| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2021/00349/И |
| Дугаар | 139/ШШ2021/00386 |
| Огноо | 2021-11-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 139/ШШ2021/00386
| 2021 оны 11 сарын 09 өдөр | Дугаар 139/ШШ2021/00386 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, Залуус хорооллын 14-р байр, 2-р орц, Б1-0 тоотод байрлах Говь сервис сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, Залуус хорооллын 55-р байрны 08 тоотод оршин суух Боржигон овогт Амарсайханы Ганцог /РД:ЗЮ85011831/-д холбогдох 129432 /нэг зуун хорин есөн мянга дөрвөн зуун гучин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2021/00349/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Эрдэнэтунгалаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш, хариуцагч А.Ганцог, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь сервис сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь сервис сууц өмчлөгчдийн холбоо нь Монгол Улсын Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвийн буюу Нарлаг багт байрлах Залуус хорооллын долоон байрны оршин суугчдын олонхын хүсэл эрмэлзлийн үндсэн дээр хуулийн дагуу байгуулагдсан тус аймгийн анхны Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/ юм. Тус СӨХ нь нийтийн зориулалттай орон сууцны суурьшлын бүс болон хөгжиж буй Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, Залуус хорооллын 200, 100, 101,212, 12, 14, 17, 55, 56-р байрны оршин суугчдын нэгдлийн үндсэн дээр бий болсон. Манай СӨХ-нд өнөөдрийн байдлаар 236 айл өрх хамрагдаж байна. Гэвч тус аймагт байгуулагдсан анхны СӨХ тул оршин суугчдын зарим нь СӨХ-г ойлгохгүй, СӨХ-ны зүгээс баталсан төлбөр, хураамжийг цаг тухайдаа төлөхгүй нөхцөл байдал бий болж, цаашид СӨХ-ны үйл ажиллагаа хэвийн, тогтвортой явагдах, өсөн нэмэгдэх, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалттай холбоотой асуудлуудаа шийдвэрлэж чадахгүй байдалд хүрэхээр байна. Иргэн нь дурын байршилдаа орон сууц худалдаж авах нь тухайн иргэний эрх билээ. Гэвч нийтийн зориулалттай орон сууцанд оршин суугчдын дундын эзэмшлийн бүс буюу орцонд эвдрэл үүссэн, нийтийн эзэмшлийн зам талбай нь хогонд дарагдсан, зам нь эвдрэлтэй, шавраар дүүрсэн, орц нь бохир, орцны гэрэл хагарахад нөхөөд хийх эзэнгүй энэ мэт хаягдмал нөхцөл байдалтай олон жил явсныг манай оршин суугчдын олонхийн саналаар байгуулагдсан СӨХ нь засч, сайжруулах, эзэнтэй байлгах, эргээд оршин суугчдынхаа амар, амгалан байдлыг хангах, хотын соёлыг бий болгох, амьдарч байгаа үл хөдлөх хөрөнгийнхөө үнэ цэнийг нэмэгдүүлэх үүднээс ажиллахаар төлөвлөгдөн байгуулагдаж, ажиллаж байна. Гэтэл тус хорооллын 55-р байрны 08 тоотод хаягт оршин суух иргэн А.Ганцог нь 2021 оны 1 сар, 2 сарын төлбөр төлсөн боловч 2021 оны 3 сараас 8 сарыг дуустал буюу нийт 6 сарын СӨХ-нд төлөх ёстой төлбөрөө төлөөгүй. Манай СӨХ-ны зүгээс оршин суугч А.Ганцогт СӨХ-ны талаар тайлбарлаж, төлбөр нь ямар үндэслэлээр ийм гарч байгаа талаар бүрэн дүүрэн ойлголт өгөхийг хичээсэн боловч өдий болтол ямар нэгэн ахиц гараагүй тул ийнхүү төлбөрийг гаргуулахаар шүүхэд хандаж байгаа болно. Мөн манай СӨХ нь төлбөрийг Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоолыг үндэслэн СӨХ-г хэвийн ажиллахад хүрэлцэхүйц байхаар буюу цэвэрлэгээний төлбөрийг 7000 төгрөг, орцны гэрэл, гэрэлтүүлгийн төлбөр 1150, засвар, үйлчилгээний төлбөрийг айлын эзэмшиж байгаа байрны м2 тутамд 291 төгрөг байхаар тогтоосон /Тус СӨХ-ны бүх гишүүдийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр хурлаар тогтоосон болно/. Оршин суугч А.Ганцогийн байр нь 42 м2 тул нэг сарын засвар үйлчилгээний төлбөр нь 12222 төгрөг, цэвэрлэгээний төлбөр 7000 төгрөг, орцны гэрэл, гэрэлтүүлгийн төлбөр 1150 төгрөг, нийт 20372 төгрөгийг СӨХ-нд төлөх ёстой бөгөөд тэрээр СӨХ байгуулагдаж, төлбөр хурааж авч эхэлсэн хугацаанаас хойш буюу 2021 оны 3 сараас 2021 оны 8 дугаар сар хүртэл нийт 6 сарын 122232 төгрөгийг төлөөгүй. Иймд оршин суугч А.Ганцогоос Говь сервис СӨХ-нд төлөөгүй төлбөр болох 1122232 төгрөг, нотариатын зардалд 7200 төгрөг, нийт 129432 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Ганцог шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Амарсайхан овогтой Ганцог миний бие 2021 оны 09 сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын Говь-Сервис сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаатай холбоотой сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох 129432 төгрөгийг гаргуулах материалтай танилцсан билээ. Миний бие сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Говьсервис сууц өмчлөгчдийн холбоо нь хууль бусаар байгуулагдсан гэж үзэж байна. СӨХ анхлан байгуулахдаа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 .3-т холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулна. Шаардлагатай тохиолдолд тухайн нутаг дэвсгэрт байгаа орон сууц хувьчлах товчоо болон тухайн шатны Засаг даргын санаачилгаар хуралдуулна гэж заасан, мөн хуулийн 7-р зүйлийн 7.2-т заасан асуудлуудыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн батална гэсэн заалтуудыг зөрчиж хурал хийлгээгүйгээр шийдвэрлэсэн. 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдсан цахим хуралд 10 гаруйхан иргэд оролцсон бөгөөд энэ нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан бүх гишүүдийн 50-иас дээш хувь нь хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно гэсэн заалтыг зөрчиж сууц өмчлөгчдийн холбооны дүрэм, удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгон баталсан нь хууль зөрчиж байна гэж үзэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Эрдэнэтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 1-р сараас эхлэн Залуус хороолол дахь нийт 236 айлд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үндсэн ажил нь нийтийн зориулалттай дундын бүсийн хадгалалт хамгаалалт, зориулалтын эдэлгээг уртасгах цэвэрлэгээ үйлчилгээг хянах ажлыг хариуцаж хийдэг. Одоогоор 5 ажлын байртай ажилладаг. Нийтдээ бүх байранд жигд цэвэрлэгээ засвар үйлчилгээ явуулдаг. Оршин суугчаас бидний ажлын хөлс болон тухайн байранд үүсэж байгаа засвар үйлчилгээний хуримтлалын зардлыг гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан. Нийт 6 сарын төлбөр болох 122232 төгрөг дээр нотариатын зардал 7200 төгрөг нийт 129432 төгрөг нэхэмжилж байна. Анхнаасаа оршин суугчдаас санал хүсэлтийг нь аваад 400 гаран өрх дээр судалгаа явуулсны үндсэн дээр 236 өрхтэйгөөр үйл ажиллагаагаа эхэлсэн. Бүх оршин суугчдаас СӨХ үнэхээр байгуулагдах шаардлагатай юу гэдэг дээр судалгаа авсны үндсэн дээр оршин суугчдаас санал хураалтыг авч эхэлсэн. Түрүү оны 11 сарын эхээр манай судалгаа явж эхэлсэн. Судалгаа хийгдэж байх хугацаанд 11 сарын 11-нд улсын хэмжээнд корана вирусийн тархалт эхлээд хорио цээрийн дэглэм тогтоож эхэлсэн. 50 хувь хүрч байгаа оршин суугчтай дахиж уулзаж эхэлсэн. Бид нар Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс чиглэл авч ажилласан. Дээд зөвлөлөөс ирсэн чиглэлийн дагуу оршин суугчиддаа цахимаар мэдээлэл хүргэхээс гадна хаалган дээр үлдээж тухайн үед хуулийн шаардлагын дагуу мөрдөж ажиллаж ирсэн. Цахим хурлыг 14 хоногийн өмнө зарлаад бүх оршин суугчдаа дүрмийн төслийг танилцуулсан. Цахим хурал болох өдрөө шаардлагатай оролцох ёстой бүх оршин суугчдын өөрсдийн бичиж үлдээсэн утасны дагуу холбоо барьж мэдэгдсэн. Цахим хурлын үеэр хүмүүс үзэж санал хүсэлтээ илэрхийлсэн. Хурал дээр бид нар бүх шаардлагатай зүйлүүдээ баталж гаргасан
Цахим хурал дээр гадны хүн нөлөөлсөн гэдэг дээр хэлэхэд тухайн групп дээр ганц нэг гадны хүн орж ирсэн байдаг. Саналыг авахдаа тэр хүмүүсийн саналыг тусгаагүй. Оршин суудаггүй хүнээс ч санал ирээгүй. Цахим хурлаа бид нэг давуу талтай гэж үзэж байгаа. Одоо ч гэсэн тэр цахим хурлыг ороод үзэх боломжтой. Хэнд ч нээлттэй байгаа. Уулзаад хурлаа хийхээр хурал дээр юу яригдсан нь мэдэгдэхгүй асуудлууд байдаг. Манай хурлыг одоо ч гэсэн ороод үзэх боломжтой. Хурал дээр ямар асуудал яригдаж байсан ямар асуудал шийдсэн СӨХ байгуулах гээд байгаа шалтгаан нь юу юм. Тэр бүгд тэр хурал дээр яриатай бичээтэй хадгалаад байж байгаа. Миний бие өөрийн биеэр хавар хурал хийнэ гэж хурал зарласан боловч нэг ч хүн гарч ирээгүй. Багийн иргэдийн хурал СӨХ-ны хурал гэх мэт хурал цуглаан дээр гарч ирдэггүй. Болсон дараа хүнийг хардах асуудал нэлээн их гарч ирдэг гэж би боддог. 55-р байрыг анх авахад тус байр нь цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, шороо, тоосондоо дарагдсан, гэрэл гэрэлтүүлэг байхгүй харанхуй орцонд орж гарсан хаалга үүд нь салж ойчсон байдалтай байсан. Одоо харин цэвэрлэгээ үйлчилгээтэй давхар болгон нь гэрэл гэрэлтүүлэгтэй. Коранагийн нөхцөл байдалд байнгын цэвэрлэгээ үйлчилгээтэй. Халдваргүйжүүлэлтийг тогтмол хийдэг давуу талтай. Дундын өмч дээр агааржуулалт, усны хоолой гэх зүйлүүд дээр хэн ч анхаарал тавьдаггүй. Харин манай СӨХ байнгын хараа хяналт тавьж засвар үйлчилгээг хийж ажиллаж байгаа. Бид нарт тулгамдаж байгаа гол асуудал нь бид нар байран дээр авч байгаа сарын төлбөрөөс тодорхой хувь нь тухай байран дээр хуримтлал үүсгэж явах ёстой. Тухайн хуримтлалаа бид нар багц болгоод эргээд засвар үйлчилгээ хийх шаардлагатай байдаг. Нэг засвар хийхэд дор хаяж 300000, 400000 төгрөгөөс эхэлдэг. Тэр бүгд мөнгийг маань түгжчихээр бид нар засвар үйлчилгээгээ хийж чадахгүй болно. Тэгээд мөнгөө төлдөггүй хүмүүс та нар юу хийдэг юм засвар үйлчилгээгээ хийхгүй байж яагаад мөнгө нэхээд байгаа юм гэсэн шаардлагыг тавьдаг. Би өөдөөс нь та засвар хийх ёстой мөнгийг түгжчихсэн байгаа болохоор би засвар хийж чадахгүй байна гэдэг тайлбараа өгдөг. Воок савангаас эхлээд урсгал болон оффисын зардлууд гарч ирдэг. Тэнд ажиллаж байгаа хүмүүс дулаахан тохилог өрөөнд ажлаа хиймээр байх боловч тэр бүхнийг хангахад мөнгө төлөхгүй байгаа оршин суугчид маш их хүндрэл авчирдаг. Хууль бус гэж байгаа нь юуг үндэслэж хууль бус гэж байгаа мэдэхгүй байна. Би тэр хурлыг өөрөө зарлачхаад гарч очихгүй байна гэж байх уу. Манай оффис өөдөөс нь харсан байранд байдаг. Бараг 30, 40 минут оршин суугчдаа гадаа хүлээсэн. Нэг ч хүн гарч ирээгүй хаагуур нь гарч ирснийг сайн мэдэхгүй байна. Шинэ байр гэсэн мөртлөө та засвар хийгээд гэж загнаад байдаг. Бид гар Гантогтох гэдэг хүнтэй хамтраад засвар хийгээд явж байсан удаа байгаа. Өнгөрсөн хавар бохир алдагдсан. Төлбөрийг бүгдийг СӨХ барагдуулсан. СӨХ-гүй юм байдаггүй. Ус алдахад хүртэл СӨХ-рүү ярьдаг. Дээвэр дээр гарж жоохон завсар хийгээд агааржуулалтаа хийгээд тэр болгоныг оршин суугчиддаа хийчихлээ гэж хэлэх хэцүү, хийхгүй байна гэж хэлэх хэцүү. Тэр болгонд адилхан зардал гарч байдаг. Бид нар чадахаараа засвар үйлчилгээ хийгээд явдаг. 55-р байран дээр 2 хаалгыг сольё гээд захиалсан чинь оршин суугчид мөнгийг хаачихсан. Хамгийн олон мөнгийг нь өгч байгаа хойд талын хаалгыг нь захиалаад захиалгад ороод ирэх гэж байгаа жишээний. Хэрвээ оршин суугчид мөнгөө өгчихсөн бол Гантогтох гэж байраа барид дуусчихсан хүн засвар хийх шаардлага үүсэхгүй байсан байх гэж бодож байна. Энэ байр СӨХ-тэй байснаар дундын өмчийн элэгдэл багасна өөрсдийнх нь байр нь үнэ цэнээ хадгалж үлдэнэ. СӨХ-гүй байрнуудын хажууд хамаагүй үнэ цэнэтэй байж чадах байх гэснийг оршин суугчид минь ойлгоосой. СӨХ-ны соёл гэдэг юм Дундговь аймагт үнэхээр дутагдаж байгаа. СӨХ-гүй байснаас болоод 10,20 жил байсан байрнуудын нөхцөл маш хүнд байдаг. шинэ байр гээд 2014 онд ашиглалтад орсон байрыг орхиод явлаа гэхээр энэ байр улам л элэгдэж үнэлгэ нь буурна. Харин СӨХ-тэй байж байвал дор бүрнээ засвар үйлчилгээгээ хийгээд өөрийнх нь байрны үнэ цэнэ нэмэгдэнэ гэдгийг манай оршин суугчид ойлгоосой гэж хүсэж байна гэжээ.
Хариуцагч А.Ганцог шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 12 сард болсон цахим хурал гэдэг дээр би өөрөө оролцсон. Нийт өрхийн 50-аас доошгүй хувийн оршин суугчид ирсэн тохиолдолд хүчин төгөлдөр болно гэж хууль дээр заасан байдаг. Энэ хуралд 16 хүн оролцсон. Ийм учраас хурал хүчин төгөлдөр бус юм. Дүрмийг 14 хоногийн өмнө танилцуулсан гэж байгаа боловч манай байранд миний хаалганд наагаагүй тул би танилцаагүй. Энэ дүрмийг тухайн хурал дээр Эрдэнэтунгалаг өөрөө уншиж танилцуулж байхыг би сонссон. Энэ хурал дээр батлах уу батална татгалзаж байгаа хэдэн хүн байна гэсэн санал асуулга явагдаагүй. Танилцуулагдаад өнгөрсөн. Ийм учраас энэ дүрмийг баталсан гэж ойлгохгүй байгаа. Хурал дээр удирдах зөвлөлийн саналыг хүмүүсээс авсан байна лээ. Энэ дээр яг ямар хүн санал өгөх гэж байгааг ч мэдээгүй. Ямар хүн нэр дэвшиж байгааг ч сайн мэдээгүй. Миний интернет удсан болохоор сонсож чадаагүй. Утсаар хүмүүсээс санал авсан гэж байна. Чухам ямар хүмүүсээс санал авсан яг манай байрны оршин суугчид мөн эсэх дээр би эргэлзэж байна. Цахим хуралд яг үндсэндээ 16 хүн орсон. Яг манай Залуус хорооллын оршин суугчид орсон үгүй дээр би эргэлзэж байна. Бидний эрх ашгийн өмнөөс өөр хүн шийдвэр гаргасан юм биш биз дээ гэж эргэлзэж байна. Хурал 50 хувиа хүрээгүй учраас хүчин төгөлдөр бус гэж тооцож байгаа. Би 2 сарын СӨХ-ны мөнгө төлсөн. Надад тайлбарлахдаа танайхаас бусад айл зөвшөөрсөн. Танайх зөвшөөрөөгүй гэдэг зүйлийг хэлэхээр манайх бүгд зөвшөөрч байгаа бол 16-аас хойш хурал хийгээд ном дүрмийн дагуу явсан байна гэж ойлгосон. Танайхаас бусад нь бүгд зөвшөөрсөн танайх ганцаараа зөвшөөрөөгүй гэсэн учраас би 2 сард энэ хүн дээр очоод манай байрнаас яг ямар ямар хүн зөвшөөрсөн юм гэхэд надад жагсаалт гаргаж байгаад ийм ийм улсууд төлсөн гэж хэлсэн. Бүгд зөвшөөрч байгаа бол би 1,2 сарын мөнгө төлнө гээд 40 гаран мянган төгрөг төлсөн. Бүх нийтийн хурлаа хий цахим хурал чинь ердөө 16 хүн орчихлоо гэсэн саналыг тавьсан. Гэхдээ энэ хийгдээгүй. 2 удаа хурал зарласан гэж байна. Нэгийг нь мэдэхгүй нөгөөг нь 55 байрны урд 15 цагаас хуралтай гэж байна шүү гэж цагийн өмнө хэлсэн. Би энэ хуралд суух гэж гэрээсээ 7,8 удаа гарсан. Нэг ч хүн байгаагүй. Хурал зарласан хүн маань ч гарч ирээгүй, надад хэлсэн хүн ч гарч ирээгүй. Манай байр дөнгөж 14 онд ашиглалтад орж байгаа шинэ байр юм. Ямар ч эвдрэл гэмтэл байдаггүй. Манай байрыг барьсан Гантогтох гэж хүн одоо хүртэл засвар үйлчилгээгээ хийгээд явдаг. Хувь хүн өөрөө хийдэг уг нь 3 жил хариуцах ёстой. Уржигдар орой Гантогтох ах намайг дуудаад хаалганыхаа пүршийг сольё гээд пүршийг нь солиод явж байсан. Манай байранд үндсэндээ завсар хийх юм байхгүй. Цэвэрлэгээ нь хааяа орж гарахад хүн цэвэрлэж байдаг. Гэхдээ би үүнийг муу цэвэрлэж байгаа гэж муулсан юм бол. биш Гол нь дүрэм журмын дагуу хурлаа зарлаад СӨХ байгуулаад явна гэсэн шаардлагыг тавьж байна. СӨХ байх ёстой зүйл, харин хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулбал хүлээн зөвшөөрмөөр байна гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "Говь сервис" СӨХ нь хариуцагч А.Ганцогоос Сайнцагаан сумын 7 дугаар баг, Залуус хорооллын 55 дугаар байрны 08 тоот 129432 төгрөг гаргуулахыг хүссэн байна.
Хариуцагч нь А.Ганцог нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, сууц өмчлөгчдийн холбоо нь анхнаасаа хууль зөрчиж байгуулагдсан, СӨХ-г байгуулах бүх гишүүдийн хурлыг хурал болохоос 3-4 хоногийн өмнө оршин суугчдад зарласан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь заалтыг зөрчсөн, хуралд бүх оршин суугчдын 5-6 хувь нь хамрагдсан, энэ нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг зөрчсөн, оршин суугчдаас авах орон сууцны ашиглалтын хураамжийг иргэдээс санал авалгүй хууль бус хурлаараа баталсан гэж маргасан байна.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо байгуулна гэж заажээ.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гэж заасны дагуу зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Говь сервис сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар тус холбооны дүрмийг баталж, удирдах зөвлөлийн тогтоолоор Ө.Эрдэнэтунгалагийг гүйцэтгэх захирлаар томилж, Сайнцагаан сумын Засаг даргаас тул холбоог Сайнцагаан сумын сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр гэрчилгээ олгосон болох нь 03 дугаар гэрчилгээ /хэргийн 12-рт/, Говь сервис СӨХ-ийн үлгэрчилсэн дүрэм /хэргийн 8-9-рт/, бүх гишүүдийн хурлын тэмдэглэл /хэргийн 10-11-рт/, удирдах зөвлөлийн тогтоол /хэргийн 12-рт/, удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээ /хэргийн 13-рт/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан Дундговь аймгийн Сайнцагаан сумын Говь сервис сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлын тарифыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч А.Ганцог нь орон сууцны дундын өмчлөлийн зардлыг 1 сарын 20372 төгрөг төлөх үүрэгтэй талаар маргахгүй уг зардлыг зөвшөөрч байгаа тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан харин хариуцагч талаас сууц өмчлөгчдийн холбоо анх байгуулахдаа оршин суугчдын дийлэнх олонхын зөвшөөрлийг аваагүй хууль бусаар байгуулагдсан тул орон сууцны ашиглалтын зардлыг төлөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тодорхойлсон хариуцагчийн энэ татгалзал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд биш байх тул шүүх татгалзлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны зориулалттай хэсгийн халаалт, халуун цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч "Говь сервис" СӨХ нь Сайнцагаан сумын 7 дугаар баг, Залуус хорооллын 55 дугаар байрны 4 тоот орон сууцны 2021 оны 3 дугаар сараас 2021 оны 8 дугаар сарыг хүртэлх хугацааны дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг сард 20372 төгрөгөөр тооцож, 122232 төгрөг, нотариатын зардал 7200 төгрөг, нийт 129432 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч А.Ганцогоос "Говь сервис" СӨХ нь Сайнцагаан сумын 7 дугаар баг, Залуус хорооллын 55 дугаар байрны 08 тоот орон сууцны 2021 оны 3 дугаар сараас 2021 оны 8 дугаар сарыг хүртэлх хугацааны дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг сард 20372 төгрөгөөр тооцож, 122232 төгрөг, нотариатын зардал 7200 төгрөг, нийт 129432 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Говь сервис СӨХ-нд олгох нь зүйтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт Амарсайханы Ганцог /РД:ЗЮ85011831/-оос 129432 /нэг зуун хорин есөн мянга дөрвөн зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулан Говь сервис СӨХ-нд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 /дөрвөн мянга таван зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ганцогоос 4550 /дөрвөн мянга таван зуун тавин / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Говьсервис СӨХ-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.