Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2025/00044

 

 

Ц ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн

2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 146/ШШ2024/00204 дүгээр шийдвэртэй,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 204/МА2024/00033 дугаар магадлалтай,

Ц ийн нэхэмжлэлтэй,

Д т холбогдох

Түрээсийн гэрээний төлбөрт 160,491,897 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

2020 оны 01 дүгээр сарын 03, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, нийт 205,740,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц  нь хариуцагч Д т холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрт 160,491,897 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2020 оны 01 дүгээр сарын 03, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 205,740,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 146/ШШ2024/00204 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 232 дугаар зүйлийн 232.4, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Д ээс түрээсийн гэрээний үүрэгт 125,827,552.63 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц т олгож, үлдэх 34,664,344.37 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч

нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 189,800,000 төгрөг, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,276,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 787,087 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц т олгож, хариуцагч Д ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,256,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц , Ч  нараас улсын тэмдэгтийн хураамжид 237,650 төгрөг гаргуулж, хариуцагч Д т олгож шийдвэрлэжээ.

3. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 204/МА2024/00033 дугаар магадлалаар: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 146/ШШ2024/00204 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн:

а/ 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 94 дүгээр зүйлийн 94.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Д ээс 84,628,183 төгрөг гаргуулан Ц т олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75,863,714 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгон, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Зочид буудал түрээслэх, түрээслүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Ц , Ч  нараас 15,940,000 төгрөг гаргуулан Д т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 189,800,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

б/ 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц өөр 960,409 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж нөхөн төлүүлж, орон нутгийн төсвийн орлогод оруулан, Д ээс улсын тэмдэгтийн хураамж 581,091 төгрөг гаргуулан Ц т олгож, Д ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,256,850 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Ц , Ч  нараас улсын тэмдэгтийн хураамж 237,650 төгрөг гаргуулан Д т олгосугай.” гэж тус тус бүхэлд нь өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Д ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Давж заалдах шатны шүүх гомдлын үндсэн шаардлагыг хангасан боловч сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон дээрх шийдвэрийг миний бие хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Сөрөг нэхэмжлэлийн тухайд дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн тул хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж шүүх дүгнэв. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 15,940,000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тул Ц, Ч  нараас гаргуулж Д т олгож, 189,800,000 төгрөгийг хариуцагч нотлоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв...” гэж,

Давж заалдах шатны шүүхийн магадлалд "... гэрч Г , А  нар зочид буудалд засвар хийсэн талаар мэдүүлсэн боловч гэрч нарын мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна...” гэж тус тус дүгнэсэн байна. Миний гаргасан 205,740,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн тухайд би 2020.01.23, 2022.04.22-ны өдрийн түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа ба Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигч тул 94 дүгээр зүйлийн 94.3-т заасны дагуу тухайн эд хөрөнгийг эзэмшиж байх хугацаандаа гаргасан зардлыг өмчлөгчөөс шаардах эрхтэй гэж үзэн сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Тухайлбал, миний бие анх тухайн зочид буудлыг Ч гаас хүлээн авахдаа хүлээлцэх акт үйлдэн Ч  нь өөрөө барилгын гадна талын чулуун хавтан засах, зочид буудлын 5,7,8,12 тоот өрөөнүүдийн ус алдалтыг засах үүргийг хүлээсэн боловч засаж өгөөгүй төдийгүй эдгээр өрөөнүүдийн дулааны шугам бохирын шугамаас ус алдсанаас болж бүрэн засвар хийх шаардлагатай болсон. Иймээс би өөрийн зардлаар засвар үйлчилгээ, тохижуулалт бусад ажлуудыг хийсэн. Үүнд: Гадна пассатны нүүр талын чулуун хавтан 45 хувь нь салж унаж, хагарсан байсныг засаж шинээр 700 ширхэгийг худалдан авч сольсон болон гадна эмжээр, бусад гэрэлтүүлэг хийсэн 22,000,000 төгрөг, гэрээний хүлээлцэх актад заасан 5,7,8,12 тоот өрөөний дулааны шугам, бохирын шугамын засвар, холигч, шүршүүр, 00-ийн суултуур, гишгүүр сольсон 12,000,000 төгрөг, зочид буудлын 13 тоот өрөөг бүрэн засварлаж, давхар ор, суултуур дүш, тосгуур, холигч, обой, шүршүүрийн хатаасан шилэн хаалт, агааржуулагч систем хийсэн 14,500,000 төгрөг, зочид буудлын угтах үүдний хэсгийн иж бүрэн засварт 5,000,000 төгрөг, зочид буудлын гал тогооны засварт 6,000,000 төгрөг, жижиг заалны засварт 9,000,000 төгрөг, гадна талбайн ногоон байгууламжийн хайс, хашаа, ажлын хөлс бусад материалд 7,800,000 төгрөг, галын аюулгүй байдлыг хангаж стандартын дагуу байрлуулах шаардлагатай болсон тул хогийн цэг нүүлгэн шилжүүлж шинээр барьсны зардалд 2,500,000 төгрөг, зочид буудлын уурын зууханд байрлах 380 вольтын цахилгааны хайрцаг, самбарыг галын аюулгүй байдлын стандартын дагуу шилжүүлэн байршуулах шаардлагатай болсон тул шилжүүлсний зардалд 1,500,000 төгрөг, нам даралтын уурын зуухыг “И ” ХХК-аас шинээр худалдан авч, суурилуулсны зардалд 11,500,000 төгрөг, зочид буудлын урд талын ногоон байгууламж шинээр хийж, арчилж тордсоны зардал, нийт 98,000,000 төгрөг, зочид буудалд н.Т  /8 хоног 1 өрөө/, н.Я  /10 хоног 1 өрөө/, Г /2 хоног 1 өрөө/, Ч  3 хүний хамт /2 хоног 6 өрөө/ байрлуулсны зардал болон гал тогоо ашигласны зардал 3,940,000 төгрөг, Ч нь НӨАТ-ын төлбөр нэхэгдээд байна, би өөрөө төлөх шаардлагатай байна гэж надаас 12,000,000 төгрөг шилжүүлэн авсан гэж тооцож надаас нийт 205,740,000 төгрөгийн зардал гарсан. Миний бие зочид буудлын зориулалттай объектыг хүлээн авч эзэмшиж байсан хугацааны турш зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж үүний хариуд объектыг эзэмшсэний төлбөрийг төлөх үүргээ хуульд зааснаар биелүүлсээр ирсэн. Гэтэл 2023.11.29-ний өдөр эд хөрөнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч  ямар нэгэн шалтгаангүйгээр Хархорин суманд тухайн зочид буудалд ирж, гэрээгээ өнөөдрөөс цуцаллаа, өөрсдийн хийсэн гал тогоо болон эд зүйлсээ аваад зайл, хулгайч луйварчин гэх мэтээр хэл амаар доромжилж хэрүүл маргаан үүсгэн, гал тогоонд байсан хутга мэс над руу шидэлж хөөж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болж гэрээнд заасан хугацаанаас өмнө гэрээ цуцлагдаж байгаа тул өөрөөс гарсан бүх зардал, хохирлоо буцаан нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Эдгээр хохиролтой холбоотой бүхий л баримт болох дансны хуулга, фото зургууд, гэрчийн мэдүүлэг зэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлэн өгсөн боловч шүүх алийг нь ч нотлох баримт гэж үзэлгүйгээр сөрөг нэхэмжлэлээ нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байна.

Мөн шүүхэд дээрх үл хөдлөх хөрөнгөд үзлэг хийлгэх, засан сайжруулалт хийсэн талаар ажлын гүйцэтгэлийн үнэлгээ гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хүлээн аваагүй төдийгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж дүгнэсэн, сөрөг нэхэмжлэлийн үндэслэл тайлбаруудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд гаргаж, нотлох баримтуудыг өгсөн боловч анхан шатны шүүхээс хүлээн авалгүйгээр хэт нэг талыг баримтлан шийдвэрлэж намайг хохироосонд маш их гомдолтой байна. Мөн аль аль баримтуудыг яагаад нотолгооны ач холбогдолгүй гэж дүгнэж байгаа тухай анхан болон давж заалдах шатны шүүхээс аль аль нь дүгнээгүй, сөрөг нэхэмжлэлийн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй байхад шууд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, энэ талаар шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэх хэсэгт тодорхойлж тусгаагүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим буюу хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдах зарчмыг алдагдуулан өмчлөгч гэх Ц , Ч  нарын талд шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан шинжээч томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан шүүхээр үзлэг хийлгэх ажиллагааг гүйцэтгүүлэх, давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохоор хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхийг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн 2024.09.30-ны өдрийн 146/ШШ2024/00204 дугаартай шийдвэр, Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.12.20-ны өдрийн 204/МА2024/00033 дугаартай магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах эсхүл давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж Ц ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Д  миний сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.          

5. Хариуцагч Д ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.02.13-ны өдрийн 001/ШХТ2025/00181 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Ц нь хариуцагч Д т холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрт 160,491,897 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...өөрийн өмчлөлийн зочид буудлаа 2020.01.01-2020.12.31, 2021.01.01- 2021.12.31, 2022.01.01-2032.12.31-нийг дуустал Д т улирлын түрээсийн төлбөр 15,000,000 төгрөг, үнийг урьдчилан 1, 4, 7, 10  сард төлөхөөр тохиролцож, хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор түрээсийн гэрээ байгуулсан ч түрээслэгч нь 82,400,000 төгрөгийн үндсэн төлбөр, 62,400,000 төгрөгийн алданги, нийт 144,800,000 төгрөг төлөөгүй гэрээг зөрчсөн. Улмаар Д нь 2020.01.03-ны өдрийн түрээсийн гэрээний хавсралтад эд хөрөнгө хүлээлгэх актаар хүлээлгэн өгсөн эд хөрөнгийг буцааж өгөлгүйгээр бүх эд хөрөнгийг авч явсан бөгөөд зочид буудлыг хэвийн хэмжээнд нь ажиллуулахын тулд дахин эд зүйлс худалдан авахад гарсан зардал болон хариуцагч зочид буудлыг түрээсэлж байх хугацааны цэвэр, бохир усны, цахилгааны төлбөр, газрын татвар зэргийг өөрөө төлсөн тул гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 15,691,897 төгрөг, нийт 160,491,897 төгрөгийг гаргуулна” гэжээ.

Хариуцагч Д нь “...түрээсийн төлбөрийг сар бүр төлж байхаар түрээслүүлэгчтэй амаар тохирсон ба бидний байгуулсан  2 удаагийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй гэрээ тул түрээсийн төлбөр, алданги гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.

7. Хариуцагч Д нь нэхэмжлэгч Ц т холбогдуулан гаргасан “2020.01.03, 2022.04.22-ны өдрийн түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 205,740,000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлээ тайлбарлахдаа “...зочид буудал түрээслүүлэх 2 гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т зааснаар гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар хуульчилсан. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хуулийн хүчин төгөлдөр бус байхаар заасан. Мөн хуулийн 56.1.10-т дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл нь өөрөө хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Гэтэл 2020.01.03-ны өдөр байгуулсан гэрээ улсын бүртгэлийн байгууллагад огт бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа. Энэ гэрээний үндсэн дээр хийсэн бусад хэлцэл буюу 2022 онд үргэлжлүүлж хийсэн хэлцэл нь дагаад хүчин төгөлдөр бус хэлцэл. Хэлцлийг хүчин төгөлдөр бус болоход буруутай үйлдэл хийсэн тал нь нөгөө талынхаа хохирлыг барагдуулах үүрэгтэй. Шүүхээр хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож байгаа нөхцөлд шаардах эрх үүсдэг. Иймд тухайн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байх хугацааны засвар шинэчлэл хийсэн зардал болон төлбөрт нийт 205,740,000 төгрөгийг хуульд зааснаар нэхэмжилж байгаа.” гэжээ. 

Нэхэмжлэгч нь “2020 оны 01 дүгээр сарын түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх үүргийг хариуцагч Д хүлээхээр бид харилцан тохиролцсон, 2022.04.22-ны өдрийн гэрээ бол хүчин төгөлдөр хэлцэл ба түрээсийн зүйл болох зочид буудалд хариуцагч нь ямар ч засвар үйлчилгээ хийгээгүй тул хохирол гэх 205,740,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.

8. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “...түрээсийн 2 гэрээг бичгээр байгуулсан, 2020.01.03-ны гэрээг үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлээгүй тухай болон бүртгүүлэх үүргийг хариуцагч хүлээсэн талаар хэн аль нь маргаагүй, гэрээний зүйл нь Ц ийн хууль ёсны өмчлөлд бүртгэлтэй, уг объектыг буудлын зориулалтаар ашиглуулахаар хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь түрээсийн төлбөрийг 2023 оны 12 сар хүртэлх хугацаанд төлж байснаа зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д зааснаар хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч байсан тул хүчин төгөлдөр хэлцэл учир нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. 2020.01.03-ны өдрийн гэрээ нь хүчин төгөлдөр тул 2022.04.22-ны өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хэлцэл биш. Нэхэмжлэгч түрээсийн төлбөр, алдангид нийт 144,800,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба хариуцагч нь түрээсийн төлбөрийг төлсөн тайлбараа баримтаар нотлоогүй, түүнчлэн Ковид-19 халдварт өвчний улмаас хөл хорио тогтоосон нь нөлөөлж 2021.01.01-2022.04.22-ны өдөр хүртэл гэрээг бичгээр байгуулах боломжгүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй ба энэ хугацаанд хариуцагч нь үйл ажиллагаа явуулж орлого олж байсан болох нь тогтоогдож байх тул 82,400,000 төгрөгийг Д төлөх үүрэгтэй. Алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас  хэтрүүлж нэхсэн тул илүү шаардсан 21,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгоно. Талууд гэрээг 2023.12.31-ний өдрөөр дуусгавар болгон, түрээслэгч нь зочид буудлаас гарсан, харин эд хөрөнгө хүлээлцэх, тооцоо нийлсэн акт үйлдээгүй. Нэхэмжлэгч нь гэрээг цуцлах талаар удаа дараа амаар мэдэгдэж байсан тухай тайлбараа баримтаар нотлоогүй. Нэгэнт гэрээнд болон хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдлийг хүргүүлэн гэрээг цуцалж гэрээнд зааснаар эд хөрөнгө хүлээлцсэн актыг үйлдээгүй” гэсэн дүгнэлт хийж,  шинээр авсан эд зүйлсийн үнэ нийт 13,464,344.37 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.  Харин хариуцагч нь тухайн объектыг түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан хугацааны хэрэглээний төлбөрийг төлөхөөр гэрээнд заасан тул 2023 оны 12 сарын цэвэр усны төлбөр 149,590 төгрөг, бохир усны төлбөр 148,700 төгрөг, цахилгааны төлбөр 1,587,663 төгрөг, газрын татвар 342,230 төгрөг, нийт 2,227,552.63 төгрөгийг тэрээр төлөх үүрэгтэй гэж үзээд хариуцагч Д ээс нийт 125,827,552.63 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц т олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд “... түрээсийн  2 гэрээг иргэний хуульд заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн тул гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж үзээд,   хүлээлцсэн актад 5,7,8,12 тоотод ус алдаж байгааг болон барилгын гадна заслын плита салсныг түрээслүүлэгч засах үүргээ биелүүлээгүй талаар маргаагүй.  Хариуцагч нь өөрийн зардлаар засвар үйлчилгээ, тохижуулалт хийсэн гэсэн ч баримтуудыг үнэлэх боломжгүй, гэрчийн мэдүүлэг нь баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Харин нэхэмжлэгч Ч  нь 2023 оны 12 сард хүмүүстэй ирж буудалд байрласан болон НӨАТ-ын төлбөр гэж Д ээс 12,000,000 төгрөгийг авсан болохоо хүлээн зөвшөөрсөн, зочид буудалд Т  8 хоног нэг өрөө, Я  10 хоног нэг өрөө, Г  2 хоног нэг өрөө, Ч 3 хүний хамт, 2 хоног, 6 өрөөнд байрласан болон гал тогоо ашигласны зардал 3,940,000 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нийт 15,940,000 төгрөгийг хангаж,  үлдэх шаардлага болох 189,800,000 төгрөгийг хариуцагч хуульд заасан журмаар нотлоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

9. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

9.1. “...Зохигчийн хооронд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх түрээсийн гэрээний харилцаа үүссэн ч гэрээг бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангаагүй. Гэтэл Д  гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гарган маргасан байхад анхан шатны шүүх үл хөдлөх хөрөнгийг зочид буудлын зориулалтаар шилжүүлсэн, түрээсийн төлбөр төлж байсан зохигчийн үйлдлийг хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрсөн гэж үзэн хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т заасныг зөрчсөн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй. Хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу Д  нь зочид буудлыг эзэмшиж, ашиглаж байсан тул үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар Ч д буцаан өгөхөөс гадна Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493.1-д зааснаар эд хөрөнгийг эзэмшиж, ашигласан хугацааны төлөгдөөгүй төлбөрийг төлөх үүрэгтэй гэжээ.  

9.2. Анхан шатны шүүх нийт 82,400,000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй талаар зөв дүгнэсэн ч 2020.01.03, 2022.04.22-ны өдрийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус учир Ч  нь алданги нэхэмжлэх үндэслэлгүй байхад  алданги гаргуулахаар шийдвэрлэснийг залруулан тус нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгоно. Харин Д 2023 оны 12 сард буудлыг хүлээлгэж өгөөгүй, ашиглаж байсан, нэхэмжлэгч нь тухайн сарын төлбөрүүдийг төлсөн тул Д ээс зочид буудлын 2023 оны 12 сарын ашиглалтын төлбөр 2,227,552.63 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий гэж дүгнэсэн.

9.3. Хэдийгээр гэрээ хүчин төгөлдөр бус боловч хариуцагч Д ийг 2020.01.23-2023.12.31-ний өдрийг хүртэл Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигч гэж үзэх тул эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг нөгөө талаас шаардах эрхтэй. Гэрч Г , А  нар зочид буудалд засвар хийсэн талаар мэдүүлсэн боловч гэрч нарын мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн  дүгнэлтийг гэж үзсэн.

9.4. НӨАТ-ын 12,000,000 төгрөг, зочид буудалд Ц, Ч  нар бусад хүмүүсийн хамт байрласан төлбөр 3,940,000 төгрөг, нийт 15,940,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Ч  хүлээн зөвшөөрснийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хуулийн холбогдох зохицуулалт баримтлаагүй байгааг залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна гэжээ.  

10. Хариуцагч Д ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

11. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэргийн баримтыг хуульд заасан үндэслэл журмаар үнэлж, анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасныг буруу хэрэглэсэн алдааг залруулан дүгнэж, маргааны үйл баримтад Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндсэн  болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна. /Тогтоолын 9.1/

12. Хариуцагч Д ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар хяналтын журмаар гомдол гаргасныг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагч мөн энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх хангаагүй орхисныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Тухайлбал, хэргийн баримтаас үзэхэд зочид буудалд засвар, тохижилт хийсэн гэдгийг Ч  үгүйсгэн маргасан, харин Д гадна фасадны нүүр талын чулуун хавтан, 5, 7, 8, 12 тоот өрөөний дулааны шугам, бохирын шугамын засвар, холигч, шүршүүр, 00-ын суултуур гишгүүр сольсон, 13 тоот өрөөг бүрэн засварлаж, давхар ор, суултуур душ, тосгуур, холигч, обой, шүршүүрийн хатаасан шилэн хаалт, агааржуулагч систем хийсэн, зочид буудлын угтах үүдний хэсгийн иж бүрэн засвар, зочид буудлын гал тогооны засвар, жижиг заалны засвар, гадна талбайн ногоон байгууламжийн хайс, хашаа, ажлын хөлс бусад материал, хогийн цэг нүүлгэн шилжүүлж шинээр барьсан, зочид буудлын уурын зууханд байрлах 380 вольтын цахилгааны хайрцаг, самбарыг галын аюулгүй байдлын стандартын дагуу шилжүүлэн байршуулах шаардлагатай болсон тул шилжүүлсний зардал, зочид буудлын урд талын ногоон байгууламж шинээр хийж, арчилж тордсоны нийт зардал гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, Хаан, Хас банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга гарган холбогдох хэсгийн гүйлгээнүүдийг тодруулсан байх боловч хэзээ хийсэн ямар засвар, тохижилтын ажлын төлбөрийг хэн гэж этгээдэд шилжүүлж байгаа нь тодорхойгүй, зарлагын баримтууд дээр худалдан авагчийн нэр тодорхойгүйгээс хэний худалдан авсан бараа, материалын төлбөр гэдгийг ялгаж дүгнэх боломжгүй, фото зургууд нь нотлох баримын шаардлага хангахгүй учир шүүх үнэлэх боломжгүй буюу гэрч нарын мэдүүлэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон гэж дүгнэх боломжгүй гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй, мөн хууль хэрэглээний зөрүүтэй дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

13. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлээс НӨАТ-ын 12,000,000 төгрөг, зочид буудалд Ц, Ч нар бусад хүмүүсийн хамт байрласны төлбөр 3,940,000 төгрөг, нийт 15,940,000 төгрөг гаргуулах хэсгийг нэхэмжлэгч  тал хүлээн зөвшөөрсөн байх боловч давж заалдах шатны шүүх “...хуулийн холбогдох зохицуулалт баримтлаагүй” гэж  анхан шатны шүүхийг буруутган, алдааг залруулна гэж дүгнээд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх төлбөрийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсныг хууль хэрэглээний хувьд буруу гэж үзнэ.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана.  Өөрөөр хэлбэл, бие даасан шаардлага бус харин сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг, тухайлбал НӨАТ-ын 12,000,000 төгрөг болон зочид буудалд байрласан зарим төлбөрөө төлөхийг зөвшөөрсөн тухай тайлбарыг нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  гаргасан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг хяналтын шатны шүүхээс залруулж,  давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ үндэслэлээр өөрчлөлт оруулна. 

Гэвч энэ нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох, улмаар хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлд хамаарахгүйг дурдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 204/МА2024/00033 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас  “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5” гэснийг хасаж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Д ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 1,106,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРМАА

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                         ШҮҮГЧИД                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                          Д.ЦОЛМОН

                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД