Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 19

 

 Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Б.Цэрмаа, Улсын яллагч Э.*******, Шүүгдэгч Б.*******,  Шүүгдэгчийн өмгөөлөгч В.*******, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Завхан аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар  яллагдагчаар татах тогтоолыг баталж  ирүүлсэн Б.*******д холбогдох 201713000020 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  Завхан аймгийн ******* сумд 1996 оны 05 дугаар сарын 19-нд төрсөн, эрэгтэй, 20 настай, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, аав, ээж, ах нарын хамт Завхан аймаг ******* сум ******* багт оршин суудаг, хувийн мал малладаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан санаа бүрэн ******* овогт *******ын ******* / РД: *******/

Б.******* нь бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны орчим Завхан аймгийн ******* сумын  ******* багийн нутаг  Талын толгой гэх газраас иргэн Б.ийн бор хээр зүсний 1 тооны адууг хулгайлсан нь хохирогч Б.ийн “.... Би 2016 оны 12 сарын 20-ны орчим ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “Талын толгой” гэх газар байсан адуунаасаа 1 тооны бор хээр зүсмийн хүрээтэй гүл тамгатай бүдүүн морь нэгийг алдсан. Миний морийг ******* сумын харъяат Б.******* хулгайлж сум руу аваачиж хүнд өгч заруулсан байсан...” гэсэн мэдүүлгээр, Б.*******гийн хулгайлсан адууг Д. авч //-д худалдсан талаараа мэдүүлсэн гэрч Д.ын “...Б.******* 2016 оны 12 сард ******* сумаас халиун морь унаад бор хээр морь хөтлөөд ганцаараа ирсэн. Надад бор хээр морийг миний өөрийн эзэмшлийн морь гэж хэлсэн. Би наад бор морийг чинь архинд зарчих уу гэж асуухад зөвшөөрсөн. Тэгээд би / гэх хүнд/ манай дүүгийн эзэмшлийн морь гэж хэлээд 250.000 төгрөгөөр зарна... гэж хэлээд, бэлнээр 250.000 төгрөг өгөөд маргааш нь бор хээр морийг аваад явсан...”  гэсэн мэдүүлгээр, Д.аас бор хээр зүсний морь худалдаж авсан талаараа мэдүүлсэн гэрч Б.ийн “...2016 оны 12 дугаар сарын орчим ... гэх залуу ... Бор хээр морь хямдхан авах уу... гэхээр нь манай хүргэн дүү 180.000 төгрөг т бэлэн өгөөд авсан. ... адуугаа нядлаад ... хот руу махыг нь авч явсан. Хулгайн адуу гэж мэдээгүй...” гэсэн мэдүүлгээр, гэрч Б.ийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Б.ын мэдүүлгээр болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******гийн хэрэг бүртгэлтийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг яллах нотлох баримтаар үнэлсэн болно

Шүүгдэгч Б.*******гийн бусдын эд хөрөнгийг  хулгайлсан  үйлдлийн улмаас хохирогч Б.д  нийт 500000  төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн ******* сумын үнэлгээ тогтоох комиссын №02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Б.*******гийн хулгайн үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан бага бус хэмжээний хохирол учирсан нь нотлогдож байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.2-т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэргийг  анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтай сайн дураар эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заажээ.

Шүүгдэгч Б.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар, хохирлоо нөхөн төлж хохирогчтой сайн дураар эвлэрсэн  нь хохирогчийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг болон хохирогчийн шүүхэд ирүүлсэн “...Б.*******гээс хохирол болон бүх зардлаа барагдуулсан тул гомдол санал байхгүй. Б.******* нь надаас уучлал гуйж бие биенээ ойлгож эвлэрсэн тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн хүсэлтээр тус тус нотлогджээ.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж хохирогчтой эвлэрсэн байх  тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1, 248 дугаар зүйлийн 248.1.2, 297 дугаар зүйлийн 297.1.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.1 дэх хэсгүүдэд  заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Б.*******д холбогдох 201713000020  хэргийг хэрэгсэхгүй болгож,  Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

4. Шүүгдэгч Б.*******д  өмнө авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүчингүй болгосугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ