| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 140/2017/0018/Э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2017-04-07 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 18
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Б.Цэрмаа, Улсын яллагч Д.Шинэбал, Шүүгдэгч Ц.Пүрэвбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Завхан аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Ц.Пүрэвбатад холбогдох 201713000017 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 01-нд Завхан аймгийн Цэцэн-Уул сумд төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, радио, телевизийн засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл-6, ах, бэр эгч, ач дүү нарын хамт Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Сангийн далай багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан санаа эрүүл гэх Тайжууд овогт Цолмонгийн Пүрэвбат. /РД: ИТ87110114/
Ц.Пүрэвбат нь бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Тайжууд овогт Цолмонгийн Пүрэвбат нь Завхан аймгийн Завханмандал сумын Олон булаг багийн нутаг Хонгилт гэх газраас 2016 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө иргэн Ж.Алзахгүйн бор хул морийг хулгайлсан нь хохирогч Ж.Алзахгүйн “... би өөрийн бор хул мориороо хонь хариулчихаад гэртээ ирээд орой 20 цагийн үед морио өвөлжөөний хашааны урдхан талд ногтлоод цагаан мяндсан аргамжаагаар аргамжиж хөлд нь өрөөл чөдөрлөсөн. Тэгээд унтаж амраад босоод морио хартал байхгүй байсан... Бор хул зүстэй нас нийлээд 10 жил болж байгаа, зөв гуяндаа дором, дотроо дэгрээ тамгатай, буруу тал руугаа өтгөн дэлтэй, сүүл өргөн, урт, им байхгүй, уядаг морь байгаа юм.....” гэсэн мэдүүлгээр, Ц.Пүрэвбатаас хохирогчийн алдсан морийг худалдаж авсан талаараа мэдүүлсэн гэрч М.Мөнхжаргалын “...2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манайд... Пүрэвбат бор хул морь уначихсан хүрэн гүү хөтөлсөн ирсэн. ... Пүрэвбат та зун хонины морь сураад байсан миний унаж яваа морийг авах уу гэхээр нь би хул морийг нь унаж үзтэл хөл хөнгөнтэй морь байхаар нь ... 450.000 төгрөгөөр /6 эр ямаа, 1 хонь/ өгөхөөр тохиролцсон. Бор хул зүсмийн буруу тал руугаа өргөн сойлготой, сүүл өтгөн, буруу талын гуяндаа дором тамгатай нас гүйцсэн бүдүүн морь байсан. Ц.Пүрэвбат морио зарахдаа өөрийн морь байгаа юм гэж ярьсан...” гэсэн мэдүүлгээр, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2016 оны 12 дугаар сарын 02-ны ... шөнө ... миний байдас Завханмандал сумын гацаа гэх газар эцээд ...явахгүй байсан. Тэгтэл урдхан талд нэг нохой хуцаад хашаа ч юм шиг бараан зүйл харагдахаар нь түүнийг чиглээд явж очтол 1 аргамжаатай чөдөртэй морь байсан. Тэгээд нөгөө морийг бариад үзсэн номхон бололтой байхаар нь өөрийнхөө морины эмээлийг авч нөгөө моринд тохоод аргамжаа чөдрийг нь аваад өөрийнхөө морийг хөтлөөд шууд Цэцэн-Уул сумын Жаргалант багийн нутаг Монголын гялгар гэх газар луу гэр лүүгээ чигтэй буцсан юм.. “ гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Пүрэвбатын хэрэг бүртгэлтийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг яллах нотлох баримтаар үнэлсэн болно.
Шүүгдэгч Ц.Пүрэвбатын бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийн улмаас хохирогч Ж.Алзахгүйд нийт 1000000 төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн Завханмандал сумын үнэлгээ тогтоох комиссын № 02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Ц.Пүрэвбатын хулгайн үйлдлийн улмаас учирсан хохирол нь Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар бага бус хэмжээний хохиролд хамаарч байх тул Ц.Пүрэвбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Пүрэвбатын бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.2-т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтай сайн дураар эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заажээ.
Шүүгдэгч Ц.Пүрэвбат нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар, хохирлоо нөхөн төлж хохирогчтой сайн дураар эвлэрсэн нь хохирогчийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг болон хохирогчийн шүүхэд ирүүлсэн “... Пүрэвбатаас морио бүрэн бүтэн хүлээж авсан ... надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би Ц.Пүрэвбаттай сайн дураар эвлэрсэн тул Ц.Пүрэвбатыг хөнгөн шийдэж өгөхийг хүсье..” гэсэн хүсэлтээр тус тус нотлогджээ.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж хохирогчтой эвлэрсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1, 248 дугаар зүйлийн 248.1.2, 297 дугаар зүйлийн 297.1.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Тайжууд овогт Цолмонгийн Пүрэвбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Ц.Пүрэвбатад холбогдох 201713000017 хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Пүрэвбат нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
4.Ц.Пүрэвбатад өмнө авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ