Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 139/ШШ2021/00394

 

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 139/ШШ2021/00394

Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, Залуус хорооллын 14-р байр, 2-р орц, Б1-0 тоотод байрлах Говь сервис сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, Залуус хорооллын 55-р байрны 29 тоотод оршин суух Тэх овогт Жинлэнгийн Пунцагдорж /РД:ЗМ80090513/-оос 170176 /нэг зуун далан мянга нэг зуун далан зургаан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2021/00350/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Эрдэнэтунгалаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш, хариуцагч Ж.Пунцагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Говь сервис сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь сервис сууц өмчлөгчдийн холбоо нь Монгол Улсын Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвийн буюу Нарлаг багт байрлах Залуус хорооллын долоон байрны оршин суугчдын олонхын хүсэл эрмэлзлийн үндсэн дээр хуулийн дагуу байгуулагдсан тус аймгийн анхны Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/ юм. Тус СӨХ нь нийтийн зориулалттай орон сууцны суурьшлын бүс болон хөгжиж буй Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, Залуус хорооллын 200, 100, 101,212, 12, 14, 17, 55, 56-р байрны оршин суугчдын нэгдлийн үндсэн дээр бий болсон. Манай СӨХ-нд өнөөдрийн байдлаар 236 айл өрх хамрагдаж байна. Гэвч тус аймагт байгуулагдсан анхны СӨХ тул оршин суугчдын зарим нь СӨХ-г ойлгохгүй, СӨХ-ны зүгээс баталсан төлбөр, хураамжийг цаг тухайдаа төлөхгүй нөхцөл байдал бий болж, цаашид СӨХ-ны үйл ажиллагаа хэвийн, тогтвортой явагдах, өсөн нэмэгдэх, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалттай холбоотой асуудлуудаа шийдвэрлэж чадахгүй байдалд хүрэхээр байна. Иргэн нь дурын байршилдаа орон сууц худалдаж авах нь тухайн иргэний эрх билээ. Гэвч нийтийн зориулалттай орон сууцанд оршин суугчдын дундын эзэмшлийн бүс буюу орцонд эвдрэл үүссэн, нийтийн эзэмшлийн зам талбай нь хогонд дарагдсан, зам нь эвдрэлтэй, шавраар дүүрсэн, орц нь бохир, орцны гэрэл хагарахад нөхөөд хийх эзэнгүй энэ мэт хаягдмал нөхцөл байдалтай олон жил явсныг манай оршин суугчдын олонхийн саналаар байгуулагдсан СӨХ нь засч, сайжруулах, эзэнтэй байлгах, эргээд оршин суугчдынхаа амар, амгалан байдлыг хангах, хотын соёлыг бий болгох, амьдарч байгаа үл хөдлөх хөрөнгийнхөө үнэ цэнийг нэмэгдүүлэх үүднээс ажиллахаар төлөвлөгдөн байгуулагдаж, ажиллаж байна. Гэтэл тус хорооллын 55-р байрны 29 тоот хаягт оршин суух иргэн Ж.Пунцагдорж нь 2021 оны 1 сараас 8 сарыг дуустал буюу нийт 8 сарын СӨХ-нд төлөх ёстой төлбөрөө төлөөгүй. Манай СӨХ-ны зүгээс оршин суугч Ж.Пунцагдоржид СӨХ-ны талаар тайлбарлаж, төлбөр нь ямар үндэслэлээр ийм гарч байгаа талаар бүрэн дүүрэн ойлголт өгөхийг хичээсэн боловч өдий болтол ямар нэгэн ахиц гараагүй тул ийнхүү төлбөрийг гаргуулахаар шүүхэд хандаж байгаа болно. Мөн манай СӨХ нь төлбөрийг Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоолыг үндэслэн СӨХ-г хэвийн ажиллахад хүрэлцэхүйц байхаар буюу цэвэрлэгээний төлбөрийг 7000 төгрөг, орцны гэрэл, гэрэлтүүлгийн төлбөр 1150, засвар, үйлчилгээний төлбөрийг айлын эзэмшиж байгаа байрны м2 тутамд 291 төгрөг байхаар тогтоосон /Тус СӨХ-ны бүх гишүүдийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр хурлаар тогтоосон болно/. Оршин суугч Ж.Пунцагдоржийн байр нь 42 м2 тул нэг сарын засвар үйлчилгээний төлбөр нь 12222 төгрөг, цэвэрлэгээний төлбөр 7000 төгрөг, орцны гэрэл, гэрэлтүүлгийн төлбөр 1150 төгрөг, нийт 20372 төгрөгийг СӨХ-нд төлөх ёстой бөгөөд тэрээр СӨХ байгуулагдаж, төлбөр хурааж авч эхэлсэн хугацаанаас хойш буюу 2021 оны 1 сараас 2021 оны 8 дугаар сар хүртэл нийт 8 сарын 162976 төгрөгийг төлөөгүй. Иймд оршин суугч Ж.Пунцагдоржоос Говь сервис СӨХ-нд төлөөгүй төлбөр болох 162976 төгрөг, нотариатын зардалд 7200 төгрөг, нийт 170176 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Ж.Пунцагдорж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Жинлэн овогтой Пунцагдорж миний нэр дээр Говьсервис сууц өмчлөгчдийн холбоо / гүйцэтгэх захирал Ө.Эрдэнэтунгалаг/ гэх нэхэмжлэл ирсэн юм. Тухайн байгууллага нь 2020 онд байгуулагдсан байна. Гэтэл 2019 оноос хойш /Covid-19/ цар тахал гарч олон нийтийн хурал цуглаан хориглосон үед оршин суугчдын мэдлэг мэдээлэл муутай байсан ба цар тахлын үеийг далимдуулж хууль бус цахим хурал нэртэйгээр /СӨХ/ байгуулж үйл ажиллагаа эхлүүлсэн гэж үзэж байна. Учир нь цахим хурал хэзээ хаа болсон талаар огт мэдээгүй, маш олон оршин суугч байдаг. Гэтэл нэг өдөр Эрдэнэтунгалаг гэх хүн цахим хурал болсон /СӨХ/ байгуулсан. Танайх 42 м2 сард ийм мөнгө төлнө гэж хэлсэн. Тухайн үед миний бие эсэргүүцэж юун хурал, хаа болсон, миний мэдээллийг хаанаас олсон талаар одоо ч асуудаг боловч огт хэлдэггүй. Харин энэ сард ярихдаа хэнээс авлаадаа мартчихсан байна гэж хэлсэн. Миний хувьд гэрээ байгуулж гарын үсэг зураагүй гэрээтэй нь ч танилцаагүй байгаа. Тухайн байгууллага хувь хүний айл өрхийн мэдээллийг хууль бусаар цуглуулж авсан гэж үзэж байгаа. Мөн маш олон оршин суугчдыг /СӨХ/ талаар мэдлэггүйг ашиглаж гарын үсэг цуглуулсан хууль бус гэж үзэж байна. Учир нь тухайн үед оршин суугчид ойлгоогүй гарын үсэг зурсан ч одоо төлбөрийг нь төлөхгүй гэсэн олон оршин суугчдаас харж болно. Мөн энэ хувь хүн цар тахлыг далимдуулж ард иргэдийг ашиглаж орлого олж байна гэж үзэж байна. Учир нь Залуус хорооллын 200, 201, 100, 212, 12, 14, 17, 55, 56 дугаар байруудад /СӨХ/ байгуулсан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Энэ бүх байр шинээр баригдсан учир засвар гэмтэл гарахгүй гэдгийг мэдэж байгуулсан байгаа нь ашиг олж байгаа гэж үзэж байна. Хуучны байр, байшинг яагаад авч болоогүй вэ, үнэхээр ажил хийх байсан бол манай 55-р байрны гадна хаалга эвдэрч байнга онгорхой байдаг, 2020 онд бид өөрсдөө дотор талд нь пүрш авч хийсэн. Гэвч /СӨХ/ байгуулагдсан байсан боловч одоо ч янзлаагүй хэвээр байна. Мөн гарын үсэг цуглуулах явцдаа хуурамчаар материал бүрдүүлсэн байх магадлалтай гэж хардаж байна. Үүнийг шалгуулах хүсэлтэй байна. Танил талаа ашиглаж батлуулж байгуулсан байх магадлал өндөр байгаа тул шалгаж өгнө үү. Мөн оршин суугчид маш их эсэргүүцэж байгаа тул бүх нийт айлуудын хүсэлтийг зөвшөөрсөн эсэх талаар мэдэхийг хүсч байна. Оршин суугчдын 50 хувь зөвшөөрсөн гэх зүйл яригдаж байгаа ч үүнийг баталгаажуулах хүсэлтэй байна. Олон оршин суугч эсэргүүцэж байгаа тул итгэхгүй байна. Иймд Говьсервис сууц өмчлөгчдийн холбоо гэгчийг шалгаж гомдлыг барагдуулж тухайн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. Тухайн байгууллагыг үндэслэлгүй айл өрхөөс мөнгө нэхэмжилж оршин суугчдыг цар тахлын үеийг ашиглаж өөрт ашиг олсон гэж үзэж байна. Хувь хүн иргэний мэдээллийг хууль бусаар олсон гэж үзэж байна. Дээр дурьдагдсан бүх айл өрх оршин суугчдын олонх яаж зөвшөөрсөн талаар баталгаажуулах мөн бүх нийтийн саналыг авах, гэрээнд гарын үсэг зураагүй танилцуулаагүй цахим хурлаар олонх зөвшөөрсөн гэх нь хувь хүний эрх нь хөндөгдөж байна гэж үзэж байна. Иймд энэ бүхнийг шалгаж тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Эрдэнэтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай СӨХ нь 2020 оны 1 сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 236 өрх айлаас 16 айл төлбөрөө төлөхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Говьсервис сууц өмчлөгчийн холбоо нь хууль ёсны дагуу байгуулагдаад Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газраас гэрчилгээгээ аваад улсын бүртгэлээс тамга тэмдгээ аваад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Говьсервис сууц өмчлөгчийн холбоонд хамааралтай байрнуудад цэвэрлэгээ үйлчилгээ, засвар үйлчилгээ, ариутгал үйлчилгээ гэсэн ажил үйлчилгээг тогтмол явуулж ирсэн. 5 ажлын байртайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Оршин суугч Ж.Пунцагдоржоос 170176 төгрөгийг гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэрээ байгуулагүй гэж байна. Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс зөвлөмж чиглэл авч ажилладаг. Оршин суугчид болон СӨХ хоорондоо гэрээ хийх шаардлагагүй. Ер нь бол гэрээ байгуулдаг СӨХ гэж байдаггүй. Яагаад гэвэл ямар ч оршин суугч өөрийнхөө харьяанд байж байгаа ажиллаж байгаа СӨХ-ны бичиг баримт данс тооцоо бүх юмыг хэзээ ч чөлөөтэй ороод үзэх эрхтэй байдаг. Иймээс гэрээ байгуулах шаардлагагүй. Олон нийтийн хурал нэг байрнаас нэг төлөөлөгч оруулсан гэж байна. Тийм юм болоогүй. Бүх хүн нийтийнхээ хурлыг ороод үзэх чөлөөтэй байсан. Бид нар хурал дээр гарсан санал дээр үндэслээд бүх оршин суугчтай дараа нь очиж уулзаад зөвшөөрч байгаа эсэх дээр гарын үсэг аваад үүнээс гадна төлбөртэй холбоотойгоор энэ төлбөрийг зөвшөөрч байна уу зөвшөөрөхгүй байна уу гэдэг саналыг авсан. Зөвшөөрөхгүй бол гарын үсэг зурахгүй байж болно зөвшөөрч байвал та гарын үсэг зурж болно ямар үндэслэлээр гэдгийг оршин суугчдаа хэлж тайлбарлаж явсан. Тухайн оршин суугчтай өөртэй нь уулзсан. Манай оршин суугчдын бүртгэлийг хараад манай байрны 50 хувь нь зөвшөөрсөн бол зөвшөөрнө гээд гарын үсэг зуралгүй орхисон. Гарын үсгүүдийг зуруулаад буцаад гэрт нь очиход байхгүй байсан. Тэгээд зураагүй үлдсэн. Шинэ байр гэсэн хэрнээ бараг 7 жил болсон сууц ямар ч засвар үйлчилгээ авах шаардлагагүй гэж байна. Тэгсэн мөртлөө эвдрэл гэмтэл маш их байгаа гээд өөрөө яриан дундаа хэлж байна. Манайхаас засвар үйлчилгээ ороогүй гэж огт хэлж болохгүй байх гэж бодож байна. Ямар ч гэрэлгүй харанхуй орцонд гэрэл хийхээс манай ажил эхэлсэн. Нийтийн агааржуулалт гэрэл гэрэлтүүлгээс эхлээд манай ажил эхэлсэн. Хуулийн дагуу бүх оршин суугч тогтвортой мөнгөө төлөөд явж байсан бол 7 сард бид нар хаалгыг солих төлөвлөгөөтэй байсан. Бүх оршин суугч цагтаа мөнгөө төлөөгүйгээс болоод хаалга хийх ажил хойшлогдоод 11 сарын 20-нд энэ оршин суугчийн байрны хаалга ирж байгаа. СӨХ гэдэг бол өөрөө урьдчилсан үйлчилгээ үзүүлдэг байгууллага биш. Тийм чадамжтай байгууллага биш. Манай аймаг өмнө СӨХ-тэй байгаагүйгээс ийм нөхцөл байдалд хүрсэн байгаа. Шинэ байр гэсэн мөртлөө дээврээс нь ус гоожно, хаалга үүд нь эвдрэх үүдний довжоо эвдрэх шатан дээр гэмтэл үүсэх зэргээр асуудал үүсэн байдаг. 1 жил болоогүй СӨХ-өөс маш өндөр төлбөртэй завсар үйлчилгээ шаарддаг. Оршин суугчдаас авч байгаа мөнгөнөөс үүсэх ёстой 2, 3 задаргаа байгаа. Тэр чиглэлээр задаргаагаа хийгээд дээр нь урсгал засвар үйлчилгээгээ хуримтлалаас гаргаад явдаг. Хуримтлалыг дээд хэмжээнд хүргэж чадахгүй. Яагаад гэвэл төлөвлөөгүй зардал маш их гардаг. Эдний байранд зун бохир алдагдсан. Бүх төлбөр тооцоог СӨХ хариуцаж хийж байгаа. Тухайн байрыг авсан хүн өөрөө засвар үйлчилгээгээ хийгээд явдаг гэдэг мөртлөө анхнаасаа ус сувгаас ирсэн шаардлагыг биелүүлээгүй явсаар байгаад ийм нөхцөл байдал үүссэн байсан гэх мэтээр засвар үйлчилгээг СӨХ өөрийнхөө чадамж ажлын хүрээнд бага багаар хийгээд явж байгаа. Нийтийн агааржуулалтын хоолой дээр гэмтэл гарсан байсан бас л СӨХ-ны зардлаар засварласан. Энэ болгоныг мөнгөө төлж байгаа оршин суугчдын зардлаар бид нар шийдвэрлэдэг. Бусад айл мөнгөө өгөөд байна хаашаа ороод байна вэ гэж байна. Тухайн айлууд сар сардаа мөнгөө өгөөд явдаггүй. 3, 4 сар гацааж байгаад өгдөг. Жишээ нь хариуцагч маань бүхэл бүтэн 9 сар болсны дараа шүүхэд хандахаас өөр байдал байхгүй болоод шүүхэд өгсөн. Бүүр 5, 6 сараар хүлээгээд төлбөрөө авдаг айлууд байдаг. СӨХ-ны соёл манай аймагт дутмаг байгаа болохоор ийм асуудал үүсэж байгаа. Оршин суугчид маань мөнгөө өгөөд явбал завсар үйлчилгээгээ хийгээд явах чадамжтай СӨХ байгуулагдсан. Хууль эрх зүйн бүрэн эрхтэй байгууллага учраас бүх айлуудын хувийн хэргийг үүсгэж явах ёстой байдаг. Хууль ёсны байгууллагаас зөвшөөрөл аваад тухайн байрны мэдээллийг бүрдүүлж тухайн байрны метр квадратыг хуулийн дагуу олж авсан. Өмнө хэлсэн ч манайх хуулийн дагуу эрх бүхий байгууллага учраас авах ёстой мэдээллээ авах ёстой хуулийн байгууллагаас авсан. Ямар ажил хийснийг мэдэхгүй байна гэж байна. Би бүх оршин суугчиддаа хагас жилийн тайлан өгсөн. 12 сард тайлангаа хүргүүлнэ. Ойлгомжгүй зүйл байвал оршин суугчид бид нар луу залгаад асуух эрх нь байгаа. Гэрээний хувьд сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн тухай хууль болон иргэний хуулийн 147 дугаар зүйлд заасны дагуу тухайн орон сууц эзэмшигч нь СӨХ-д төлбөрийг төлнө гэж заасан болохоос заавал гэрээ хийх шаардлагатай гэж заагаагүй. Заавал гэрээний дагуу хийх ёстой гэсэн шаардлага байхгүй. Улаанбаатар хоттой харьцуулахад манайх жижиг газар үнэхээр оршин суугчид маань мэдэхгүй ойлгохгүй зүйл байгаа бол 5 алхаад бид нартай уулзаж болно. Миний утас байнгын асаалттай байдаг. Албан өрөөний утсан дээр байнгын хүн ажиллаж байдаг. Манай ажилчид тэрүүгээр байнга ажиллаад явж байдаг болохоор уулзаад ярих бололцоо бүрэн байгаа. Айлуудынхаа хувийн хэргийг бүрдүүлэхийн тулд төрийн архиваас бүх байрнуудынхаа хувийн хэргийг бүрдүүлж авсан. Хувийн хэрэг дотор айл болгоны метр квадрат тусгагдчихсан байгаа. Тухайн үед маш их судалгаа хийгдэж байсан бид нарын хувьд маш их ажиллагаа хийгдэж ирсэн. Утасны дугаар нь судалгаагаар орж ирсэн байна уу гарын үсэгтэй хамт орж ирж болно. Үнэхээр олдохгүй байсан иргэдийн мэдээллийг багийн нийгмийн ажилтан багийн Засаг даргаас албан бичгээр авч байсан. Бид нар өмнө хэлсэнчлэн мэдээллийг хаанаас авсныг дахин дахин хэлээд байх дэмий байх гэж бодож байна. Хууль заасны дагуу орон сууцны хувийн хэрэг байнга баяжилт хийж явах ёстой. Тухайн шаардлагатай байгууллагаас шаардлагатай мэдээллээ аваад баяжилтаа хийгээд явж байгаа. Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлд манай байрнаас хүн байхгүй гэж байх шиг байна. Удирдах зөвлөл хяналтын зөвлөлөө байгуулах дээр бүх оршин суугчдаас саналыг нь авсан. Би оршин суугчтайгаа уулзаад явсан би өөртэй нь ч уулзсан гэдгээ дахиад хэлье. Хурлыг хуулийн дагуу 14 хоногийн өмнө зарлаад үлгэрчилсэн дүрмээ оршин суугчдаа тараасан. Оршин суугчид мэдээлэлгүй гэж байгаа шалтгаан нь зарим тохиолдолд ингэж хардаг. Гэр бүлээс аль нэг нь олддог. Жишээ нь нэг айлын эхнэртэй нь уулзаад учирлаж тайлбарлаад хэлээд танайх дэмжиж байна уу дэмжихгүй байна уу гарын үсэг зурах уу үгүй гэдгийг тэр хүний эрхийн асуудал байсан. Дараа нь ирээд уулзах гэхээр нөхөр нь зогсож байдаг дахиад нөхөрт нь тайлбарлаад хэлэх болно. Нөхөр нь би юу ч мэдээгүй яахаараа ийм болдог юм гэхээр нь танай эхнэртэй уулзсан ингээд тайлбарлаад хэлсэн учирласан. Нэг гэрийн 4,5 хүнд нэг бүрчлэн хэлээд явах зав зай бололцоо нь ч байхгүй. Айлын хүмүүсийг бүртгэж явах боломжгүй ойлгох байх гэж бодож байна гэжээ.

Хариуцагч Ж.Пунцагдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний мэдээллийг хаанаас авсан юм бэ би гарын үсэг зураагүй. Нэг өдөр над руу утсаар ярьсан. СӨХ байгуулагдсан танайх 42 метр квадрат юм байна танайх сар болгон ийм мөнгө төлнө гэж хэлсэн. Ямар учиртай талаар би асуусан гол нь миний мэдээллийг яаж авсныг сонирхож байна. Хүмүүсийн мэдээллийг яаж авсан бэ гэхэд чи тийм чухал мэдээлэлтэй юм уу чиний мэдээллийг хаанаас л бол хаанаас олно гэнэ. Би хувь хүний нууцлалтай хамааралтай гэж ойлгож байгаа. Ашгийн төлөө гэж харж байгаа. Яагаад шинэ байрнуудыг онцолж аваад байгаа юм бэ хийх юмгүй байрыг авсан. Хүмүүс ярьж байна, ямар ч мэдэгдэхүүн байхгүй СӨХ-тэй гэрээ байгуулсан гэсэн. Гэрээ байгуулах шаардлагагүй байж яагаад хүнээс мөнгө нэхэж байгаа юм. Хувь хүний ашиг олох зүйл гэж харж байна. Юу ч хийхгүй байгаад би гайхаж байгаа. Дансыг нь харах нь чухал биш. Гэрэлтүүлгийн хувьд айлын тоолуур дээр холбосон учраас айлууд нь салгуулчихад байсан юм байна лээ. Гэрэлтүүлгийг хийсэн. Засвар үйлчилгээ хийгдэхгүй яваад байгаа шүү их гомдол мэдээлэл байна лээ. Миний мэдээллийг хаанаас хэнээс авсан бэ гэхэд хариулахгүй байна. Цахим хуралд хэдэн хүн оролцсон бэ. Нэг байрнаас хэдэн хүн төлөөлж орсон бэ жишээ нь нөгөө байрнаас ганцхан Ууганаа байсан. Бусад оршин суугчдаа яагаад мэдээллээр хангаагүй юм бэ. Бид нар ямар ч мэдлэггүй байгаад байсан. Коранагийн үед гялс байгуулагдаад ашиг олох зорилготой байсан гэж үзэж байна. Яагаад бид нарт хурлыг мэдүүлээгүй юм, яагаад бид нарыг хамруулаагүй юм. Хурал дээр хэдэн хүн оролцсон юм бусад оршин суугчдынхаа эрх ашгийг хангаж чадах юм уу ямар шалтгаанаар зөвшөөрүүлсэн юм бэ. Миний асуултад хариулсангүй. Манай байрнаас хэдэн хүн орсон юм бэ ямар төлөөлөл байгааг би одооч мэдэхгүй байна. Өөрөө надтай ганц удаа гарын үсэг зурах гэж уулзсан. СӨХ байгуулагдсан та гарын үсгээ зур гэсэн. Бусад үед надтай хэдэн удаа утсаар ярьсан. Хүмүүсийг би харъя танайхыг би сайн мэдэхгүй байна гэсэн юм ярьсан. Тухайн үед би бодсон 20000 төгрөг авна гэхээр нь цэвэрлэгээний 5000 төгрөгөө өгдөггүй юи чинь ер нь хүлээн зөвшөөрөгдөхгүй юм байна гэж бодсон. Би өөрт нь хэлсэн цэвэрлэгээний мөнгөө би өгнө. Би хүний хөдөлмөрийг үнэлнэ гэхэд ганц цэвэрлэгээний мөнгө өгнө гэж байхгүй бүгдийг нь авна гэсэн зүйлийг надад хэлсэн. 5000 төгрөг өгөөд цэвэрлүүлдэг байсан зарим айл нь өгөхгүй 2,3 сар цэвэрлэж байгаад больчихдог талтай байсан. Улсуудыг хараад байхад захиргаан дээр маргаантай байгаад байна гэсэн гүйж байгаад болгосон юм шиг байна. Мэдээлэл авсан талаар хариулах албагүй гэж байна. Манай байрнаас хэдэн хүн төлөөлж орсон юм бэ гээд би дахиад асууя. Танил талаа бариад байгуулагдсан гэж үзэж байна. СӨХ байгуулагдах гэж байгаа гээд утасны дугаарыг аваад явсан бол өөр юм. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Юугаа ч мэдээгүй байхад танайд ийм мөнгө гарсан байна гээд байгааг би гайхаж байна. Хууль бусаар байгуулагдсан болохоор би төлөхгүй гэж бодож байна. Уулзаад мэдээллийг аваад явсан бол өөр байх байсан. Үүнээс гадна гаднаа юу ч хийгээгүй мөртлөө хийсэн гэж ярьж байна. Жил гаран боллоо хийсэн зүйл байхгүй. СӨХ-ны тал дээр хүмүүс мэдлэггүй байгааг ашиглаад ашиг олоод яваад байна гэж үзэж байна. Өмнө болоод байсан одоо яагаад байж болохгүй юм гээд хүмүүс одоо ойлгож байгаа. Хүмүүс эсэргүүцэж байсан Дундговь аймгийн групп дээр нэг хэсэг эсэргүүцсэн хүмүүс зөндөө юм бичиж байна лээ гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч "Говь сервис" СӨХ нь Сайнцагаан сумын 7 дугаар баг, Залуус хорооллын 55 дугаар байрны 29 тоотын оршин суугч хариуцагч Ж.Пунцагдоржоос 170176 /нэг зуун далан мянга нэг зуун далан зургаан/ төгрөг гаргуулахыг хүссэн байна.

Хариуцагч нь Ж.Пунцагдорж нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, сууц өмчлөгчдийн холбоо нь анхнаасаа хууль зөрчиж байгуулагдсан, СӨХ-г байгуулах бүх гишүүдийн хурал болохыг мэдээгүй, нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь заалтыг зөрчсөн, хуралд бүх оршин суугчдын 5-6 хувь нь хамрагдсан, энэ нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг зөрчсөн, оршин суугчдаас авах орон сууцны ашиглалтын хураамжийг иргэдээс санал авалгүй хууль бус хурлаараа баталсан гэж маргасан байна.

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо байгуулна гэж заажээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гэж заасны дагуу зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Говь сервис сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар тус холбооны дүрмийг баталж, удирдах зөвлөлийн тогтоолоор Ө.Эрдэнэтунгалагийг гүйцэтгэх захирлаар томилж, Сайнцагаан сумын Засаг даргаас тул холбоог Сайнцагаан сумын сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр гэрчилгээ олгосон болох нь 03 дугаар гэрчилгээ /хэргийн 7-рт/, Говь сервис СӨХ-ийн үлгэрчилсэн дүрэм /хэргийн 8-9-рт/, бүх гишүүдийн хурлын тэмдэглэл /хэргийн 10-11-рт/, удирдах зөвлөлийн тогтоол /хэргийн 12-рт/, удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээ /хэргийн 13-рт/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан Дундговь аймгийн Сайнцагаан сумын Говь сервис сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлын тарифыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Пунцагдорж нь орон сууцны дундын өмчлөлийн зардлыг 1 сарын 20372 төгрөг төлөх үүрэгтэй талаар маргахгүй уг зардлыг зөвшөөрч байгаа тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан харин хариуцагч талаас сууц өмчлөгчдийн холбоо анх байгуулахдаа оршин суугчдын дийлэнх олонхын зөвшөөрлийг аваагүй хууль бусаар байгуулагдсан тул орон сууцны ашиглалтын зардлыг төлөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тодорхойлсон хариуцагчийн энэ татгалзал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд биш байх тул шүүх татгалзлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Мөн Говьсервис СӨХ-г үүсгэн байгуулж, эрх олгосон шийдвэрүүдийг хүчин төгөлдөр бусад тооцсон эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй тул Говьсервис СӨХ-г хуулийн дагуу байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байгаа гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны зориулалттай хэсгийн халаалт, халуун цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч "Говь сервис" СӨХ нь Сайнцагаан сумын 7 дугаар баг, Залуус хорооллын 55 дугаар байрны 29 тоот орон сууцны 2021 оны 1 дугаар сараас 2021 оны 8 дугаар сарыг хүртэлх хугацааны дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг сард 20372 төгрөгөөр тооцож, 162976 төгрөг, нотариатын зардал 7200 төгрөг, нийт 170176 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ж.Пунцагдоржоос "Говь сервис" СӨХ нь Сайнцагаан сумын 7 дугаар баг, Залуус хорооллын 55 дугаар байрны 29 тоот орон сууцны 2021 оны 1 дүгээр сараас 2021 оны 8 дугаар сарыг хүртэлх хугацааны дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг сард 20372 төгрөгөөр тооцож, 162976 төгрөг, нотариатын зардал 7200 төгрөг, нийт 170176 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Говь сервис СӨХ-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

ТОГТООХ нь:

1.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Тэх овогт Жинлэнгийн Пунцагдорж /РД:ЗМ80090513/-оос 170176 /нэг зуун далан мянга нэг зуун далан зургаан/ төгрөгийг гаргуулан Говь сервис СӨХ-нд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5750 /таван мянга долоон зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Пунцагдоржоос 5750 /таван мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ГовьСервис СӨХ-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ