эргээд чиглэл өгтөл хүлээж бай, ажилласан хугацааныхаа тайланг бичиж өгөөрэй гэсэн үүрэг өгсөн гэж хуульч С.Наранцэцэг надад утсаар ярьж мэдэгдсэн. Би хариу ирэхийг хүлээн ажилласан хугацааныхаа тайланг бичиж байтал орой төв оффис дээр Захиргаа хүний нөөцийн албаны дарга Ж.Золзаяа, хуульч С.Наранцэцэг нар дуудахад нь очиж уулзахад, намайг ажлаас халж байгаа тухай мэдэгдсэн. Намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдгийг хэн, ямар шалгуураар үнэлсэн нь тодорхойгүй, ямар бүрэлдэхүүнтэй мэргэжлийн комисс, ямар үндэслэлээр миний мэдлэг, чадварыг ажлын байранд тавигдсан шаардлагад нийцэхгүй байна гэж дүгнэсэн нь тодорхойгүй, надад мэргэжлийн комиссын дүгнэлт танилцуулаагүй байж, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасан эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална гэсэн заалтыг зөрчиж намайг ажлаас халсан тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу Бизнес харилцааны газрын ахлах эдийн засагч ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 527 тоот тушаалаар ахлах эдийн засагчийн албан тушаалд 3 сарын хугацаанд томилсон бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд ажилласан. Хөдөлмөрийн гэрээний 8.13-т хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах нөхцөлийн заасан. Ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан тохиолдолд гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлахыг талууд харгалзан бүрэн ойлголцож, зөвшилцсөн гээд хөдөлмөрийн гэрээнд Б.Т гарын үсгээ зурж баталгаажуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д аль нэг талын санаачлагаар чөлөөлнө, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д байгууллагын санаачлагаар чөлөөлнө, 23 дугаар зүйлийн 23.1.2-т туршилтын хугацаанд ажлаас чөлөөлнө гэж тус тус заасан байгаа. Нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар заалтын 8.13-аар чөлөөлсөн бөгөөд ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь удирдах алба тушаалтны хувьд ёс зүй, биеэ авч явах байдал нь албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзсэн гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгджээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Намайг хариуцагч компанийн Гүйцэтгэх захирлын Б-527 тоот тушаалаар ахлах эдийн засагчийн албан тушаалд  2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн томилж туршилтын хугацааг 3 сараар тогтоож, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 2017/02 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж, уул гэрээний 2.1.2-т “...шинэ ажилтны туршилтын хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 231.2 заалтыг үндэслэн 3 сар байх бөгөөд энэ нь ажилд орсон тушаалын огнооноос эхлэн дурдсан хугацаанд үргэлжилнэ...” гэж тохиролцсон. Дээрхээс үзвэл миний бие 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд хууль болон гэрээнд заасан баталгаагаар хангагдаж ажиллах эрхтэй байтал ажил олгогч байгууллага гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б-622 тоот тушаалаар чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.

Хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б-622 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 231.2, Хөдөлмөрийн гэрээний 2.1.2, 8.13 дахь хэсгийг үндэслэлээ болгосон байх боловч яг ямар үндэслэлээр гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж байгааг тушаалд дурдаж тусгаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээний 8.13 дахь хэсэг нь дотроо өөр, өөр агуулга бүхий 35 заалттай байх тул ажил олгогч эдгээр заалтын алийг баримталж байгаа нь тодорхой бус байснаас миний тушаалын үндэслэлийг мэдэх эрх, маргах, тайлбар гаргах боломж хязгаарлагдахад хүрсэн. Үүнийг ч Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 15 дахь заалтад “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр” гэж тайлбарласан байдаг.

Миний бие 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмчийн магадлагаагаар чөлөөтэй байсан ба энэ нь хэрэгт авагдсан эмнэлгийн хуудсуудаар тогтоогдохоос гадна 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Наранцэцэгийн гаргасан “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өвчтэй...” байсан гэх тайлбар тогтоогддог. Гэтэл ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг зөрчиж ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй үед албан тушаалыг хэвээр хадгалах хугацаанд намайг ажлаас халах шийдвэр гаргаж, уул асуудлыг шийдвэрлэсэн байсан болох нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шинэ ажилтны үнэлгээний хуудас, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай саналын хуудас, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн харилцагчийн баярын зөрчлийн талаарх тэмдэглэл зэргээс тодорхой харагддаг. Түүнчлэн надад шалтгаангүйгээр бусдын дэргэд догшин авирлаж, балмад байдлаар хүч хэрэглэн танхайрч, эрүүл мэндэд гэмтэл учруулсан “А” ХХК-д харилцагчийн менежер ажилтай Д.Түмэнбаярт цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан атлаа миний биеийг шууд ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн харилцаанд давуу байдал тогтоохыг хориглох зохицуулалтыг зөрчсөн үйлдэл болсныг анхаарч үзнэ үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/527 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Т-г ахлах эдийн засагчийн албан тушаалд томилж, туршилтын хугацааг 3 сараар тогтоон хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б-622 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 231 дүгээр зүйлийн 231.2 болон хөдөлмөрийн гэрээний 2.1.2, 8.13-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Т-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх6/

 Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2.1.2.1-т ажилтан нь гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагаас ямар нэгэн байдлаар чөлөөлөгдөхгүй, 8.13-т заасан зөрчлүүдийн аль нэгийг гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан, уг гэрээг талууд зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх25-32/

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан “А” ХХК-ийн харилцагчийн баярын үйл ажиллагааны үеэр нэхэмжлэгч Б.Т нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж үйлчлүүлэгчийн дэргэд бусадтай маргалдаж зодолдсон, байгууллагын нэр хүндэд хохирол учруулсан зэрэг зохисгүй үйлдэл гаргасан талаарх гэрч Т.Ганхуяг, С.Ганбаяр нарын мэдүүлэг, /хх174-177/ харилцагчийн баярын зөрчлийн тэмдэглэл зэргээр нэхэмжлэгч Б.Т нь хөдөлмөрийн гэрээний 8.13.12-т заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогджээ.

Хариуцагчийн хүсэлтийн дагуу Т.Ганхуяг, С.Ганбаяр нарыг шүүх гэрчээр асуухдаа худал мэдүүлэг өгвөл хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх талаар урьдчилан танилцуулсан, тэднийг хувийн ашиг сонирхлоор хариуцагч байгууллагад хамааралтайгаар гэрчийн мэдүүлэг өгсөн болон хэргийн оролцогчидтой ашиг сонирхлын зөрчилтэй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, хариуцагч нь “нэхэмжлэгч нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан, мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлагын хувьд манай байгууллагад ажиллахад хангалтгүй, тохирохгүй тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж тайлбарласнаа нэхэмжлэгч Б.Тг “...салбарын мэдлэг хангалтгүй, нийтэч бус, асуудлыг хүндрүүлж мушгидаг, цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй...” гэж дүгнэсэн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Н.Мөнхгалын үнэлсэн шинэ ажилтны үнэлгээний хуудсаар нотолжээ. /хх132-133/ Шүүхээс Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Н.Мөнхгалын гарын үсэг мөн эсэхийг тодруулахаар шинжээч томилсон, шинжээчийн дүгнэлтээр гарын үсэг түүнийх болохыг тогтоосон байна. Иймд үнэлгээний хуудаст бичигдсэн бичвэр нь Н.Мөнхгалынх мөн эсэх нь маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн татгалзалд шууд хамааралгүй тул бичвэрт шинжилгээ хийлгэх хүсэлтийг хангаагүйг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээрхээс дүгнэвэл ажил олгогчоос нэхэмжлэгч Б.Т-г мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлага, ёс зүйн хувьд тухайн ажил, албан тушаалд тохирохгүй, цаашид ажиллуулах боломжгүй гэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчөөгүй, шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасанд нийцнэ.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/02639 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                  А.ОТГОНЦЭЦЭГ