Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 18

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Б.Цэрмаа, Улсын яллагч Д.*******, Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Завхан аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж  ирүүлсэн Ц.*******ад холбогдох 201713000017 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 01-нд Завхан аймгийн ******* сумд төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, радио, телевизийн засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл-6, ах, бэр эгч, ач дүү нарын хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан санаа эрүүл гэх ******* овогт *******гийн *******. /РД: *******/

Ц.******* нь   бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь Завхан аймгийн  ******* сумын  ******* багийн нутаг Хонгилт гэх газраас 2016 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө иргэн Ж.н бор хул морийг хулгайлсан нь хохирогч Ж.н “... би өөрийн бор хул мориороо хонь хариулчихаад гэртээ ирээд орой 20 цагийн үед морио өвөлжөөний хашааны урдхан талд ногтлоод цагаан мяндсан аргамжаагаар аргамжиж хөлд нь өрөөл чөдөрлөсөн. Тэгээд унтаж амраад босоод морио хартал байхгүй байсан... Бор хул зүстэй нас нийлээд 10 жил болж байгаа, зөв гуяндаа дором, дотроо дэгрээ тамгатай, буруу тал руугаа өтгөн дэлтэй, сүүл өргөн, урт, им байхгүй, уядаг морь байгаа юм.....” гэсэн мэдүүлгээр, Ц.*******аас хохирогчийн алдсан морийг худалдаж авсан талаараа мэдүүлсэн гэрч  М.ын “...2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манайд... ******* бор хул морь уначихсан хүрэн гүү хөтөлсөн ирсэн. ... ******* та зун хонины морь сураад байсан миний унаж яваа морийг авах уу гэхээр нь би хул морийг нь унаж үзтэл хөл хөнгөнтэй морь байхаар нь ... 450.000 төгрөгөөр /6 эр ямаа, 1 хонь/ өгөхөөр тохиролцсон. Бор хул зүсмийн буруу тал руугаа өргөн сойлготой, сүүл өтгөн, буруу талын гуяндаа дором тамгатай нас гүйцсэн бүдүүн морь байсан. Ц.******* морио зарахдаа өөрийн морь байгаа юм гэж ярьсан...” гэсэн мэдүүлгээр, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2016 оны 12 дугаар сарын 02-ны ... шөнө ... миний байдас ******* сумын гацаа гэх газар эцээд ...явахгүй байсан. Тэгтэл урдхан талд нэг нохой хуцаад хашаа ч юм шиг бараан зүйл харагдахаар нь түүнийг чиглээд явж очтол 1 аргамжаатай чөдөртэй морь байсан. Тэгээд нөгөө морийг бариад үзсэн номхон бололтой байхаар нь өөрийнхөө морины эмээлийг авч нөгөө моринд тохоод аргамжаа чөдрийг нь аваад өөрийнхөө морийг хөтлөөд шууд ******* сумын багийн нутаг Монголын гялгар гэх газар луу гэр лүүгээ чигтэй буцсан юм.. “ гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.*******ын хэрэг бүртгэлтийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг яллах нотлох баримтаар үнэлсэн болно.

Шүүгдэгч Ц.*******ын  бусдын эд хөрөнгийг  хулгайлсан  үйлдлийн улмаас хохирогч Ж.д нийт 1000000  төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн ******* сумын үнэлгээ тогтоох комиссын № 02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Ц.*******ын хулгайн үйлдлийн  улмаас учирсан хохирол нь Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар бага бус хэмжээний хохиролд хамаарч байх  тул Ц.*******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.*******ын бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.2-т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэргийг  анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтай сайн дураар эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заажээ.

Шүүгдэгч Ц.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар, хохирлоо нөхөн төлж хохирогчтой сайн дураар эвлэрсэн  нь хохирогчийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг болон хохирогчийн шүүхэд ирүүлсэн “... *******аас морио бүрэн бүтэн хүлээж авсан ... надад гомдол санал нэхэмжлэх зүйл  байхгүй. Би Ц.*******тай сайн дураар эвлэрсэн тул Ц.*******ыг хөнгөн шийдэж өгөхийг хүсье..” гэсэн хүсэлтээр тус тус нотлогджээ.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж хохирогчтой эвлэрсэн байх  тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1, 248 дугаар зүйлийн 248.1.2, 297 дугаар зүйлийн 297.1.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.1 дэх хэсгүүдэд  заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Ц.*******ад холбогдох 201713000017  хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан  болохыг тус тус дурдсугай.

4.Ц.*******ад өмнө авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүчингүй болгосугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ