Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 139/ШШ2021/00486

 

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 139/ШШ2021/00486

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг, Аравжих 9-3 тоотод оршин суух, Отгон овогт Сандагсүрэнгийн Оюунсанаа /РД:ЗЮ68071665/-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг, Айраг 10-35 тоотод оршин суух, Мээрэн овогт Нацагийн Уртнасан /ЗЮ67092205/-д холбогдох 3689700 /гурван сая зургаан зуун наян есөн мянга долоон зуун/ төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Уртнасангийн 2020 оны 11 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, 139/2021/00353/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Оюунсанаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш, хариуцагч Н.Уртнасан, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Оюунсанаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Оюунсанаа би Н.Уртнасанд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, түүний Хаан банкны 5450206354 тоот данс руу тус гэрээний дагуу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны -өдөр 1757000 төгрөгийг, нэг сарын 10 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлсэн мөнгийг төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхэлж хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцож 6 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээг эхлээд 3 сарын хугацаатай байгуулсан. Гэтэл зээлдэгч Уртнасан нь "Арай болохгүй юм байна. 6 сараар хийе гэсэн. Тус зээлийн гэрээг би хэвлүүлж авсан байсан тул Н.Уртнасангийн саналыг харгалзаж үзээд гараар 3 сарын тоог 6 сар болгож зассан. Энэ үйлдэл нь Н.Уртнасангийн саналын дагуу, би түүнийг хүлээн зөвшөөрснөөр бичигдсэн юм. Ийнхүү гэрээ байгуулж, би түүнд мөнгө зээлснээс хойш зээлсөн мөнгөний хүү, мөнгөө өгөхийг хүлээсэн боловч тэрээр хүү болон үндсэн зээлнээс нэг ч удаа төлөлт хийгээгүй. Би зээлсэн мөнгөө өгөхийг удаа дараа шаардаж Н.Уртнасан руу ярьдаг байсан боловч ямар ч үр дүн гараагүй. Улмаар 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Иймд би зээлдэгч Н.Уртнасангаас үндсэн зээл 1757000 төгрөг, төлөгдөөгүй 6 сарын хүү /нэг сарын 10 хувь/ болох 1054200 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 13 өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл алданги тооцох 122 хоног, нэг өдрийн алданги нь 8785 төгрөг, алданги нь 1071770 төгрөг болж, алданги нь үндсэн зээлийн 50 хувиас хэтрэх ёсгүй тул алдангид 878500 төгрөг, нийт зээлийн гэрээний дагуу 3689700 төгрөгийг нэхэмжилж байх тул, шийдвэрлэж гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Уртнасан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: С.Оюунсанаагийн нэхэмжлэлтэй, Н.Уртнасан надад хариуцагдах зээлийн гэрээний үүрэгт 3.689.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүнд: Миний бие анх Т.Дуламхүү гэх хүнд Гялс төгрөг ХЗХоршооноос зээл авч өгсөн бөгөөд зээлийн барьцаанд Сайнцагаан сумын 5-р баг Аравжихын 9-3 тоотод байрлах 848 м.кв талбайтай, Ц.Ганхуяг, С.Оюунсанаа нарын өмчлөлийн газрыг дээрх хүмүүс итгэмжлэл өгсний дагуу барьцаалсан. Дээрх зээл хугацаандаа төлөгдөөгүй тул Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 19-ний өдрийн 637 дугаар захирамжаар Н.Уртнасан надаас 3.622.146 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох тухайн газраар үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн. Би боломжийн хэмжээгээр шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг төлж байсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас удаа дараа мэдэгдэл ирж, барьцаа хөрөнгө болох тухайн газрыг худалдан борлуулж, төлбөрийг төлөх мэдэгдэл удаа дараа ирсэн. Гэтэл нэхэмжлэгч буюу газрын өмчлөгч Ц.Ганхуягийн эхнэр С.Оюунсанаа нь гэр бүлийн өмчлөлийн газраа би Шүүхийн шийдвэр газарт төлбөрт хураалгамааргүй байна. Үүний оронд газрын төлбөрийн үлдэгдэл болох 1.757.000 төгрөгийг нь төлөөд газраа чөлөөлж авъя гээд чөлөөлж авсан. Бусдаар надад мөнгө зээлсэн асуудал байхгүй. Хэрэв С.Оюунсанаа ШШГА-нд төлбөрийн үлдэгдлийг төлөөгүй байсан бол газар нь ШШГА-ын журмаар худалдан борлуулагдах байсан. Ийм учиртай. Энэ зээлийн гэрээнд би гарын үсэг зурсан хэдий боловч миний хүсэл зоригийн дагуу зурагдаагүй. Гэрээний 4.1-т заасны дагуу 6 сарын хугацаатай гэрээ байгуулагдаагүй. Нэхэмжлэгч С.Оюунсанаа нь би энэ мөнгийг хүнээс түр зээлж авч байгаа юм, нөгөө хүндээ би хүнд зээлж өгч байгаа гээд хэлчихсэн тул тэр хүнд үзүүлэхийн тулд зээлийн гэрээ байгуулсан гэж үзүүлэх гэсэн юм гэж дүр үзүүлэн энэ гэрээг байгуулсан. Бусдаар би зээлсэн асуудал байхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Уртнасан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Анх Т.Дуламхүү гэх хүний хувийн гуйлтын дагуу Гялс төгрөг хоршооноос зээл авч өгсөн бөгөөд зээлийн барьцаанд Сайнцагаан сумын 5-р баг тоотод байрлах 848 м.кв талбайтай, Ц.Ганхуяг, С.Оюунсанаа нарын өмчлөлийн газрыг дээрх хүмүүс итгэмжлэл өгсний дагуу барьцаалсан. Дээрх зээл төлөөгүй тул Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 19-ний өдрийн 637 дугаар захирамжаар Н.Уртнасан надаас гаргуулж, барьцаа хөрөнгө болох тухайн газраар үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн. Би боломжийн хэмжээгээр шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг төлсөн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх апбанаас удаа дараа мэдэгдэл ирж, барьцаа хөрөнгө болох тухайн газрыг худалдан борлуулж, төлбөрийг төлөх мэдэгдэл удаа дараа ирсэн. Гэтэл газрын өмчлөгчийн эхнэр С.Оюунсанаа газраа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөрт хураалгамааргүй байна. Үүний оронд зээлийн төлбөрийн үлдэгдэл болох 1.757.000 төгрөгийг нь төлөөд газраа чөлөөлж авъя гээд энэ мөнгийг миний дансаар дамжуулан төлж, газраа чөлөөлж авсан. Хэрэв энэ мөнгийг С.Оюунсанаа миний дансаар дамжуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлөөгүй байсан бол түүний болон нөхөр Ц.Ганхуягийн өмчлөлийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Аравжихын 9-3 тоотод байрлах 848 м.кв талбайтай газар худалдан борлуулагдаж, төлбөрийн гүйцэтгэлд төлөгдөх байсан. Харин тухайн үед С.Оюунсанаа надад ярихдаа би дүүгээсээ мөнгө зээлж, газраа чөлөөлж авах гэж байгаа юм, тэгэхгүй бол нөхөр газар хураагдах гэж байгааг мэдчих гээд асуудал үүсэх гээд байна. Би дүүгээсээ зээлсэн мөнгөө хүнд зээлж байгаа гээд хэлчихсэн тул түүнд итгүүлэхийн тулд та зээлийн гэрээнд гарын үсэг зураад өгчих гэж гуйсны дагуу би энэ гэрээнд гарын үсэг зурсан. Бусдаар надад мөнгө зээлсэн асуудал үнэн хэрэгтээ бол байхгүй. 2020.11.11-ний өдрийн Зээлийн гэрээ бол дүр үзүүлэн, үнэн санаанаасаа бус хийсэн гэрээ юм. Иймээс С.Оюунсанаа, Н.Уртнасан бидний хооронд байгуулсан 2020.11.11- ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч С.Оюунсанаа сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: С.Оюунсанаа би Н.Уртнасангаас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу түүнээс 3689700 нэхэмжилж тус шүүхэд хандсан байгаа билээ. Тус зээлийн гэрээг Н.Уртнасан бид харилцан тохиролцож үйлдсэн. Түүний сөрөг нэхэмжлэлдээ дурдаад буй би түүнээс ...тус зээлийн гэрээнд гарын үсэг зураад өгчих... гэсэн асуудал огт болоогүй. Тэрээр өөрөө мөнгө зээлээд гарын үсгээ зурсан. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг дүр үзүүлэн, үнэн санаанаасаа бус хийсэн асуудал огт байхгүй. Иймд Н.Уртнасангийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Оюунсанаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уртнасан нь манай газрын бичгийг барьцаанд тавиад ерөөсөө мөнгө төгрөгийг нь төлөхгүй байсан. Уртнасантай 2020 оны 11 сарын 11-нд зээлийн гэрээ байгуулж Уртнасангийн 5450206354 данс руу 11 сарын 12-нд 1.757.000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр шилжүүлж өгсөн. Өөрөө надаас мөнгө зээлээд өг гэж гуйсан. Би мөнгийг чинь төлж чадахгүй байна газар чинь зарагдах гээд байна гэхээр би газраа заруулмааргүй байна гэж хэлсэн. Мөнгө өгснөөс хойш надад нэг ч мөнгө өгөөгүй ярих болгонд мөнгө байхгүй гэдэг. Н.Уртнасангаас 3689700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Н.Уртнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. Би Оюунсанаагаас мөнгө зээлээгүй. Энэ хэрэг анх Дуламхүү эдний нөхөртэй нийлээд эдний газрыг барьцаалаад гялс төгрөгөөс зээл авснаар үүссэн. Би 3 сая төгрөгийг Дуламхүүд өгсөн. Дуламхүү надад нэг ч удаа мөнгө өгч байгаагүй. Би тэр мөнгийг төлж явж байгаад сүүлдээ төлж чадахгүй шүүхийн шийдвэр лүү очсон. Шүүхийн шийдвэр миний дансыг бариад миний данснаас мөнгө татдаг байсан. Үлдсэн мөнгийг төлж чадахгүй байсан учраас газар нь дуудлага худалдаанд орохоор болсон. Дуудлага худалдаагаар оруулахгүй би газраа заруулахгүй гэж хэлж байсан. Энэ хүн надад ч хэлж байсан. Тэр газрыг заруулахгүйн тулд энэ хүн өөрөө мөнгөө төлсөн. Би энэ хүнээс мөнгө зээлээгүй. Надад одоо боломж байхгүй би Дуламхүүгийн өмнөөс зөндөө хохирч байна гэдгээ хэлсэн. Би энэ хүнээс хүүтэй мөнгө зээлнэ гэж хэлсэн удаа нэг ч байхгүй. Тэр мөнгийг шүүхийн шийдвэрийн данс руу хийгээрэй гэхээр нь Туул руу залгаад дансыг нь авах гэсэн чинь Туул өөрийнхөө данс руу хийчих хийсний дараа татаад авна гэхээр би өөрийнхөө данс руу хийсэн. Хэрвээ энэ хүн мөнгөө төлөөд газраа чөлөөлөөгүй байсан бол өдийд энэ хүний газар дуудлага худалдаагаар орсон газаргүй байх байсан. Би анх энэ хүний газрын гэрчилгээг энэ хүнээс аваагүй Дуламхүү надад өгсөн байсан. Тийм учраас энэ мөнгийг төлж чадахгүй. Энэ хүн энэ мөнгөө төлөөд газраа чөлөөлөөгүй бол надаас ч мөнгө нэхэхгүй газаргүй болох байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Оюунсанаа нь Н.Уртнасанд холбогдуулан 3689700 /гурван сая зургаан зуун наян есөн мянга долоон зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Н.Уртнасан нь 2020 оны 11 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч С.Оюунсанаа нь Н.Уртнасантай харилцан тохиролцож байгуулсан Зээлийн гэрээ-ний /хэргийн 6-7-рт/ дагуу үндсэн зээл 1757000 төгрөг, түүнд тооцсон хүү 1054200 төгрөг, алданги 878500 төгрөг нийт 3689700 төгрөг нэхэмжилнэ гэж;

Хариуцагч Н.Уртнасан нь 2020 оны 11 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг би чин санаанаасаа хүсэж байгуулаагүй. Дүр үзүүлэх төдийгөөр ойлгож гарын үсэг зурсан гэрээ учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.

Талууд Н.Уртнасан Гялс төгрөг ХЗХ нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний барьцаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Аривжихын 9-03 тоотод байрлах 18599071292991 нэгж талбарын дугаартай Ц.Ганхуягийн өмчлөлийн 848 м.кв газрыг барьцаалсан ба уг зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр барагдуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан талаар маргахгүй байна.

Харин уг газрыг албадан дуудлага худалдаагаар худалдахын өмнө нэхэмжлэгч С.Оюунсанаа нь хариуцагч Н.Уртнасангийн банкны харилцах дансаар дамжуулан мөнгийг төлсөн эсэх, хариуцагч Н.Уртнасан нь нэхэмжлэгч С.Оюунсанаатай зээлийн гэрээ байгуулан 1757000 төгрөгийг зээлж газрын үнийг төлсөн эсэх талаар маргаж байгаа болно.

Хариуцагч нь нэхэмжлэгч С.Оюунсанаатай 2020 оны 11 сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг үнэн санаанаасаа бус, дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна гэх тайлбар сөрөг нэхэмжлэлийг гаргаж байх боловч гэрээг үнэн санаанаасаа бус, дүр үзүүлэн хийсэн болохоо нотлох баримтыг ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан бичгийн баримтаар хариуцагчийн тайлбар татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна.

Зохигчийн хооронд 2020 оны 11 сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурсан, хариуцагч нь гэрээнд зурагдсан гарын үсэг өөрийн гарын үсэг мөн болохыг хүлээн зөвшөөрч байх тул уг гэрээг талууд өөрийн хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв. Харин гэрээний 4.1 дэх заалтад зээлийн гэрээний хугацааг засварласан, хугацаа тодорхойгүй байх тул гэрээний хугацааг тооцох боломжгүй болж байна. Гэрээний 3.1 дэх заалтад Зээлийн гэрээний хүү нь нэг сарын хугацаанд зээлийн дүнгийн 10 хувь байна гэж заасан байх боловч гэрээний хугацааг тооцох боломжгүй байх тул зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн төлөх ёстой хүүг тооцох боломжгүй болж байна. Мөн гэрээний 3.2 дахь заалтад Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлсэн мөнгийг төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхэлж хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж заасан байна. Зээлийн гэрээний хугацааг хэзээ дууссаныг тооцох боломжгүй байгаа тул мөн гэрээний дагуу алдангийг тооцох боломжгүй болжээ. Зээлийн гэрээнд зааснаар хүү, алдангийг тооцох боломжгүй байгаа учраас үндсэн зээл болох 1757000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С.Оюунсанаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73841 /далан гурван мянга найман зуун дөчин нэгэн/ төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43063 /дөчин гурван мянга жаран гурван / төгрөгийг тус тус төсвийн орлогод үлдээж, хариуцагч Н.Уртнасангаас 43063 /дөчин гурван мянга жаран гурван / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Оюунсанаад олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Мээрэн овогт Нацагийн Уртнасан /ЗЮ67092205/-аас 1757000 / нэг сая долоон зуун тавин долоон мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Отгон овогт Сандагсүрэнгийн Оюунсанаа /РД:ЗЮ68071665/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-т зааснаар хариуцагч Н.Уртнасангийн 2020 оны 11 сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73841 /далан гурван мянга найман зуун дөчин нэгэн/ төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43063 /дөчин гурван мянга жаран гурван / төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Уртнасангаас 43063 /дөчин гурван мянга жаран гурван / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Оюунсанаад олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ