Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2021/0851

 

 

 

 

 

 

 

      2021         12          13                                  128/ШШ2021/0851

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н ХХК /РД: *******/

Хариуцагч: Б О А Ж С

Нэхэмжлэлийн шаардлага: Б О А Ж Сын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын Н ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Б О А Ж Сын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/57 дугаар тушаалаар Н ХХК-ийн 9.0 газрын ашиглах эрхийг сунгахдаа 3.6 га гэж алдаатай бичсэнийг зөвтгөхийг Б О А Ж Сад даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Н ХХК нь анх 1980-иод онд ашиглалтад орсон одоо Нийн ам нэртэй газар 9.0 га газрыг аялал жуулчлалын зорилгоор ашигладаг. Үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн зориулалтын дагуу буудал, аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж, газрын төлбөрөө цаг хугацаанд нь төлж, зөрчил дутагдал гаргаж байгаагүй аж ахуй нэгж юм. Гэтэл Б О А Ж Сын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 тушаалаараа Н ХХК-ийн газраас газрын төлбөрөө төлөөгүй үндэслэлээр 3.6 га газрыг хэсэгчилж ашиглах эрхийг хүчингүй болгожээ. Иймд доорх үндэслэлээр эс зөвшөөрч Б О А Ж Сын А/50 тушаалын Н ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гомдол гаргаж байна.

          Н ХХК нь 1980 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн газрын төлбөрөө цаг тухайд нь төлж зөрчил гаргаж байгаагүй харин 2020 оны газрын төлбөрийн тухайд санаатай төлөөгүй биш төлөхөөр санхүүгийн тайлан балансад тусгасан байсан. Дэлхий даяар ковид-19 цар тахлын улмаас гадаад дотоод санхүүгийн бэрхшээл тулгарч түр саатсан. Н ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дуусах болоогүй. Н ХХК-ийн Н зочид буудал нь ашиглалтад ороод 41 жил болсон бөгөөд цэвэр бохир усны систем болон цахилгааны шугам хуучирч муудсан, төвийн дэд бүтцэд холбогдоогүй зэргээс асар их хөрөнгө оруулалт шаардлагатай болсон.

          Б О А Ж Сын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын Н ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Б О А Ж Сын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/57 дугаар тушаалаар Н ХХК-ийн 9.0 газрын ашиглах эрхийг сунгахдаа 3.6 га гэж алдаатай бичсэнийг зөвтгөхийг Б О А Ж Сад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

          “Б О А Ж Сын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Санал хүргүүлэх тухай 2731 албан бичгийг үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

          Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлага, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Эрүүгийн цагдаагийн албанаас хамтарсан ажлын хэсэг гарч тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлсэн. 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 5988 албан бичгээр 660 аж ахуйн нэгжийн нэрсийг ирүүлсэн. Уг 660 аж ахуйн нэгж байгууллагад Н ХХК орсон. Үйл ажиллагаа явуулаагүй байна гэж хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтээр үзсэн.

          Шүүхээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд очиж хэргийн материалтай танилцаж, үзлэг хийсэн. Н ХХК 2017 онд газраа сунгуулах хүсэлтээ өгсөн байдаг. Б О А Ж Сын 2017 оны А/57 дугаар тушаал дээр 9.0 га газрыг сунгах ёстой байтал 3.6 га газрыг сунгаж шийдвэрлэсэн байна. Гэрчилгээн дээр энэ тушаалаа үндэслээд 9.0 га газар гэж гэрчилгээн дээр нь тодорхой бичиж өгсөн байгаа.

          2017 оны А/57 дугаар тушаал алдаатай гарснаас болж 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалыг 3.6 га гэж алдаатай гаргасан гэдгийг яамны газрын асуудал хариуцсан газрын мэргэжилтэн тайлбар өгсөн. Өөрөөр хэлбэл 3.6 га гэж техникийн алдаа гарсан байна. Түүнээс биш бусад холбогдох зүйл заалтууд үндэслэлтэй байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр жил дараалан газраа ашиглаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

   Нэхэмжлэгч Н ХХК нь Б О А Ж Сын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын Н ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Б О А Ж Сын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/57 дугаар тушаалаар Н ХХК-ийн 9.0 газрын ашиглах эрхийг сунгахдаа 3.6 га гэж алдаатай бичсэнийг зөвтгөхийг Б О А Ж Сад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэл гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Б О А Ж Сын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын Н ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Б О А Ж Сын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар[1] Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй 104 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгосон байна. Уг тушаалын хавсралтын [2] 49-д Н ХХК-ийн 3.6 га газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон байна.

Н ХХК нь 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яам Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2010/57 гэрчилгээгээр 9.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрөл авснаас хойш тасралтгүй зориулалтын дагуу Н нэртэй амралт сувиллын газар ажиллуулж ирсэн.

Хамгийн сүүлийн байдлаар Хан-Уул дүүргийн газрын албанд 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл нийт 48 700 000 төгрөгийг газрын төлбөрт төлсөн баримт[3], 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болсон жилийн санхүүгийн тайлан [4], 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон Ш Б ХХК-ийн хараат бус аудиторын тайлангаар[5] Н ХХК нь 9.0 газраа зориулалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулж байсан болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн Н ХХК-ийн 2020 оны жилийн санхүүгийн тайланд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар татварын байгууллагад 29 137 935.74 төгрөг, харуул хамгаалалтын зардалд 25 209 800.00 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 9 046 035.74 төгрөгийг мөн газрын төлбөрт [6] 2019 онд 14.343.100.00 төгрөг, 2020 онд 19 960 000.00 төгрөгийг тус тус төлжээ.

Мөн А/50 дугаар тушаалын үндэслэл болсон 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 15 дугаар мэдэгдэлд [7] Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн 660 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд мэдэгдсэн байна. Уг мэдэгдлийн хавсралтад [8] заасан хууль зөрчсөн иргэн, хуулийн этгээдийн жагсаалтад нь Н ХХК биш Н ХХК /Гурван гол/ гэж бичигдсэн, өөрөөр хэлбэл маргаан бүхий актын үндэслэл болсон мөрдөгчийн мэдэгдлийн хавсралтад заасан хууль зөрчсөн иргэн, хуулийн этгээдийн жагсаалтад Н ХХК-ийн нэр ороогүй байна.

Иймд Н ХХК-ийг газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй гэдэг нь нотлогдохгүй байгаагаас гадна Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай мөрдөгчийн 15 дугаар мэдэгдэлд тусгагдсан Газрын тухай хууль зөрчсөн иргэн, хуулийн этгээдийн жагсаалтад Н ХХК-ийн нэр ороогүй байх тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  Б О А Ж Сын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын Н ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

2.  Б О А Ж Сын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/57 дугаар тушаалаар Н ХХК-ийн 9.0 газрын ашиглах эрхийг сунгахдаа 3.6 га гэж алдаатай бичсэнийг зөвтгөхийг Б О А Ж Сад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Н ХХК нь 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яам Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2010/57 гэрчилгээгээр [9] 9.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрөл авч, Б О А Ж Сын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Газар ашиглах эрхийн хугацаа сунгах тухай А/57 дугаар тушаалаар [10] Н ХХК-ийн 3.6 га газрыг 5 жилийн хугацаатай сунгасан байна.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 210 дугаартай [11] санал хүргүүлэх тухай албан бичигт Н ХХК-ийн газар ашиглах гэрчилгээгээ сунгуулах хүсэлт ирүүлснийг шалгаад, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт Н ХХК-ийн 9.0 га газар ашиглах 1/309 гэрчилгээний хугацааг сунгахыг зөвшөөрсөн санал хүргүүлсэн.

Гэтэл Б О А Ж Сын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Газар ашиглах эрхийн хугацаа сунгах тухай А/57 дугаар тушаалаар [12] Нийн аманд байрлах Н ХХК-ийн 3.6 га газрыг 5 жилийн хугацаатай сунгасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хийсэн үзлэгээр[13] Тусгай хамгаалалттай газар нутгийн мэргэжилтэн н.Мөнхтөр нь 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар Н ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгоогүй, 2017 онд Н ХХК-ийн 9.0 га газрыг ашиглах эрхийг сунгахдаа 3.6 га гэж Гурвангол бааз ХХК-ийн 3.6 га газартай андуурагдан техникийн  алдаа гарсан гэж тайлбарласан. 

Гурвангол бааз ХХК-ийн хувьд 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яам Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2010/57 гэрчилгээгээр 3.6 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрөлтэй байна.[14]

Ийнхүү Н ХХК нь 9.0 га газар ашиглах эрхтэй энэ газраа бүхэлд нь сунгуулах хүсэлт гаргасныг Н Гурвангол бааз ХХК-ийн 3.6 га газартай солигдон Б О А Ж Сын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Газар ашиглах эрхийн хугацаа сунгах тухай А/57 дугаар тушаалын хавсралтад Н ХХК-ийн 3.6 га газрыг сунгасан болох нь тогтоогдож байна.

Мөн Б О А Ж Сын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/5099 [15] хариу хүргүүлэх тухай албан бичигт Н ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын Нийн амны хязгаарлалтын бүсэд 4.6 га, 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/116 дугаар тушаалаар 9.0 газар ашиглах эрхтэй талаар тодорхой хариу ирүүлжээ.

Ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2017 оны А/57 дугаар тушаалын хавсралтад Н ХХК-ийн 9.0 га газар ашиглах эрхийг сунгахдаа Гурвангол бааз ХХК-ийн  ашиглалтын газрын хэмжээтэй сольж алдаа гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасан утга агуулгын илэрхий алдаа бөгөөд уг алдаа нь гарсан цагаасаа үйлчлэлгүй болох тул Б О А Ж Сын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/57 дугаар тушаалаар Н ХХК-ийн 9.0 газрын ашиглах эрхийг сунгахдаа уг тушаалын хавсралтад 3.6 га гэж алдаатай бичсэнийг зөвтгөхийг Б О А Ж Сад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Ингээд Н ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нэгтгэн Б О А Ж Сын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын Н ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Н ХХК-ийн 9.0 газрын ашиглах эрхийг сунгасан Б О А Ж Сын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/57 дугаар тушаалын хавсралтад Н ХХК-ийн 9.0 газрын ашиглах эрхийг 3.6 га гэж алдаатай бичсэнийг зөвтгөхийг Б О А Ж Сад даалгаж шийдвэрлэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар  Н ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлан сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б О А Ж Сын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын Н ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Н ХХК-ийн 9.0 газрын ашиглах эрхийг сунгасан Б О А Ж Сын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/57 дугаар тушаалын хавсралтад Н ХХК-ийн 9.0 газрын ашиглах эрхийг 3.6 га гэж алдаатай бичсэнийг зөвтгөхийг Б О А Ж Сад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэл гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

                      

 

 

                         ШҮҮГЧ                          Б.АДЪЯАСҮРЭН

 

 

 

[1] Хавтаст хэргийн 52 дахь тал

[2] Хавтаст хэргийн 53 дахь тал

[3] Хавтаст хэргийн 11 дэх тал

[4] Хавтаст хэргийн 21 дэх тал

[5] Хавтаст хэргийн 28 дахь тал

[6] Хавтаст хэргийн 24 дэх тал

[7] Хавтаст хэргийн 156 дахь тал

[8] Хавтаст хэргийн 158 дахь тал

[9] Хавтаст хэргийн 6 дахь тал

[10] Хавтаст хэргийн 61 дэх тал

[11] Хавтаст хэргийн 60 дахь тал

[12] Хавтаст хэргийн 61 дэх тал

[13] Хавтаст хэргийн 134 дэх тал

[14] Хавтаст хэргийн 57 дахь тал

[15] Хавтаст хэргийн 110 дахь тал