Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 648

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00088/и/

 

   Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ........... хот, ......... дүүрэг, .......... хороо, ........ тоотод оршин суух ........... овогт Б.А- /РД: ......... /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........ аймаг, ........ сум, ........ баг, ......... тоотод оршин суух, ...... овогт Б.Б- /РД: .......... /-д холбогдох,

 

"Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А- /онлайн/, хариуцагч Б.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч Б.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид 2005 онд танилцан, 2006 оны 12 сард гэрлэлтээ батлуулан хамтран амьдарч эхэлсэн. 2007 оны 9 дүгээр сарын 13-нд охин Э- төрсөн. 2008 оны эхээр буюу охин Э- төрөөд 4-5 сартай байхаас нөхөр Б.Б- нь машинтайгаа 7-8 хоног сураггүй алга болдог ба энэ нь байнга давтагддаг. Ирээд 2, 3 хоног гэртээ хоночихоод ахиад явдаг. Энэ хугацаанд 2 ч хүүхэнтэй эр, эмийн харьцаанд орсон бөгөөд үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг. Энэ хугацаанд хэрүүл маргаан их гарч, миний бие гэр бүлийн хүчирхийлэлд хэд хэдэн удаа өртөж байсан удаатай. Иймд бид цаашид хамтдаа амьдарч чадахгүй болж 2008 оны 8 сараас тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань миний асрамжид өсч торниж байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү” гэжээ.  

 

Хариуцагч  Б.Б- шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Бид 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ батлуулж 2007 онд бид хоёрын дундаас охин Э- гарсан. Удахгүй салж одоог хүртэл 14 жил бид 2 тусдаа амьдарч хэн хэн нь гэр бүл зохиож тусдаа амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа. Бид хоёрын дундаас гарсан Б.Э-г ээж болох Б.А-т өгөхийг зөршөөрч байна. Мөн ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмж тогтоох хүсэлгүй байгаа. Эд хөрөнгийн маргаан байхгүй тул гэрлэлтийг яаралтай хурдан цуцлуулах хүсэлтэй байна. Хурдан цуцлуулах болсон шалтгаан нь Б.Б- миний бие нь одоо амьдарч байгаа эхнэртэйгээ гэрлэлтээ батлуулж хууль ёсны гэр бүл болоод гадагшаа улс орон руу явах виз гарсан байгаа тул гэр бүлээрээ явах гэж байгаа юм. Энэ хүсэлтийг минь харгалзан үзэж 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө шийдвэрлэж өгнө үү хэмээн хичээнгүйлэн хүсэж байна” гэжээ

 

   Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Б.Б-өөс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

   Гэрлэгчид болох Б.А-, Б.Б- нар нь 2005 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, 2007 оны 09  дүгээр сарын 13-ны өдөр охин Б.Э-г төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, №00000 дугаартай хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний гэрчлүүлсэн хуулбарууд, гэрлэгчдийн тайлбар зэргээр нотлогдож байна.   

Б.Б-, Б.А- нар нь 2008 оноос хойш тусдаа амьдарч байгаа, зохигчид өөр бусадтай гэр бүлийн харьцаатай болсон, хэн аль нь гэр бүлийн амьдралаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж тайлбарлаж байгаа, талуудын тайлбараар гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

 Гэрлэгчид нь охин Б.Э-г эх Б.А-ийн асрамжид үлдээхийг харилцан зөвшөөрч байгаа болох нь тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул гэр бүлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Б.Э-г эх Б.А-ийн асрамжид үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдаж байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон  

 

                                                              ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан ..... овогт Б.Б-, .... овогт Б.А- нарын гэрлэлтийг цуцалсугай.

  

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Б.Э-г эх Б.А-т асрамжид үлдээсүгэй.

  

3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.А- нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-өөс тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-т олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

  

6. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Отгончимэгт даалгасугай.

 

8. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ЖАВХЛАНТӨГС