| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 183/2024/04273/И |
| Дугаар | 001/ХТ2025/00053 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2025/00053
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, Н.Батзориг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/04200 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2024/02129 дүгээр магадлалтай,
“Н ” ХХК-д холбогдох
Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
нэхэмжлэгчийн өмгөөлөгч С гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б нь хариуцагч “Н ” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/04200 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Н ” ХХК-аас ажилгүй байсан хугацааны олговорт 5,013,549 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б т олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч “Н ” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 24,967 төгрөгийг улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 95,167 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2024/02129 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/04200 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Н” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 12,735,567 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б т олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тооцон, нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагч “Н” ХХК-д даалгасугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “95,167” гэснийг “218,720” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.12.09-ний өдрийн 02129 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.3 хэсэгт зааснаар дараах байдлаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.22-ны өдрийн 425 дугаартай шийдвэрээр нэхэмжпэгч Б ын сүүлийн гурван сарын дундажийг бодохдоо 7 сарын цалин 4,946,809 төгрөг, 8 сарын цалин 3,304,268 төгрөг, 9 сарын цалин 2,294,711 төгрөг, нийт 10,545,788 төгрөгийг сүүлийн гурван сард хуваахад 1 сарын дундаж цалин хөлс 3,515,262 төгрөг, 10,545,788 тус саруудын ажлын хоног 61-т хуваахад нэг өдрийн дундаж цалин хөлс 172,881,77 болох атал 57,627 хэмээн буруу бодсон. Шүүгч 1 сарын дундаж цалинг бодохдоо 3,515,262 төгрөг гэж зөв бодсон атлаа нэг өдрийн дундаж цалинг буруу тооцож гаргасан. 10,545,788 төгрөгийг ажлын 61 хоногт хуваахад нэг өдрийн 172,881,77 төгрөг болж байна. Гэтэл Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.21-ний өдрийн 04200 дугаар шийдвэрээр нэг өдрийн дундаж цалинг буруу бодож гаргасан 57,627 төгрөг буюу зөрүү 115,254 төгрөг болж байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх мөн буруу гаргасан 57,627 төгрөгөөр тооцож 12,735,567 төгрөг гаргасан нь Б ын дундаж цалин хөлс тооцох журмын дагуу гаргасан авах ёстой цалингаас 30 орчим сая төгрөгийн зөрүүгээр миний үйлчлүүлэгчийг хохироогоод байгаа нь 2021.12.06-ны өдөр баталсан “Дундаж цалин хөлс тооцох журам”-ыг буруу хэрэглэсэнтэй холбоотой юм. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 2024.12.09-ний өдрийн 02129 дүгээр магадлалд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.2-т зааснаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.02.20-ны өдрийн 001/ШХТ2025/00189 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч Б нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.22-ны өдрийн 183/ШШ2024/00425 дугаар шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоосон боловч хариуцагч “Н” ХХК шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, 2024.08.02-ны өдөр Б24/0914 дугаар тушаалаар ажилд томилсон боловч ажиллах боломжоор хангаагүй, шүүхийн шийдвэр биелэгдээгүй” гэж тайлбарлажээ.
Хариуцагч “Н” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... нэхэмжлэгчийг 2024.08.02-ны өдрийн Б24/0914 дугаар тушаалаар ажилд томилсон. Манай компани нь “Э” ХК-ийн туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагчаас тавьсан шаардлага, дүрэм журмыг дагаж мөрдөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь сургалтад дахин хамрагдан, шалгалт өгч уурхайн бүсэд нэвтрэх ёстой. Нэхэмжлэгч шалгалт өгч, ажилд гарахаас өөрөө татгалзсан. Мөн ажилгүй байсан хугацааны олговорт хэдэн төгрөг шаардаж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно.” маргажээ.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон нь өмнөх хөдөлмөрийн нөхцөлийг нь сэргээн тогтоож байгаа ойлголт тул ажилтан буюу нэхэмжлэгч Б аас шалгалт авч, шалгалтын дүнг харгалзан ажлыг нь гүйцэтгүүлнэ гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Хариуцагч “Н ” ХХК нь нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн авах, ажилгүй байсан бүхий л хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг төлөх үүрэгтэй” гэсэн дүгнэлт хийж, Б ыг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 2024.06.06-ны өдрөөс хэргийг хянан шийдвэрлэсэн 2024.10.21-ний өдрийг хүртэл хугацаа 87 хоногоор, дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.22-ны өдрийн 183/ШШ2024/00425 дугаар шийдвэрээр нэг өдрийн дундаж цалин 57,627 төгрөгөөр тогтоосон хэмжээгээр тооцон ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 5,013,549 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгахаар шийдвэрлэсэн байна.
8. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...анхан шатны шүүх хариуцагч “Н” ХХК-ийг ажилтны ажилгүй байсан бүхий л хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг төлөх үүрэгтэй гэж зөв дүгнэсэн боловч Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024.06.06-ны өдрийн 001/ШХТ2024/00720 дугаартай тогтоол гарсан өдрөөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2024.01.22-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2024.12.09-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 12,735,567 /57,627 төгрөг*221 хоног/ төгрөг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан байна.
9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, “...нэхэмжпэгч Б ын сүүлийн гурван сарын дунджийг бодохдоо 7 сарын цалин 4,946,809 төгрөг, 8 сарын цалин 3,304,268 төгрөг, 9 сарын цалин 2,294,711 төгрөг, нийт 10,545,788 төгрөгийг сүүлийн гурван сард хуваахад 1 сарын дундаж цалин хөлс 3,515,262 төгрөг, 10,545,788 тус саруудын ажлын хоног 61-т хуваахад нэг өдрийн дундаж цалин хөлс 172,881,77 болох атал 57,627 хэмээн буруу бодсон. Шүүгч 1 сарын дундаж цалинг бодохдоо 3,515,262 төгрөг гэж зөв бодсон атлаа нэг өдрийн дундаж цалинг буруу тооцож гаргасан” гэсэн агуулгатай гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
10. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.22-ны өдрийн 183/ШШ2024/00425 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б ыг “Н” ХХК-ийн дампын операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 53,489,081 төгрөг гаргуулан Б т олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлснийг баталгаажуулахыг “Н ” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг ажил олгогч биелүүлээгүй, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн аваагүй байгаа учраас энэ хугацаанд нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхтэй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
11. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэргийн баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтыг маргааны үйл баримтад буруу хэрэглэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэсэн зохицуулалт энэ маргааны зарим үйл баримтад хамаарахгүй болохыг хоёр шатны шүүх анхаараагүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн 2024.01.22-ны өдрийн 183/ШШ2024/00425 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ажилтны ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо “...Б ын 2022 оны 7-9 сарын дундаж цалин хөлс 3,515,262 төгрөг, 10,545,788 төгрөгийг тус саруудын ажлын 61 хоногт хуваахад нэг өдрийн дундаж цалин хөлс 57,627 төгрөгөөр тогтоов. Ажилгүй байсан 15 сар, ажлын 13 хоногт 15 сар х 3,515,262 төгрөг =52,728,930 төгрөг, 57,627 төгрөг x 13=749,151 төгрөг” гэж үзэн хариуцагчаас нийт 53,489,081 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн, энэ шийдвэр хэрэгт авагдсан байна. Шүүх ажилтны 1 өдрийн цалин хөлсийг тооцохдоо илэрхий арифметик бодолтын алдаа гаргасан нь “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэн хуулийн зохицуулалтад хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, ажилтны нэг сарын цалинг 3,515,262 төгрөг гэж зөв тооцсон атлаа нэг өдрийн цалинг 57,627 төгрөг гэж буруу бодолт хийсэн нь илэрхий алдаа байна. Зүй нь 3,515,262 төгрөгийг ажлын 21,5 хоногт хувааж тооцоход нэг өдрийн цалин 163,500 төгрөг байна.
Иймээс давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2024.01.22-ны өдрөөс 2024.12.09-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцсон нь зөв боловч ажилтны нэг өдрийн цалинг 57,627 төгрөгөөр тооцсон нь буруу, энэ тооцоололд хяналтын шатны шүүхээс өөрчлөлт оруулна.
12. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу нэхэмжлэгч Б ын сүүлийн 3 сараас дундаж цалин хөлсийг тооцоход 3,515,262 төгрөг байх ба өдрөөр тооцвол нэг өдрийн дундаж цалин хөлс 163,500 төгрөг байна. Үүнийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 10 сар 10 хоногоор тооцож 36,787,620 төгрөгийг хариуцагч “Н ” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Б т олгохоор давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2024/02129 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “12,735,567” гэснийг “36,787,620” гэж, “218,720” гэснийг “341,888” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 218,719 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН