| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 140/2017/0019/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2017-04-10 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 19
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Б.Цэрмаа, Улсын яллагч Э.Гантулга, Шүүгдэгч Б.Нямсүрэн, Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Завхан аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Б.Нямсүрэнд холбогдох 201713000020 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Цагаанхайрхан сумд 1996 оны 05 дугаар сарын 19-нд төрсөн, эрэгтэй, 20 настай, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, аав, ээж, ах нарын хамт Завхан аймаг Цагаанхайрхан сум Баянбулаг багт оршин суудаг, хувийн мал малладаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан санаа бүрэн Адуучин овогт Буриадын Нямсүрэн / РД: ИР96051915/
Б.Нямсүрэн нь бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Адуучин овогт Буриадын Нямсүрэн нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны орчим Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Цэцэрлэг багийн нутаг Талын толгой гэх газраас иргэн Б.Дорждэрэмийн бор хээр зүсний 1 тооны адууг хулгайлсан нь хохирогч Б.Дорждэрэмийн “.... Би 2016 оны 12 сарын 20-ны орчим Цагаанхайрхан сумын Цэцэрлэг багийн нутаг дэвсгэр “Талын толгой” гэх газар байсан адуунаасаа 1 тооны бор хээр зүсмийн хүрээтэй гүл тамгатай бүдүүн морь нэгийг алдсан. Миний морийг Цагаанхайрхан сумын харъяат Б.Нямсүрэн хулгайлж Алдархаан сум руу аваачиж хүнд өгч заруулсан байсан...” гэсэн мэдүүлгээр, Б.Нямсүрэнгийн хулгайлсан адууг Д.Батбаяр авч Алтангэрэл /Шонх/-д худалдсан талаараа мэдүүлсэн гэрч Д.Батбаярын “...Б.Нямсүрэн 2016 оны 12 сард Цагаанхайрхан сумаас халиун морь унаад бор хээр морь хөтлөөд ганцаараа ирсэн. Надад бор хээр морийг миний өөрийн эзэмшлийн морь гэж хэлсэн. Би наад бор морийг чинь архинд зарчих уу гэж асуухад зөвшөөрсөн. Тэгээд би Шонх /Алтангэрэл гэх хүнд/ манай дүүгийн эзэмшлийн морь гэж хэлээд 250.000 төгрөгөөр зарна... гэж хэлээд, бэлнээр 250.000 төгрөг өгөөд маргааш нь Шонх бор хээр морийг аваад явсан...” гэсэн мэдүүлгээр, Д.Батбаяраас бор хээр зүсний морь худалдаж авсан талаараа мэдүүлсэн гэрч Б.Алтангэрэлийн “...2016 оны 12 дугаар сарын орчим ... Батбаяр гэх залуу ... Бор хээр морь хямдхан авах уу... гэхээр нь манай хүргэн дүү Хашхүү 180.000 төгрөг Батбаярт бэлэн өгөөд авсан. Хашхүү... адуугаа нядлаад ... хот руу махыг нь авч явсан. Хулгайн адуу гэж мэдээгүй...” гэсэн мэдүүлгээр, гэрч Б.Алтангэрэлийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Б.Балжиннямын мэдүүлгээр болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Нямсүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг яллах нотлох баримтаар үнэлсэн болно
Шүүгдэгч Б.Нямсүрэнгийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийн улмаас хохирогч Б.Дорждэрэмд нийт 500000 төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн Цагаанхайрхан сумын үнэлгээ тогтоох комиссын №02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Б.Нямсүрэнгийн хулгайн үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан бага бус хэмжээний хохирол учирсан нь нотлогдож байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.2-т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтай сайн дураар эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заажээ.
Шүүгдэгч Б.Нямсүрэн нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар, хохирлоо нөхөн төлж хохирогчтой сайн дураар эвлэрсэн нь хохирогчийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг болон хохирогчийн шүүхэд ирүүлсэн “...Б.Нямсүрэнгээс хохирол болон бүх зардлаа барагдуулсан тул гомдол санал байхгүй. Б.Нямсүрэн нь надаас уучлал гуйж бие биенээ ойлгож эвлэрсэн тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн хүсэлтээр тус тус нотлогджээ.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж хохирогчтой эвлэрсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1, 248 дугаар зүйлийн 248.1.2, 297 дугаар зүйлийн 297.1.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Адуучин овогт Буриадын Нямсүрэнг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Б.Нямсүрэнд холбогдох 201713000020 хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Нямсүрэн нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
4. Шүүгдэгч Б.Нямсүрэнд өмнө авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ