Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 136/шш2022/00012

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 136/ШШ2022/00012

Дорноговь аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 1 дүгээр хороо, Югийн гудамж-..., Э П Э цогцолбор, М к ХХК /РД:.........../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, С сум, 2-р баг, Д 6 дугаар гудамж, ... тоотод оршин суух, У хот, С дүүрэг, ... дугаар хороо, хн .... гудамж, ...-а тоотод түр оршин суух хаягтай, Б овогт Цийн Н /РД:.........../-д холбогдох

877,153 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М к ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 41638578 тоот гэрээ байгуулан 9947.... дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Самсунг жи6 плас /грэй/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон, төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 711,586 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 64,075 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 101,492 төгрөг буюу нийт 877,153 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Н шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: М к ХХК-аас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 711,586 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 64,075 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 101,492 төгрөг буюу нийт 877,153 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М к ХХК нь хариуцагч Ц.Нд холбогдуулан 877,153 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хариуцагч Ц.Н нь зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 711,586 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 64,075 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 101,492 төгрөг буюу нийт 877,153 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. М к ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Нд холбогдох зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 711,586 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 64,075 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 101,492 төгрөг буюу нийт 877,153 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,603 төгрөгөөс 12,801.5 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, 12,801.5 төгрөгийг Ц.Нгээс, 12,801.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж М к ХХК-д олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ