| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2021/00383/И |
| Дугаар | 135/ШШ2021/00602 |
| Огноо | 2021-08-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 135/ШШ2021/00602
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2021/00383/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 8дугаар баг, өөрийн байранд байрлах Дархан-Ус суваг ХК /РД:2736012/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 11дүгээр баг, 6-р хороолол, 3-р байр, 05тоотод оршин суух Хар боргууд овогт Батдэлгэрийн Дэлгэр-Эрдэнэ /РД:ТД73121079/-д холбогдох,
"Цэвэр, бохир усны төлбөр 2,306,928 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нарандорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дархан-Ус суваг ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нарандорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани цэвэр ус түгээж, бохир ус зайлуулсны төлбөр 2,306,928 төгрөгийг иргэн Б.Дэлгэр-Эрдэнээс гаргуулахаар нэхэмжилж байна. Б.Дэлгэр-Эрдэнэ нь 2015 оноос хойш төлбөрөө төлөхгүй, элдэв шалтаг тоочиж явсаар өр үүсч, өдийг хүрсэн. Манай байцаагч нарыг очиход хаалгаа тайлж өгдөггүй тул шүүхэд хандаж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дархан-Ус суваг ХК нь хариуцагч Б.Дэлгэр-Эрдэнэд холбогдуулан цэвэр, бохир усны төлбөр 2,306,928 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хэргийг хариуцагчийн эзгүйд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна, 77.2-т ...шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэж заасны дагуу шүүх хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан тус шүүхийн шүүгчийн туслахын тэмдэглэл бүхий шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар тогтоогдож байгаа болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Дархан-Ус суваг ХК-ийн хариуцагч Б.Дэлгэр-Эрдэнэд холбогдуулан гаргасан цэвэр, бохир усны төлбөр 2,306,928 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Б.Дэлгэр-Эрдэнэ нь 2015 оноос хойш төлбөрөө төлөхгүй, элдэв шалтаг тоочиж явсаар өр үүсч, өдийг хүрсэн тул цэвэр ус түгээж, бохир ус зайлуулсны төлбөр 2,306,928 төгрөгийг гаргуулах гэжээ.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцаа болох цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээг талууд байгуулсан эсэх, хангагч нь гэрээний үүргийг хэрэглэгчээс тогтмол шаардаж байсан эсэх нь тодорхойгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгч Дархан-Ус суваг ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх тул Б.Дэлгэр-Эрдэнийг хариуцагчаар татаж, түүнээс төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Дархан-Ус суваг ХК-ийн хариуцагч Б.Дэлгэр-Эрдэнэд холбогдуулан гаргасан цэвэр, бохир усны төлбөр 2,306,928 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,860 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээгүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС